| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00737/и |
| Дугаар | 00800 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 00800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-уул сумын Шивээ багт оршин суух, Лувсандамба овогт Мандахын Лхамсүрэн / РЖ63111102 / регистрийн дугаартай.
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Мандахын Лхамсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амарсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Мандахын Лхамсүрэн нь 1981-1983 онд Төв аймгийн Заамар сумын Техник Мэргэжлийн сургуульд суралцан төгсөөд Төв аймгийн “нөхөрлөл” сангийн аж ахуйн даргын 1983-06-22-ны өдрийн 100 тоот тушаалаар саальчинаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1993 он хүртэл тасралтгүй ажилласан боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн бөгөөд дээрхи байгууллагад ажилласан жил тооцогдохгүй байна.
Иймд М.Лхамсүрэн миний Төв аймгийн “Нөхөрлөл” сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 22-ноос 1989 оны 12 сарын 31 хүртэлхи хугацаанд саальчин, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амарсайхан шүүх хуралдаанд: М.Лхамсүрэн нь миний ахын эхнэр байгаа юм. Наашаа өөрөө ирэх боломжгүй учраас би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа юм. Бэр эгч маань одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл Төв аймгийн “Нөхөрлөл” сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн юм. Учир нь Нөхөрлөл сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацааны тушаал нь байгаа боловч гарсан тушаал нь олдохгүй байгаа юм. Бид холбогдох баримтуудыг хуулбарлан хэрэгт гаргаж өгсөн байгаа. 1990 оноос хойших хугацааг улсаар тооцуулсан учраас 1989 оныг дуустал хугацаанд ажилласан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Лхамсүрэн нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Төв аймгийн “Нөхөрлөл” сангийн аж ахуйд 1983 оны 6 дүгээр сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал саальчин, цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорхи баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Төв аймгийн “Нөхөрлөл” Сангийн аж ахуйн даргын 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаартай Ажилд томилох тухай ...мэргэжлийн сургууль төгсгөн зохих мэргэжил эзэмшсэн саальчин, малчин...нарыг ажиллуулсугай гэх тушаал, тушаалын хавсралтын 11-д Мандахын Лхамсүрэн гэж нэр бичигдсэнийг Төв аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1 хуудас баримт,
Мал бэлтгэлийн нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 273 дугаартай “нэмэгдэл хөлс олгох тухай” ... 1982,83 онд техник мэргэжлийн сургууль төгсөөд анхны хуваарийн дагуу мэргэжлээрээ тогтвор сууршилтай ажиллаж байгаа ажилчдыг 1-р хавсралтаар баталсугай... гэх тушаал, тушаалын хавсралтын 9-д М.Лхамсүрэн саальчин 1983 он гэж бичигдсэнийг Төв аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1 хуудас баримт,
Мал бэлтгэлийн нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 177 дугаартай “ тэтгэмжтэй чөлөө олгох тухай” ...саалчин М.Лхамсүрэнгийн хүссэн хүсэлтийн дагуу 5-р сарын 14-нээс... 3 сарын тэтгэмжтэй чөлөө олгосугай гэх тушаалын Төв аймгийн архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт,
Мал бэлтгэлийн нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 208 дугаартай “нэмэгдэл хөлс олгох тухай” ...техник мэргэжлийн сургуулиас хувиарлагдан ирж трактор-комбайнч, саальчин, барилгачин зэрэг мэргэжлээрээ тогтвор сууршилтай ажиллаж байгаа ажилчдыг хавсралтаар баталсугай... гэх тушаал, тушаалын хавсралтын 5-д М.Лхамсүрэн саальчин 1983 он гэж бичигдсэнийг Төв аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1 хуудас баримт,
Мал, сүүний нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 117 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” 1988 оны ээлжийн амралт авсан ажилтан, ажилчдын амралтыг 9 дүгээр сарын 1-нээс хавсралтаар олгосугай... гэх тушаал, тушаалын хавсралтын 2-д М.Лхамсүрэн малчин үндсэн-15, нэмэгдэл-3, ажлын хоног-18 хугацаа- 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 22 гэж бичигдсэнийг Төв аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1 хуудас баримт,
Мал, сүүний нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны12 дугаар сарын 29-ний өдрийн 231 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” 1989 онд амраагүй хоцорсон ажилчин, малчин албан хаагчдын ээлжийн амралтыг хавсралтанд заасан хугацаанаас эхлэж амруулахыг боловсон хүчин Уртнасанд зөвшөөрсүгэй... гэх тушаал, тушаалын хавсралтын 22-д М.Лхамсүрэн малчин үндсэн-15, нэмэгдэл-3, ажлын хоног-18 гэж бичигдсэнийг Төв аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1 хуудас баримт,
Мал, сүүний нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” 1990 оны 6 дугаар сард амрах ажилтан, малчид, саальчдын амралтыг хавсралтанд заагдсан хугацаанаас эхлэн тус тус олгосугай... гэх тушаал, тушаалын хавсралтын 12-д М.Лхамсүрэн малчин үндсэн-15, нэмэгдэл-3, ажлын хоног-18 гэж бичигдсэнийг Төв аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1 хуудас баримт,
Мал, сүүний нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” ... М.Лхамсүрэнг 4 дүгээр сарын 8-наас конторт цэвэрлэгчээр ...түр ажиллуулсугай... гэх тушаалын хуулбарт Төв аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1 хуудас баримт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лувсандамба овогт Мандахын Лхамсүрэн / РЖ63111102 /-г Төв аймгийн “Нөхөрлөл” сангийн аж ахуй, Мал сүүний нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйд 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Лхамсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА