Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

   2022          01             05                                            2022/ШЦТ/10

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, 

Шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 2138000000515 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Н.М.

Шүүгдэгч Н.М- нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн А.М-ын эзэмшлийн зөв талын гуян дээр М гэсэн тамга бүхий халтар морийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Н.М- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн А.М-ын өмчлөлийн зөв талын гуян дээр М гэсэн тамга бүхий халтар морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.М-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

              Моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

              Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ах Д- “чи халтар морио зараагүй юм уу? Чиний халтар морийг Арбулаг сумаас П- гэх хүний хонины туувар тууж байгаа Б.А-, Ц.Б- нар унаж явж байна лээ” гэж Д- ах надад хэлэхээр нь би 2021 оны 9 сарын 12-ны өдөр тэр хонины тууврын замыг тоссон... манай нутгийн Х-той уулзаад миний халтар морийг хэн авчирч өгсөн талаар асуухад чиний халтар морийг Н.М- гэж залуу авчирч өгсөн чи морио аваад явах юм уу гээд сандраад байсан. ...2021 оны 9 сарын 13-ны орой буцаагаад залгатал А.М- гэдэг хүн мөн үү би Н.М- гэдэг хүн байна гэсэн. Тэгээд “ах ёстой муухай юм боллоо уучлаарай би андуурсан байна. Маниадынхан миний адууг хулгайлсан юм М гэсэн тамгатай болохоор нь тэдний адуу юм бодоод авчихлаа” гэж надад утсаар хэлсэн. ...Н.М- би таны морийг Арбулаг сумын 2 дугаар багийн Мандлын тагаас мотоцикль дээр хөтлөөд сумын төв оруулаад Х- ахын хашаанд аваачиж уясан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18, 20 дугаар хуудас/,

              Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг хонь манаад хонож байхад өглөөгүүр H.Н.М- над руу утсаар залгаад “ах морь оруулж уясан байгаа шүү” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би аан за за морио авсан унаад гарч явна гэж би хэлсэн. ...Би яагаад Б- гэж хэлсэн гэхээр Б- тэр морийг таниад байхаар нь Б-г уясан юм болов уу гэж бодсон. Сүүлд утсаар ярьж асуухад Н.М- “би оруулж уясан шүү” гэж хэлж байсан. Би юугаар аваачиж уясан гэдгийг мэдэхгүй байна. Намайг өглөө 7 цагт гэртээ очиход нэг л халтар морь манай хашаанд уяатай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 40 дүгээр хуудас/,

              Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай тууврыг тууж яваа Ц.Б- гэдэг залуу зөв талын гуян дээрээ М гэсэн тамгатай халтар морь унаад манай хонийг туугаад явж байгаа. ...Би тэр халтар морийг Ц.Б-э буюу Х- хаанаас яаж хэн гэдэг авсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

              Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.М- гэдэг хүн утсаар залгаад ирж уулз танай хүү миний морийг хулгайлсан байна гэж утсаар хэлсэн тэгээд орж уулзахад унааг нь хурааж аваад нүүр хэсэгт нь цохисон байсан тэгээд би уулзаад морины мөнгө 2.000.000 төгрөг өгөөд хүүгээ аваад явсан. ...манай хүү намайг хамт байхад хүрэн үрээг аваагүй гэж А.М- гэдэг хүнд хэлсэн. ...хүү аваагүй гээд байхад хүний юмыг төлөх хэцүү байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 35-36 дугаар хуудас/,

              “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №2145617200485 дугаартай: “...нас гүйцсэн 1 тооны морь 1.300.000 төгрөг” гэх  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

              Хохирогч А.М-ын Төрийн банкны 200200099901 дугаарын данс руу “морь Н.М- У-...” утгаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Халтар зүсмийн морьтой тааралдсан. Би тухайн морийг барьж аваад сумын төв рүү хөтөлж оруулаад сумын төвд байдаг Ц.Б-э/Хоовон/ гэдэг айлын хашаанд оруулаад тэнд уяж орхиод гэртээ харьсан... зөвхөн халтар морь ганцаараа байсан. Би тухайн үед хулгай хийгээд баригдсандаа айж сандарсандаа тэгээд хэлчихсэн юм. Би уг нь мориор хөтөлж сумын төв оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Н.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-ийн 69, 74 дүгээр хуудас/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-80 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар эд хөрөнгө олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.М- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.М- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн А.М-ын өмчлөлийн зөв талын гуян дээр М гэсэн тамга бүхий халтар морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.М-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/, хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-18, 20 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23, 40 дүгээр хуудас/, гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33, 35-36 дугаар хуудас/, “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №2145617200485 дугаартай: “...нас гүйцсэн 1 тооны морь 1.300.000 төгрөг” гэх  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-48 дугаар хуудас/, хохирогч А.М-ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн: “...мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Н.М-ын мэдүүлж байгаа “...халтар зүсмийн морьтой тааралдаад сумын төв рүү хөтөлж оруулаад Ц.Б-эд өгөх байсан 1 сая төгрөгийн өглөгт тооцож өгсөн” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Н.М- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн А.М-ын өмчлөлийн зөв талын гуян дээр М гэсэн тамга бүхий халтар морийг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг  бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Н.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.300.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М- нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч А.М-ын 1 тооны адууны хохиролд 2.000.000 төгрөгийг өгсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн: “...Н.М- би А.М-ын морины үнэнд 2.000.000 төгрөг өгсөн. ...А.М- би цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ, хохирогч А.М-ын Төрийн банкны ... дугаарын данс руу “морь Н.М- У-...” утгаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 10/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.М- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 77/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-80/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Н.М-д ял оногдуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 87/ гаргасан, улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Н.М-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.М-д “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгчид тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР