Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 02

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д,

Шинжээч Ц.Ц, В.Д /онлайн/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т /онлайн/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М /онлайн/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б /онлайн/,

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Х.Д /онлайн/

Шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Т.Б, Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Т.Б, Х овогт Н.Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр У хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 0-15 насны дөрвөн хүүхдүүдийн хамт Д аймгийн З сум ... тоотод оршин суух хаягтай, О овогт Т.Б /РД: .../

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, зам барилга машин механизмын жолооч засварчин ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Д аймгийн З сум ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Х овогт Н.Э /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 08 цаг 50 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын хил нэвтрэх чөлөөт бүсийн авто зам дээр “...” улсын дугаартай “Ланд марк” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.4-д заасан “Хурдны дээд хязгаар” мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг,

Шүүгдэгч Н.Э нь ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Мөн дүрмийн 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.2, 1.6-д заасан “Зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлэхгүй байх үйлдэл” гэх заалтуудыг зөрчсөний улмаас иргэн З.О-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд: “...2019 оны 11 сарын 06-ны өдөр урагшаа Эрээн хот руу гарах гээд өглөө эрт бусдын адил байнга эрхэлдэг ажил хөдөлмөрөө эрхлэх гээд гэрээсээ гарсан. Өглөөний 08 цаг 50 минутын үед 4 зорчигчтой хилээр гарсан. Тухайн үед гадаа цэлмэг үзэгдэх орчин гэгээтэй байсан. Шинжээч нарын дүгнэлтүүдийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байгаа. ... 469 машиныг гүйцэт түрүүлэх үйлдэл эхэлсэн байх үед гэнэт 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжсэн. Миний санаж байгаагаар тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан үгүйгээ ч мэдэхгүй нэг мэдэхэд л ухаан алдаад сэрсэн. Эмч ирээд хөлийг минь эвлүүлж байсан. Хөлийнхөө өвдөлтөд сэрэх шиг болсон. Би өөрийнхөө тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ямар ч нөхцөл боломж олгоогүй. Маш хурдтай болоод өнгөрсөн. Хоёр тээврийн хэрэгсэл хоёулаа  60-70 км цагийн хуртай явж байсан байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд: “...2019 оны 11 сарын 06-ны өглөө энэ үйл явдал болсон. Би 2 хоногийн өмнө машинаа оочирт тавьсан байсан. Тэр өглөө эхний хэдхэн машин авчихаад араас нь дандаа автобус татсан юм. Тэгээд автобус татаж дуусаад араас нь 3 машин гарсан. Тэр үед би гарсан. Б миний эгнээнд лав гараагүй. Эхний 3 машин тойргоор эргэсний дараа дараагийн машинуудыг гаргаж байсан. Б тухайн үед миний араас юм уу тэрний араас л гарсан байх. Тэгээд явж байтал миний копут сөхөгдсөн. Сөхөгдчихөөр урд хэсэг бүрэн халхлагдана. Би эхэндээ сандарсан. Тэгээд толиндоо хартал хоёрдугаар эгнээнд ойр машин харагдаагүй. Яг миний хойно хоёр машин явж байсан. Бордюр их өндөр. Зорчигчийн аюулгүй байдал, аль алийг нь бодолцоод ард явж байгаа машиндаа зай тавьж өгөөд эгнээ байр тавьж өгсөн. Яг жолоочийн талын жижиг зайнд зөвхөн жолоочийн тал л  харагддаг юм. Тийм учраас би дохиогоо өгөөд хоёрдугаар эгнээ рүү шилжсэн. Гэхдээ би огцом үйлдэл хийгээгүй алгуурхан шилжсэн. Хоёрдугаар эгнээ рүү шилжээд араагаа салгаад хаалгаа нээх гэж байтал хажуугаар нэг машин их өндөр хурдтай өнгөрсөн юм. Тэгээд дөнгөж буутал нэг машин өнхөрч байсан. Түүнийг хараад манай зорчигч нар бүгд буугаад гүйсэн. Би копутаа хаагаад араас нь очсон. Араас ирсэн бүх машины зорчигч нар очсон. Миний машинд урд нэг хүүхэн ард гурван залуу явж байсан юм. Нэг залуу цонхыг нь өшиглөж онгойлгоод татаж гаргасан. Тэгээд байж байтал хар хувцастай залуу ирээд бүгд хөдөл замаа чөлөөл яв гээд бүгдийг нь хөдөлгөөд явуулсан... Замын хөдөлгөөний дүрмээр бол би буруутай үйлдэл хийсэн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т шүүх хуралдаанд: “...2019 оны 11 сарын 06-ны өглөө Замын-Үүдийн байцаагч Д гэж хүн над руу утсаар хэлсэн. О гэж хүний дүү нь мөн үү энэ хүн осолд ороод нас барсан байна гэж хэлсэн. Манай эгч надаас 2 насаар эгч. Миний төрсөн эгч. Болсон үйл явдалд гомдолтой байна. Оршуулгын зардлаа нэхэмжилнэ. Энэ хүмүүс дүрэм журмаа баримталж хөдөлгөөнд оролцсон бол эгч маань амьд байх байсан. Ер нь бол маш их гомдолтой байна. Одоогоор Т.Б нь 5,900,000 төгрөгийн оршуулгын зардал төлсөн байна. Үлдэгдэл 20,761,948 төгрөгийг нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд: “...2019 оны 11 сарын 06-ны өдөр өглөө Улаанбаатар хотоос Замын-Үүдэд ирсэн. Ирчихээд Б гэж хүний машинд суусан. Манай машин удахгүй шууд гарна гэсэн. Хамгийн эхлээд хэдэн машин гараад араас нь автобус гарсан. Тэгээд гараад манай машин хурдтай явж байсан. Миний хажууд нэг эрэгтэй, нэг эмэгтэй, урд жолоочийн хажууд нэг хүн байсан. 4-5-уулаа явж байсан. Дөнгөж манай машин хөдлөөд урдах машинуудын урд нь гарна гэсэн зорилготой явж байсан. Тэгээд манай машин хурд хэтрүүлсэн үедээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байхад нэгдүгээр эгнээнд явж байсан машин гэнэт хоёрдугаар эгнээ рүү ороод ирэхээр нь манай машин хажуу талаараа дараад тэр чигтээ замаас гараад явчихсан. Тухайн үед дараа нь би жолоочдоо хэлж байсан. Хурд хэтрүүлчихсэн байсан болохоор тоормос гишгэвэл бордюр мөргөхийг та мэдэж байсан. Зүгээр тэр машины араас ороод мөргөчихгүй гэхэд харин тэгдэг байж гээд өөрөө тэгж байсан. Ухаан алдаад сэрэхэд эрэгтэй, эмэгтэй 2-ын байр солигдсон урд талын хоёр байхгүй байсан. Намайг нэг залуу чирээд гаргаж ирж байсан. Тэгээд араас нь автобус хилийн цэргийнхэн ирсэн. Хувь хүний үүднээс над руу залгаж уучлалт гуйгаагүйд гомдолтой байна. Тэрнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд:  “...улсын дугаартай “Ланд марк” маркийн авто машиныг 2015 онд 16,500,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд тухайн авто машиныг манай нөхөр Т.Б БНХАУ-ын Эрээн хот руу хүн ба ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан. Тухайн авто машин нь миний нэр дээр байдаг байсан боловч бидний дундын өмч байгаа юм. Би битүүмжилсэн тогтоолтой танилцсан байгаа, авто машины хохирлыг нэхэмжлэхгүй, бусдын буруутай үйлдэл тогтоогдвол авто машинаа нэхэмжилнэ, хэрэв Т.Б-ийн буруутай болох нь тогтоогдвол хохирол төлбөр нэхэмжлэхгүй ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 23/,

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Миний бие найз У.Б-ийн хамт БНХАУ-ын Бээжин хот руу явахаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 07:20 минутад Замын-Үүд суманд ирээд хилээр гардаг зогсоол дээрээс ... улсын дугаартай хөх цэнхэр өнгийн авто машинд суусан. У.Б бид 2 50, 50 юань өгөөд тухайн жолоочид нь өгөөд суусан. Би жолоочийн эсрэг ар талд суусан байсан тэгээд 3-ын хаалтаар ороод явж байтал бидний урд УАЗ-469 машин явж байсан. /миний санаж байгаагаар шаргал өнгөтэй байсан/ Тухайн авто машиныг гүйцэж түрүүлэх  үйлдэл хийх үед урд явж байсан авто машин нь зам тавьж өгөхгүй замыг нь хаагаад байсан. Энэ үед жолооч баруун гар талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг оролдож байгаад замын баруун гар тал руу онхолдсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 /,

Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 07:20 минутад найз Б-тай хамт БНХАУ-ын Бээжин хот руу явахаар Замын-Үүд суманд ирсэн. Тэгээд улсын хилээр гардаг авто машины зогсоол дээрээс ... улсын дугаартай хөх цэнхэр өнгийн жийп маркийн авто машинд 50 юань, бид хоёр нийлээд 100 юань төлөөд тухайн авто машинд суусан. Би арын суудлын гол хэсэгт Б нь миний баруун гар талд жолооч нь Б гэх хүн, урд талын суудал дээр 35-40 орчим насны эмэгтэй, зүүн гар талд 25-30 орчим насны хүн суусан. Бид 3-ын хаалтаар ороод хил орох замд бидний урд талын улсын дугаарыг нь мэдэхгүй УАЗ-469 маркийн машин явж байсан. Тухайн авто машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад замын баруун тал руу гарч онхолдсон... Жолоочид хэн нэгэн хүн саад учруулсан зүйл байхгүй. Ослыг хурдтай явснаас л болсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 /,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд:  “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн гал тэргэнд сууж 06-ны өглөө Замын-Үүд очсон. Ингээд төв талбай дээр очиж Эрээн хот руу гарна гэсэн Хятад жийп маркийн авто машинд 50 юань өгөөд суусан. Тухайн үед надаас гадна 1 эрэгтэй, 2 эмэгтэй уг автомашинд суусан. /би автомашины улсын дугаарыг нь санахгүй байна/ Ингээд бид төв талбай дээрээс хөдлөөд АЗШНБ-ын 3-ын хаалт дээр очиж оочирлосон. Бидний урд автобуснууд эхэлж гарсан. Манай автомашин эхний 10 автомашины 1 байсан байх. Биднийг 3-ын хаалтаас хөдлөөд 2-ын хаалт руу явж байхад 5-6 автомашин тухайн замаар явж байсан. Манай автомашины жолооч маш хурдтай яваад байсан тул миний хажууд сууж явсан эхнэр, нөхөр хоёр хурдаа хас гэсэн шаардлагыг жолоочид тавьж байсан боловч жолооч хурдаа хасалгүй бүр урд явж байсан автомашинуудыг сүлжиж эхэлсэн. Ингэж байгаад урд явж байсан 1 автомашиныг гүйцэж түрүүлэх гээд 2-р эгнээ рүү орох гэтэл тухайн автомашин эгнээгээ солих гээд дохиогоо зүүн гар тийш өгч байсан. Тэгээд 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжсэн. Харин манай автомашин тухайн үед тоормоз гишгээд жолооны хүрдээ баруун гар тийш дараад тэр чигтээ замаас гарсан. Ингээд замын баруун гар тал руу унаж автомашин маань лав 3 удаа эргээд би ухаан алдсан, намайг сэрэхэд машин доош харчихсан, эргэн тойрноо харахад жолооч урд талын зорчигч хоёр байхгүй байсан...би урд талын зорчигч эмэгтэйг нас барсныг мэдсэн...өөр хүн автомашин манай машины хөдөлгөөнд саад учруулаагүй, ямар нэг автомашин биднийг шахаагүй...уг осол манай автомашины жолоочийн буруутай үйлдлээс болсон. Би туxайн үед жолоочийн арын суудалд суугаад зам харгуйг харж явсан. Цаг агаар хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаа гулгаа байгаагүй, жолооч хурд хэтрүүлснээс осол гарсан....Жолооч буруутай үйлдлээ ухамсарлахгүй, нэг ч удаа над руу яриагүй, холбогдоогүйд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 /,

Гэрч Ж.Ш мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Миний урд явж байсан саарал өнгийн УАЗ469 маркийн авто машин нь 2-р эгнээ рүү даялаад удаан алгуурхан яваад дундаа орж 2 дугаар энгээ рүү орсон. Тэгтэл араас Т.Б ... улсын дугаартай “Ланд марк” маркийн автомашин нь араас их л хурдтай орж ирээд 2 дугаар эгнээнд орсон хойно нь араас нь мөргөх шахаад л баруун гар тал руугаа огцом дараад миний машины урдуур замын баруун хашлагыг мөргөөд онхолдоод замаас гараад явчихсан, би хэсэг яваад зогсоод толинд харсан чинь УАЗ-469 маркийн авто машины жолооч 2 дугаар эгнээнд зогсчихсон машины капут нь яваан дунд нь нээгдээд сөхөгдчихсөн байсан... тухайн 2-р эгнээнд явж байсан УАЗ-469 маркийн авто машиныг мөргөх нь дээ гэтэл баруун гар тал руугаа дараад замаас гарч онхолдсон... саарал өнгийн УАЗ-469 маркийн автомашин нь 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжихдээ маш удаан аажимхан шилжсэн, түүнээс шахах бусдыг хөдөлгөөнд саад учруулахаар бол огцом шилжих хөдөлгөөн бол хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 /,

Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Түүний урд саарал өнгийн бардактай УАЗ-469 явж байсан бөгөөд Т.Б тэднийг 2-р эгнээгээр дахин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед саарал УАЗ-469 маркийн автомашин нь 2-р эгнээ рүү шилжсэн, энэ үед Т.Б нь буцаад 1 дүгээр эгнээ рүүгээ орох гэж байгаад тэр чигтээ замаас гарч онхолдож, замаас гарч 2 бүтэн эргэлдэж онхолдсон...машинаас урагш 2 хүн шидэгдээд гарчихсан байсан, түүний нэг нь Б байсан... Тэд хоорондоо уралдах, шахах, бусдын хөдөлгөөнд саад учруулахаар үйлдэл хийж байгаа зүйл мэдэгдээгүй... Нэг нь гүйцэж түрүүлэх гэж байсан, нөгөөх нь эгнээ байраа өөрчилсөн асуудал болсон байх, түүнээс санаатай шахаж байгаа зүйл бол харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 5-8/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-р хх-ийн 17/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04/012 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Амь хохирогч З.О-ийн цогцост хавсарсан гэмтэл гавал ясны баруун чамархай хэсгээс гавлын урд хонхорхой түрк эмээл рүү чиглэсэн шугаман хугарал, их тархины хоёр талын чамархай болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, бага тархины суурь хэсгээрх зөөлөн бүрхүүл дор цус хуралт, хүзүүний 3-р нугалмын их бие хэсгийн хугарал, нугасны тасрал, цээжний баруун талд 6-8-р хавирга нугалмын хажуугийн шугамаарх хугарал, 2-5-р хавирга өвчүүний хажуугийн шугамаарх хугарал, цээжний зүүн талд 2-8-р хавирганы суганы урд шугамаарх хугарал, 9-р хавирга нугалмын хажуугийн шугамаарх хугарал, баруун бугалганы ясны дунд 1/3 хэсгийн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүүний урд дунд талаас баруун чих рүү чиглэсэн зулгаралт, хүзүүний баруун талд шарх, хамрын нуруу хэсэгт ташуу зулгаралт, баруун хацарт, хамрын баруун угалз дагуу цохонд зулгаралт, духны баруун тал үстэй хэсэг дамнасан зулгаралт, цус хуралт, орчны зүүн талд зулгаралт, уруулын зүүн доод талд цус хуралт, зүүн мөрөн дээр цус хуралт, баруун тохойн хонхорт, баруун шууны гадна дунд талд, баруун гарын ар талд, зүүн бугуйн ар талд, зүүн гарын 1, 2, 3-р хурууны 2-р үений ар талд зулгаралтууд, зүүн шагайны дотор талд ангайсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хүчтэй цохигдох, нидрэгдэх, савагдах үед үүснэ.

3. Амь хохирогчийн биед үүссэн гавал ясны баруун чамархай хэсгээс гавлын урд хонхорхой түрк эмээл рүү чиглэсэн шугаман хугарал, их тархины хоёр талын чамархай болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, бага тархины суурь хэсгээрх зөөлөн бүрхүүл дорх цус хуралт, хүзүүний 3-р нугалмын их бие хэсгийн хугарал нугасны тасрал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ.

4. Нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна.

5. Амь хохирогчид үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 62-63/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04/60 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Б-ын биед тархи доргилт дунд зэрэг толгой хүзүү баруун гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн цохигдох болон нидрэгдэх үед үүснэ.

3. Б.Б-ын тархи доргилт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, толгой хүзүү, баруун гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд дан дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 73/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04/61 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.Б-ын биед нүүрний баруун хэсэг, 2 гарын ар хэсгээр, зүүн гуянд зулгаралт, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн цохигдох болон нидрэгдэх үед үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, толгой хүзүү, баруун гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд дан дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 102/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04/62 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. У.Б-ийн биед зүүн шагай орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэлд “Гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 108/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04/63 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Т.Б-ийн зүүн талын сүүжний тогоо дайрсан зөрүүтэй хугарал, зүүн таашаа орчим, хоёр гарын шуу, хоёр өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн зүүн талын сүүжний тогоо дайрсан зөрүүтэй хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт,  зүүн ташаа орчим, хоёр гарын шуу, хоёр өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 102/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Т.Б-ийн биед Хүзүүний C4-р нугалмын их биеийн шахагдаж бутарсан хугарал, нурууны TH10-р нугалмын их биеийн шахагдаж бутарсан хугарал, зүүн талын сүүжний дэлбээ ясны ар доод хэсгээс зүүн тогооны арын ирмэг дайрч суудал яс руу үргэлжилсэн том сэлтэрч салсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу хүчтэй савагдах, унах, цохигдох үед үүснэ.

3. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд  “Гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.

4.Урьд гаргасан дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт ороогүй болно.

5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 117-119/,

“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /1р хх-ийн 167, 3-р хх-ийн 29-31/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 44-56/,

Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Механик, тээврийн сургуулийн шинжээч нарын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14/13 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 149-152/,

Техникийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн шинжээч цагдаагийн хошууч Х.У, ахмад Н.Г, дэслэгч Г.Б нарын гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтэд 11 дүгээр бүлгийн /Тээврийн хэрэгсэл байрлан явах/-ын 11.14-д зааснаар жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

... дугаартай УАЗ-469 маркын автомашины копут хөдөлгөөний явцад гэнэт сөхөгдөн аюул, саад учирсан үед зогсоох арга хэмжээ авалгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэн эгнээ байраа солих үйлдэл хийсэн нь зэрэгцээ эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нөлөөлснийг тооцон үзэх шаардлагатай.

Зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй явснаар осол гарах нөхцөл үүсэхгүй боловч Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-д Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ.

a/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Хууль зүй, дотоод хэргийн Их сургуулийн шинжээч нарын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 202022 дугаартай дүгнэлттэй санал нэг байна.

3. Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийн шинжээч нарын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14/13 дугаартай дүгнэлтийн зарим заалттай санал нийлэхгүй байна.

УАЗ-469 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Зам тээврийн осол нь суурин буюу суурингийн гадна замын алинд нь хамааруулахыг тогтоох боломжгүй боловч ЗХД-ийн 1.1-д “ Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино” гэсэн байх тул ... улсын дугаартай Ланд Марк маркийн автомашины жолооч Т.Б нь МУ-ын ЗХД-ийн 12.4-д заасан хурдны дээд хязгааруудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

4. “УАЗ-469 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Н.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн дүрмийн 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16-д заасан “Зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч  давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг” гэж заасныг зөрчсөн байна.

5. Зам тээврийн осол нь суурин буюу суурингийн гадна замын алинд нь хамааруулахыг тогтоох боломжгүй боловч ЗХД-ийн 1.1-д “Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино гэсэн байх тул ... улсын дугаартай Ланд марк автомашины жолооч Т.Б нь МУ-ын ЗХД-ийн 12.4-д заасан хурдны дээд хязгааруудыг зөрчсөн байх үндэслэлтэй. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. УА3-469 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Н.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт /1.2.16 Зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч  давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл” гэж заасныг, ... улсын дугаартай Ланд марк автомашины жолооч Т.Б нь МУ-ын ЗХД-ийн 12.4-д заасан хурдны дээд хязгааруудыг зөрчсөн байх үндэслэлтэй. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1 /

Т.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 182-185/,     

Т.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 144-148, 150-152/,

Н.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 184/

Н.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн 28-41/

Хохирлын баримтууд /1-х хх-ийн 187-205, 3-р хх-ийн 201/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б, Н.Э нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 08 цаг 50 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын хил нэвтрэх чөлөөт бүсийн авто замын 1 дүгээр эгнээгээр Н.Э нь ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед тээврийн хэрэгслийн копут сөхөгдөж 2 дугаар эгнээ рүү шилжсэн, энэ үед 2 дугаар эгнээнд Т.Б нь ... улсын дугаартай “Ланд марк” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хурдтай явсан бөгөөд 1 дүгээр эгнээ рүү орохоор жолооны хүрдээ дарж замаас гарч онхолдож улмаар зорчигч Б.Б, Г.Б нарын биед хөнгөн гэмтэл, зорчигч З.О нас барсан, жолооч Т.Б-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б, Н.Э нар нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б, Н.Э нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-ийн мэдүүлэг, гэрч Г.Б-ын  “...Би жолоочийн эсрэг ар талд суусан байсан тэгээд 3-ын хаалтаар ороод явж байтал бидний урд УАЗ-469 машин явж байсан... Тухайн авто машиныг гүйцэж түрүүлэх  үйлдэл хийх үед урд явж байсан авто машин нь зам тавьж өгөхгүй замыг нь хаагаад байсан. Энэ үед жолооч баруун гар талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг оролдож байгаад замын баруун гар тал руу онхолдсон...” гэсэн, гэрч У.Б-ийн  “...Би арын суудлын гол хэсэгт Б нь миний баруун гар талд жолооч нь Б гэх хүн, урд талын суудал дээр 35-40 орчим насны эмэгтэй, зүүн гар талд 25-30 орчим насны хүн суусан. Бид 3-ын хаалтаар ороод хил орох замд бидний урд талын улсын дугаарыг нь мэдэхгүй УАЗ-469 маркийн машин явж байсан. Тухайн авто машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад замын баруун тал руу гарч онхолдсон...” гэсэн, гэрч Б.Б-ын  “...Биднийг 3-ын хаалтаас хөдлөөд 2-ын хаалт руу явж байхад 5-6 автомашин тухайн замаар явж байсан... 1 автомашиныг гүйцэж түрүүлэх гээд 2-р эгнээ рүү орох гэтэл тухайн автомашин эгнээгээ солих гээд дохиогоо зүүн гар тийш өгч байсан. Тэгээд 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжсэн. Харин манай автомашин тухайн үед тоормоз гишгээд жолооны хүрдээ баруун гар тийш дараад тэр чигтээ замаас гарсан. Ингээд замын баруун гар тал руу унаж автомашин маань лав 3 удаа эргээд би ухаан алдсан, намайг сэрэхэд машин доош харчихсан, эргэн тойрноо харахад жолооч урд талын зорчигч хоёр байхгүй байсан...би урд талын зорчигч эмэгтэйг нас барсныг мэдсэн...” гэсэн, гэрч Ж.Ш-ийн “...Миний урд явж байсан саарал өнгийн УАЗ-469 маркийн авто машин нь 2-р эгнээ рүү даялаад удаан алгуурхан яваад дундаа орж 2 дугаар энгээ рүү орсон тэгтэл Т.Б ... улсын дугаартай “Ланд марк” маркийн автомашин нь араас их л хурдтай орж ирээд 2 дугаар эгнээнд орсон хойно нь араас нь мөргөх шахаад л баруун гар тал руу гаа огцом дараад миний машины урдуур замын баруун хашлагыг мөргөөд онхолдоод замаас гараад явчихсан, би хэсэг яваад зогсоод толинд харсан чинь УАЗ-469 маркийн авто машины жолооч 2 дугаар эгнээнд зогсчихсон машины копут нь яваан дунд нь нээгдээд сөхөгдчихсөн байсан...” гэсэн, гэрч Т.Э-ийн  “...Түүний урд саарал өнгийн бардактай УАЗ-469 явж байсан бөгөөд Т.Б тэднийг 2-р эгнээгээр дахин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед саарал УАЗ-469 маркийн автомашин нь 2-р эгнээ рүү шилжсэн, энэ үед Т.Б нь буцаад 1 дүгээр эгнээ рүү гээ орох гэж байгаад тэр чигтээ замаас гарч онхолдож, замаас гарч 2 бүтэн эргэлдэж онхолдсон...машинаас урагш 2 хүн шидэгдээд гарчихсан байсан, түүний нэг нь Б байсан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04/012 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6387 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04/60 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04/61 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04/62 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04/63 дугаар, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/28 дугаар, техникийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Т.Б, Н.Э нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Т.Б, Н.Э болон тэдний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Т.Б, Н.Э нарын дээрх үйлдэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.Б, Н.Э нарын  үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирол хор уршгийн талаар:

Иргэний хариуцагч А.А нь шүүгдэгч Т.Б-ийн жолоодож явсан ... улсын дугаартай “Ланд марк” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “...бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Т.Б, иргэний хариуцагч А.А нараас оногдох хэсгийг хувь тэнцүүлэн гаргах үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг тэнцүү хувааж хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.      

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т нь “...шүүгдэгч Т.Б нь 5,900,000 төгрөгийг өгсөн, уг мөнгийг хасаад 20,761,948 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж, мөн иргэний нэхэмжлэгч А.А-ийн өмгөөлөгч “...Т.Э-оос 3,835,000 төгрөгний 50 хувь болох 1,917,500 төгрөгийг нэхэмжилнэ...” гэснийг шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Т.Б-аас /13,330,974:2=6,665,487-5,900,000/ 765,487 төгрөгийг, иргэний хариуцагч А.А-аас 6,665,487 төгрөгийг, шүүгдэгч Н.Э-оос 13,330,974 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т, шүүгдэгч Н.Э-оос 1,917,500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.А-д  тус тус олгож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч Т.Б нь 765,487 төгрөгийг, иргэний хариуцагч А.А нь 4,000,000 төгрөгийг,  шүүгдэгч Н.Э 1,500,000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т төлсөн байна. Иймд шүүх шүүгдэгч Т.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, иргэний хариуцагч А.А-аас 2,665,487 төгрөгийг, шүүгдэгч Н.Э-оос 11,830,974 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч С.Э нь “...хохирлыг тооцохдоо хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шууд нөлөөлсөн шууд бусаар нөлөөлсөн эсэхийг ялгаж салгаж тооцох нь шударга ёсонд нийцнэ. Тэгэхээр хохирлыг 70, 30 хувиар тооцуулах саналтай байна... иргэний нэхэмжлэгч А.А-ийн хохирол нэхэмжилснийг адил тэнцүү хуваах хууль зүйн үндэслэл байхгүй. Т.Б А.А хоёр гэр бүлийн гишүүд. Машин дундын эд хөрөнгө байдаг. Т.Б-ийн шууд буруутай үйлдлээс болж осол гарсан байхад энэ хохирлыг Н.Э-оос талыг нь гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн.  Учир нь: Шүүхээс шүүгдэгч нарыг хэн аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас З.О-ийн амь нас хохирсон гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, мөн иргэний нэхэмжлэгчид уг гэмт хэргийн улмаас хохирол учирсан нь хэрэгт нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо хэнээс нэхэмжлэх нь түүний эрх юм.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Б, Н.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал болох Т.Б-ийн хувьд хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан, бага насны 0-15 насны хүүхдүүдтэй, Н.Э-ын хувьд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр В.А нь цус харваж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 4 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч А.А-ийн өмчлөлийн ... улсын дугаартай Ланд маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Н.Э-ын өмчлөлийн ... улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч А.А, шүүгдэгч Н.Э нарт тус тус олгохоор шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогтой Т.Б, Х овогтой Н.Э нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Б, Н.Э нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 4 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

4. Шүүгдэгч Т.Б, Н.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э-оос 11,830,974 төгрөгийг, иргэний хариуцагч А.А-аас 2,665,487 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо ... тоотод оршин суух, Ж овогт З.Т /.../-т, шүүгдэгч Э-оос 1,917,500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь Замын-Үүд сум 1 дүгээр баг ... тоотод оршин суух, Ш овогт А.А /.../-д тус тус олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар иргэний нэхэмжлэгч А.А-ийн өмчлөлийн ... улсын дугаартай Ланд маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Н.Э-ын өмчлөлийн ... улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч А.А, шүүгдэгч Н.Э нарт тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолын прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч, мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н