Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0005/Э |
Дугаар | 2022/ШЦТ/19 |
Огноо | 2022-01-13 |
Зүйл хэсэг | 11.1.2.1., |
Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч Б.Бээжин, А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Л.Сувд,
Иргэдийн төлөөлөгч Н.Ганзориг,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2038003210557 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******************нь 2020 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******************нарыг хутгалж амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******************нь 2020 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******************нарыг хутгалж амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038003210557 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Пивонд явсан намхан, өндөр хоёр залуу орж ирээд өндөр нь намайг сууж байхад миний цээж рүү өшиглөөд тэр хоёр намайг гэрээс чирээд хашааны гадагшаа гаргасан. Тэр хоёрын намхан нь миний дээр гарч суугаад миний нүүр ам луу цохиж, өшиглөсөн. Би тэр үед өмднийхөө халааснаас бор иштэй тонгорог хутга гаргаж ирэн миний дээр суугаад намайг зодоод байсан намхан жижиг биетэй залуугийн цээжин хэсэг рүү 1 удаа хутгалсан. Тэгтэл надад хутгалуулсан залуу наадах чинь хутгатай байна шүү гээд миний дээрээс босоод явтал нөгөө өндөр залуу нь миний хөлийн гуя луу өшиглөөд байсан. Би тэр өндөр залууг өшиглөөд байхаар нь гуя хэсэг лүү нэг удаа хутгалсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,
Хохирогч *******************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******************* ах 1 ширхэг 2 литрийн пивотой мөн өндөр махлаг биетэй үл таних залуугийн хамтаар ирсэн. Тэр хоёр ирэхдээ улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой ирсэн бөгөөд үл таних залууг нагац ах ******************* манай дүү байгаа юм гэж хэлж байсан....Гэртээ иртэл манай ээж Пүрэвсүрэн гэртээ байхгүй ах Баттулга хойд аав Одхүү үл таних залуу гурав унтаж байсан. Тэгтэл манай нагац ах ******************* миний дүү хаачсан юм бэ? гэж орилоод нөгөө үл таних залууг босготол ах *******************тай зууралдаад цохилцсон юм. Би тэр хоёрын дундуур ороод салгах гэтэл нөгөө үл таних залуу хаанаас хутга гаргаж ирснийг мэдэхгүй байна. Миний зүүн талын бөөр дал хэсэг халуу түүгээд эхэлсэн. Тэгээд гараараа хүрч үзэхэд цус гоожоод хутгалуулсан байсан. Би тэр үед доошоо болоод газарт эвхрээд хэвтсэн. Тэгтэл ******************* ах чи миний дүүг хутгалчихлаа гээд нөгөө үл таних залуутай дахиад зууралдаад авсан чинь үл таних залуу дахиад манай нагац ах ******************* хутгалчихсан. Манай ах тэр үед хэвлий хэсгээ бариад цусаа гоожуулаад гэрийн шалан дээр хэвтсэн. Тухайн үед нөгөө үл таних залуу манай гэрээс гараад гүйсэн. Би тэр залуугийн араас хутгалуулсан хэсгээ гараараа дараад хашаанаас гарч хартал манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн тийшээ явган гүйж явсан. Тэгээд би араас нь хөөж чадахгүйгээ мэдээд буцаж цусаа гоожуулаад гэртээ орж ирсэн чинь ******************* ах зөрөөд гараад явсан Хаашаа явсан талаар нь би мэдээгүй. Удалгүй ээж Пүрэвсүрэн цагдаагийн машинтай ирээд уг машинаар намайг эмнэлэгт хүргэж өгсөн...Би гомдолтой байна эрүүл мэндээрээ хохирсон 8 сая төгрөг нэхэмжилж байна.... ” гэх мэдүүлэг (хх-ийн 33-37-р хуудас),
Хохирогч Б.*******************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дүү Пүрэвсүрэнгийн хүүхэд Баасанхүүтэй хамт үл таних залуугийн мотоциклоор дэлгүүр явж ойролцоогоор 10-15 минутын дараа дүү Пүрэвсүрэнгийн гэрт иртэл нөгөө үл таних залуу гэрийн хойморт хэвтэж байсан. Тэр гэрт манай төрсөн дүү бие муутай Баттулга унтаж байсан. Бусад нь байхгүй байсан. Би хашаагаар явж Пүрэвсүрэн, Одхүү нарыг дуудтал Одхүү хүрээд ирсэн. Би Одхүүг яагаад гадаа байгаа юм гэж асуутал нөгөө үл таних залуу бид нарыг гэрээс хөөгөөд гаргачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Пүрэвсүрэнгийн гэрт орж нөгөө үл таних дархад залууг татаж босгоод яагаад дүү нар хөөсөн юм бэ? гэж хэлээд би тэр залуутай гэр дотор зууралдаж унасан. Тэгтэл бид хоёрын дундуур дүү Баасанхүү орж ирээд салгах гэтэл Баасанхүү унаад өгсөн. Баасанхүү надад хэлэхдээ ах наадах чинь хутгатай байна шүү намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би нөгөө үл таних залууд хандаж чи яагаад миний дүүг хутгалж байгаа юм бэ гэж хэлээд барьж автал миний хүйсийн дээд талд гэдэс хэсэгт нэг удаа хутгалсан. Би тэгж гүйж яваад охин Хүрэлчулууны гэрт очтол охин Эмнэлгийн яаралтай тусламж дуудаад эмнэлэг намайг ирээд аваад явсан...Надад эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авсан баримтууд байхгүй Эмнэлэг дээр байгаа байх...Би хутгалуулсныхаа дараа хагалгаанд орсон...Би эрүүл мэндээрээ хүнд хохирсон учир 2 сая төгрөг нэхэмжилж байна.... ” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41, 43-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 23-24-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 25-27-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 28-30-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******************миний улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг унаж явсан нь үнэн. Би Баатархүү ахаас энэ мотоциклийг нэхэмжлэхгүй. Харин тэр хутгалуулсан 2 хүний эмчилгээний зардал нөхөн төлбөр төлөхөд хохиролд шаардагдах мөнгөнд төлүүлэхэд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 сарын 14-ний өдөр манай хойд аав *******************манай гэрээс 20 цагийн орчим кино үзчихээд гараад явсан. Аав ******************* манайхаас гарч яваад шөнийн 02 цагийн үед буцаж орж ирэхдээ хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд гэдэсний тэндээс цус гараад байхаар нь түргэн дуудсан юм....” гэх мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******************* ахын дагуулж орж ирсэн хүн мөн адил согтуу гаднаас орж ирсэн. Тэгэхдээ нэг том пиво бүгдээрээ хувааж уусан. Би ганцаараа тэр пивоноос уугаагүй хүмүүс бол тэр пивоноос ууцгаасан. Тэгээд тэр пиво ууж дуусгачхаад би тэр танихгүй хүнд гэрийн хойморт ор засаж өгөөд би өөрөө нөхрийнхөө хажуугаар унтах гээд хэвтсэн. Манай хүү Баасанхүү, манай ах ******************* хоёр тухайн танихгүй хүний улаан өнгийн мотоциклоор нэг тийшээ явсан би хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Тэгээд нөхөр орондоо хэвтэж байтал нөгөө гаднаас орж ирсэн танихгүй хүн гадаа гарч шээчхээд буцаж орж ирээд манай хүүхэн хаачив гээд надтай хамт хэвтэж байсан нөхрийн маань цээжинд эвхдэг хутгаар нэг удаа хатгах шиг болсон би тэр үед айсандаа нөхрийг маань хутгалчихлаа гэж бодоод гэрээс гарч гүйгээд зам дээр гараад зогсож байтал цагдаагийн машин явж байхаар нь би тухайн цагдаагийн машин дотор явсан цагдаад болсон явдлын талаар хэлээд гэртээ буцаад дагуулаад очтол манай хүү Баасанхүү машин зам дээр Идэр дэлгүүрийн урд хүнд хутгалуулчихлаа гээд орилчихсон зогсож байсан манай хүүг хутгалсан гэх өөрийгөө Улаан-Уул сумын Дархад гэж танилцуулсан хүн мөн адил зам дээр явж байсан. Тэгтэл тухайн цагдаа манай хүүг аваад манай нөхрийн хамт эмнэлэг рүү явсан...Манай хүүг хутгалсан хүний унаж ирсэн улаан өнгийн мотоциклийг хүүгийнхээ эмчилгээний зардалд хэрэглэхээр задалж зарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49,71-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэргийн газрын үзлэгээр хашааны гадаа хашаа түшүүлэн тавьсан улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикл, гэр дотор эрэгтэй хүний хувцас байсан тэр хувцсыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд гэрт нь үлдээсэн мотоциклийг тухайн хэрэг гарсан гэрийн эзэн Пүрэвсүрэн гэх эмэгтэйд харж байгаарай гэж хэлээд хашаа руу нь түрж оруулж тавиад явсан. Нэн даруй хэргийн холбогдогчийг олох нь чухал байсан тул мотоцикл болон хувцаст үзлэг хийгээгүй. Зөвхөн зургийг нь бэхжүүлэн авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гудамжаар алхаж байгаад гэртээ ирсэн чинь 2 хүн хутганд өртчихлөө гэж эхнэр хэлсэн. Би ямар хүн хэзээ манайд орж ирснийг мэдэхгүй байна би унтаж байсан. гаднаас танихгүй хүн манай гэрт орж ирж Баасанхүү, ******************* нартай архи хувааж уусан юм шиг байна лээ. Тэр хүн тэр хоёрыг хутгалаад зугтсан гэж байсан
...хутгалсан хүн олдохгүй болохоор нь мотоциклийг эмчилгээний зардалд хэрэглэхээр задалж зарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 сард байх өдрийг нь санахгүй байна тэр өдрийн орой би дүү Пүрэвсүрэнгийн гэрт байхад ******************* нэг согтуу залуугийн хамт орж ирсэн тэр залуу нь баярхаад л сонин юм яриад байсан... Би орон дээрээ хэвтэж байгаад унтсан байсан нэг сэрсэн чинь ******************* манай дүүг элэг бариад байна уу гээд нөгөө залууг хальт өшиглөж авч байгаа харагдсан тэгсэн Баасанхүү, ******************* нөгөө танихгүй залуу гурав хэрэлдэж маргалдаж барилцаж аваад байсан. Тэгсэн тэр 2 хутгалуулчихлаа гээд байсан... *******************, Баасанхүү нарыг хутгалчхаад гараад зугтсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 65-66-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдрийн орой цаг хэд болж байсныг санахгүй байна. 1 дүгээр хорооны засмал зам дээр явж байхад нэг эмэгтэй зам дээр гараа өргөж зогсоохоор нь юу болсон талаар асуухад манайд нэг танихгүй манай нөхрийг хутгалчихлаа гэхээр нь машиндаа суулгаад гэр лүү нь явж байхад мөн засмал дээр нэг залуу хутгалуулсан гэсэн явж байсан. Тухайн эмэгтэйн хүү гэж байсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Тэгээд хэрэг болсон гэрийн гадаа очиход мөн нэг дунд эргэм насны эрэгтэй хүн машинд суусан тэгээд би тэр 2 хүнийг аваад эмнэлэгт хүргэж өгч анхны тусламж авахуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 68-69-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай:
1. *******************гийн цээжний хөндийн хий хуралт, зүүн уушигны доод дэлбэнгийн авчилт, хэвлийн хөндий дэх сул шингэн, цусан хураа, цээж нуруунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
4. *******************гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 73-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 283 дугаартай:
1. Б.*******************ын биед хэвлийн хөндийд дэх цус, хэвлийнд мэс заслын болон зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Б.*******************ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 78-р хуудас),
Мотоцикл үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 90-91-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн баталгааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 121, 127-128-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038003210557 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгч *******************нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...*******************нь хоёр хүнийг хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан гэм буруутай байна...” гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******************нь 2020 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******************нарыг хутгалж амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэргийг 2 хүнийг хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 23-24-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 25-27-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 28-30-р хуудас),
Хохирогч *******************гийн (хх-ийн 33-37-р хуудас), хохирогч Б.*******************ын (хх-ийн 40-41, 43-р хуудас), иргэний нэхэмжлэгч *******************(хх-ийн 46-р хуудас), гэрч *******************(хх-ийн 47-р хуудас), гэрч *******************(хх-ийн 48-49,71-р хуудас), гэрч ******************* (хх-ийн 59-60-р хуудас), гэрч *******************(хх-ийн 62-63-р хуудас), гэрч *******************(хх-ийн 65-66-р хуудас), гэрч *******************(хх-ийн 68-69-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмоннгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт (хх-ийн 73-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмоннгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 283 дугаартай дүгнэлт (хх-ийн 78-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнийг хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгч Н.Ганзоригийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч Б.*******************, ******************* нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч *******************нь 2,000,000 төгрөг, хохирогч ******************* нь 8,000,000 төгрөгийг шүүгдэгч *******************нэхэмжилж байх боловч тус тус баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд ирүүлээгүй байна.
Иргэний нэхэмжлэгч*******************нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий (хх-ийн 90-92-р хуудас) Мустанг-5 маркийн мотоциклийг нэхэмжлэхгүй, харин хоёр хүний эмчилгээний зардал, нөхөн төлбөр хохиролд тооцуулна (хх-ийн 46-р хуудас) гэх тайлбарыг гаргасан, хохирогч ******************* нь Мустанг-5 маркийн мотоциклийг эмчилгээнд зарцуулсан байх тул *******************гийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийн хохирлоос хасах нь зүйтэй байна.
Иймд хохирогч *******************нь 2,000,000 төгрөг, хохирогч ******************* нь 7,100,000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч*******************нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2 хүнийг хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч ******************* эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******************* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******************* гэмт үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулах 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******************* цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2038003210557 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүнийг хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******************г 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******************* оногдуулсан 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************* оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************* цагдан хоригдсон 80 (ная) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 2038003210557 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч*******************нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч *******************нь 2,000,000 төгрөг, хохирогч ******************* нь 7,100,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Б.БЭЭЖИН
А.ДӨЛГӨӨН