Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0231

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б, түүний орчуулагч И.Н.Чойжамц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нь засаг захиргааны ямар актаар 5 дугаар хороо болон өөрчлөгдсөн талаарх эрх зүйн баримт байхгүй, мөн 4 болон 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёуланд нь ОХУ-ын өмч гэх 9 дүгээр байр 2 байхад өмчийн талаас нь нотлох баримтгүйгээр өөрчлөн бүртгэсэн нь хууль зөрчсөн... Иймд, ОХУ-ын өмчөөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр орон сууцыг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын /хуучин нэрээр/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008826 дугаарт бүртгэлтэй, /хуучнаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, №9/ хаягт  байрлах орон сууцны барилгын өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй байх бөгөөд шинэ хаяг /Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Ж.Л-гийн гудамж 9/-аар 2014 оны 10 дугаар сарын 13       -ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл, Ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтэс”-ийн 2014 оны 3/1509 албан тоот, хаяг байршлын зургийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Иймд, гомдлыг хүлээн зөвшөөрөх хууль, эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

Гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Ж, В.В.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Л-гийн гудамж хаягаар байрлаж байгаа 9 дүгээр орон сууц нь ОХУ-ын өмч байх бөгөөд газар нутаг, засаг захиргааны хуваариар 4 дүгээр хороонд хамаарахгүй... Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутагт ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ажлыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан Монгол Улс, ОХУ-ын ажлын хэсэг үргэлжлүүлэн эрхэлж байгаа. Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 354 дүгээр шүүгчийн захирамжаар ОХУ-ын өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцох болон хүчингүй болгуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гийн гаргасан “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Г давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч би “иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол” зөрчигдсөн тул уг эрхээ хамгаалуулахаар “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хуульд заасан журмын дагуу холбогдох нотлох баримт, тайлбарыг гаргасаар байтал хариуцагч тал, гуравдагч этгээдээр оролцсон талын бодит байдалд болон хуульд нийцээгүй, үндэслэлгүй тайлбарыг үндэслэн “шаардлагатай нотлох баримтыг дутуу” бүрдүүлж, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Газрын тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчин хариуцагч талд ашигтай байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч би, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 24789 дугаартай гэрчилгээтэй 3025 м.кв талбай бүхий орон сууцны 9 дугаартай барилгыг” Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7, 10, 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 14, 38, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Иргэний хуулийн 84 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус зөрчих замаар тус байрны 15 тоот орон сууцыг 14 жилийн турш эзэмшиж, амьдарч байгаа бөгөөд хууль тогтоомжийг зөрчилгүй, хуулийн этгээдээр бүртгэгдсэн эзэмшигч, өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулж, эзэмших эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.

Учир нь, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 24789 дугаартай гэрчилгээтэй 3025 м.кв талбай бүхий орон сууцны 9 дугаартай барилга нь өмнө нь байсан бөгөөд МУ-д шилжин ирж хувьчлагдсан юм. Гэтэл миний амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон орон сууцны 9 дугаартай барилга нь ОХУ-ын гэх нэртэй боловч бүртгэлгүй, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгүй, ОХУ-ын янз бүрийн байгууллагын мэдэлд ямар эрх зүйн акт баримт бичиггүй дамжин явж ирсэн. Монгол иргэд 2000 оноос Зарубеж строй, Оюуны ундраа, Плехановын нэрэмжит академи гэх зэрэг байгууллагатай гэрээ, хэлцэл байгуулж, түрээсийн болон ашиглалтын төлбөр төлж ирсэн бөгөөд 2013 онд иргэн Ж.Галт гэдэг хүн гэнэт гарч ирэн “ерөнхий түрээслэгч” болсон төлбөр тооцоог надтай хийнэ гэж өрх бүрт 600-900000 төгрөгийг нэхсэн тул “маргаан” үүсэж, “жинхэнэ өмчлөгч, хариуцагч” хуулийн этгээдийн эрэлд гарсан.

Ийнхүү өөрийн амьдарч байгаа Монголын талд шилжүүлэн хүлээлгэж өгөх ёстой гэж ОХУ-ын МУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт удаа дараа яригдаж байгаа, шийдлээ хүлээсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны 9 дугаартай барилгад иргэн би амьдарч байтал Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байсан 3025 м.кв талбай бүхий орон сууцны 9 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 24789 дугаартай гэрчилгээг “шүүхээр албадан” шилжүүлж бүртгэсэн нь хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, МУ-д шилжин ирээд хувьчлагдсан, хүчин төгөлдөр бус орон  сууцны  улсын  бүртгэлийн  гэрчилгээг  өөр  объектод  шилжүүлэн хуурамч бичиг

баримтыг ашигласан гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад дараах байдал тогтоогдсон боловч шүүх нотлох баримтыг хариуцагч, гуравдагч этгээдэд ашигтайгаар тайлбарлан хуулийг хэрэглэсэн. Шүүхийн үзэж байгаагаар “...Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, /13343/, Ж.Л-гийн гудамж хаягаар байрлаж байгаа 9 дүгээр орон сууц нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан бичгээр нотлогдож байгаа юм” гэсэн нь ямар эрх зүйн актаар хорооны даргад бусдын өмчлөлийг тогтоох, өөр хорооны нутаг дэвсгэр дэх “барилга”-ын талаар тайлбар тодорхойлолт гаргах эрх олгосон нь нотлогдоогүй юм.

Гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Улаанбаатар хотод зөвлөлтийн мэргэжилтэнд зориулан соёл, ахуйн объектын хамт орон сууцны цогцолбор”-ын хил дотор байрлаж байгааг нотлох МУ дахь ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн объектыг эзэмших байдал нь ОУ-ын эрх зүйн актаар /1971 оны Засгийн газар хоорондын протокол, 1979 оны хэлэлцээр/, 169 оны ОУ-ын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенци, МУ-ын газар нутагт ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ажлыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны МУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан МУ, ОХУ-ын ажлын хэсэг үргэлжлүүлэн эрхэлж байгааг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй юм.

Шүүх “шийдвэртээ” гэж гуравдагч этгээдийн талд өөрөө илэрхий үйлчилсэн дүгнэлт хийсэн байна. Хэдийгээр захиргааны хэргийн шүүх, хариуцагч, гуравдагч этгээд иргэн миний эрх зөрчигдөөгүй гэж үзэн тайлбарлаж шийдвэрлэсэн боловч МУ-ын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийн үндсэн дээр нэхэмжлэгч захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээс гадна МУ-ын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах”, мөн зүйлийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Орон сууцны тухай хуулийн /1999 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д “орон сууц өмчлөгч” гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхий бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс орон сууцны талаар дараахь зарчим баримтална”, 4.1.1-д “иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцлийг бүрдүүлж өгөх”, мөн МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2-т “Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ” гэснээр иргэн миний эрхээ хуулиар хамгаалуулах эрх нотлогдож байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар”-ын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газраас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны 9 дугаартай барилгыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээг олгохдоо МУ-ын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “МУ-д газар нь төрийн хамгаалалтад байна”, мөн зүйлийн 3-д “...иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харъяалалгүй хүний өмчлөлд эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно”, мөн зүйлийн 5-д “Төрөөс гадаадын  иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэснийг, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2-3, 13 дугаар зүйлийн 13.5.1-13.5.8, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Аливаа захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, шударга ёсны дагуу иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, актын материаллаг болон формаль эрх зүйн шаардлагад нийцсэн байх ёстой. Захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг шүүхээс гаргах нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх”, ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д “Захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх” гэж тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөрсөд байдлаар холбогдох хууль зөрчсөн” зэрэг тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх зохицуулалттай байгаа.

Дээрх байдлаас дүгнэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны 9 дугаартай барилгыг Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын нэр дээр улсын бүртгэл хийж, өмчлөгчийн гэрчилгээг олгох эрх зүйн үндэслэл байгаагүйгээс гадна дээр дурдсан хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн байх тул тухайн захиргааны акт болох Улсын бүртгэлтэй холбогдох заалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрсөн хууль зүйн үндэслэлтэй. Иймд хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байхад дээр дурдсан орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо болгон өөрчлөн Ү-2204008826 дугаарт бүртгэж, 000341499 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-д олгосныг нэхэмжлэгч “...холбогдох хууль тогтоомжийг зөрчин, газар ашиглах эрхгүй этгээдэд орон сууцны өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн нь хууль бус, миний бие тус байрны 15 тоот орон сууцыг 14 жилийн турш эзэмшиж, амьдарч байгаа, цаашид Монгол Улсад үнэ төлбөргүй шилжин өгөгдөх орон сууц, улмаар оршин суугч надад хувьчлагдан ирэх тул хууль тогтоомжийн ямар нэгэн зөрчилгүй, хуулийн дагуу бүртгэгдсэн эзэмшигч, өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулж, “аюулгүй орчин”-д эзэмших хүсэлттэй байгаа эрхийг минь хангаж, хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Д.Г нь “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч талаас “бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэл хийсэн, миний бие тус байрны 15 тоот орон сууцыг 14 жилийн туршид эзэмшиж байгаа бөгөөд уг орон сууц Монгол Улсад үнэ төлбөргүй шилжин ирэхэд тухайн оршин суугчдад хувьчлагдан, улмаар өмчлөлд шилжин ирэх учраас эрх ашиг зөрчигдөнө, одоогоор миний эрх ашиг зөрчигдөөгүй байгаа” гэж, хариуцагчаас “холбогдох баримтуудад үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулсан” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсгийн хүрээнд ОХУ-ын өмчлөлд байгаа бүх орон сууцнуудын хаягийг зөв болгож бүртгүүлсэн, бүртгэлд өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй” гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

Хэргийн оролцогчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргаагүй, зөвхөн бүртгэлтэй холбогдуулан маргаж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Оросын Холбооны Улс нь “БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол”-ын дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3025 м.кв талбай бүхий орон сууцны 9 дугаартай барилгын өмчлөгчөөр 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 2204008826 дугаарт бүртгэгдэж,  24789 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, улмаар ОХУ-ын өмчид хамаарагдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байгаа байдлыг  Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн албан ёсны хаягийг тодруулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд “...4 дүгээр хороо...” гэснийг “...5 дугаар хороо...” гэж залруулан өөрчлөлт оруулахыг хүссэн байна.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хуучин нэрээр/ нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгч С.С.Жн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 157/14 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 9 дүгээр байрны 01 дүгээр орцыг түрээслэгч нарын хүсэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1509 дугаар албан бичиг, хаяг байршлын тойм зураг зэрэг баримтуудад үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008826 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол №9 хаягт өөрчлөлт оруулан тус дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Л-гийн гудамж 9 хаягаар бүртгэж, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000341499 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.2-т заасныг зөрчөөгүй байна.

Учир нь, анх маргаан бүхий 9 дүгээр орон сууц нь 1999 онд эрхийн улсын бүртгэлийн 2204008826 дугаарт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо гэж бүртгэгдсэн хэдий боловч хаягийн өөрчлөлтөөр 5 дугаар хороо гэж зөвтгөн бүртгэсэн нь бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, ...4 дүгээр хороо, 9 дүгээр байр нь ОХУ-ын өмч биш бөгөөд Монгол Улсын иргэдэд хувьчлагдсан, харин...5 дугаар хороо, 9 дүгээр байр нь ОХУ-ын өмч бөгөөд тухайн оршин суугчид нь төрийн үйлчилгээг тус хорооноос авдаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 354 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Г нь “хэрэгт цугларсан нотлох баримтаар тус гэрчилгээ нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байр болох нь тодорхой байна. Нэгэнт 5 дугаар хорооны тус 9 дүгээр байр нь ОХУ-ын өмч гэж бичигдсэн гэрчилгээгүй учир шүүхийн журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Г нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15

дугаар хороолол, 9 дүгээр орон сууцны 15 тоот байрны өмчлөгч биш бөгөөд 2000 оноос эхлэн түрээсээр эзэмшиж байгаа бөгөөд энэхүү байрны хууль ёсны өмчлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн хүсэлтээр улсын бүртгэлд хаягийн өөрчлөлт хийгдэж “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр” гэж өөрчлөн бүртгэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчид үүсээгүй учраас бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, бүртгэлийг хүчингүй болгосноор ямар эрх нь сэргээгдэх нь ойлгомжгүй юм.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                     

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ        

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР