Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2138002750010 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч *******************нь 2021 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо захын 1 тоотод 2 сартай *******************өвөртлөн унтаж байхдаа цээж, хэвлий, толгойн хэсэгт дарж улмаар амьсгал бүтэлтэд оруулан болгоомжгүй хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч *******************нь 2021 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо захын 1 тоотод 2 сартай *******************өвөртлөн унтаж байхдаа цээж, хэвлий, толгойн хэсэгт дарж улмаар амьсгал бүтэлтэд оруулан болгоомжгүй хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138002750010  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би унтаж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад сэрээд охин маань яагаад хөхөө хөхөхгүй байгаа юм бол гэж бодоод охиноо хөхүүлэх гэтэл царай нь сонин болчихсон байсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-14-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 30, 33-34-р хуудас),

Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 сарын 19-ний орой 20 цагийн үед би бага охиноо өлгийдөөд, памперсыг нь солиод, ээжийнхээ мөөмийг хөхөөд унтсан. Тэгээд манай гэрийнхэн ч бүгдээрээ унтчихсан. Шөнө 03 цаг өнгөрч байхад манай эхнэр Бямбабаяр намайг дуудаж сэрээгээд охин сонин болчихсон байна гэж хэлсэн. Би нүдээрээ харахад яачихваа гэж асуухад эхнэр маань надад шөнө 23 цаг өнгөрч байхад охин мөөмөө хөхөх гээд байхаар нь мөөмөө хөхүүлээд унтуулсан зүгээр л байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сандраад төрөл садныхаа хүмүүсийг дуудаж яах талаар асуухад манай дүү Анхбаяр түргэний эмнэлэг дуудсан. Эмч ирээд охиныг маань үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Гэрч ******************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнх-Очир ахаас яагаад залгасан талаар асуухад надад бага охин Мөнхнаран маань амьсгал хураачихлаа гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт Мөнх-Очир ахын гэрт очтол хүүхэд нь нас барсан байдалтай орон дээрээ байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...4 сартай хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлагын дагуу шөнийн 05 цаг 00 минутад очиход хүүхэд орон дээрээ өлгийтэй, орны голд тавьсан амьсгал зүрх судас зогссон, царай цайсан, өлгийг нь задлаад үзэхэд 2 гар нь хөшингө үүссэн хүүхдийн баруун талын хэсгээр толбо үүссэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амь хохирогч *******************уушгины дутуужилттай төрөөгүй. Тийм зүйл огт байхгүй. Уушгины үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд байсан... би төрсөн цагаас нь хойш 3 удаа гэрт нь очиж үзсэн. Хамгийн сүүлд 2021 оны 8 сарын 24-ний өдөр үзэхэд эрүүл хэвийн зүгээр байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181 дугаартай дүгнэлтэд:

1. Амь хохирогч *******************цогцост зүүн хацар хэсэгт дарагдлын ором тогтоогдлоо. Энэ нь зөөлөн гадаргуутай зүйлээр дарагдах үед үүсгэгдсэн байна.

2. Амь хохирогч *******************цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Амь хохирогч *******************нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээс 7-8 цагийн өмнө нас барсан байна.

4.  Амь хохирогч *******************нь толгой цээж хэсгийн дарагдлын улмаас амьсгал бүтэлтэд орж нас баржээ гэх дүгнэлт  (хх-ийн 32-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Иргэний оршин суугаа хаягийн  тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 50, 52-53, 57-58-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138002750010 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2021 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо захын 1 тоотод 2 сартай *******************өвөртлөн унтаж байхдаа цээж, хэвлий, толгойн хэсэгт дарж улмаар амьсгал бүтэлтэд оруулан болгоомжгүй хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-14-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 30, 33-34-р хуудас),

Хохирогч *******************(хх-ийн 17-р хуудас), гэрч ******************* (хх-ийн 21-р хуудас),  гэрч *******************(хх-ийн 25-р хуудас),  гэрч *******************(хх-ийн 27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-р хуудас) шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******************нь өөрийн охин болох амь хохирогч *******************гэмтээх, амь насыг нь хохироох гэсэн оюун санаа, сэтгэхүйн хүсэл эрмэлзэл, хандлагагүй, сэдэлт зорилго тогтоогдоогүй нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Тодруулбал *******************нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэний улмаас өөрийн охин *******************амь насыг хохироосон гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь                   *******************амь насыг болгоомжгүйгээр хохироосон бөгөөд хохирогч                       *******************нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******************нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50-р хуудас) аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******************нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлж, 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнсэж, “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138002750010 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************ыг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч                      *******************хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 2138002750010  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР