Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00403

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01537 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2102 дугаар магадлалтай

Д.Бын нэхэмжлэлтэй,

Д.Мд холбогдох

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 6 525 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранчимэг, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мэ нь Д.Б надаас 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3 050 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдаж авсан. 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөгийн бараа материал надад байхгүй байсан учраас түүний гуйлтаар өөр хүнээс авч, өөрийн гараар Д.Мэд өгсөн. Хариуцагч нь нийт 4 850 000 төгрөгийн үнэтэй барилгын материал аваад хамгийн сүүлийн хугацаа 2014 оны 11 дүгээр сард багтаан төлж барагдуулна гэсэн боловч тохиролцсон хугацаандаа хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Д.Мэ 1 800 000 төгрөгийн барилгын материал аваад мөнгөө өгөхгүй болохоор нь хүнээс авсан материалын үнийг өөрөөс өгч төлбөр барагдуулсан. Хариуцагчаас удаа дараа мөнгөө нэхсэн боловч өгөөгүй, арга ядаад ажил дээр нь очиж хэрүүл хийж байж 500 000 төгрөг 2016 оны 5 дугаар сард шилжүүлгээр авсан ч үлдэгдэл мөнгөө өнөөг хүртэл өгөөгүй.

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч Д.Мэ 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1 800 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 050 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж тохиролцсон бөгөөд гэрээний 2.5-д зааснаар төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх болсон. Хэрэв чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн байсан бол тухайн үед гомдол, санал гаргах байсан ч өнөөг хүртэл хариуцагч гомдол гаргаагүй. Шинэ бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн учраас доголдолтой бараа байгаагүй. Үүнд хэн аль нь маргаагүй. Чанарын шаардлага хангаагүй, доголдолтой бараа авсан, алдангийг төлөхгүй гэсэн тайлбараа хариуцагчийн зүгээс баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байгаа тул үндсэн төлбөр 4 350 000 төгрөг, алданги 2 175 000 төгрөг, нийт 6 525 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бараа материал нийлүүлсэн эсэхэд маргахгүй. Д.Бын нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанар, стандартын шаардлага хангаагүй байсан тул 6 525 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчээс 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бараа материалыг зээлээр худалдан авсан байдаг. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд зааснаар 3 жил бөгөөд 2018 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Өмнө нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох гэсэн ойлголт эрх зүйн талаасаа байхгүй. Төлбөр барагдуулах гэрээний үндсэн дээр хариуцагч төлбөр төлөх боломжгүй. Тийм учраас гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01537 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Мээс 6 525 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 119 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2102 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 119 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Мэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01537 дугаар шийдвэрээс 1 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх үл харгалзан шүүх хуралдааныг явуулж, үндсэн төлбөр болон алдангийн хамт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх шийдвэрийг хэсэгчлэн болон бүхэлд нь хянан үзэж, алдааг залруулж, хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Д.Б нь Д.Мэд холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 6 525 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д.Б нь Д.Мэд түүний хүсэлтээр 4 850 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдсан, хариуцагч  барааны үнийг 2014 оны 11 дүгээр сард багтаан төлөхөөр харилцан тохиролцсон боловч  тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй байна.

Талууд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, тус гэрээгээр төлбөрийн хэмжээ 4 850 000 төгрөг, төлбөр төлөгч төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна, төлбөрийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцохоор харилцан тохиролцсон, гэрээ байгуулснаас хойш буюу 2016 оны 05 дугаар сард хариуцагч  500 000 төгрөг төлсөн, өөр төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

  Нэхэмжлэгч Д.Б “Төлбөр барагдуулах гэрээ”-г үндэслэн худалдсан барааны үлдэгдэл төлбөр 4 350 000 төгрөг, алданги 2 175 000 төгрөг, нийт 6 525 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн үед чанаргүй прусс мод, зэвэрч хуучирсан төмөр зэрэг чанарын доголдолтой бараа нийлүүлсэн, сольж өгнө гэж хуурч явсаар өнгөрсөн. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргажээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй бараа худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч барааг хүлээн авч, харилцан тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул бусдад шилжүүлсэн барааны үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нь барааг чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан гэж маргах боловч худалдан авсан барааны доголдлын талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй тул хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Төлбөр барагдуулах гэрээгээр төлбөр төлж дуусгах хугацааг тогтоож, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол алданги тооцохоор тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6. дахь заалтыг зөрчөөгүй, хэлцэл хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар хязгаарлаж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. дэх заалтад нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, худалдан авсан эд зүйлийн үлдэгдэл төлбөр 4 350 000 төгрөгийг, алданги 2 175 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ үйл баримт, талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан ба 2018 оны 06 дугаар 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах хангалттай хугацаа байхад шүүх хуралдаанд нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул “...хариуцагчаас гаргасан хүсэлтийг харгалзаж үзээгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн, ...хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2102 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Мийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД