Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0582/э |
Дугаар | 92 |
Огноо | 2016-08-10 |
Зүйл хэсэг | 153.1., |
Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга А.Болор,
Улсын яллагч С.Солонго,
Хохирогч С.Жүгдэр, Ц.Цэнд-Аюуш,
Шүүгдэгч С.Үнэнбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Үнэнбаярт холбогдох 201625010911 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1977 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуу овоо, Баялаг дэлгүүрийн урд талын 19 дүгээр гудамжийн 40 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Дэгд овогт Сангимятавын Үнэнбаяр /Регистрийн дугаар: ЙД 77071211/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.Үнэнбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил газ” шатахуун түгээх станцын баруун талын автомашины зогсоолд байсан иргэн Ц.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Мицүбиши Л-200” загварын, улсын дугааргүй автомашиныг хутгаар зурж 237.500 төгрөгийн, мөн иргэн С.Жүгдэрийн эзэмшлийн “Тоёото харриер” загварын, 37-74 улсын дугаартай, “Тоёото приүс” загварын, 22-26 УБЦ улсын дугаартай автомашинуудыг хутгаар зурж 417.600 төгрөгийн тус тус хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Цэнд-Аюушийн “... Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг лэвсгэрт байрлах “Дашваанжил газ” ШТС-ын залгаа баруун талын хашаанд байдаг эчааны жижиг машин зардаг... 2016 оны 3 сарын 3-ны 15 цаг 30 минутын үед эчааны машинаа жолоодоод ухраад гарч байтал танихгүй согтуү залүү замын хажууд тавиад зарж байсан машиныг хутгаар зураад явж байгаа нь харагдсан...тэр залууг бариад цагдаад дуудлага өгөхөд цагдаагийн ажилтан ирээд авч явсан... миний номероо аваагүй Мицүбиши Л-200 маркийн хар өнгийн жип машиныг тойруулаад зурсан ба хамт машин зардаг С.Жүгдэрийн Приүс 20 маркийн 22-26 УБЦ улсын дугаартай машин болон Тоёото харриер маркийн 37-74 УНП улсын дугаартай машиныг хутгаар зурсан байсан... манай хяналтын камерт тухайн этгээд машин зурж байгаа бичлэг үлдсэн... 237.000 төгрөгний хохирлыг барагдуулж авахыг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх.23/,
Мөрдөн байцаалтад хохирогч С.Жүгдэрийн “... 2016 оны 3 сарын 3-ны өдөр 15 цагийн үед манай хойд талд ачааны машин зардаг Ц.Цэнд-Аюуш утсаар ярьж чиний машиныг чэг залуу хутгаар зурсан байна хүрээд ир гэхээр нь би очсон чинь Цэнд-Аюушийн тавьсан машины хажууд залгаа тавьсан байсан миний зарж байсан Тоёото харриер маркийн мөнгөлөг өнгийн автомашин, Тоёото приүс-20 маркийн суудлын автомашинуудын жолооч талын хаалга, карлоныг зурсан байсан. Зурсан гэх залууг Цэнд-Аюуш барьчихсан зогсож байсан...417600 төгрөгний хохирол учирсан хохирлоо барагдуулж авахыг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх.25/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Даваажаргалын “... 2016 оны 3 сарын 3-ны өдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэлх хугацаанд БЗД-ийн 4-р хороонд ахмад Ц.Зоригттой хамт үүрэг гүйцэтгэсэн... тухай өдөр 16 цагийн үед ... Дашваажил газын хажуу талд машин зардаг газар хүний машин зураад байна гэсэн дуудлагыг аваад уг газарт очиход машин зардаг хүмүүс хар өнгийн куртиктэй, сахалтай, саравчтай малгайтай, согтуу хүнийг барьчихсан байхаар нь юу болсон талаар асуухад манай машиныг болон зам дагуу тавьсан машинуудыг зураад байгаа нь хяналтын камерын бичлэгт байгаа гээд бичлэгээ гар утас дээрээ бичсэнийг харуулсан... сахалтай залуу гартаа хутга барьчихсан машин зураад явж байгаа нь харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх.27/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Зоригтын “... 2016 оны 3 сарын 3-ны өдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэлх хугацаанд БЗД-ийн 4-р хороонд ахлах ахлагч Г.Даваажаргалын хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр 16 цагийн үед ... Дашваанжил газын хажуу талын машин зардаг газарт хутга барьсан хүн машин зураад зугтаах гээд байна гэсэн дуудпага аваад уг газарт очиход 45-50 орчим насны сахалтай эрэгтэй хүнийг машины эзэн гэх залуу барьчихсан зогсож байсан. Юу болсон талаар асуухад 3 машиныг хутгаар хажуу талыг нь зурж байхыг Цэнд-Аюуш гэх залуу хараад барьсан гэж хэлсэн... Мицүбиши Л-200, Тоёото харриер, Тоёото приүс-20, маркийн суудпын автомашинуудын баруун талын хаалга, карлог тууш зурсан байсан... харин Цэнд- Аюуш энэ хутгаар зурсан гээд 7-8 см урттай жижиг тонгорог
харагдсаныг а/а Даваажаргал хураан авсан...” гэсэн мэдүүлэг /хх.28/,
С.Үнэнбаярын автомашин зурсан гэх хутгыг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан тэмдэглэл /хх.17/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.4-11/,
Мөрдөн байцаалтад яллагдагч С.Үнэнбаярын “... 2016 оны 3 сарын 3-ны 13 цагийн үед Чулуун овооны гудамжинд танихгүй эрэгтэй хүнтэй ... 2 шил архи ... хамт хувааж уусан... нэг мэдэхэд намайг нэг залуу барьчихсан машин зурчихсан байна гээд л цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн ажилчид ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Архи уугаад тасарсан учир юу болсон талаар санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх.47-49/,
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-11/,
- Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.18/,
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.19-20/,
- Гэрч С.Сүнжигхорлоогийн мэдүүлэг /хх.26/,
- Гэрч Ц.Баяртогтохын мэдүүлэг /хх.29/,
- Гэрч О.Амарсайны мэдүүлэг /хх.30/,
- Гэрч Ц.Өлзийбаярын мэдүүлэг /хх.31/,
- 1915 тоот шинжээчийн дүгнэлт, хавсралт /хх.37-40/,
- Ял шалгах хуудас /хх.51/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх.53/,
- “Тоёота харриер” маркийн 37-74 улсын дугаартай, “Тоёото приүс” маркийн 22-26 УБЦ улсын дугаартай автомашинуудын гэрчилгээний хуулбар, “Мицүбиши Л-200” маркийн автомашины гаалийн мэдүүлэг /хх-54-56/ зэрэг болно.
Тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, эдгээр нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.
С.Үнэнбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил газ” шатахуун түгээх станцын баруун талын автомашины зогсоолд байсан иргэн Ц.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Мицүбиши Л-200” загварын улсын, дугааргүй автомашиныг хутгаар зурж 237.500 төгрөгийн, мөн иргэн С.Жүгдэрийн эзэмшлийн “Тоёото
харриер” загварын улсын, 37-74 улсын дугаартай, “Тоёото приүс” загварын улсын, 22-26 УБЦ улсын дугаартай автомашинуудыг хутгаар зурж 417.600 төгрөгийн тус тус хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Цэнд-Аюуш /хх.23/, С.Жүгдэр /хх.25/, гэрч Г.Даваажаргал /хх.27/, Ц.Зоригт /хх.28/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-11/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.18/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Үнэнбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч С.Үнэнбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй буюу гэм хорыг арилгаагүй, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.
Ялтан С.Үнэнбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, ялтан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр бариултай цагаан өнгийн хутга /тонгорог/ 1 ширхэгийг устгаж, “С.Үнэнбаярын машин зурж байгаа бичлэг” гэсэн хар өнгийн бичигтэй CD /DVD/ 1 ширхэгийг уг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээвэл зохино.
Шүүгдэгч С.Үнэнбаяраас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын 237.500 төгрөг гаргуулж хохирогч Ц.Цэнд-Аюушид, 417.600 төгрөг гаргуулж хохирогч С.Жүгдэрт тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэгд овогт Сангимятавын Үнэнбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Үнэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт
зааснаар, шүүгдэгч С.Үнэнбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С.Үнэнбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч С.Үнэнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалт, 88.1.7 дах заалтуудыг тус тус үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр бариултай цагаан өнгийн хутга /тонгорог/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “С.Үнэнбаярын машин зурж байгаа бичлэг” гэсэн хар өнгийн бичигтэй CD /DVD/ 1 ширхэгийг уг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үнэнбаяраас 237.500 төгрөг гаргуулж хохирогч Ц.Цэнд-Аюушид, 417.600 төгрөг гаргуулж хохирогч С.Жүгдэрт тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Үнэнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах эсэргүүцэл бичээгүй, гомдол гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР