Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 13

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Хохирогч Ч.Баяртуяа

Шүүгдэгч Ш.Октябрь нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Доржгэв овогт Шагдарсүрэнгийн Октябрьт холбогдох 201623010035 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1980 оны 10 сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 42-р байрны 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, ЛЮ80101517 регистрийн дугаартай Доржгэв овогт Шагдарсүрэнгийн Октябрь.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Октябрь нь 2016 оны 05 сарын 31-ний өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Суварга” гэх газар согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ч.Баяртуяатай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

-Хохирогч Ч.Баяртуяагийн “Би 2016 оны 05 сарын 31-ний өдөр 12 цагийн үед охиноо сургуульд хүргэж өгөх гээд явж байхад хамтран амьдрагч Октябрь миний гар утас руу залгаад хаана байна, маргааш хүүхдийн баяр хэдэн төгрөг өгье гэж хэлсэн. Би хэрэггүй гэсэн. Хүрээд ир Сувраган дээр байна гэхээр нь охиноо хүргэж өгөөд сургуулийн хойд талын Сувраган дээр очсон. Тэгсэн наанаа байж бай би дэлгүүр яваад пиво аваад ирье гээд дэлгүүр явж 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво авчраад намайг пиво уу гээд өгсөн. Би угаасаа архи, пиво уудаггүй. Октябрийг уу гээд байхаар нь жаахан уусан. Октябрь пивоноосоо уугаад согтсон. Угааасаа надтай уулзахдаа архи уусан халамцуу байсан. Тэгээд хүүхдийн хичээл тарах цаг болчлоо явлаа гэхээр явуулахгүй гарнаас татаж чангаагаад утсаа яагаад авдаггүй юм бэ, гэр орондоо хэнийг оруулаад байна гээд нэг бол гэр лүү чинь дагаж явна гээд гарнаас татаад хэрэлдээд явуулахгүй болохоор нь цамцнаас нь бариад цааш нь түлхсэн Октябрь гараа зангидаад миний нүүр рүү цохьсон. Миний нүүр нүд тэр даруйдаа хавдсан. Гэрлүүгээ явах гэтэл намайг цохьсон гэдгийг битгий хэлээрэй гээд надаас гуйгаад үлдсэн. Гэрт ирсний дараа миний дотор муухайрч бөөлжиж хий огиулаад халуурсан. Би Баярминж эгчдээ хэлсэн. Манай ах намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би Октябрьтой нэг жил гаран хугацаанд хамтран амьдарсан. 2016 оны 01 сараас хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа. Энэ хүнтэй хамт амьдрах хугацаанд байнга сэтгэл санаа болон бие махбодийн дарамт үзүүлж, байнга архи ууж, агсан тавьж, гэрийн эд зүйлийг эвдэж сүйтгэж, намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилж, алгадаж, хөл гарын хэсэгт хөхрүүлж гэмтэл учруулж байсан. Эрүүл, согтуу ялгаагүй байнга хардаж, хэрүүл маргаан байнга үүсгэдэг. Би энэ байдлаас залхаад хоёулаа тусдаа амьдарья гээд Октябрь манайхаас юмаа аваад явсан. Манай гэрээс явсан ч гэсэн байнга гар утас руу залгаж яагаад утсаа авахгүй байна, хэнтэй байна гээд шөнө оройн цагаар байнга ирж гэрийн хаалга балбаж амгалан тайван байдал алдагдуулдаг. Би авчирсан пивоноос нь жаахан уусан. Октябрь өөрөө пивоо ууж дуусгасан. Миний нүд рүү гараа зангидаад нэг удаа цохьсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Миний эмчилгээний зардалд 150000 төгрөг өгнө гэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16/

-Гэрч Д.Доржбатын “Ш.Октябрь гэдэг залуутай 3 жил цуг ажиллаж байна. Ш.Октябрь нь янз бүрийн зан ааш гаргаж, хэрүүл маргаан үүсгэж байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20/

-Гэрч Ч.Баярминжийн “2016 оны 05 сарын 31-ний орой 18 цагийн үед манай дүү Баяртуяа утсаар яриад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Гэрт нь ирэхэд Баяртуяагийн баруун нүд битүү хавдар цус хурсан байсан. Хэнд зодуулсан гэж асуухад Октябрьт зодуулсан гэж байсан. Энэ хоёр хамтран амьдарсан цагаасаа хэрүүл маргаантай манай дүүг Октябрь хэд хэдэн удаа зодож байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22/

-Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 05-ны өдрийн 125 тоот:

1.Ч.Баяртуяагийн биед баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарын төвгөр хэсэг, баруун шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 25/

 -Шүүгдэгч Ш.Октябрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

 -Хохирогч Ч.Баяртуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “Миний бие хамтран амьдрагч Ш.Октябрьд зодуулж, биедээ хөнгөн гэмтэл авсан. Эмчилгээний зардалд 150000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 8/

 -Шүүгдэгч Ш.Октябрийн шүүх хуралдаанд өгсөн “Би Баяртуяатай 2 жил гаран хамтран амьдарч байгаад 2016 оны 02 сараас хойш тусдаа амьдарч байгаа. 2016 оны 05 сарын 31-ний өдөр Баяртуяа руу утсаар залгаад маргааш хүүхдийн баяр хэдэн төгрөг ав гэхэд Баяртуяа хэдэн төгрөг өгөх гэж байгаа юм гэхэд 10000 төгрөг өгнө гэсэн. Тэгтэл Баяртуяа 10000 төгрөгөөр чинь яах юм гээд утсаа салгасан. Тэгээд би Баяртуяа руу залгаад хаана явж байна гэхэд сургууль өнгөрөөд явж байна гэхээр нь Суварга дээр хүрээд ир гэж хэлсэн. Баяртуяа бид хоёр Суварга дээр уулзаад пиво хувааж уусан. Би Баяртуяад 10000 төгрөг өгөхөд наад 10000 төгрөгөөр чинь юу авдаг юм гэхээр нь би уурлаад хашлаган дээр очоод сууж байхад миний гар утсыг аваад шидэхээр нь би уурандаа Баяртуяагийн нүдний шилийг хугалсан. Тэгсэн миний нүүрийг самардсан. Би болилдоо гээд цааш нь түлхсэн. Нүд нь тэр даруйдаа овоогоод хавдсан. Би дэлгүүр явж нүдний шил авчирч өгсөн. Хамт амьдрах хугацаанд бид хоёр таарамж муутай байдаг байсан. Намайг ажилдаа яв, мөнгө олж ир гэж хэлдэг байсан. Би Баяртуяагийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргасан. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би Баяртуяатай эвлэрсэн. Иймд хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Октябрь нь 2016 оны 05 сарын 31-ний өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Суварга” гэх газар согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ч.Баяртуяатай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, биед нь хөнгөн гэмтэл   санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Баяртуяа, гэрч Ч.Баярминж нарын мэдүүлэг, шинжээчийн 125 тоот дүгнэлт, шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь Сум, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ш.Октябрьт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүгдэгч Ш.Октябрь нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Ш.Октябрь нь “хохирогч Ч.Баяртуяад эмчилгээний зардал 150000 төгрөгийг өгсөн, хохирогч Ч.Баяртуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг мөн хохирогч Ч.Баяртуяа нь “шүүгдэгч Ш.Октябрьтой сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ш.Октябрь нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байна.

Иймд шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Октябрь нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний гадна дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Октябрь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297.1.1-297.1.4, 298, 301, 303 дугаар

 зүйлд тус тус  заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:


            1.Шүүгдэгч Доржгэв овогт Шагдарсүрэнгийн Октябрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
            2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь Сум, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Доржгэв овогт Шагдарсүрэнгийн Октябрьт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Октябрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3.Шүүгдэгч Ш.Октябрь нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш.Октябрьт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь хэрэглэсүгэй.

            5.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.ЭНХМАНДАХ