Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 144

 

А.Түвшинжаргал, П.Аюурзана нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч П.Аюурзана, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч А.Түвшинжаргалын өмгөөлөгч Р.Лхамсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалтай, А.Түвшинжаргал, П.Аюурзана нарт холбогдох эрүүгийн 201309000848 дугаартай хэргийг шүүгдэгч А.Түвшинжаргал, шүүгдэгч П.Аюурзана, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Нумчин овогт Алтанхуягийн Түвшинжаргал нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Пүрэвхүүгийн Аюурзана нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Түвшинжаргалыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч П.Аюурзаныг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Түвшинжаргалд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сар хорих ял, шүүгдэгч П.Аюурзанад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоног хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Түвшинжаргалд оногдуулсан 11 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аюурзанад оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аюурзанад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 10 хоног хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Түвшинжаргалын цагдан хоригдсон 220 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Түвшинжаргалаас нийт 134.238.270 төгрөг гаргуулж нэр бүхий 27 хохирогчид олгож, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Түвшинжаргал, шүүгдэгч П.Аюурзаны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч П.Аюурзаны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч А.Түвшинжаргалын өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Түвшинжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… би газар авч өгнө гэж хүмүүсээс авсан мөнгөнөөс амьдралдаа захиран зарцуулаагүйг миний амьдралын байдлаас харж болно. Би Аюурзана, Амартуяа гэх хүмүүсийн гэмт хэргийн золиос болж ар гэр минь маш их хохирч байна. Мөн сүүлийн үед эмчилгээ хийлгэж хүнээс эмчилгээний мөнгө зээлж авсан. Гэтэл мөнгө зээлж түүнийгээ буцааж төлсөн байхад хүмүүст намайг засаршгүй гэмт хэрэгтэн болгон харагдуулж, хүнсний бүтээгдэхүүн зээлж авсныг залилан мэхэлж бусдын нэр барьж гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэг үүсгэж, гэмт хэрэг давтан үйлдсэн гэж байгаад гомдолтой байна. Хэрэг үүсгэсэн өдөр надад байсан өр /хохирол/ төлбөр одоо ч хэвээрээ нэг ч төгрөг төлөгдөөгүй тус хэрэгт нэгтгэгдсэн явж байна. Би газар зарна гэж бусдаас мөнгө залилж авсан бол өнөөдөр ядаж өр төлбөрөө төлсөн байна. Мөн хэргийн үнэн зөвийг олж шийдэлгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг зөрөөтэй, хохирлын дүнг үнэн зөвөөр тогтоогоогүй, хохирлын дүнг зөвхөн хохирогчийн хэлсэн худал мэдүүлгээр тогтоодог, нотлох баримт байсаар байхад нотлох баримтанд тулгуурлахгүй зөвхөн нэг хүнийг буруутган засаршгүй гэмт хэрэгтэн мэтээр харуулж яллаж байгаад маш их гомдолтой байна. Хохирогч худлаа яриад байгаа нь батлагдаж байгааг үл тоон хэргийн үнэн зөвийг тогтоогоогүй зэрэг шалтгаан байсаар байтал хүний эрхийг зөрчин зөвхөн яллахын төлөө байгаад гомдолтой байна. Гэрчийн мэдүүлэг зөрөөтэй, хохирогч хохирлын дүнг нэмж нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдсоор байхад хэргийн үнэн зөвийг тогтоолгүй шийдвэр гаргасан байдлыг шалган үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч П.Аюурзана хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… А.Түвшинжаргал цаг хугацаа хожих гэж намайг гэмт хэрэгт холбогдуулан удаа дараа гүтгэж байгаад би гомдолтой байна. Мөн Ж.Уранчимэг 4.000.000 төгрөг өгөхгүй бол би чамаас салахгүй, шүүхэд чамд гомдолтой гэж хэлнэ гэж худал гүтгэсэн. Надад Ж.Уранчимэгт өгөх 4.000.000 төгрөг байхгүй, би нэг ч хүнээс мөнгө луйвар хийж аваагүй болно. Мөн 2013 онд хохирогч Т.Лхампүрэвмаа бид 2 ойр дотно харьцаатай байсан ба нийлж газар авах гээд А.Түвшинжаргалд 5 сая төгрөгөө өгч хохирогч болоод явж байна. Энэ тухай гэрч В.Нарантуяа, хохирогч Т.Лхампүрэвмаагийн мэдүүлэг байгаа. Одоо Г.Лхампүрэвмаа бид хоёр айл өрх болоод 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охинтой болсон. Дээрхи байдлыг минь харгалзан үзэж миний бие А.Түвшинжаргалтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг тогтоон надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж миний нэр төрийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч П.Аюурзаны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… П.Аюурзана, А.Түвшинжаргалтай бүлэглэж нэр бүхий 4 иргэнийг залилсан гэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Аюурзана анхнаасаа залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. А.Түвшинжаргал П.Аюурзанад хандаж “та багш учраас олон хүн таньдаг, газар авах хүн байна уу” гэж лавлахаар нь цуг ажилладаг багшдаа хэлтэл тухайн багш нь дам дамаа хүнд хэлж явсаар Уранчимэг гэдэг хүн утсаар холбогдож А.Түвшинжаргалтай уулзахад П.Аюурзана цуг очиж уулзсан. Үүнээс цаашаа А.Түвшинжаргал өөрөө газраа зараад үнээ хэлээд явсан. Нэр бүхий 27 хүнээс П.Аюурзана мөнгө аваагүй. П.Аюурзана нь хохирлын мөнгөн дүнгээс хуваалцаж авсан зүйл байхгүй энэ талаар мөрдөн байцаалтын шатанд нотолсон зүйлгүй. Шүүгдэгч П.Аюурзанын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Түвшинжаргалын өмгөөлөгч Р.Лхамсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... А.Түвшинжаргал 5, 6 хүнтэй зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан мөнгө зээлсэн. Зээлийн гэрээгээр халхавчлан бусдын итгэлийг эвдэх зорилгоор гэрээг хийгээгүй. Энэ нь зээлж авсан мөнгөнийхөө хүүг төлж байснаар нотлогддог. Оюунсайханаас мөнгө зээлээд эргүүлж өгдөг байсан. Оюунсайхантай зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөг авсан. Оюунсайханы өөрийн мэдүүлгүүд дээр зээлээр авсан 30 сая төгрөгнөөс 10 сая төгрөгийг буцаан төлсөн гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх 25 сая төгрөгийг буцааж олгохоор шийдвэрлэсэн. Гэрээ байгуулж хүү болон үндсэн мөнгөнөөс өгч байсан зэргээс харахад иргэний хэрэг гэдэг нь тодорхой харагдаж байна. Улсын Дээд шүүхийн 51 дүгээр тогтоолд “Эрүүгийн журмаар хэрэг шийдвэрлэхэд бодит хохирлыг төлүүлнэ” гэж заасан. Эрдэнэтана гэдэг хүнээс эхлээд 4 сая төгрөг зээлж эргүүлэн төлөөд дараа нь дахиад 4 сая төгрөг зээлж авсан. Үүнийгээ хүүтэй нь бодож 6.118.000 төгрөг нэхэж байгаа юм. Ломбарднаас 2 сая төгрөг 6 хувийн хүүтэй зээлээд хүүгээ төлөөд явж байсан. Гэтэл ломбарднаас мөнгө зээлсэн үйлдэл нь эрүүгийн хэрэг болоод байгаа нь ойлгомжгүй байна. Сувд-Эрдэнэ гэдэг хүнээс 270.000 төгрөгийн үнэтэй гар утас зээлээр авсан байтал эргүүлээд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн. А.Түвшинжаргалын дансанд 1.500.000 төгрөг орсон баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс нотлогдоогүй байтал Сувд-Эрдэнэд 1.500.000 төгрөгийн төлбөртэй гэж шийдвэрлэсэн. Аюуш гэдэг хүнээс 2.000.000 төгрөг зээлээд буцааж төлсөн. Гэтэл 2.000.000 төгрөгийг төлөөгүй гэж гомдол гаргасан. Аюуш, Сувд-Эрдэнэ нартай зээлийн гэрээ байгуулаагүй, авсан, өгсөн мөнгөний баримтгүй зүйлийг үндэслэн ял шийтгэл оногдуулж буй нь үндэслэлгүй юм. Хохирлын хэмжээг буруу тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн гэж үзэж байна. Засаг даргын захирамж болон гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бөгөөд хэн тухайн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг одоо хүртэл тогтоогоогүй. П.Аюурзана, А.Түвшинжаргалыг манай эгч байгаа юм итгээрэй гэж удаа дараагийн уулзалт дээр хэлж байсан. Газар зарна, удахгүй гэрчилгээ чинь гарна гэж хуурч мэхлэж байсан гэж Отгонбаяр мэдүүлдэг. Уранчимэгийн удаа дараагийн мэдүүлэгт “П.Аюурзана нь А.Түвшинжаргалыг миний эгч гэж итгэл төрүүлсэн мөнгө залилахад Аюурзана оролцож байсан” гэж мэдүүлдэг. Анхан болон давж заалдах шатны шүүх тус хэрэгт А.Түвшинжаргал, П.Аюурзана нарыг хамтран оролцсон гэж дүгнэсэн боловч төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй. П.Түвшинжаргал хэлэхдээ “би төрийн албан хаагч учраас мөнгийг шууд гардаж авч болдоггүй юм. Чиний дансаар урьдчилгаа мөнгөө шилжүүлэн авья” гэсэн байдаг. П.Аюурзана нь 60-аад сая төгрөгийг урьдчилгаа болгон авсан. Мөнгө шилжиж орсны дараа П.Аюурзана мөнгийг очиж авдаг байсан. Энэ нь А.Түвшинжаргалын удаа дараагийн мэдүүлгүүд дээр байдаг. Аюурзанад тодорхой хувь гэж өгдөг байсан бөгөөд хамтран оролцсон байна. Газар авах гэж урьдчилгаа өгч байна гэдгийг нотариат Амартуяа сайн мэдэж байсан. Зээлийн гэрээ биш худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой. Энэ хэрэгт эргэлзээтэй маш олон баримт байгаа учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч А.Түвшинжаргал нь олон удаагийн давтан үйлдлээр нэр бүхий иргэдийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж бусдад 136.238.270 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч П.Аюурзана нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд мөн олон удаагийн давтан үйлдлээр нэр бүхий хохирогчдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхлэж бусдад 20.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Нийтдээ энэ гэмт хэргийн улмаас 156.238.270 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, бүрдэл хангагдсан гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын П.Аюурзанад холбогдох хэсэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна.

Шүүгдэгч А.Түвшинжаргал нь 2011 оны 9 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд удаа дараагийн давтан үйлдлээр нэр бүхий 27 хохирогчийн итгэлийг эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 156.238.270 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч А.Түвшинжаргал болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй бoлнo.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд П.Аюурзаныг шүүгдэгч А.Түвшинжаргалтай бүлэглэж, давтан үйлдлээр 2013 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд “хувийн орон сууцны газар зарна” гэж хохирогч Ж.Уранчимэг, Ж.Отгонбаяр, Ч.Бархас, Г.Алтантуяа нарыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 20 сая төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийсний улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж П.Аюурзаны эрх зүйн байдлыг эрс дордуулсан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэн П.Аюурзана нь А.Түвшинжаргалын гуйснаар хамт ажилладаг Д.Энхмаад амины орон сууцны газар зарах гэж байгааг хэлсэн, хохирогч Д.Уранчимэг өөрөө Д.Энхмаагаас бус түүний дүү Л.Нэргүйгээс газар зарах гэж байгааг сонсоод П.Аюурзанатай утсаар холбогдож улмаар А.Түвшинжаргалтай уулзаж газар худалдан авахаар тохиролцож урьдчилгаа мөнгөө А.Түвшинжаргалын хувийн данс руу шилжүүлсэн үйл баримт мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогджээ.   

Хэдийгээр хохирогч Д.Уранчимэг, Ж.Отгонбаяр нар нь П.Аюурзаныг А.Түвшинжаргалтай хамт газар үзүүлсэн, ятгаж итгэл үнэмшил төрүүлсэн гэж мэдүүлсэн боловч П.Аюурзанын хувьд тэднийг танилцуулсныхаа хариуд шан харамж, эсхүл урьдчилгаа мөнгөнөөс тодорхой хэсгийг авах зэрэг ашиг олох шунахай зорилгоор А.Түвшинжаргалтай урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Гэтэл шүүх П.Аюурзаныг гэмт хэрэг үйлдэхээр А.Түвшинжаргалтай урьдчилан үгсэж тохиролцсон гэж хэргийн үйл баримтыг тогтоож, улмаар харилцан зөрүүтэй буюу шүүгдэгчийн гэм буруугүйг нотолсон цагаатгах нотлох баримтыг үгүйсгэж няцаасан үндэслэлээ заагаагүй атлаа гэм буруутай хэмээн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын П.Аюурзанад холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүгдэгч А.Түвшинжаргалын хувьд бодит бус зүйлийг бодитой мэтээр хохирогч нарыг төөрөгдүүлж хуурч мэхэлсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан нийгэмд аюултай үйлдэл мөн тул иргэний эрх зүйн харилцааг гэмт хэрэгт тооцсон гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч А.Түвшинжаргалын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн байцаалтаар тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирлын мөнгийг П.Аюурзанаар хуваан төлүүлэх, нотариатч Амартуяаг тухайн хэрэгт холбогдолтой эсэхийг болон хохирогч нар худал мэдүүлсэн эсэхийг шалгуулах тухай шүүгдэгч А.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.3-д заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар П.Аюурзанад холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Сартуул овогт Пүрэвхүүгийн Аюурзаныг цагаатгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

               ШҮҮГЧ                                                                 Б.ЦОГТ