| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0148/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч О.Ө,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Өт холбогдох эрүүгийн 2119000000187 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам Сайншанд татах хэсэгт туслах машинист ажилтай, ам бүл 2, эхнэр, эхнэрийн хамт, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Эрх чөлөөний гудамж 5-58-42 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын гудамж 6-60 тоотод түр оршин суух, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах яд шийтгүүлж байсан, Х овогт О-ийн Ө /РД:ЕЛ97021516/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Ө нь 2021 оны 10 сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 8 дугаар баг Үзүүрийн гудамж 4-27 тоотод өөрийн төрсөн дүү О.А-г ялимгүй зүйлээр шалтаглан хайруулын тавгаар толгой, бие рүү нь цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, шуу, баруун зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй, урьд нь ийм асуудал гаргаж байгаагүй, дүү болон гэрчүүд яагаад ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй, гэм буруугаа ойлгож байгаа, миний буруу гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 10 сарын 02-ноос 03-ны өдөр шилжих шөнийн 02 цагийн үед нэг орилох чимээ сонсогдохоор нь ах ирлээ гэж дуугаар нь таниад хутгуудаа орны араар нуусан. Тэгээд орж ирээд явъя гээд уурлаад байсан, хаашаа явах нь мэдэгдэхгүй, шургуулгаас аяга таваг бүх юм авч шидсэн. Тухай үед эхнэр нь хамт байсан боловч хориогүй. Хайруулын тавгаар шууд цохиж эхэлсэн. Нөхрийнхөө дүүг дуудаж сэрээхэд дүү цагдаа дуудлаа гээд явсан. Тэгтэл чи дүүгээ дуудлаа гээд дахиад толгой руу хайруулын тавгаар цохисон. Тэгээд ах явсан. ...миний тархи толгойг зодож гэмтээсэн, тийм учраас эмчилгээний зардалд 1 сая төгрөг нэхэмжилж байна. О.Өт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах хүсэлтэй байна. ...Шүүх хуралд оролцохгүй. ...миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, дахин нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 9, 45 ху/,
-Гэрч О.Б-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 10 сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн ойролцоогоор 03 цагийн орчимд намайг Дорноговь аймгийн Айраг суманд байх үед манай эхнэр О.А өөрийнхөө 80633080 дугаарын утаснаас залгаад “сая намайг манай төрсөн ах О.Ө, эхнэртэйгээ хамт ирээд зодчихоод явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад өөрийн 86780800 дугаарын утаснаас дуудлага өгсөн. ...тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчимд өөрийн ээж Гантогтохын хамт Дорноговь аймгийн Айраг сумаас Сайншанд суманд ирэхэд эхнэрийн толгой болон 2 хөл гар хөхөрсөн байсныг хараад Ө-ын 86522202 дугаартай утас руу залгаж ярьтал нөхөн төлбөрийг чинь өгчихье гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 11 ху/,
-Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би 2021 оны 10 сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд ажлаасаа буучхаад Шивээговь сумаас Сайншанд суманд 12 цаг 30 минутын үед бэрийнхээ гэрт ирээд, бэр охиныхоо толгой хэсгийг угаагаад цэвэрлэсэн. Манай охины бэрийн ах болох О.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийнхөө дүүг болон манай хүү Болд-Эрдэнэ нарыг ална гэж заналхийлж байсан талаар удаа дараа сонсож байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Өсөхбаярт хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,
-Гэрч Б.Б-У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...хамтран амьдрагч
О.Ө нь айл руу явъя гээд байхаар нь хамт очтол тэр найзтайгаа 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Өсөхбаяр өөрийнхөө дүү О.Агийн гэрт очсон. Тэгээд дүүдээ өөрийнхөө гэр оронд очооч гэж хэлэхэд нь би өөрийнхөө гэрт байна гэж хэлтэл маргалдаж байгаад дүү рүүгээ шаазан аяга шидэж ногоон өнгийн хайруулын тавгаар цохиод шидчихсэн гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,
-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0279 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.О.А-гийн биед тархи доргилт, зүүн бугалга шуу, баруун зүүн гуянд цус
хуралт, толгойн хуйх, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Учирсан гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна
гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-5 ху/,
-Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх 22-23 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/
-2014 оны 06 сарын 09-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 37-44 ху/
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 46-48, 51-52 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Ө нь 2021 оны 10 сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 8 дугаар баг Үзүүрийн гудамж 4-27 тоотод өөрийн төрсөн дүү О.Аг ялимгүй зүйлээр шалтаглан хайруулын тавгаар толгой, бие рүү нь цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, шуу, баруун зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй, ...гэм буруугаа ойлгож байгаа, миний буруу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч О.Агийн “...шөнийн 02 цагийн үед нэг орилох чимээ сонсогдохоор нь ах ирлээ гэж дуугаар нь таниад хутгуудаа орны араар нуусан. Тэгээд орж ирээд явъя гээд уурлаад байсан, хаашаа явах нь мэдэгдэхгүй. Шургуулгаас аяга таваг бүх юм авч шидсэн. ...Хайруулын тавгаар шууд цохиж эхэлсэн. Нөхрийнхөө дүүг дуудаж сэрээхэд цагдаа дуулаа гээд явсан. Тэгтэл чи дүүгээ дуудлаа гээд дахиад толгой руу хайруулын тавгаар цохисон” гэсэн /хх 9, 45 ху/, гэрч О.Болд-Эрдэнийн “...манай эхнэр О.А өөрийнхөө 80633080 дугаарын утаснаас залгаад сая намайг манай төрсөн ах О.Ө, эхнэртэйгээ хамт ирээд зодчихоод явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад өөрийн 86780800 дугаарын утаснаас дуудлага өгсөн” гэсэн /хх 11 ху/, гэрч Д.Гантогтохын “...бэрийнхээ гэрт ирээд бэр охиныхоо толгой хэсгийг угаагаад цэвэрлэсэн.
Манай охины бэрийн ах болох О.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийнхөө дүүг болон манай хүү Болд-Эрдэнэ нарыг ална гэж заналхийлж байсан талаар удаа дараа сонсож байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Өсөхбаярт хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна” гэсэн /хх 13 ху/, гэрч Б.Бат-Ундрахын “...манай хамтран амьдрагч О.Ө нь айл руу явъя гээд байхаар нь хамт очтол тэр найзтайгаа 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Өсөхбаяр өөрийнхөө дүү О.А-ийн гэрт очсон. Тэгээд дүүдээ өөрийнхөө гэр оронд очооч гэж хэлэхэд нь би өөрийнхөө гэрт байна гэж хэлтэл маргалдаж байгаад дүү рүүгээ шаазан аяга шидэж ногоон өнгийн хайруулын тавгаар цохиод шидчихсэн” гэсэн /хх 18 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, зүүн бугалга шуу, баруун зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0279 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Ө-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн улмаас хохирогч О.А-д хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хохирогчийн /хх 54 ху/ мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч О.Ө нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт О-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА