| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
2021 12 03 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч О.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 2119000000173 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Эрхчөлөө 123-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт О-ийн Д /РД:ЕЮ96042414/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 11 дүгээр цэцэрлэгийн баруун талын зогсоолд 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 05 цагийн орчим хохирогч П.Л-ийн эзэмшлийн Mazda Familia маркийн 58-52 ДГА улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч О.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухайн шөнө нойр хүрэхгүй байсан болохоор гараад салхинд гараад явж байтал 1 дүгээр сургуулийн өөдөөс харсан зогсоол дээр машин байхаар нь 1 тойроод үзье гэж бодоод унаад явсан. Шатахуун түгээх станц ороод бензин авах гэхэд 1500 төгрөгөнд өгөхгүй гэсэн. Тэгээд зам дээр зогсож байгаа хүнийг аваад 1000 төгрөгөөр нь бензин авч хийе гэж бодож байтал цагдаа дуудсан. Тухайн үед 0.33 граммын Ерөөл архи уусан байсан. Би тэр машиныг унаад үзчихье л гэж бодсон. Тэр машины урд 2 цонх нь онгорхой, түлхүүр нь зоолттой байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч П.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 09 сарын 18-ны өдрийн орой өөрийн ажил болох Сайншанд сумын 11 дүгээр цэцэрлэг дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 22 цаг 30 минутын үед манай цэцэрлэгийн эрхлэгч залгаж оёдолчинд цавуу хүргээд өг гэж хэлэхээр өөрийн эзэмшлийн 58-52 ДГА улсын дугаартай Мазда Памила маркийн автомашинтайгаа явсан. Би оёдолчинд цавуу хүргэж өгчихөөд ажлын байранд буцаж ирсэн. Цэцэрлэгийн баруун талын зогсоол дээр өөрийн машин дотроо сууж гар утсаа оролдож байтал гар утас цэнэггүй болоод унтарсан юм, гар утас унтрахаар нь утсаа цэнэглэх гээд ажил руу орсон. Ажил дээр сууж байгаад хэсэг хугацаанд амарч байгаад 2021 оны 09 сарын 18-ны өдрөөс 09 сарын 19-ний шилжих 04 цаг 30 минутын үед ажлаасаа гараад ирсэн чинь баруун талын зогсоол дээр тавьсан миний автомашин байхгүй байсан. Тухайн үед гайхаж түлхүүрээ үзэхэд автомашины түлхүүр нь байхгүй байсан, би шөнө автомашинаа зогсоолд байрлуулахдаа түлхүүрээ дотор нь мартсан байсан. Тэгээд гайхаж хүн тоглоод байна гэж бодоод ойр хавийн газруудын автомашины зогсоолуудаар автомашинаа хайж байгаад цагдаагийн газар руу дуудлага мэдээлэл өгсөн юм. Тухайн үед цагдаагаас таны мэдээллийг хүлээн авлаа гэж хэлсэн, би мөн автомашинаа хайгаад явган алхаад явсан. Тухайн өдрийн 06 цаг 40 минутад цагдаагийн байгууллагаас залгаж таны автомашиныг олчихлоо цагдаагийн газрын тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хийчихлээ гэж хэлсэн. Би цагдаа дээр очиж автомашинаа авахдаа автомашины гадна тал болон дотор талыг үзэхэд бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/,
-Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 09 сарын 19-ний өдөр 06 цагийн үед цагдаагийн 102 тусгай дугаарт “согтуу жолооч Маргад зочид буудлын урд талын петровис шатахуун түгээх станц дээр байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн үед би очиход Доржсэмбэ нь 58-52 ДГА улсын дугаартай, Мазда Памила маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Би Доржсэмбийг зогсоож цагдаагийн газар руу авч явсан, унаж явсан автомашиныг нь цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийгээд жижүүр дээр ирэхэд “58-52 ДГА улсын дугаартай Мазда Памила маркийн машинаа хулгайд алдсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн” тухайн хүнд цагдаагийн газрын журмын хашаанд таны автомашин байгаа ирж аваарай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,
-Гэрч Л.М-О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 09 сарын 18-ны өдөр өөрийн гэртээ амраад 09 сарын 19-ний өдөр үүрээр босож, айл руу явахаар Сидней худалдааны төвийн эсрэг талд такси барихаар зогсож байсан. Намайг зогсож байтал Шунхлай шатахуун түгээх станцаас шаргал өнгийн Мазда маркийн тээврийн хэрэгсэл нь гарч засмал зам руу нийлж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь хойш буюу над руу чиглэлтэй явахаар нь гар өргөсөн чинь тээврийн хэрэгсэл зогссон. Би хэнийг нь мэдэлгүй суусан чинь зүс таних Сэмбээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан. Мөн тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл үнэртэхээр нь жоохон явж байгаад Маргад зочид буудлын урд талын Петровис шатахуун түгээх станц руу оруулан зогсоож түлхүүрийг нь авч, цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагаас алба хаагчид ирээд түлхүүр болон жолооч Сэмбээг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 44 ху/,
-Яллагдагч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 09 сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ их согтолттой явж байсан. Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 11 дүгээр цэцэрлэгийн автомашины зогсоол дээр буруу талдаа рүльтэй, жолоочийн хаалга нь онгорхой, жижиг суудлын автомашин байсан. Тухайн машиныг онгойлгож автомашинд суухад автомашины түлхүүр дотроо зоолттой байсан. Түлхүүрийг нь түлхэж автомашиныг асааж, хөдөлсөн, тухайн үед согтуу байсан учраас Сайншанд сумыг тойрч явах гэж байсан юм. Тэгээд машинтай хөдлөөд Мөнхдүүрэн захаас хойш эргээд явж байтал машины бензиний шар гэрэл ассан. Би тэгээд Шунхлай шатахуун түгээх станц дээр очиж, 1500 төгрөгөнд бензин авах гэсэн чинь өгөхгүй байсан. Би хөдлөөд явж байтал Седней худалдааны төвийн урд хүн гар өргөсөн, би зогсож хаашаа явах уу гэж асуухад тухайн эмэгтэй Маргад зочид буудал орно гэж хэлж байсан. Тухайн хүнийг суулгаж, Маргад зочид буудлын гадаа буулгаж, таксины мөнгө гэж 1000 төгрөгийг аваад Маргад зочид буудлын урд талын Петровис клонк дээр зогсож, бензин авах гээд зогсож байтал Цагдаагийн автомашин ирээд миний унаж явсан автомашины түлхүүрийг хураан авч, намайг цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хийсэн гэсэн мэдүүлэг /хх 36-37 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 15-16 ху/,
-О.Д-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-37 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 11 цэцэрлэгийн баруун талын зогсоолд 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 05 цагийн орчим хохирогч П.Л-ийн эзэмшлийн Mazda Familia маркийн 58-52 ДГА улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...1 дүгээр сургуулийн өөдөөс харсан зогсоол дээр машин байхаар нь 1 тойроод үзье гэж бодоод унаад явсан. Шатахуун түгээх станц ороод бензин авах гэхэд 1500 төгрөгөнд өгөхгүй гэсэн. Тэгээд зам дээр зогсож байгаа хүнийг аваад 1000 төгрөгөөр нь бензин авч хийе гэж бодож байтал цагдаа дуудсан. Тухайн үед 0.33 граммын Ерөөл архи уусан байсан. Би тэр машиныг унаад үзчихье л гэж бодсон. Тэр машины урд 2 цонх нь онгорхой, түлхүүр нь зоолттой байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Л-ийн “...өөрийн эзэмшлийн 58-52 ДГА улсын дугаартай Мазда Памила маркийн автомашинтайгаа явсан. Би оёдолчинд цавуу хүргэж өгчихөөд ажлын байранд буцаж ирсэн. Цэцэрлэгийн баруун талын зогсоол дээр өөрийн машин дотроо сууж гар утсаа оролдож байтал гар утас цэнэггүй болоод унтарсан юм, гар утас унтрахаар нь утсаа цэнэглэх гээд ажил руу орсон. Ажил дээр сууж байгаад хэсэг хугацаанд амарч байгаад ажлаасаа гараад ирсэн чинь баруун талын зогсоол дээр тавьсан миний автомашин байхгүй байсан. Тухайн үед гайхаж түлхүүрээ үзэхэд автомашины түлхүүр нь байхгүй байсан, би шөнө автомашинаа зогсоолд байрлуулахдаа түлхүүрээ дотор нь мартсан байсан. ...ойр хавийн газруудын автомашины зогсоолуудаар автомашинаа хайж байгаад цагдаагийн газар руу дуудлага мэдээлэл өгсөн” гэсэн /хх 7-8 ху/, гэрч Г.Отгонбаатарын “...2021 оны 09 сарын 19-ний өдөр 06 цагийн үед цагдаагийн 102 тусгай дугаарт “согтуу жолооч Маргад зочид буудлын урд талын петровис шатахуун түгээх станц дээр байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн үед би очиход Доржсэмбэ нь 58-52 ДГА улсын дугаартай, Мазда Памила маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Би Доржсэмбийг зогсоож цагдаагийн газар руу авч явсан, унаж явсан автомашиныг нь цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийгээд жижүүр дээр ирэхэд 58-52 ДГА улсын дугаартай Мазда Памила маркийн машинаа хулгайд алдсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн тухайн хүнд цагдаагийн газрын журмын хашаанд таны автомашин байгаа ирж аваарай гэж хэлсэн” гэсэн /хх 12-13 ху/, гэрч Л.Мөнх-Очирын “...Сидней худалдааны төвийн эсрэг талд такси барихаар зогсож байсан. Намайг зогсож байтал Шунхлай шатахуун түгээх станцаас шаргал өнгийн Мазда маркийн тээврийн хэрэгсэл нь гарч засмал зам руу нийлж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь хойш буюу над руу чиглэлтэй явахаар нь гар өргөсөн чинь тээврийн хэрэгсэл зогссон. Би хэнийг нь мэдэлгүй суусан чинь зүс таних Сэмбээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан. Мөн тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл үнэртэхээр нь жоохон явж байгаад Маргад зочид буудлын урд талын Петровис шатахуун түгээх станц руу оруулан зогсоож түлхүүрийг нь авч, цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн” /хх 44 ху/ гэсэн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан, тухайн автомашиныг аваад цааш нь ШТС хүртэл явсан зэргээс харвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдэгдээгүй, мөн хор уршиг учраагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг хэлбэрийн төдий агуулсан байхыг шаардах юм.
Иймд шүүгдэгч О.Д-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч О.Д-ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирлын хувьд хохирогч П.Лувсан нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н овгийн О-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА