Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Т.Ганзориг Шүүгдэгч Э.Гарьдбаатар Хохирогч Ц.Мөнхнаран Иргэний нэхэмжлэгч Ц.Даваадорж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Э.Гарьдбаатарт холбогдох 201614000336 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11-71 тоотод оршин суух, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Энхтамирын Гарьдбаатар / РД: АЮ91011831/

Шүүгдэгч Э.Гарьдбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хүлэг хүнсний захын баруун баруун талын зам дээр “Тоёота кроун” маркийн 3172 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад иргэн Ц.Мөнхнаранг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч Э.Гарьдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр Дэнжээс 5-р микр орохоор явж байтал Порестер маркийн автомашин хажуу талаас дохио өгөлгүй шахсанаас болоод автобусны хажуу талаас шүргэж цааш нь явахдаа толиороо Мөнхнаран гэдэг хүнийг шүргэж унагаасан. Хажуу талаас Порестер маркийн автомашин шахсанаас болж сандраад л автобусыг мөргөчихгүй юмсан гээд л дарж орсон юм. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Миний буруу хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг, 

-Хохирогч Ц.Мөнхнарангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 13-ны орой төлөвлөгөөт рейсээ яваад руль шилжүүлээд автобуснаас буугаад араар нь тойроод явж байгаад энэ автомашинд мөргүүлсэн. Миний хувьд хүндэвтэр гэмтэл авсан. Хохирлын хувьд нэг ч төгрөг өгөөгүй. Одоо 4.626.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Даваадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 06 сарын 13-ны орой “Субару” маркийн автомашинтай явж байгаад хажуугаар цагаан өнгийн “Кроун” маркийн автомашин орж ирсэн. Тэгээд мөргөлдсөн, хохирол 448.000 төгрөгийг даатгалаас төлсөн. Иймд одоо нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч М.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнхнаран автобусны зүүн талд явж байсан, яг машинд мөргүүлэх үеийг нь хараагүй. Машинд учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ гаргуулсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг /хх 21 ху/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 489 дугаар дүгнэлтэнд: 1.Ц.Мөнхнарангийн биед баруун умдаг ясны дээд ирмэгийн сэлтэрхийт далд хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйх бүсэлхийд зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгт зүсэгдсэн шарх, баруун ташаанд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. 2.Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 28 ху/

-Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэнд: 1. -“Тоёота кроун” маркийн 3172 ОРО улсын дугаартай автомашинг жолоодож явсан жолооч Э.Гарьдбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дахь заалт тээврийн хэрэгслийн байрлан явах 8.11 дэх заалт: Жолооч нь урдаа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна. -Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дэх заалт тээврийн хэрэгслийн хурд 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Хьюндай соuntry маркийн 0878 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч М.Энхболд нь Монгол Улсын замын хөдөлгөөний хууль, дүрмийн заалт зөрчөөгүй байна. 3. Субору маркийн 0878 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ц.Даваадорж Монгол Улсын замын хөдөлгөөний хууль, дүрмийн заалт зөрчөөгүй байна. 4. Тоёото кроун маркийн 3172 ОРО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Э.Гарьдбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.2 дэх заалтуудыг тус тус зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 26 ху/ 3. -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-15 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13 ху/

-Хохирлын үнэлгээ /хх 31, 36 ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/

-Э.Гарьдбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 50-52-р ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Гарьдбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хүлэг хүнсний захын баруун баруун талын зам дээр “Тоёота кроун” маркийн 3172 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад иргэн Ц.Мөнхнаранг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ц.Мөнхнарангийн “...автобуснаас буугаад араар нь тойроод явж байгаад энэ автомашинд мөргүүлсэн. Миний хувьд хүндэвтэр гэмтэл авсан” гэсэн, иргэний нэхэмжлэгч Ц.Даваадоржийн “...Субару маркийн автомашинтай явж байгаад хажуугаар цагаан өнгийн “Кроун” маркийн автомашин орж ирсэн. Тэгээд мөргөлдсөн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч М.Энхболдын /хх 21 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед баруун умдаг ясны дээд ирмэгийн сэлтэрхийт далд хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйх бүсэлхийд зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгт зүсэгдсэн шарх, баруун ташаанд зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 489 тоот шинжээчийн дүгнэлт /хх 28 ху/, шүүгдэгч Гарьдбаатаыг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.2 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хх 26 ху/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Гарьдбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хохирогч Ц.Мөнхнаран нь эмчилгээний захдал, цалин, орлого, асаргааны мөнгө, журмын хашааны төлбөр зэрэг нийт 4.626.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Энхболд нь Хьюндай соuntry маркийн автомашины хохирол үнэлгээний дагуу 235.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх ба шүүгдэгч нь гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ хохирогч Ц.Мөнхнаран нь Хьюндай соuntry маркийн автомашины хохирол 235.000 төгрөгийг давхар нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлээс хасаж тооцон, үлдэх 4.391.000 төгрөгийг олгох нь зүйтэй. 4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Энхтамирын Гарьдбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар шүүгдэгч Э.Гарьдбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Э.Гарьдбаатарт оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Гарьдбаатараас 4.776.000 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-27-32 тоотод оршин суух Ц.Мөнхнаран /РД: ФБ86042132/-д 4.391.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 11-78 тоотод оршин суух М.Энхболд /РД: ШЕ83122613/-д 235.000 төгрөг тус тус олгосугай.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА