Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 114/2015/0053/З |
Дугаар | 221/МА2016/0241 |
Огноо | 2016-04-14 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2016/0241
“М-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч “М-О” ХХК-ийн захирал Ю.Т, хариуцагч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Т, Г.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М-О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2015 оны 04 дүгээр сард татварын улсын байцаагч Г.Г дуудаж, 2013 оны санхүүгийн баримтад шалгалт хийж, “Н Х” ХХК-аас худалдан авсан 14714658, 14714700 тоот падаанууд хий бичилттэй гэсэн үндэслэлээр акт тогтоож, 22743272 төгрөгийн төлбөр ногдуулсныг зөвшөөрөхгүй. Бид тухайн үед хий бичилттэй падаан авч байгаагаа мэдээгүй, хэрвээ хий бичилттэй байсан бол тайланд бүртгэгдэхгүй, шивэгдэхгүй байх байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зарцуулалтад татварын байцаагч нар хяналт тавьдаг, өмнөх падааны тайланг хүлээн авсны дараа дараагийн падааныг өгдөг учраас хий бичилттэй гэж үзэхгүй.
Татварын улсын байцаагч 2014 оны 01 дүгээр сарын албан бичгийг бидэнд үзүүлсэн. Гэтэл 2015 оны 04 дүгээр сард шалгалт хийснээс бид энэ падааны талаар хохирол нэхэмжлэх, Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргах хугацаа дууссан, бид мөрдөн байцаах газар очиж уулзахад “Н Х” ХХК-тай холбоотой эрүүгийн хэргийг 2015 оны 01 дүгээр сард шүүхээр шийдвэрлэсэн гэж хэлсэн. Иймд, татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 30 -ны өдрийн 190014731 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-421 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичиг, Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаас өгсөн хяналт шалгалт хийх томилолтын дагуу “М-О” ХХК-ийн 2013 оны санхүүгийн баримтад албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Шалгалтаар Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн хавсралтад дурдсан “Н Х” ХХК-аас “М-О” ХХК нь худалдан авалт хийсэн 14424798, 14714700 тоот падаанаар 17.454.545.4 төгрөгийн зөрчил илрүүлэн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 190014731 тоот актыг тогтоосон. Актаар 17.454.545.40 төгрөгийн нөхөн татвар, 5.236.363.60 төгрөгийн торгууль, 52.363.60 төгрөгийн алданги, нийт 22.743.272.60 төгрөгийн төлбөр ногдуулсан. “Н Х” ХХК -ийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил нь хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М-О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Т нарын гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190014731 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Т нар давж заалдах гомдолдоо: “М-О” ХХК нь 5478383 регистрийн дугаартай “Н Х” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14714658 дугаартай падаанаар 47,272,727.30 төгрөгийн, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14714700 дугаартай падаанаар 127,272,727.00 төгрөгийн, нийт 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар, 174,545,454.30 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг 17,454,545.43 төгрөгөөр бууруулсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын 2013 оны 10, 11 сарын тайлангаар нотлогдож байгаа бөгөөд тус компанийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг нягтлахад Нягтлан бодох бүртгэлийн баримтын бүртгэлд “Н Х” ХХК-ийн кассын орлогын 86 тоот баримтанд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 90.0 сая төгрөг, 2013 оны 09 сарын 28-ны өдөр 50.0 сая төгрөг гэж давхардуулан бичсэн байх ба санхүүгийн тэмдэг дарсан, ерөнхий нягтлан бодогчийн нэр, гарын үсэг байхгүй, мөн “М-О” ХХК болон “Н Х” ХХК-ийн хооронд бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна. Энэхүү анхан шатны гэх баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн баримтын шаардлагад нийцэхгүй байх тул анхан шатны баримтын үнэн зөв эсэхийг тодруулаагүй.
Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй 5478383 регистрийн дугаартай “Н Х” ХХК-д холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааны хэрэг 2015 оны 1 сард шүүхээр орж шийдвэрлэгдсэн байхад энэ талаар тодруулж, тус компанийг татвар ногдох орлогоо нуун дарагдуулж өөрийн компанийн нэр дээр авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж байсан гэмт хэргийн шийдвэрлэлтийг хэрэгт нотлох баримт болгон авч хянаж шийдвэрлээгүй. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс гаргуулсан нотлох баримт бүхий татварын улсын байцаагчийн бичсэн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 350000140 дугаартай “Н Х” ХХК-д холбогдох татварын улсын байцаагчийн дүгнэлтэд 2012, 2013 онд ямар ч бараа, ажил, үйлчилгээ хийгээгүй, орлого олоогүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хуурамч бичилт хийн, тамга, тэмдэг даран өгч, бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон талаар тодорхой дурдсан байхад “М-О” ХХК-ийн санхүүгийн баримтанд шалгалт хийх үедээ “Н Х” ХХК-ийг дээрх маргаан бүхий 2 падаанаар борлуулалт хийсэн эсэх, борлуулалтаа тайлагнасан эсэхийг тодруулаагүй гэх үндэслэл нь хуульд нийцээгүй ба Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2 дугаар хэсгийн 2.3.1-д зааснаар нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тухайн татварын албаны харилцагч татвар төлөгчдөд албан тушаалтны бичсэн томилолтоор хяналт шалгалт хийх бөгөөд “Н Х” ХХК-ийн 2011-2013 онуудын санхүүгийн баримтанд Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч шалгалт хийсэн нь дээрх дүгнэлтэд тодорхой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190014731 тоот татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын
2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-421 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 19150400103 тоот томилолтын дагуу “М-О” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт, борлуулалтын падаанд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт явуулж, “Н Х” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч ажил гүйлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтад тусгаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэсэн үндэслэлээр 17.454.545.4 төгрөгийн нөхөн татвар, 5.236.363.6 төгрөгийн торгууль, 52363.6 мянган төгрөгийн хүү, нийт 22.743.272.6 төгрөгийн төлбөр ногдуулсан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190014731 дүгээр актыг тогтоожээ.
Нэхэмжлэгч “М-О” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн барилгын материалыг бодитоор худалдан авсан бөгөөд тухайн үед уг падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж тухайн актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг хуулийн этгээд нь 2013 онд актад тусгасан бараа бүтээгдэхүүнийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Их нарт”-ын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны барилгын угсралтын ажилд, Сайншанд сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгын засварт, Хүнс хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын барилгын засварт ашигласан бөгөөд тус нэмэгдсэн өртгийн падааныг бичүүлэн авч тухайн үед Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу хугацаанд нь аймгийн татварын албанд хүргүүлж, татварын талаар ямар нэгэн зөрчил гараагүй байна.
Нэхэмжлэгч “М-О” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь барилга, засварын үйл ажиллагаа бөгөөд тус компани нь Дорноговь аймгийн Засаг даргатай “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Их нарт”-ын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны барилгын угсралтын ажлын гэрээ”-г 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, “Сайншанд сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг дарга нартай “Хүнс хөдөө аж ахуйн, жижиг, дунд үйлдвэрийн газрын барилгын засварын ажлын гэрээ”-г байгуулсан зэргээс үзэхэд эдгээр гэрээгээр хүлээсэн
ажлыг гүйцэтгэх үүднээс бодитойгоор барилгын материалын худалдан авалт хийсэн
гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр бодит байдал дээр 2013 онд “М-О” ХХК болон “Н Х” ХХК-уудын хооронд 52013200 төгрөгийн, 139.999.999 төгрөгийн үнэ бүхий барилгын материалын худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй боловч Татварын албанаас зөвшөөрөгдсөн хуурамч биш нэмэгдсэн өртгийн албан татварын 2 падаанаар бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бэлэн мөнгө тушаасан баримт, орлогод авсан баримтууд зэргийг онлайн програмд шивэлт хийн НӨАТ-ын тайлан ба падаануудыг интернэтээр илгээн татварын албанд тайлагнаж, баталгаажуулсан, мөн НӨАТ-ын падааныг хүлээлгэн өгсөн баримтуудыг шалгахад тамга, тэмдэг, дугаарлалт, хэвлэмэл байдал зэрэг бүх зүйл бүрэн, эх хувиар байсан байна.
Тиймээс “М-О” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...төлсөн ...нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, “Н Х” ХХК нь 2012 он, 2013 онд ямар ч бараа, ажил үйлчилгээ хийгээгүй, орлого олоогүй атлаа өөрийн компанийн НӨАТ-ын падааныг бусдад дамжуулсан нь тус “Н Х” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа болохоос “М-О” ХХК нь худалдан авалтын падаан, зарлагын падаан, бэлэн мөнгө тушаасан баримтыг хуурамчаар үйлдээгүй, тийм баримтаар гүйлгээ хийгээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэгт үндэслэн “М-О” ХХК нь барилгын материалыг худалдан авсан нь нотлогдсон, “Н Х” ХХК нь маргаан бүхий 2 падаанаар борлуулалт хийсэн, борлуулалтаа тайлагнасан эсэхийг тодруулалгүйгээр зөвхөн “М-О” ХХК-ийг хий бичилттэй нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг ашиглаж, татвар ногдох орлогоо бууруулсан гэж хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР