Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                                          

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Ц-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Х аймгийн М суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймгийн З сумын ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Х овогт С.Ц /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Ж.Г-ийг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Ж.Г-ийг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна миний бие хүлээн зөвшөөрч буруугаа хүлээж байна. Өөрийн найз Ж.Г-ийн биед гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэжээ. /хх-ийн 33-34/

Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

Хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд буцаад гэртээ байж байгаад 13 цагийн үед УАЗ-469 маркийн авто машиндаа засвар хийх гээд Ц-ийн гэрт очсон, Ц гэртээ байсан бөгөөд тэдний хашаанд засвар хийж байх үедээ Ц бид хоёр 0.5 литрийн Ерөөл архи уусан, тэгээд сэлбэгний хэрэг болоод Э-ын хашаанд байсан машинаас сэлбэг тайлж авах гээд Э-ын гэрт очоод машинаас эд анги тайлаад байж байх хугацаандаа Э-ын гэрийн гадаа Ц, бид гурав дахин 0.75 литрийн Ерөөл архи авч уусан, тэгтэл манай эхнэр З ирээд хэсэг байж байгаад Ц-ийн гэр лүү 19 цагийн үед явцгаасан, бид хэн хэн нь нилээд халамцуухан согтуу байсан. Би Ц-ийн гэр лүү орж байснаа санаад байгаа юм, нэг мэдсэн чинь гэрийнх нь гадаа гараад ирчихсэн зүүн гараа барьчихсан манай эхнэр намайг “цаашаа яв, цаашаа яв” нуугд” гээд байсныг санаж байна. Тэгээд машиндаа суугаад гэртээ очоод харсан чинь миний зүүн гарын бугалга хэсэгт шарх үүссэн байдалтай байсан. Манай найз Ц бид хоёр муудсан талаар манай эхнэр З надад хэлэхдээ Ц та хоёр муудаад чам руу хутга бариад дайрсан гэж хэлсэн. Бид найзууд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын нэг нутгийн хүмүүс байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Би хүнд үг хэлж, хүн зодож ч үзээгүй. Түүнийг зодсон асуудал байхгүй. Байхгүй, түүнээс өөр хүнтэй би маргалдаж муудаагүй. Гайгүй, эмчилгээ хийлгэж байгаа. Надад хохирол нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 12/

Гэрч Ц.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би гэртээ байж байгаад 16:30 гэрээсээ гараад хүүгээ цэцэрлэгээс аваад 1-р сургууль орж охиноо аваад шууд Ц-ийн гэрт ирсэн юм. Бид урьд нь цаг тохироод найз нөхдөөрөө Ц-ийн гэрт цуглаж Монета зохионо гэж ярьсан байсан болохоор хоёр хүүхдээ дагуулаад тэднийд очсон чинь Ц-ийнд хүн байхгүй байхаар нь Э-ын гэрт очсон чинь Э-ын гэрийн гадаа Э, Г, Ц нар 0.5 литрийн архи задалчихсан ууцгааж байсан, тэгэхлээр нь би Э-ын гэрт хэсэг байж байгаад эргээд 19 цаг болж байхад Э-ын гэрээс бид Ц-ийн гэрт очсон тэдний гал тогооных нь өрөөнд ороод чанасан мах идээд Г, Ц, Э, миний бие, мөн Ц-ийн эхнэр О бид ширээ тойроод сууцгааж байсан чинь Г хэлэхдээ “Ц чамайг хот руу явсны дараа би аавыг чинь хэд хэдэн удаа банкаар явж ажлыг бүтээж өгсөн” гэсэн чинь Ц нь “чи яасан надаас машины шатахуун нэхээд байгаа юм уу?” гээд зэрэгцэж сууж байснаа Ц нь ширээн байсан хүрэн алаг иштэй хутга барьж босож ирээд манай нөхөр Г-ыг “алнаа” гээд босоод ирсэн чинь Э босож ирээд Ц-ийг бариад авсан нэмэр болоогүй тэд зууралдаж байгаад газар давхралдаж унаад босож ирээд Г зугтаагаад гарах хаалга руу гүйсэн чинь Ц араас нь туугаад айлын таамбарт дахиад зууралдаад байсан, тэр үед Г “ёо ёо намайг шаачихлаа” гэж бахирч байсан тэгээд Г таамбараас гарч гүйгээд өөрийнхөө машинд ороод суусан. Тэгээд би араас нь гарч очоод машиндаа суугаад тэндээс хөдөлсөн. Тэгээд гэртээ очоод харсан чинь зүүн гарынх нь бугалга хэсэгт шарх үүссэн нэвт хатггагдсан байдалтай харагдаж байсан тэгэхлээр нь би даавуугаар ороогоод эмнэлэг рүү явсан юм.” гэжээ.  /хх-ийн 14-15/

Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12-р сарын 06-ны өдөр би гэртээ байж байсан чинь 15 цагийн үед Г, Ц нар манай хашаанд ирсэн тэд машинааа янзалж байгаа гээд манай хашаанд байсан машинаас эд анги тайлж авна гээд ирсэн тэд бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан халамцуухан байсан тэгээд машин янзлаж байхдаа гуравуулаа 1 шил архи ууя гээд 0.75 литрийн Ерөөл архи задлаад уусан, машин янзлаж байх зуураа архиа ууж байтал гадаа харанхуй болсон Ц-ийн эхнэр мах чанасан хоол ид гэж байсан Ц түрүүлээд алхаад явчихсан, түүний араас нь Г бид хоёр манайд нэг аяга хоол идчихээд Г-ын эхнэр нь машинаа бариад бид гурав Ц-ийн гэр лүү явсан, тэгээд тэднийд ороод мах чанасан байсан. Ц төмпөнтэй мах тавьчихсан сууж байсан, бид хоорондоо инээлдээд юм яриад сууж байсан юунаас болсныг нь мэдэхгүй гэнэт л Ц, Г нар босож ирээд заамдалцаж муудаж байсан, би “хөөе юу болоод байгаа юм бэ?” гэсэн чинь Ц гартаа хутга баричихсан байхаар нь би Ц-ийг татаж унагаагаад хутгыг нь авсан, би Ц-ийг дараад энэ үед Г эхнэртэйгээ гараад гүйсэн, би Г-ыг хутгаар хатгасаныг нь харж чадаагүй, араас нь утсаар ярисан чинь эмнэлэг дээр байнаа Г-ын гар руу нь нэвт орчихсон байнаа гэж байсан.” гэжээ.  /хх-ийн 13-14/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Шинжээчийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 04/008 дугаартай дүгнэлт: 1. Ж.Г-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Ж.Г-ийн биед зүүн бугалганы дотор доод талд болон хажуу доод талд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 24-25/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... дугаартай тогтоол /хх-ийн 29-30/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний мэдээлэл дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл /хх-ийн 47-50/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57/

Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/04 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 62-63/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 64/

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/40 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 66-68/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Ж.Г-ийг хутгалж, зүүн бугалганы дотор доод талд болон хажуу доод талд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч Ж.Г /хх-ийн 12/, гэрч Ц.З /хх-ийн 14-15/, А.Э /хх-ийн 13-14/, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 04/008 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Ц-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэм хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.                           

Шүүгдэгч С.Ц-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч С.Ц нь эмчилгээний зардалд нийт 600,000 төгрөгийг хохирогч Ж.Г-ийн дансанд шилжүүлсэн нь банкны хуулга /хх-ийн 36-38/-аар тогтоогдож байна. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул түүнийг энэ хэрэгт бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно. Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар хүрэн алаг өнгийн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар хүрэн алаг өнгийн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б