Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/156

 

 

 

 

 

2021           12          03                                         2021/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч С.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох эрүүгийн 2119000930174 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй,  Гурван ирээдүй ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 170-48 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С-ын Г /РД:ЦВ84050272/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Г- нь 2020 оны 11 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг Харуул овоо 100 тоотод оршин суух хаягтай О.О-аас “Солонгос улс руу гарах виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5003592474 дугаарын дансанд 9.000.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Манай найз нар намайг Ялалт гэж дууддаг. Би Солонгос улс руу хүн зуучилдаг ажил хийдэггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хэргийн хувьд маргахгүй. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 04 сарын 29-ний өдөр “Би 2020 оны 10 сарын сүүлээр хүргэн ах болох Нямжав болон Ялалт гэх залуутай хамт уулзсан. Манай хүргэн ах надад тэр хүнийг танилцуулахдаа “энэ хүн гадаад руу хүн гаргадаг” гэж хэлсэн. Тэгээд би гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг гэх мэт зүйл тэр Ялалт гэх хүнд өгсөн юм. Тэр хүн урьдчилгаа мөнгөгүй төлбөрөө 100 хувь авна гэж хэлээд эхлээд 2020 оны 10 сарын 23-ны өдөр манай нөхөр болох Зоригтбаатар өөрийн 5360393458 тоот Хаан банкны данснаас Гантогтох гэх хүний эзэмшлийн 5003592474 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 11 сарын 02-ны өдөр би өөрийн эзэмшлийн 5375020218 тоот хаан банкны данснаас дээрх хүний данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэр хүн надтай утсаар ярихдаа “бичиг баримтыг чинь өгчихсөн байгаа, одоо удахгүй 03 сарын сүүлээр бүх бичиг баримт чинь гарна” гэж хэлсэн. ...9.000.000 төгрөгийг 2021 оны 09 сарын 24-ний өдөр миний өөрийн 5375020218 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлж намайг хохиролгүй болгосон гэсэн мэдүүлэг /хх 13-14, 42-43, 57-58 ху/,

 

-Яллагдагч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн 9.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөг нь түрүүлж орж ирсэн ба үлдсэн 8.000.000 төгрөг нь хэд хоногийн дараа дансанд орсон. Би Солонгос улс руу хүн гаргаж өгөөд ашиг гэж 3.000.000 төгрөгийг би өөрөө авдаг. Би Оюунтуяагийн виз нь угаасаа гарна гэж бодоод өөрийн ашиг болох 3.000.000 төгрөгийг виз нь гараагүй байхад нь хувийн хэрэгцээнд үрж барагдуулсан. Үлдсэн 6.000.000 төгрөгийг виз гаргадаг Солонгос хүндээ бэлнээр нь аваачиж өгсөн. Тэр Солонгос хүн нь миний өгсөн 6.000.000 төгрөгийг юунд зарцуулсан гэдгийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 47-48 ху/,

 

-Хохирогч О.О-ийн депозит дансны хуулга /хх 19-21 ху/

-С.Г-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 60-61, 66-67 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Г нь 2020 оны 11 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харъяат иргэн О.Оюунтуяагаас “Солонгос улс руу гарах виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5003592474 дугаарын дансанд 9.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан. Хэргийн хувьд маргахгүй. Гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.О-ийн “...хүргэн ах болох Нямжав болон Ялалт гэх залуутай хамт уулзсан. Манай хүргэн ах надад тэр хүнийг танилцуулахдаа энэ хүн гадаад руу хүн гаргадаг гэж хэлсэн. Тэгээд би гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг гэх мэт зүйл тэр Ялалт гэх хүнд өгсөн юм. Тэр хүн урьдчилгаа мөнгөгүй төлбөрөө 100 хувь авна гэж хэлээд эхлээд 2020 оны 10 сарын 23-ны өдөр манай нөхөр болох Зоригтбаатар өөрийн 5360393458 тоот Хаан банкны данснаас Гантогтох гэх хүний эзэмшлийн 5003592474 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 11 сарын 02-ны өдөр би өөрийн эзэмшлийн 5375020218 тоот хаан банкны данснаас дээрх хүний данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн /хх 13-14, 42-43, 57-58 ху/ мэдүүлэг, хохирогчийн депозит дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгож залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Г-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.  

 

            Хохирогч О.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирол 9.000.000 төгрөг бүрэн төлөгдсөн. Гомдол саналгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч С.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн С-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА