Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0333

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.*******гийн нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-23 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Судалгаа шинжилгээ, сургалт, мэдээллийн төв хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэг сарын 659161 төгрөгөөр тооцон 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх нийт 8 сар 27 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг тооцож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалт Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд ганцаараа тэнцсэн боловч хувийн шалтгаанаар орон нутагт ажиллах боломжгүй болсон. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 12 дугаар тогтоолоор Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн.

2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Д.*******тэй үр дүнгийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод болон үр дүнгийн гэрээний дагуу цаг үеийн шаардлагатай ажлуудыг хариуцлагатайгаар цаг хугацаанд хийж байсан тул 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Д.******* миний үр дүнгийн гэрээг 77,5 оноогоор хангалттай гэж дүгнэсэн.

Үр дүнгийн гэрээгээ дүгнүүлсний дараа Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн албаны салбар зөвлөлд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус хамгаалалтын захиргааны судалгаа, шинжилгээ сургалт мэдээллийн төв хариуцсан мэргэжилтэнг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж өгнө үү гэсэн 471 дүгээр албан бичгийг явуулсан.

2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, 28.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Б.******* намайг төрийн жинхэнэ албаны туршилтын хугацаа дууссан гэж үзээд 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хариуцсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар томилох тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын Б-12 дугаар тушаал гарч жинхэлсэн.

2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр тус газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ширэндэв томилогдсон. Намайг түрүүчийн Засгийн газрын үед ажилд орсон мөн удаагүй болохоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хууль бус Б-23 дугаар тушаал гарган намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй. 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэл намайг өвчтэй байх хооронд дээрх хууль бус шийдвэр гарсан.” гэжээ.

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн тус газрын хамгаалалтын захиргааны даргын тушаалаар Б.*******г тус албан тушаалд жинхэлсэн гэж байгаа боловч дарга Д.******* нь өөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн өдрөө Б-2 дугаар тушаалын гарсан нь хууль бус акт байсан гэж үзэж байна.

Б.******* анх ажилд орохдоо Говь-Алтай аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн нь тус хамгаалалтын захиргаан дээр зарлаагүй ажлын байранд шалгалт өгсөн нь Хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ, сургалт, мэдээллийн төв хариуцсан мэргэжилтнээр ажиллах хэмжээний мэдлэг боловсрол эзэмшээгүй, энэ албан тушаал эрхлэх хэмжээний мэргэжилгүй, ажилд орохдоо бөглөсөн төрийн албан хаагчийн анкетад эзэмшсэн мэргэжил нь ашигт малтмалын ордын ашиглалтын технологич 596 дугаартай магистр зэрэгтэй гэж өөрийн гараар бөглөсөн байх боловч 1999 онд элсэн орж 1999 онд төгссөн гэсэн дипломын хуулбар байхгүй байгаа нь тус сургуулийн зэрэг авсан ажиллах хэмжээний мэдлэг боловсрол эзэмшээгүй, энэ албан тушаал эрхлэх хэмжээний мэргэжилгүй, ажилд орохдоо бөглөсөн төрийн албан хаагчийн анкетад эзэмшсэн мэргэжил нь ашигт малтмалын ордын ашиглалтын технологич гэж өөрийн гараар бөглөсөн байх боловч дипломын хуулбар байхгүй байгаа нь тус сургуулийн зэрэг авсан эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг энэ албан тушаал эрхлэхтэй огт хамааралгүй, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй, албан тушаал эрхлэхэд тэнцэх хэмжээний мэргэжил ур чадвар эзэмшээгүй гэж үзэж байгаа нь Б.*******г тус албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй, мэргэжлийн бус хүн байсан нь үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна.

Б.******* 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 18 хоног ажлын байраа орхиж, шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ талаар удирдлагад мэдэгдэж албан ёсны чөлөө авсан, эмнэлгийн хуудас огт өгсөн зүйл огт байдаггүй. А.Оюут 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-26 дугаар Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын газрын захиргааны дарга Ц.Ширэндэвийн тушаалаар байгалийн нөөцийн хамгаалалт, дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байгаа.

Иймд Б.*******г ажлаас чөлөөлсөн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-23 дугаар тушаал хуульд нийцсэн тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-23 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Судалгаа шинжилгээ, сургалт, мэдээллийн төв хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэг сарын 659161 төгрөгөөр тооцон 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх нийт 8 сар 27 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б-17 тоот тушаалаар Б.*******г Хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ, сургалт, мэдээллийн төв хариуцсан мэргэжилтнээр түр томилж, ажилд авахдаа ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан мэргэжлийн хүн байгаагүй нь тус газрын дарга асан Д.*******гийн хууль бус гаргасан шийдвэр байсан.

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус хамгаалалтын захиргааны даргын тушаалаар Б.*******г тус албан тушаалд жинхэлсэн гэж байгаа боловч Д.******* нь өөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өдрөө Б-2 тоот тушаал гаргасан нь хууль бус акт байсан гэж үзэж байна. Б.******* нь анх ажилд орохдоо Говь-Алтай аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн нь тус хамгаалалтын захиргаан дээр зарлаагүй ажлын байран дээр шалгалт өгсөн нь Хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ, сургалт, мэдээллийн төв хариуцсан мэргэжилтнээр ажиллах хэмжээний мэдлэг боловсрол эзэмшээгүй, энэ албан тушаал эрхлэх хэмжээний мэргэжилгүй, ажилд орохдоо бөглөсөн төрийн албан хаагчийн анкетэн дээр эзэмшсэн мэргэжил нь ашигт малтмалын ордын ашиглалтын технологич №5926 дугаартай, ТИС-ийн техникийн ухааны магистр зэрэгтэй № М1996 гэж өөрийн гараар бөглөсөн байх боловч 1999 онд элсэн орж 1999 онд төгссөн гэсэн боловч дипломын хуулбар байхгүй байгаа нь тус сургуулийн зэрэг авсан эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг энэ албан тушаал эрхлэхтэй огт хамааралгүй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй, албан тушаал эрхлэхэд тэнцэх хэмжээний мэргэжил ур чадвар эзэмшээгүй гэж үзэж байгаа нь Б.******* тус албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй, мэргэжлийн бус хүн байсан нь үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.

Мөн ******* нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 18 хоног ажлын байраа орхиж, шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ талаар удирдлагад мэдэгдэж албан ёсны чөлөө авсан. эмнэлгийн хуудас (лист) өгсөн зүйл огт байдаггүй. Мөн Б.******* нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул түүнийг урьд эрхэлж байсан судалгаа шинжилгээ, сургалт мэдээллийн төв хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй юм.

2016 оны Эдийн засгийн хямралтай холбогдуулан Сангийн яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны төрийн албан хаагчдын цалингийн фондоос төсвийн таналт хийсэн. Тус дархан цаазат газрын цалингаас бусад зардлын төсвийг хассан тул нэхэмжлэгч Б.*******д ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэг сарын 659,161 төгрөгөөр тооцож 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх нийт 8 сар 27 хоногийн цалинг олгох боломжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийн зарим заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийт олговрын хэмжээг тодорхой заагаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-06 дугаар тушаалаар баталсан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтцэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “судалгаа шинжилгээ, сургалт мэдээллийн төв хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо 1 байсан нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-233 дугаар тушаалаар шинээр баталсан бүтцэд хэвээр үлдсэн, нэхэмжлэгчийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б-2 дугаар тушаалаар уг орон тоонд жинхэлэн томилсон, Б.*******гийн мэргэжил, мэргэшил нь уг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангах эсэхийг Авлигатай тэмцэх газраас тодруулахад тус газраас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4772 дугаар албан бичгээр шаардлага хангаж байгаа талаар хариу ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Гэтэл хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-23 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, ажлын байны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, туршилтын хугацаанд ажиллаж байсан гэх мэт үндэслэлгүй шалтгаанаар, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны хууль тогтоомжийг баримтлалгүй Б.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах” төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчсөн байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг шалтгаангүй 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажил тасалсан гэх боловч маргаан бүхий актын үндэслэлд энэ талаар дурьдаагүй, маргаан бүхий тушаал 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр огноологдож нэхэмжлэгчийг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн боловч хавтаст хэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 24 хүртэлх хугацааны эмнэлгийн магадлагаа[1], 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх[2] эмнэлгийн хуудас хэрэгт авагдсан байх тул үндэслэлгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль бус тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон нь үндэслэлтэй байх боловч Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөв баримтлаагүй, ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 8 сар ажлын 20 хоногийн цалинтай тэнцэх олговрыг тооцоогүй байх тул хуулийн заалтыг зөвтгөж, олговрыг хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож 5,598,936 /таван сая таван зуун ерэн найман мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг гэж тодруулж шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “24 дүгээр зүйлийн 24.1” гэснийг “27 дугаар зүйлийн 27.2.1” гэж, 2 дахь заалтын “хөлстэй тэнцэх” гэсний дараа “5,598,936 /таван сая таван зуун ерэн найман мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ