| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/145 |
| Огноо | 2021-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/145
2021 11 15 2021/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Ц.Баттөмөр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Баттөмөрт холбогдох эрүүгийн 2119002060185 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 08 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг Элст гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Цэен-Ойдовын Баттөмөр /РД:ЕМ73080874/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Баттөмөр нь 2021 оны 09 сарын 09-ний оройн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Сэрбаттай таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Баттөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би архи уусан байсан болохоор юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байгаа. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Миний буруу. Хэрэгт авагдсан баримтын дагуу 334.500 төгрөгийг төлсөн. Дээр нь нэмж хохирогчид 3.000.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Сэрбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг, сумын төвд байх дүү Б.Сэрболдын сэлбэг хэрэгсэл зардаг дэлгүүрт 2021 оны 09 сарын 09-ний оройн 22 цагийн орчимд байж байтал гаднаас Ц.Баттөмөр гэгч согтуу орж ирээд учир шалтгаан нь тодорхойгүй зүйл ярьж чи их том болжээ чамайг ална гэх зүйл ярьж надад агсан тавьж эд зүйл сүйтгэчих гээд байхаар нь би Баттөмөрийг чи юу яриад байгаа юм бэ дэлгүүрээс гар гэж дэлгүүрээс гаргасан. Тэгээд би дэлгүүрт орж ирээд худалдаа хийгээд тооцоо мөнгө аваад шилэн лангууны цаад талд зогсож байтал Ц.Баттөмөр эргэж дэлгүүрт орж ирээд шууд миний нүүрэн тус газар ам руу гараараа нэг цохисон. Үүнээс болж миний үүдэн хоёр шүд нэг хугарч нэг нь бүтнээрээ унасан. Энэ явдал болох үед манай дэлгүүрт Хөвсгөл сумын 2 дугаар багийн малчин Баярсайхан, Энхмаа нар байсан. Тэгээд би шүд уначихлаа гэж хэлсэн, Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Би уг хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх 21-22, 70 ху/,
-Гэрч М.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би орой 22 цагийн үед хөдөө дуудлагад яваад сумын төвд иртэл машины тоормосны шингэн байхгүй болсон байхаар нь сумын төвд байдаг Болдоогийн сэлбэгийн дэлгүүрт очтол Сэрбат дэлгүүр хаагаад гарч байсан. Тэгэхээр нь би машины тоормосны шингэн авч болох уу дуудлага ирвэл машин явах боломжгүй боллоо гээд хамт дэлгүүрт ороод зогсож байтал гаднаас Хөвсгөл сумын 2 дугаар багийн иргэн Баярсайхан эхнэр Энхмаагийн хамт орж ирсэн. Удалгүй араас нь Баттөмөр ах согтуу орж ирээд шууд Сэрбат руу агсраад чи муу том болсон бацаан гээд заамдаад байсан. Сэрбат лангууныхаа цаана зогссон Баттөмөр ах наад талд нь зогсоод заамдсан байсан. Би худалдаж авсан юмаа аваад гарч байтал Сэрбат шүд гээд лангууныхаа араар суусан. Би шууд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,
-Яллагдагч Ц.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 09 сарын 09-ний өдөр Хөвсгөл сумын 3 дугаар баг Задгайт гэх газраас буюу хөдөө гэрээсээ суман дээр 10 цагийн орчим ирсэн. Сумын төв дээр хувийн ажил амжуулаад өдөр 14 цагийн орчимд Нэмэхбаяр гэх хүнтэй Соёрхол нэртэй 0.75 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд дэлгүүрээс кружка нэртэй том 2.5 литрийн пиво 3-ыг авч Нэмэхбаяртай хамт гэрт нь хувааж уугаад орой 22 цагийн орчимд гэрээс нь гараад дүү Мэндээгийн гэрт очих гээд явж байтал сэлбэгийн дэлгүүр нээлттэй байхаар нь орсон. Тэгээд дэлгүүрт ороод дэлгүүрийн худалдагч Б.Сэрбаттай муудалцаж байсан. Тэгээд Сэрбат намайг дэлгүүр дотроо дараад дээр гараад суугаад заамдаад байж байсан. Тэгэхээр нь би босоод зодолдсон. Хаашаа цохисон, ямар үйлдэл хийсэн талаараа санахгүй байна. Ер нь цохисон үгүйгээ мэдэхгүй байна, архи их уусан байсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,
-Гэрч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 09 сарын 09-ний өдөр 14 цагийн орчим ирсэн. Орой 22 цагийн орчим сумын төвд байдаг сэлбэгийн дэлгүүр дотор эд зүйл худалдаж авах гээд үнэ асуугаад зогсож байтал Ц.Баттөмөр ах гаднаас согтуу хашхираад орж ирсэн. Тухайн үед дэлгүүр дотор би манай эхнэр Энхмаа, Мөнхбаатар, худалдагч залуу Сэрбат нар байсан. Баттөмөр ах орж ирээд Сэрбатыг лангууны наад талаас заамдаж авсан. Сэрбат зөрүүлээд заамдсан. Тэгээд хоорондоо зодолдмоор болоод түлхэлцэх үед манай эхнэр айгаад байна явъя гээд бид хоёр хамт гараа явсан гэсэн мэдүүлэг /хх 30 ху/,
-Гэрч Б.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 09 сарын 09-ний өдөр гэр бүлийн хамт 14 цагийн орчимд ирсэн. Орой 22 цагийн орчимд сумын төвд байдаг сэлбэгийн дэлгүүр дотор эд зүйл худалдаж авах гээд үнэ асуугаад зогсож байтал Ц.Баттөмөр ах гаднаас согтуу хашхираад орж ирсэн. Тухайн үед дэлгүүр дотор би манай нөхөр Баярсайхан, Мөнхбаатар худалдагч залуу Сэрбат нар байсан. Баттөмөр ах орж ирээд Сэрбат руу чанга чанга дуугараад байхаар нь би айгаад хамгийн түрүүнд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,
-Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 09 сарын 14-ний өдөр Б.Сэрбатын өөрийн биед үзлэг хийхэд баруун 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд хөндий үүссэн, баруун 2 дугаар шүд хүзүүвч хэсгээрээ хугарсан байдалтай байсан. Буйланд хөндийтэй байна гэдэг нь тухайн шүдийг авсны дараа буйланд үүсдэг юм. Тиймээс баруун 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой юм. Харин шүд авсны дараа хувь хүний биеийн онцлогоос хамаараад сар гаран хугацааны дараа буйл битүүрнэ, мөн баруун 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал нь ир ирмэгтэй байсан тул шинэ хугарсан байх боломжтой юм. Хэрэв хуучин хугарал бол ир ирмэг нь мохоо байдаг юм. Гэмтлийн зэрэг тогтоох журамд шүд хүзүүвч хэсгээрээ хугарсан бол булгарсан буюу унасан гэж үздэг юм. Тиймээс Сэрбатын биед учирсан баруун 1, 2 дугаар шүдний булгарал шинэ гэмтэл бөгөөд эдгээр шүдний хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар бол хүний биеийн 1 шүд булгарч унасан болон хүзүүвч хэсгээрээ хугарсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг гэсэн мэдүүлэг /хх 41-42 ху/,
-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0266 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Сэрбатын биед баруун 1, 2 дугаар шүдний булгарал, зүүн бугалганд цус хурал гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан баруун 1, 2 дугаар шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Учирсан зүүн бугалганы цас хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх 10 ху/,
-Хохирлын баримтууд /хх 72-77 ху/
-Хөвсгөл сумын ЗДТГ-ын архивын тодорхойлолт /хх 78 ху/,
-Ц.Баттөмөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79 ху/,
-Хохирогч Б.Сэрбатаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 85 ху/,
-шүүгдэгч Ц.Баттөмөрөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 86 ху/,
-Ц.Баттөмөрийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 60-63, 67-68 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Баттөмөр нь 2021 оны 09 сарын 09-ний оройн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Сэрбаттай таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж баруун 1, 2 дугаар шүд булгарч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Миний буруу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Сэрбатын “...2021 оны 09 сарын 09-ний оройн 22 цагийн орчимд байж байтал гаднаас Хөвсгөл сумын иргэн Ц.Баттөмөр гэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу орж ирээд учир шалтгаан нь тодорхойгүй зүйл ярьж чи их том болжээ чамайг ална гэх зүйл ярьж надад агсан тавьж эд зүйл сүйтгэчих гээд байхаар нь би Баттөмөрийг чи юу яриад байгаа юм бэ дэлгүүрээс гар гэж дэлгүүрээс гаргасан. Тэгээд би дэлгүүрт орж ирээд худалдаа хийгээд тооцоо мөнгө аваад шилэн лангууны цаад талд зогсож байтал Ц.Баттөмөр эргэж дэлгүүрт орж ирээд шууд миний нүүрэн тус газар ам руу гараараа нэг цохисон. Үүнээс болж миний үүдэн хоёр шүд нэг хугарч нэг нь бүтнээрээ унасан” гэсэн /хх 21-22 ху/, гэрч М.Мөнхбаатарын “...дэлгүүрт ороод зогсож байтал гаднаас Хөвсгөл сумын 2 дугаар багийн иргэн Баярсайхан эхнэр Энхмаагийн хамт орж ирсэн. Удалгүй араас нь Баттөмөр ах согтуу орж ирээд шууд Сэрбат руу агсраад чи муу том болсон бацаан гээд заамдаад байсан. Сэрбат лангууныхаа цаана зогссон Баттөмөр ах наад талд нь зогсоод заамдсан байсан. Би худалдаж авсан юмаа аваад гарч байтал Сэрбат шүд гээд лангууныхаа араар суусан. Би шууд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 25 ху/, гэрч Д.Баярсайханы “...Орой 22 цагийн орчим сумын төвд байдаг сэлбэгийн дэлгүүр дотор эд зүйл худалдаж авах гээд үнэ асуугаад зогсож байтал Ц.Баттөмөр ах гаднаас согтуу хашхираад орж ирсэн. Тухайн үед дэлгүүр дотор би манай эхнэр Энхмаа, Мөнхбаатар худалдагч залуу Сэрбат нар байсан. Баттөмөр ах орж ирээд Сэрбатыг лангууны наад талаас заамдаж авсан. Сэрбат зөрүүлээд заамдсан” гэсэн мэдүүлэг /хх 30 ху/, гэрч Б.Энхмаагийн “...Орой 22 цагийн орчимд сумын төвд байдаг сэлбэгийн дэлгүүр дотор эд зүйл худалдаж авах гээд үнэ асуугаад зогсож байтал Ц.Баттөмөр ах гаднаас согтуу хашхираад орж ирсэн. Тухайн үед дэлгүүр дотор би манай нөхөр Баярсайхан, Мөнхбаатар худалдагч залуу Сэрбат нар байсан. Баттөмөр ах орж ирээд Сэрбат руу чанга чанга дуугараад байхаар нь би айгаад хамгийн түрүүнд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 32 ху/, хохирогчийн биед баруун 1, 2 дугаар шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0266 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Баттөмөрийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Баттөмөр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч Б.Сэрбатад хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтын дагуу 334.500 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид нийт 3.334.500 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны хуулга болон хохирогчийн хүсэлт /хх 85 ху/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харчин овогт Цэен-Ойдовын Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баттөмөрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баттөмөр нь оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд сард 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баттөмөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА