Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

 

 

 

 

 

 

 

                                   

    2021         12           02                                        2021/ШЦТ/153

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгч М.Цогтбаатар,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-т холбогдох эрүүгийн 2119000770087 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

   Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багийн Хот тохижуулах газарт ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багийн Булагийн 220 тоотод оршин суудаг, урьд нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял, 1531.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нийт 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Б овогт М-ын Ц /РД:ЕП88081019/

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Ц нь 2020 оны 10 сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багийн 11 дүгээр байрны 7 тоотод оршин суух Г.Ж-ын гэрт ах “Г.Ж-ыг нь зодлоо” гэх шалтгаанаар Ж.Х-тэй маргалдаж улмаар зүүн нүдэнд нь гараараа цохин зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, нүдний алимны шилэнцэр авах мэс засал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Шүүгдэгч М.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 10 сарын эхээр ахындаа ороход нүүр нь шалбарсан байсан. Асуухад Х цохисон гэсэн. Удалгүй Х 1 жил архи бариад орж ирсэн. Би яагаад ахыг цохисон юм бэ гэхэд над руу салаавч өгөхөөр нь зүүн шанаа хавьд нь 1 удаа цохисон. Гэхдээ шанаанд цохилоо гэж бодсон боловч нүд рүү нь цохисон байсан. Миний хувьд эндээс явахад нь хувцас хунар замын зардал өгөөд явуулсан. Аав хотод тосож авсан. Аав дагуулж явж эмнэлэгт хэвтүүлж хагалгаанд оруулсан. Хагалгааны дараа гадуур эмчилгээгээ аавын дүүгийнд байж хийлгэсэн. Цаашдаа тусалж дэмжиж явна. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулна. Гэм буруу дээр маргахгүй гэсэн мэдүүлэг,

 

         -Хохирогч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Жамсранжавын гэрт Сүхбат, Батчулуун бид дөрөв 0.75 литрийн ерөөл архи хувааж уусан. Архи ууж байтал 09-10 цагийн үед Жамсранжавын дүү болох Цогтбаатар нь гаднаас орж ирээд миний ахыг Х зодсон гэсэн үү гэж хэлээд шууд миний зүүн талын нүдэнд 1 удаа атгасан гараараа цохисон. Би тухайн үед нүдээ бариад тонгойсон чинь толгой руу 2-3 удаа цохисон. Сүхбат, Батчулуун нар салгасан. Тухайн өдрөө эмнэлэгт үзүүлсэн чинь амны маск байхгүй байна, маск зүүгээд ир гэж хэлэхээр нь би буцаад өөрийн гэр рүү явсан. Тухайн үед миний зүүн нүднээс цустай шингэн зүйл гараад байсан. Маргааш өглөө нь эмнэлэгт очиж Ууганбаяр гэх эмчид үзүүлэхэд яаралтай Сайншанд явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би эмчид за гэж хэлээд 2-3 хоног Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд эмч дээр очихгүй алга болсон, архи уухаар өвдөлт нь намдаад байсан болохоор согтууруулах ундаа хэрэглэсэн. Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж, Улаанбаатар хот явж 1 дүгээр эмнэлэгт үзүүлж 2020 оны 11 сарын 04-ний өдөр хагалгаанд орж 11 сарын 08-ны өдөр эмнэлгээс гарсан, миний зүүн нүд хараагүй болсон. Би болор хийлгүүлэх 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. 3.000.000 төгрөгөнд зардал мөнгө багтаж байгаа, энэ талын холбоотой бичиг баримт байхгүй гэсэн мэдүүлэг /хх 4-5, 109 ху/,

 

          -Гэрч М.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 10 сарын 04-ний өдөр Зүүнбаянгийн эрүүл мэндийн төвд ажлаа хийгээд байж байтал өглөө 10 цагийн үед Ж.Х нь үзлэг хийлгэхээр согтуу ирсэн. Тухайн үед ирэхдээ зүүн талын нүдээ хүнд цохиулсан гэж ирсэн. Үзлэг хийхэд нүдний алимны нэвтэрсэн гэмтэлтэй байсан. Би тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч Хостуяа руу залгаж фэйсбүүк хаягаар нь нүдний зургийг явуулсан. Хостуяа нь нүдний зургийг хараад нүдний алимны нэвтэрсэн гэмтэл байна даруй Улаанбаатар хот явах шаардлагатай байна гэж хэлсэн. Хийг Цогоо гэх залуугийн аав нь аваад явсан. Х нь Цогтоо гэдэг хүн миний нүдийг цохисон гэж ярьсан. Нүдний гэмтлээс өөр гэмтэл харагдаагүй. Өөрөө ч өөр гэмтлийн талаар яриагүй гэсэн мэдүүлэг /хх 12-14 ху/,

 

          -Гэрч Г.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 10 сарын 03-ны өдөр манай гэрт Батчулуун, Сүхбат, Х бид дөрөв 0.75 литрийн ерөөл архи ууж байтал манай дүү Цогтбаатар гаднаас орж ирсэн. Өмнө нь Х намайг зодсон байсан болохоор би Цогтбаатарт хэлсэн байсан. Цогтбаатар орж ирээд чи яах гэж миний ахыг зодсон юм гэж хэлсэн чинь Х нь Цогтбаатарын өөдөөс салаавч гаргаад байсан, манай дүү уурлаж Хийн зүүн нүдэнд нь нэг удаа цохисон. Сүхбат, Батчулуун 2, Цогтбаатарыг салгаад гадагшаа аваад гарсан, Х нь тухайн үед нүдээ дарж хэвтэж байгаад гадагшаа гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 29-30 ху/,

 

         -Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүдний эмчээр ажилладаг. 2020 оны 10 сард хэдний өдрийг санахгүй байна. Сайншанд сумын 5 дугаар багийн эмч Ууганбаяр утсаар холбогдож хүнд зодуулсан, нүд нь улаан болж юм харахгүй байна гэсэн зовиуртай хүний талаар асууж чатаар зургийг явуулж холбоо барьсан. Тухайн үед нүдний зургийг харахад улайсан өмнөд камерт битүү цус хурсан байсан, бас зовхи нь хавагнан  улайж, хөхөрсөн байсан, би тухайн үед наад хүнээ яаралтай үзүүл гэсэн боловч тухайн хүн ирээгүй. Энэ явдлаас хойш 5-7 хоногийн дараа Зүүнбаянгийн эмч Ууганбаяр нь Х гэх намхан нуруутай, бор царайтай хүнийг авчирч үзүүлсэн. Намайг үзлэг хийхэд Х гэх хүний зүүн нүд нь огт юм харахгүй, өмнөд камерт битүү цус хурсан, цааш шинжлэх боломжгүй байсан учраас 13-А маягт өгч илгээх бичиг хийж Улсын килиникийн төв эмнэлэг рүү яаралтай явуулсан. Түүнээс хойш 2 сарын дараа Х ирж үзүүлэхэд зүүн нүдний алим мэс заслаар авагдсан. Имплант суулгуулсан протез зүүгээгүй, шархны эдгэрэлт харьцангуй сайжирсан байсан. Энэ явдлаас хойш 14 хоногийн дараа бичиг баримтыг нь бүрдүүлж хөдөлмөрийн чадвар алдалтын 60%-иар 12 сарын хугацаатай тогтоож нүдээр нь эмчийн хяналтанд авсан. Цаашид протез зүүж 3 сар тутам хяналтад үзүүлж байх зөвлөгөөг өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх 97-98 ху/,

 

            -Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 10 сарын эхээр Жамсранжавын гэрт болох Зүүнбаянгийн 11-7 тоотод Х Жамсранжав бид 3 байж байтал гаднаас Цогтбаатар орж ирээд удалгүй Хэд хандаж чи яагаад манай ахыг зодсон юм бэ гэж хэлсэн.  Х өөдөөс нь салаавч өгсөн чинь Цогтбаатар уурлаж босч ирээд Хийн нүүр рүү нэг удаа цохиж байгаа харагдсан. Би ойрхон байсан учраас болиулж салгасан. Цогтбаатар нь шууд гадагшаа гараад явсан. Хийг харсан чинь зүүн талын нүдээ гараараа дараад тонгойгоод сууж байсан. Би очиж зүүн нүдийг нь харахад жаахан цус гарчихсан байсан. Хавдсан байдалтай харагдаж байсан. Эмнэлэгт үзүүлснээс хойш 1-2 сарын дараа нүдээ авахуулчихлаа гээд Зүүнбаянд ирсэн. Цогтбаатараас өөр хүнтэй маргалдаагүй гэсэн мэдүүлэг /хх 106 ху/,

 

           -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0148 дугаартай дүгнэлтэнд:

               1.Ж.Хийн биед зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, нүдний алимны шилэнцэр авах мэс засал гэмтэл тогтоогдлоо.

               2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3.Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй.

               4.Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               5.Шинээр илэрсэн зүйлгүй гэсэн дүгнэлт /хх 42-43 ху/,

 

        -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39 ху/,

        -Ж.Х-ийн өвчний түүх /хх 44-74 ху/,

        -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 78-87 ху/

        -Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол /хх 129-140 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч М.Ц нь 2020 оны 10 сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багийн 11 дүгээр байрны 7 тоотод оршин суух Г.Жамсранжавын гэрт “ах Г.Жамсранжавыг нь зодлоо” гэх шалтгаанаар Ж.Хтэй маргалдаж улмаар зүүн нүдэнд нь гараараа цохиж зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, нүдний алимны шилэнцэр авах мэс засал гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Гэм буруу дээр маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Хийн “...09-10 цагийн үед Жамсранжавын дүү болох Цогтбаатар нь гаднаас орж ирээд миний ахыг Х зодсон гэсэн үү гэж хэлээд шууд миний зүүн талын нүдэнд 1 удаа атгасан гараараа цохисон. Би тухайн үед нүдээ бариад тонгойсон чинь толгой руу 2-3 удаа цохисон. Сүхбат, Батчулуун нар салгасан. ...Тухайн үед миний зүүн нүднээс цустай шингэн зүйл гараад байсан” гэсэн /хх 4-5, 109 ху/, гэрч М.Ууганбаярын “...өглөө 10 цагийн үед Зүүнбаянгийн иргэн болох Ж.Х нь үзлэг хийлгэхээр согтуу ирсэн. Тухайн үед ирэхдээ зүүн талын нүдээ хүнд цохиулсан гэж ирсэн. Үзлэг хийхэд нүдний алимны нэвтэрсэн гэмтэлтэй байсан. Би тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч Хостуяа руу залгаж фэйсбүүк хаягаар нь нүдний зургийг явуулсан. Хостуяа нь нүдний зургийг хараад нүдний алимны нэвтэрсэн гэмтэл байна даруй Улаанбаатар хот явах шаардлагатай байна гэж хэлсэн. Х нь Цогтоо гэдэг хүн миний нүдийг цохисон” гэсэн /хх 12-14 ху/, гэрч Г.Жамсранжавын “...манай гэрт Батчулуун, Сүхбат, Х бид дөрөв 0.75 литрийн ерөөл архи ууж байтал манай дүү Цогтбаатар гаднаас орж ирсэн. Өмнө нь Х намайг зодсон байсан болохоор би Цогтбаатарт хэлсэн байсан. Цогтбаатар орж ирээд чи яах гэж миний ахыг зодсон юм гэж хэлсэн чинь Х нь Цогтбаатарын өөдөөс салаавч гаргаад байсан, манай дүү уурлаж Х-ийн зүүн нүдэнд нь нэг удаа цохисон. Сүхбат, Батчулуун 2, Цогтбаатарыг салгаад гадагшаа аваад гарсан. Х нь тухайн үед нүдээ дарж хэвтэж байгаад гадагшаа гараад явсан” гэсэн /хх 29-30 ху/, гэрч Б.Хостуяагийн “...5 дугаар багийн эмч Ууганбаяр утсаар холбогдож хүнд зодуулсан, нүд нь улаан болж юм харахгүй байна гэсэн зовиуртай хүний талаар асууж чатаар зургийг явуулж холбоо барьсан. Тухайн үед нүдний зургийг харахад улайсан өмнөд камерт битүү цус хурсан байсан, бас зовхи нь хавагнан  улайж, хөхөрсөн байсан, би тухайн үед наад хүнээ яаралтай үзүүл гэсэн боловч тухайн хүн ирээгүй. Энэ явдлаас хойш 5-7 хоногийн дараа Зүүнбаянгийн эмч Ууганбаяр нь Х гэх намхан нуруутай, бор царайтай хүнийг авчирч үзүүлсэн. Намайг үзлэг хийхэд Х гэх хүний зүүн нүд нь огт юм харахгүй, өмнөд камерт битүү цус хурсан, цааш шинжлэх боломжгүй байсан учраас 13-А маягт өгч илгээх бичиг хийж Улсын килиникийн төв эмнэлэг рүү яаралтай явуулсан. Түүнээс хойш 2 сарын дараа Х ирж үзүүлэхэд зүүн нүдний алим мэс заслаар авагдсан. Имплант суулгуулсан протез зүүгээгүй, шархны эдгэрэлт харьцангуй сайжирсан байсан” гэсэн /хх 97-98 ху/, гэрч Б.Сүхбатын “...Жамсранжавын гэрт Х Жамсранжав бид 3 байж байтал гаднаас Цогтбаатар орж ирээд удалгүй Хэд хандаж чи яагаад манай ахыг зодсон юм бэ гэж хэлсэн.  Х өөдөөс нь салаавч өгсөн чинь Цогтбаатар уурлаж босож ирээд Хийн нүүр рүү нэг удаа цохиж байгаа харагдсан. Би ойрхон байсан учраас болиулж салгасан. Цогтбаатар нь шууд гадагшаа гараад явсан. Хийг харсан чинь зүүн талын нүдээ гараараа дараад тонгойгоод сууж байсан. Би очиж зүүн нүдийг нь харахад жаахан цус гарчихсан байсан. Хавдсан байдалтай харагдаж байсан. Эмнэлэгт үзүүлснээс хойш 1-2 сарын дараа нүдээ авахуулчихлаа гээд Зүүнбаянд ирсэн. Цогтбаатараас өөр хүнтэй маргалдаагүй” гэсэн /хх 106 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, нүдний алимны шилэнцэр авах мэс засал бүхий хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/0148 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

          Энэ хэргийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нүдний болор хийлгүүлэх 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Ж.Х нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

 Шүүгдэгч М.Ц-т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг сайн дураараа үзүүлсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

         Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж,  6 дугаар зүйлийн 6.2-т “2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна" гэж тус тус заасан.

 

          Шүүгдэгч М.Ц-ын үйлдэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж тооцох нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Б овгийн М-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц- 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-т оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хассугай.

 

        4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Х нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА