Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0242

 

Ч.Эийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Д.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Эийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хуулийг буруу хэрэглэсэн, хүчингүй болсонд тооцсон тогтоолыг үндэслэл болгосон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон тооны хязгаарыг тогтоолын хавсралтаар баталсан байхад тогтоолоор баталснаар бичсэн, мөн тушаалыг алдаатай бичсэн нь илэрхий алдаатай болж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.19-д заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэл болж байна.

Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/16 дугаартай “Бүтэц орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай” тушаал нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан байхад бүтцийн өөрчлөлт хийх тухай нийт албан хаагчид болон надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар шалгаруулалт хийгээгүй нь холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаал нь илт хууль бус болохыг тогтоон, уг тушаалын хавсралтын 172 дугаарт бичигдсэн надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцох, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчид учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалаар Ч.Эийг ажилд нь эгүүлэн томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Д.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Э нь тус газрын Бүртгэл, хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 288 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Төрийн албаны тухай хуульд заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан... Бүртгэл, хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч 3 байсныг Хууль зүйн сайдын 2015 оны А/16 дугаар тушаалаар 2 болгон баталсан.

Тухайн үед тус 3 ахлах байцаагчийн орон тоонд 3 албан хаагч /Ж.Чиймаа, Ч.Э, Б.Чинбат/ нар ажиллаж байсан. Шинэчлэн баталсан тушаалаар 2 албан хаагч ажиллахаар баталсан тул 1 албан хаагч зайлшгүй цомхотгох шаардлагатай болсон. Б.Чинбат эрх бүхий байгууллагаас тусгай чиг үүргийн дагуу томилогддог, нууцын зэрэгтэй ажилтан тул дээрх цомхотгол түүнд хамаарахгүй. Ж.Чиймаа, Б.Эрдэнэчимэг нарыг хэрхэн шалгаруулах талаар ажлын үзүүлэлтийг дүгнэж шийдвэрлэсэн. Дүгнэх явцад Ч.Э нь шаардлагыг бүрэн хангаагүй тул түүнийг хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эийг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Эийн ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 106 хоногийн цалин 4.904.726 төгрөгийг Ч.Эт олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч Ч.Э давж заалдах гомдолдоо: ...Миний ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 106 хоног гэж тооцон 4.904.726 төгрөгийг олгохоор хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалаар ажилд эгүүлэн томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлсөн УБЕГ-ын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мөн тушаалаар ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэл бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг хавсарган өгсөн. Түүнчлэн хариуцагчаас ирүүлсэн тайлбарт УБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тухай дурдан тушаалыг хавсарган ирүүлсэн байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 4-д Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хоногийг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 106 хоног гэж алдаатай тооцон уг хоногт ногдох цалинг олгохоор тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 19-д “Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан “ажлаас халагдсан өдөр”-ийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно”, ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заасан хугацаа ажилтны буруугаас хэтэрвэл уг шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заасан өдрийг, харин ажил олгогчийн буруугаас хэтэрвэл ажил хүлээлгэн өгсөн өдрийг тус тус ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр гэж үзнэ. Мөн тогтоолын 27-д “Ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн ажилтны эрх зүйн байдлаас хамааран Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай болон бусад хуулийн холбогдох заалтуудыг баримталж байвал зохино, ажилтныг захиргааны санаачлагаар ажлаас үндэслэлгүй халснаас байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах асуудлыг бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлэнэ” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасныг баримтлан миний ажилгүй байсан хоногийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаал гарсан өдрөөс тооцох ёстой. Иймд, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4-д “ажилгүй байсан 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 231 хоног гэж, мөн хоногоор тооцсон цалинг Ч.Эт олгохыг хариуцагчид даалгасан” өөрчлөлтийг оруулж, миний гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн материалд байгаа нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгаж үзээгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Засгийн газрын 2014 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны “Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/16 дугаар тушаалыг хариуцагч тус тус хэрэгжүүлэн ажилласан. Ч.Эийн ажиллаж байсан тус газрын Бүртгэлийн хяналтын хэлтэс нь 3 хяналтын улсын ахлах байцаагч ажиллаж байсныг сайдын баталсан бүтцээр 2 болгон цөөрүүлсэн. 1 хяналтын улсын ахлах байцаагч нь 3 хүртэлх насны нялх хүүхэдтэй /Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасны дагуу/, 1 байцаагч нь хууль хяналтын байгууллагаас томилогдон ажиллаж байгаа ажилтан байсан учраас гарцаагүй нэхэмжлэгч цомхотголд хамрагдах шалтгаан болсон. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарын давж заалдах гомдлоор, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Ч.Э нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалаар Ч.Эийг ажилд эгүүлэн томилоогүй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн газрын орон тооны бүтцийн өөрчлөлтийг баталсан бөгөөд тус газрын Улсын бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч 3 байсныг 2 болгож цөөрүүлжээ.

Сайдын дээрх тушаалыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар тус газрын албан хаагчдыг уг өдрөөр тасалбар болон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн 389 дүгээр тушаалаар албан хаагчдыг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохдоо нэхэмжлэгч Ч.Эийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар бүтэц, орон тоо цөөрсөн, үйл ажиллагааны үр дүн, тухай албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын хувьд бусад албан хаагчдаас илүү хангаагүй гэх үндэслэлээр ажил, албан тушаалд нь буцаан томилоогүй байна.

Харин Улсын бүртгэлийн газрын даргын 388, 389 дүгээр тушаал гаргасантай холбоотойгоор  түүнд  6  сарын  цалинтай  тэнцэх  хэмжээний  нэг  удаагийн  тэтгэлэг

олгохоор шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, төрийн албанд ажиллуулахгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ.

Гэтэл “Ажилд томилох тухай” 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалын үндэслэл болсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын ажлыг дүгнэх, сонгох шалгаруулах тухай” хуралдааныг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Бүртгэлийн хяналтын газрын орон тоог цөөрүүлэн нэхэмжлэгч Ч.Эийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, уг албан тушаалд ажиллах боломжгүй гэж байгаа нь нэхэмжлэгчийн төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, тус газрын Тамгын газрын дарга, Бүртгэл хяналтын хэлтсийн дарга гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан бөгөөд уг хурлын тэмдэглэлээс үзэхэд Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч 3 орон тоотой байхад зөвхөн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Чиймаа, Ч.Э нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан үзсэн, мөн Ч.Эийг уг хуралдаанд оролцуулж, тайлбар авалгүйгээр сонгон шалгаруулалтыг явуулж, субъектив байдлаар дүгнэсэн гэж үзэхээр байна.

Зүй нь, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн

27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол Ч.Эт уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг олгох байсан бөгөөд эсвэл өөр ажлын байрны саналыг түүнд тавих зэргээр Төрийн албаны хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх ёстой байжээ.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Эийг төрийн албанд ажиллуулахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн албан хаагчийн хуулиар олгосон нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжийг түүнд олгоогүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс хариуцагчийн “Бүртгэлийн хяналтын хэлтэс нь 3 хяналтын ахлах байцаагч ажиллаж байсныг сайдын баталсан бүтцээр 2 болгон цөөрүүлсэн. Нэг хяналтын улсын ахлах байцаагч нь 3 хүртэлх насны хүүхэдтэй ...гарцаагүй нэхэмжлэгч цомхотголд хамрагдах шалтгаан болсон” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

2. Нэхэмжлэгчийн “ ...шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 4-д “ажилгүй байсан 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 231 хоног гэж, мөн хоногоор тооцсон цалинг Ч.Эт олгохыг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулж, миний гомдлыг хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын тухайд:

Ч.Эт Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг хариуцагч өмнө олгосон бөгөөд анхан шатны шүүх дээрх 6 сарын хугацааг хасч нэхэмжлэгч Ч.Эт 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргасан өдрийг хүртэлх өдөр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 106 хоногийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Учир нь, шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 3 дахь заалтаар нэхэмжлэгч Ч.Эийн ажилгүй байсан хугацааны өөрөөр хэлбэл, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг мөн хариуцагчид даалгаж шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                            ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР