Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 308

 

188/2018/0073/э

Б.А-, Б.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Мөнхзул,

шүүгдэгч Б.А-, Б.М-, тэдгээрийн өмгөөлөгч Ө.О-,  

нарийн бичгийн дарга А.Анхзаяа нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Б.А-, Б.М- нарт холбогдох 1708015140181 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Б.А-, 19.. оны .. дүгээр сарын ..-нд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, Мангиртын ... дугаар хэсгийн ..-.. тоотод оршин суух бүртгэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .. дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 8,250,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ...../;

 

Б овогт Б.М, 1982 оны .. дугаар сарын ..-нд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дүгээр хороо, горькийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 85 тоотод оршин суух,

Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: .............../;

 

Б.А-, Б.М- нар нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо согтуугаар зөрөхдөө мөрлөлөө гэх шалтгаанаар Ш.О-, Х.Я- нартай маргалдан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчиж хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчих хэлбэрээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрах явцдаа Б.А- нь Ш.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Б.М- нь Х.Я-зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.А-, Б.М- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, Б.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Б.А-, Б.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-, Б.М- нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-, Б.М- нарт тус бүр оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг тус тус 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А-, Б.М- нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Мөнхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоол нь үг үсэг, утга агуулгаасаа эхлээд ойлгомжгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаана” гэж заасан байхад дээрх заалтыг шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл Б.А-, Б.М- нарын шийдвэрлэгдсэн хэргээс танхайрсан гэх /шүүхийн шийдвэрт гэмт хэргийн шинжгүй байна гэж үзсэн/ үйлдлийг тусгаарлаж, тусгаарласан хэргээ хэрэг бүртгэлтэнд буцаана гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй буруу дүгнэлт хийжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан атал шүүгч “үндэслэх хэсэг” гэж хуульд байхгүй үг хэллэгийг шүүхийн шийдвэрт онцолж дурдаад байгаа нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж байна.

Үндэслэл болгосон нотлох баримтууд тус бүрээр няцаалт хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгч нарын гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “нийгмийн хэв журмыг зөрчих” сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин эсрэгээр хохирогч нар анх зүй бус, хууль бус үйлдэл хийж хэрүүл маргааныг эхлүүлсэн гэж үзэх үндэслэл бүхий байна гэжээ. Гэтэл “Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд нийтийн хэв журмыг зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрдэг.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь гудамж талбайд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдалтай явж байсан хохирогчийг мөрлөлөө гэдгээр /ялимгүй зүйлээр/ шалтаглаж догшин зан авир, бүдүүлэг үйлдлээр хохирогч нарын эсрэг санаа зорилгоороо нэгдэж, довтолсон үйлдэл нь танхайрах гэмт хэргийн санаа сэдэлт, гэмт хэргийн шинжийг тодорхой харуулж байна.

“Нийгмийн хэв журам” гэдэгт ойлголтод нийтийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх зайлшгүй багтана. Ер нь хүнийг өөрт нь таалагдахгүй үйлдэл хийснийх нь төлөө, өөрөөр хэлбэл мөрлөлөө гэдэг ялимгүй зүйлээр шалтаглаж эрх чөлөөнд нь халдах эрх хэнд ч байхгүй. Хохирогчийн зөрөхдөө мөрлөсөн, юу болоод байнаа гэж гүйж очсон С.О-ийг түлхсэн үйлдэл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа хэдий ч тэдний эрх чөлөөнд халдахгүй гэмт хэрэг үйлдэхгүйгээр өнгөрөөх боломж байсан гэж үзэж байна.

Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдгаараа онцлог, энэ ч утгаараа шүүгдэгч нар нь тухайн үед танхайръя гэж урьдчилан төлөвлөөгүй, гэнэт л гудамжинд зөрсөн хүмүүстэй маргалдаж, улмаар тэдний эрх чөлөөнд халдсан. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.А-, Б.М- нарын гэрчээр, мөн яллагдагч, шүүгдэгчээр, мөн С.О-гэрчээр өгсөн “гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл, шалтгааны талаарх” олон тооны мэдүүлгийг бүхэлд нь “худал” гэж үгүйсгэх үндэслэлгүй, хэт нэг талыг барих нь хуульд нийцэхгүйгээс гадна хохирогч нарын зүй бус үйлдэлд хууль зүйн үүднээс дүгнэлт хийгээгүйг зөв гэж үзэхгүй гэжээ. Шүүх гэмт санааны агуулга, чиглэл гэж юуг хэлээд байгаа нь тодорхойгүй байна. Хохирогч нарын согтуурсан үедээ гаргасан авир, зөрөхдөө мөрлөсөн, тэдний маргасан зэрэг үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл гэж үзэж байгаа талаар улсын яллагч миний бие шүүх хуралдаан дээр дүгнэж хэлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.А-, Б.М- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэсэн болох нь хохирогч Ш.О-ын нөгөө залуу шууд Я- нүүр рүү цохиод нэг залуу нь над руу ирээд намайг зодож эхэлсэн. Би нэлээн согтуу байсан болохоор учрыг нь сайн ойлгоогүй. Миний дээрээс өшиглөж, чирээд миний цаана Янжинцогийг нэг залуу нь зодоод байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 15/, 

хохирогч Х.Я-ийн ...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Замын цагдаагийн хэлтсийн хойд талын далан дээр алхаад явж байсан чинь хэдэн залуучууд бид хоёрыг зодоод нүүр ам руу цохиод байсан. Би хэсэг ухаан алдаад унасан байсан. Нэг сэрсэн чинь нөгөө хүмүүс яваад өгсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч С.О-...өндөр нуруутай ах нь намайг боржуур руу түлхэж унагаад араас хөлөөрөө нуруу руу өшиглөсөн чинь манай нөхөр эхнэрийг яаж байнаа гээд намайг өшиглөсөн ахтай зодолдоод эхэлсэн. Мягмарлхагва машинаас бууж ирээд нөгөө намхан нуруутай ахтай найзыгаа өмөөрөөд зодолдож эхэлсэн. Намайг түлхэж унагааж өшиглөснөөс болж манай нөхөр намайг өмөөрч зодолдсон байх... гэх мэдүүлэг /хх-ийн 27/, шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Эхнэр таксинаас бууж ирээд юу болсон бэ гэтэл нэг залуу нь манай эхнэрийг боржуур руу түлхэж унагаагаад өшиглөсөн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод бид 2 зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/, шүүгдэгч Б.М-мөрдөн байцаалтад өгсөн “...А-ийг зодох гээд дайрахаар нь би намхан залуутай барьцалдаж аваад зодолдсон. А- өндөр нуруутай залуутай нь зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 110/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Харин хохирогч нарын хувьд санаа зорилгоороо нэгдэж, С.О-болон яллагдагч Б.А-, Б.М- нарын эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн, өөрөөр хэлбэл нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл хийсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, харин О-ийг түлхсэн буруутай боловч энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учраагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэргийн санаа сэдэлтийг “шүүгдэгч Б.А- нь зөрөхдөө мөрлөсөн, эхнэрийг зодсон, гэх шалтгаанаар Ш.О-ыг, шүүгдэгч Б.М-найз Б.А-ийг зодлоо гэх шалтгаанаар Х.Я-зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь нэг цаг хугацаанд эхнэрээ, найзыгаа гэсэн санаа зорилго дээр нэгдсэн болохыг шүүгч өөрөө таамаглалд тулгуурлан шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус байна.

2. Шүүгдэгч нарын бие махбодид гэмтэл учирсан байж болох шинж баримт байхад энэ талаар шалган тогтоовол зохих ажиллагааг шуурхай хийхгүй орхигдуулсан нь мөрдөх ажиллагааны зөрчилд хамаарна. Хэрэгт авагдсан баримтаар Б.М-, Б.А- нар гэрчээр 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байцаасан /хх-ийн 20, 22/ атлаа хугацаа алдагдуулан 1 сарын дараа Б.М-, Б.А-, С.О-нарын бие махбодид учирсан гэмтэлд /шархад гэж бичсэнийг ойлгосонгүй/ гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилсон нь хэт нэг талыг барьсан, зарим оролцогч нарын эрхийг хязгаарласан зэрэг зөрчил бүхий утга агуулга, шинжийг илэрхийлсэн байна гэжээ. Тухайн үед хэрэг шалгагдах үед шинжээч томилох нөхцөл байдал байгаагүй, яллагдагч нар өөрсдөө хүсэлт гаргаагүй байж байгаад өөрсдийнх нь үйлдсэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд нотлогдох үед эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлээс мултрах санаа зорилгоор өөрсдийнхөө биед хохирол учирсан гэдэг асуудлыг гаргаж тавих үед хэргийн материалаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

Хэрэв тухайн үед шүүгдэгч нарын хэн нэгнийх нь биед ил шарх гэмтэл харагдсан бол /зайлшгүй шинжээч томилох үндэслэл тогтоогдвол/ тухайн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилох нь зүйн хэрэг. Энэ байдлыг шүүх хөндлөнгийн байр сууринаас биш, харин ч яллагдагчийн талд, өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж хохирогч нарыг яллах байр сууринаас хандаж, мөрдөх ажиллагааны зөрчил гэдэг хуульд байхгүй нэр томъёо гаргаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь илтэд үндэслэлгүй байна.

3. Тухайн үед шүүгдэгч, хохирогч нар аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хохирогч нар маргаан эхлүүлсний улмаас тэд харилцан “хүч зориг”-оо харуулахыг эрмэлзэн маргалдсан, зодолдсон болохыг шууд үгүйсгэх үндэслэл, нотолгоогүй байна. Шүүгдэгч, хохирогч нар шөнийн цагаар согтуурч явахдаа хаана ямар хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолтынх нь зэрэг ямар байсан эсэхэд ялгамж гарган тодорхойлсон баримтгүй гэжээ. Хохирогч нар аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл тогтоогдсон, тэд харилцан “хүч зориг”-оо харуулахыг эрмэлзэн маргалдсан, зодолдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоод байхад юуг үгүйсгэх гээд нотлох баримт хайгаад байгаа нь шүүхийн хийх дүгнэлт биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар “Кензо” бааранд, хохирогч нар найз Чагнаадоржийнд архи уусан, бид нар нэлээн согтсон тухайгаа мөрдөн байцаалтад хэн аль нь мэдүүлсэн. Харин гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд цагдаагийн байгууллага дээр авчирч, согтуурлын зэргийг тогтоох боломж байгаагүй ба цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авснаар шалгагдсан нөхцөл байдал хэргээс харагдаж байгаа тул шүүх эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан дүгнэлт хийх боломжтой байна.

4. Хохирогч нарын өргөдөл, мэдүүлгийг харьцуулж шалгахад эх сурвалж нь зарим талаар өөрчлөлттэй, зөрүүтэй шинжийг агуулсан ба энэ нь тэдний согтууралтай холбоотойг өөрсдөө үгүйсгээгүй байна. Дээрх заалтаар шүүх ямар ямар нотлох баримтууд эх сурвалжаа зааж чадахгүй байна /өөрчлөлттэй гэдэг нь ойлгомжгүй/ , яаж өөрчлөгдөөд байна, ямар нотлох баримтыг шүүх үнэлсэн, хэн хэний мэдүүлэг нь ямар байдлаар зөрүүтэй байна, энэ нь согтууралтай яаж, ямар шалтгаант холбоотой байгаа юм гэдэг үндэслэлээ зааж өгч чадсангүй. Шүүх гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг заавал тодорхой ойлгомжтойгоор зааж өгөх ёстой.

5. Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг тийнхүү ноцтой зөрүүтэй байх ба тухайн зөрүү болон зөрүү үүсгэсэн шалтгааныг бүрэн, бодитой тогтоож чадаагүй байх тул зөвхөн яллах дүгнэлтэд бичигдсэн буюу яллах талын нотлох баримтаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг зөв шийдвэрлэх боломжгүй болжээ. Зөрүү үүсгэсэн шалтгааныг бүрэн бодитой шалгаагүй гэдэг нь мөн ойлгомжгүй, хэн хэний мэдүүлэгт ямар зөрүү үүссэнийг тодорхойлж дурдаагүй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгчийн гэм бурууг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Харин хэргийг нотлох, тухайлбал, хохирогч, гэрч, яллагдагч нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авах нь мөрдөгч, түүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын үүрэг тул мэдүүлэг өгөгчид хууль сануулсны дараа тухайн хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг цаасан дээр буулгаж, өөрт нь болон өөрийнх нь эрхийг хамгаалж байгаа өмгөөлөгчид танилцуулж гарын үсгийг нь зуруулж хэрэгт тусгах ёстой. Мэдүүлгүүд яв цав таарч зөрүүгүй байх ёстой гэдэг байдлаар тухайн этгээдэд тулгах, дарамтлах, хөтлөх, шаардах байдлаар ижилхэн үг үсэгтэй болгож, тэмдэглэлд тусгах эрх мөрдөгчид байхгүй, прокурор ч шаардах эрхгүй.

Шүүхээс зөв шийдвэр гаргах боломжгүй болжээ гэсэн дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоол гаргасан, мөн Эрүүгийн хуулийг хэрэглэхэд үүсгэсэн зарим эргэлзээ, мөрдөн байцаалтын нөхөн гүйцэтгэхэд ач холбогдлоо алдсан дутуу ажиллагаа бүрийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Энэ хэргийн хувьд ээдрээ төвөгтэй, нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх нөхцөл байдал гараагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалт болохоос биш Эрүүгийн хуулийг хэрэглэхэд үүссэн зарим эргэлзээ, мөрдөн байцаалтын нөхөн гүйцэтгэхэд ач холбогдлоо алдсан дутуу ажиллагаа бүрийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх гэсэн утга биш юм. Хуульд заасан үг үсэг бүрийг бид агуулгыг нь алдагдуулахгүйгээр байгаа байдал, бичигдсэн үг хэллэгээр нь хэрэглэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж гарсан байна гэдэг санааг минь хүлээн авна гэдэгт итгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-, Б.М- нарын өмгөөлөгч Ө.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэрэг гэж байхгүй. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал харагдахгүй байгаа учир шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь хуулийн дагуу гэж үзэж байна. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, миний үйлчлүүлэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.А-, Б.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Б.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо зөрөхдөө “...мөрлөлөө, эхнэрийг зодлоо…” гэх шалтгаанаар иргэн Ш.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Б.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо”...найз Б.А-ийг бүлэглэн зодлоо...” гэх шалтгаанаар иргэн Х.Я-зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

хохирогч Ш.О-ын “...Би найз Ч-д 2017 оны 9 дүгээр сарын 17-ны орой найз Я-н хамт очиж архи ууж байгаад нэлээн согтоод 00 цагийн орчим зам дээрээс такси барих гээд явж байсан чинь шар дэлгүүрийн хажууд манай найз Я-г зодох гээд байх шиг байхаар нь яваад очсон чинь нөгөө залуу шууд Я- нүүр рүү цохиод, нэг залуу нь над руу ирээд намайг зодож эхэлсэн. Би нэлээн согтуу байсан болохоор учрыг нь сайн ойлгоогүй. Миний дээрээс өшиглөж чирээд миний цаана Янжинцогийг нэг залуу нь зодоод байсан. Бид 2 доошоо хараад алхаж явж байхад Янжинцог тэр залуучуудтай маргалдах шиг болсон. 500.000 төгрөг нэхэмжилнэ...” /хх-ийн 10, 15-17 тал/,

хохирогч Х.Я-ийн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз О түүний найз Ч гэрт очиж архи ууж байгаад орой 23 цаг өнгөрөөгөөд Ойдовжамц бид 2 гэр рүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Замын цагдаагийн хэлтсийн хойд талын далан дээр алхаад явж байсан чинь хэдэн залуучууд бид хоёрыг зодоод нүүр ам руу цохиод байсан. Би хэсэг ухаан алдаад унасан байсан. Нэг сэрсэн чинь нөгөө хүмүүс яваад өгсөн байсан...” /хх-ийн 14, 19 тал/,

гэрч С.О-“...Би 2017 оны 9 дүгээр сарын 17-ны орой өөрийн нөхөр А, найз нар болох М, түүний эхнэр О, О нартай Кензо бааранд орж үйлчлүүлж байгаад Мягмарлхагвын гэрт очихоор явсан... Манай нөхөр таксинаас буугаад 2 согтуу ахтай маргалдаад зогсож байхаар нь би явж очоод яагаад маргалдаад байгаа юм гээд нөхрийгөө салгах гэхэд нөгөө 2 ахын намхан нуруутай ах нь монголын газар нутаг жижигхэн болсон юм уу тойроод гар гээд манай нөхөртэй барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгах гэхэд өндөр нуруутай ах нь намайг боржуур руу түлхэж унагаад араас хөлөөрөө нуруу руу өшиглөсөн чинь манай нөхөр эхнэрийг яаж байна аа гээд намайг өшиглөсөн ахтай зодолдоод эхэлсэн. А руу намхан нуруутай нь дайрсан чинь М машинаас бууж ирээд нөгөө намхан нуруутай ахтай найзыгаа өмөөрөөд зодолдож эхэлсэн. Намайг түлхэж унагааж өшиглөснөөс болж манай нөхөр намайг өмөөрч зодолдсон байх...” /хх-ийн 27 тал/,

шүүгдэгч Б.А-ийн “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз М, эхнэр О нарын хамт 00 цагийн үед Кензо баарнаас гараад таксинд суусан. Таксинаас буухад 2 залуу зам дагаад алхаад ирж байсан. Миний хажуугаар зөрөхдөө нэг нь намайг мөрлөсөн. Би яаж байна аа гэтэл нөгөө хоёр яасан ч яадаг юм гээд надтай маргалдсан. Эхнэр таксинаас бууж ирээд юу болсон бэ гэтэл нэг залуу нь манай эхнэрийг боржуур руу түлхэж унагаагаад өшиглөсөн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод бид 2 зодолдсон. М машинаас бууж ирээд намайг цохисон залуутай зодолдсон. М бид 2, 2 талд нөгөө 2 залуутай зодолдож байхад манай эхнэр биднийг салгасан...” /хх-ийн 57-58 тал/,

шүүгдэгч Б.М “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр найз А-, О- нартай бааранд орж бүжиглэж байгаад 00 цагийн үед баарнаас гарсан. Гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-85 тоот гэрийнхээ гадаа ирсэн. А- түрүүлж машинаас буусан. А- нэг залуутай маргалдсан. О-ийг нэг нь газар унагаад өшиглөж байхаар нь би яаж байгаа юм гэтэл А- эхнэрээ өмөөрөөд маргалдсан. Тэр 2 залуу бүлэглээд А-ийг зодох гээд дайрахаар нь би намхан нуруутай залуутай барьцалдаж аваад зодолдсон. А- арай өндөр нуруутай залуутай нь зодолдсон...” /хх-61-62/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11865 дугаар “...Х.Я-ийн биед дээд уруулын салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11864 дүгээр “...Ш.О-ын биед зулай, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт цус хуралт, дээд уруул, нуруу, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.А-, Б.М- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхийн тэдний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Прокуророос:

Б.А-ийн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо зөрөхдөө “...мөрлөлөө, эхнэрийг зодлоо…” гэх шалтгаанаар Ш.О-тай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Б.М-“...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо найз Б.А-тай нь маргалдаж, зодолдож байгаа иргэн Х.Я-”...найз Б.А-ийг бүлэглэн зодлоо, түүний эхнэрийг нь түлхэж унагаалаа...” гэх шалтгаанаар зодож, Х.Я-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйл явдлыг хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байх ба хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах...” гэмт хэргийн шинж бүрэн нотлогдон тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн Б.А-, Б.М- нарт холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд “...Б.М-, Б.А- нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй...” талаарх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

            Харин 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо болсон үйл явдалд хэн нэг этгээдийг холбогдуулан мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагагүй тул прокурорын эсэргүүцлийн “...Б.А-, Б.М- нарын шийдвэрлэгдсэн хэргээс танхайрсан үйлдлийг тусгаарлаж, тусгаарласан хэргээ хэрэг бүртгэлтэд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэнг  хүлээн авч, шийтгэх тогтоолын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай...” гэсэн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, Б.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д зааснаар шүүгдэгч Б.А-, Б.М- нарт холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ