| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/0107/И |
| Дугаар | 00120 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00120
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1965 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, Тээл овогт Гомбосүрэнгийн Мөнхөө /РД:ШГ65112521/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/0107/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхөө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1984-1989 оныг дуустал Улаанбаатар хотын Эсгий, эсгий гутлын үйлдвэрт индүү машин баригчаар ажиллаж байсан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул Үндэсний төв архиваас цалингийн лавлагаа гаргуулж, бусад нотлох баримтуудыг хавсаргалаа. Иймд миний дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Одоо шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй. Манайх Гурванбулаг суманд амьдардаг. Мал төллөж байгаа бөгөөд хүн бүлгүй тул дахин шүүхэд ирэх боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Улаанбаатар хотын Эсгий, эсгий гутлын үйлдвэрт 1984-1989 оныг дуустал индүү машин баригчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Мөнхөө нь Улаанбаатар хотын Эсгий, эсгий гутлын үйлдвэрт индүү машин баригчаар 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан нь
-Үндэсний төв архивын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолт,
- Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний 1984 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №552862 дугаартай бат илэрхийлэх,
-1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баярын бичиг,
-1986 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Баярын бичиг,
-1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Дурсгалын диплом,
-1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Гэрчилгээ,
-1987 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Баярын бичиг
-1987 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баярын бичиг,
-1987 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Диплом,
Эсгий, эсгийн гутлын үйлдвэрийн даргын 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шагналт цалин олгох тухай №264 дугаартай тушаал, хавсралт,
-Г.Мөнхөөгийн нэрээр нээсэн 1983 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-17/,
-тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Н.Баасандорж, Ц.Болдбаатар нарын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-28/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тээл овогт Гомбосүрэнгийн Мөнхөөг Улаанбаатар хотын Эсгий, эсгий гутлын үйлдвэрт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал индүү машин баригчаар 5 /таван/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН