Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00402

 

Э.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01759 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2156 дугаар магадлалтай

Э.Тын нэхэмжлэлтэй,

“У” УТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болох эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.Т нь тус байгууллагад 2014 онд дэд захирлаар ажилд ороод салбар номын сангийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Шинэ захирал 2 сард ирснээс хойш захиргааны дарамтыг учруулах болсон бөгөөд үүний нэг жишээ нь гэвэл 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр томилогдоод тооллогын комиссын даргаар ажиллаж байхад нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого явагдаж байх үед зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн явдал юм. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр цайны цаг болсон ч тус байгууллагын өндөр настан хоёр ахмад настан хоол цайтай ирнэ гэсэн болохоор цайндаа оролгүй ажлаа хийж байтал нь 14.30 цагийн орчимд өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар З кг бууз, чихэр болон 1 шил архи, ундаа авч ирсэн байдаг. Хоолны дараа цүнхнээсээ авч ирсэн архиа гарган задалж, ойр зуур ярилцангаа тэнд байсан бүх хүнд хундагалан өгснөөс амсах нь амсаж, уруулдаа хүргэх нь хүргээд өгсөн. Ахмад хүн юм өгөөд байхад гээд байсан болно. Тэнд Э.Т, Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, О.Энхмаа, Л.Шинэцэцэг, Э.Энхбаатар, Д.Энхтуяа, Д.Цэцэгмаа, О.Долгорсүрэн, Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар байсан. Ингээд сууж байтал 16:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр гарч утсаар ярьснаа Төв рүү уншигчаас архи ууж байна гэсэн мэдээлэл очсон гэж хүний нөөц Ж.Золбоо утсаар ярьж байна, одоо очлоо гэж байна гэсээр орж ирсэн. Дундаас дээш шил архийг 2 ахмад цүнхлээд явсан. Ингээд ажлаа хэвийн хийж байтал нь хүний нөөц Ж.Золбоо орж ирэн нэг ч үг ярилгүй гарсан ба харин Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаярын өрөөнд орж архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгасан байдаг. Маргааш өдөр нь цайны цагийн дараа Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр фондод орж ирэн Ц.Цэрэннадмид, Л.Шинэцэцэг, О.Энхмаа нарыг нэр цохон дуудаж байна, явж уулзаад ирье гэсэн байна. Тэр өдөр Л.Шинэцэцэг байгаагүй тул түүний оронд тус салбарын номын санч Ц.Бямбаа тэдэнтэй хамт явсан. Хэсэг хугацааны дараа Ц.Бямбаа ном бүрдүүлэгч Э.Дэлгэрмөрөнгийн утсаар залгаж Д.Энхтуяатай ярьж, Индра та нарыг бүгдийг чинь ажлаас хална гэж байна. Тэнд болсон зүйлийг бичиж өг гээд загнаад байна. Би юу гэж бичих юм бэ? гэж сандарч айсан шинжтэй хоолой чичрүүлэн ярьсан байсан. Түүний яриаг чанга яригч дээр тавьж бүгдэд нь сонсгоод бүгдээрээ болсон үйл явдлыг үнэнээр нь бич гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Ц.Бямбаа дахин залгаад Тайванаа дарга, Д.Цэцэгмаа эгч та гурвыг голлож асуугаад байна, миний ойлгосноор гол зорилго нь та гурав юм шиг байна гэсэн. Бүгдээрээ ярилцаад тэдний эсрэг баримт бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгон очиж уулзаж учраа ололцъё гээд 17:30 цагийн үед төв номын сан дээр очсон. Очиход нь нарийн бичгийн өрөөний үүд, захирлын өрөөний үүд хоёулаа нээлттэй байсан ба захирал Д.Индра хүний нөөцийн өрөөнөөс гарч ирэхэд нь тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас тэднийг хүлээж авахгүй гэсэн. Араас нь дагаж өрөөнд нь орвол Уянгаа манаачаа дуудаад эд нарыг хөөж гарга тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас биднийг хүлээж авахгүй гэсэн. Нарийн бичиг жижүүр рүү ярьж дуудсан боловч жижүүр тэднийг хараад буцаад явсан. Захирал Д.Индра нарийн бичиг Энх-Уянгыг дуудаж тэднийг ирэхээс өмнө Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, О.Энхмаа нараар бичүүлсэн бичгээ авч тэдэнд холоос харуулан та нартай архи уусан, сөнг чинь түшиж өгсөн, уусныг чинь харсан хүмүүсийн бичиж өгсөн зүйл энэ байна. Энэ бол баримт. Та нар үгүй гэх үү гэсэн. Тэд ахмад настнаа хүндлээд хөөгөөд явуулж болоогүй ээ гээд учраа хэлж, яагаад бүгдийг нь дуудаж асуухгүй, дөрвийг нь дуудаж, тэдний эсрэг юм бичүүлж байгаа юм бэ гэхэд нь Би уугаагүйг нь дуудаж асуусан гэх мэтээр маргалдсан байдаг. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Э.Тыг дуудаж уулзаад Энхбаатар, Энхтуяа, Тайванжаргал гэсэн 3 хүний халагдах тушаал байна. Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн гэсэн 3 хүнд цалинг хасах сахилгын шийтгэл оноож байгаа. Гэхдээ өөрийг чинь хүнээр яриулсан болохоор чинь үлдээе гэхэд нь Э.Т захирлын шийдвэр шударга байх ёстой, бүгдэд нь ижилхэн арга хэмжээ авч болохгүй юу гэж хэлсэн байдаг. Тэгэхэд Д.Индра өөрт чинь боломж олголоо шүү өөрөө л мэд, яагаад Д.Энхтуяа, Э.Энхбаатар нарыг хамгаалаад байгаа юм, энэ хоёртой үүрд хамт байх уу та гэж хэлээд эсвэл халагдах, эсвэл салбарын эрхлэгчээрээ үлдээд 20% хасуулах сонголт өглөө, өөрөө сонго гэхэд нь хамт л байсан, адилхан шийтгэл авъя, гэхдээ ямар ч шийтгэл байсан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Тэнд байсан 10 хүний гурав Э.Энхбаатар, Д.Энхтуяа, Э.Т нарыг ажлаас халж, Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн нарыг гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл авч, үлдэх Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, О.Энхмаа, Л.Шинэцэцэг нарт ямар ч шийтгэлгүй үлдээсэн. Ингэхдээ ажил олгогч нь захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцээгүй, хамтын гэрээнд зааснаар Үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөөгүй, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамд заасан ижил зөрчилд адил арга хэмжээ авах заалтыг зөрчсөн. Үүнийг ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна. Архи уугаагүй байхад хүний үгээр уусан гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Архидан согтуурах гэдэг бол архи ууж, түүний нөлөөгөөр нийгмийн хэв журам зөрчсөн байхыг хэлэх байх. Иймд Э.Тыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 426 206 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт энэ тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын номын тооллогыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд явуулахаар тооллогын комисс томилж тооллогын ажил явагдсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд архидалт болж байна гэсэн уншигчийн гомдол утсаар ирсэн. Гомдлын дагуу шалгалтаар очиход Хан-уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүр Э.Энхбаатар, Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Э.Т, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Д.Энхтуяа, Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Цэцэгмаа, Төв номын сангийн ном зүйч О.Долгорсүрэн, номын санд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан номын санчид болох Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар архи уусан байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлага тавигдаагүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр Э.Тыг ажлаас нь халсан, тухайн өдөр 12 хүн байсан нь үнэн. Э.Тын гомдлоос үзвэл анхнаасаа архи уугаагүй гэж маргахгүй байгаагийн зэрэгцээ ижил зөрчилд адил арга хэмжээ авах байсан гэж маргаж байгаа нь зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа явдал болохыг шүүх анхаарна уу. Э.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж түүнийг ажлаас нь халсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01759 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Э.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2156 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01759 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Э.Тыг Угийн харьяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Угаас 4 495 271 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Тд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Угаас 86 874 төгрөгийг гаргуулан улсын төсөвт /Улаанбаатар хотын банк 2611192214 тоот данс/ оруулсугай гэж” тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон хөдөлмөрийн дотоод журам, гэрээний заалтыг зөв хэрэглэсэн. Учир нь Э.Тыг “архи ууж байхыг харсан” гэдгийг гэрч Б.Батбаяр шүүх хуралдаан дээр мэдүүлсэн бол гэрч О.Энхмаа нь “2 дахь архийг гаднаас оруулж ирэхийг харсан”, “надаас архи үнэртэж байна уу хэмээн тэр хэд надаас асууж, бие бие рүүгээ үнэртэй ус цацсан” гэсэн бол гэрч Ц.Цэрэннадмид нь “2 дахь архийг оруулж ирсэн” хэмээн мэдүүлсэн.

Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож байгаа гэрчүүд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээдүүд бөгөөд тэдний мэдүүлгүүд нь хоорондоо зөрж байсан тул анхан шатны шүүх нь мэдүүлгийг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн.

Нэхэмжлэлд “... 16 цагийн үед... архи ууж байна гэсэн мэдээлэл очсон гэж хүний нөөц Ж.Золбоо утсаар ярьж байна, одоо очлоо гэж байна гэсээр орж ирсэн. Дундаас дээш архийг 2 ахмад цүнхлээд аваад явсан” гэжээ.

Хэрэв Ж.Золбоо очоогүй бол тэдгээр хүмүүс ажлаа хийхгүй тэр өрөөндөө байгаад л байх байсан байна, мөн архи дундарсан гэдгийг зөвшөөрч байгаа нь ажлаас халагдсан тэр 3 хүн уусан гэдгийн илэрхийлэл бөгөөд хэрэв тэд уугаагүй юм бол архи хэрхэн дундрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь бол хэн ч архи уухгүй байсан юм бол анхнаасаа уг архийг задлуулахгүй байсан.

Нэхэмжлэлд “... 14.30-ын үед ... 3 кг бууз ...” хэмээн бичсэн.

Авчирсан буузыг 2 тасалж жигнэсэн хэмээн гэрч мэдүүлсэн бөгөөд 1 кг бууз нь ойролцоогоор 25-27 ширхэг байдаг гэвэл нэг удаад 37-39 ширхэг бууз жигнэгдсэн ба нэг хүнд 3-4 ногдож, түүнийг хамгийн их удахдаа 3 минутад идэж дуусгахаар байна. Харин цаг хугацааны хувьд ямартай ч 15.30 гэхэд жигнэсэн бүх буузаа идэж дуусчээ.

Тэгэхээр ажлыг нь хийлгэхгүй өөр өрөөнд байлгаад байсан зүйл бол архи байх бөгөөд архины талаар уншигчаас гомдол гарсан тул төвөөс шалгахаар очсон. Харин тэд өрөөнөөсөө гарсан байсан гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн тул уг үйлдлийг нь бэхжүүлж авч чадаагүй ч тэнд байсан хүмүүсийн тайлбараар үүнийгээ нотлож байгаа болно. Ер нь бол тэдгээр хүмүүс архи уугаагүй байсан юм бол шалгуулчих ёстой байсан ч зайлсхийсэн

Иймд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн 2156 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Э.Т нь “У” УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болох эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажил олгогч ижил зөрчил гаргасан ажилчдад сахилгын шийтгэл ногдуулахдаа адил хариуцлага тооцоогүй, сахилгын хариуцлага тооцох журам зөрчсөн, архи уугаагүй байхад бусдын үгээр архидан согтуурсан гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй...” гэж тайлбарлажээ.

Э.Тыг “У” УТҮГ-ын харъяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр ажиллаж байхад нь Угийн Захирлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/24 тушаалаар “...албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Хөдөлмөрийн дотоод журмын 12.4.3., Хөдөлмөрийн гэрээний 3.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.-т “...ажлын байранд архидан согтуурсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болно” гэж тохиролцжээ.

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн салбар номын санд  тооллогын үйл ажиллагаа явагдаж байх үед ахмад настан Ж.Цогзолмаа, Ж.Цэцэгмаа нар хоол авч ирж, тооллого хийж байсан ажилчид үдийн хоол идэж, архи ууцгаасан үйл баримт тогтоогджээ.

Хэрэгт гэрчээр асуугдсан Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, О.Энхмаа нар “..өндөр настангуудын авч ирсэн нэг шил архийг ууж дуусгаад 2 дахь шил архийг гаднаас авсан, архинаас ууцгаасан, ...” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн, Д.Энхтуяа, Д.Цэцэгмаа Ж.Энхтуяа Э.Энхбаатар нар “...ахмадуудын авч ирсэн буузыг идээд, нэгэнт аваад ирсэн юм чинь гээд архийг нь задлаад хүн бүр ёслоод уруулдаа хүргээд, зарим нь сэржим өргөөд өгсөн, тэгээд ажилдаа орцгоосон, архи уугаагүй...” гэж мэдүүлцгээсэн байна.

Давж заалдах шатны шүүх “...гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, нэхэмжлэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй, ажил олгогч ажилтныг зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ үндэслэл бүхий хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал гэрчүүд архи задалсан, амссан талаар зөрүүгүй мэдүүлсэн, тэд  нэхэмжлэгчийг архи уугаагүй гэж нотлоогүй, зарим нь архи уусан гэж, зарим нь амссан гэж мэдүүлсэн байна.

Түүнчлэн ажил олгогчоос ажилтанд хариуцлага тооцохдоо үндэслэл болгосон Зөрчлийн тодорхойлолт, нэхэмжлэгчийг архи уусныг нотлосон бусад баримтыг ямар баримтаар үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ тодорхой дурдаагүй атлаа хариуцагч нь хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтад нийцээгүй, үндэслэл муутай, учир дутагдалтай болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэстэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нотлогдсон, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийг баримтаар нотлогдсныг үндэслэн хариуцлага тооцсон бөгөөд зөрчил гаргасан ажилчдад харилцан адилгүй хариуцлага ногдуулсан гэх тайлбар ажил олгогчийн эрхэд хамаарах асуудал тул нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2156 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД