Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 919

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.о даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: НЗД, НГЗБА

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О.ЭС” ХХК-ийн захирал Т.Болдхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 тоот “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлох тухай” захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсэг нь манай “О.ЭС” ХХК -ийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг нэхэмжлэлийг гаргаж байна.

 Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 23,911 м.кв болон 17,023 м.кв газрыг, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх бүхий 27,616 м.кв болон 6,100 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж эхэлсэн ба Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Бид А/792 тоот захирамжийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн ба 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гарч А/792 тоот захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлээд байна.

Гэвч манай компанийн нэхэмжлэлтэй дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасныг зөрчин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 тоот захирамжаар манай компанийн эзэмшлийн газруудыг бусад этгээдэд олгосон байна.

Бидэнд энэ талаар албан ёсны мэдэгдэл, баримт ирээгүй тул бид 2019 оны 03 дугаар сарын 22- ны өдөр 1/022 тоот албан тоотоор НЗДас энэ талаар мэдээлэл хүсч, хэрэв манай компанийн эзэмшил бүхий газарт бусад этгээдэд газар эзэмщүүлэх захирамж гарсан бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу хүчингүй болгож өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлсэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Дээрх маргаан бүхий захиргааны актын талаар хариуцагч болон Нийслэлийн Газрын албанаас бидэнд одоо хүртэл албан ёсоор мэдэгдээгүй, хариу өгөөгүй тул маргаан бүхий захиргааны актууд нь бидэнд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар байхгүй болно. Бид тус актын хуулбарыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр албан бусаар олж авсан.

 Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухай газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шипээр олгохгүй” гэж заасныг зөрчсөн, “СТ” ХХК-д манай компанийн эзэмшлийн газрыг олгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 тоот захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг болон нэгж талбарын 1780911701 дугаар бүхий 23,899 м.кв газар болон нэгж талбарын 1780911702 дугаар бүхий 17010 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилээр “СТ” ХХК-д Нийслэлийн Газрын албанаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч НЗД болон НГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, НГЗБАнд холбогдуулан “СТ” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах “О.ЭС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44.756 м.кв, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 38396 м.кв газрыг тус тус орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар “О.ЭС” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 23811 м.кв, 17023 мкв, 6100 м.кв, 27616 м.кв хэмжээ бүхий 4 нэгж талбар болгон өөрчлөн эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгчид эзэмшил газраа ашиглах боломжийг удаа дараагийн захирамж шийдвэрээр олгосоор байхад нэхэмжлэгч нь тухайн газраа 2011 оноос хойш Газрын 8 тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүндэтгэн үзэх шалтгаангуйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, орон сууцны барилга барих үйл ажиллагаа эхлээгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дах хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/792 дугаар захирамжаар хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн.

“СТ” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн 616 дугаар захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон боловч тус эзэмшил газарт улс төсвийн хөрөнгөөр холбогдох авто зам баригдсан тул эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгуй байгаа учраас газрын байршлыг Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд шилжүүлэх хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийн дагуу Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн тул газар эзэмших эрх нь хүчингүй болсон “О.ЭС” ХХК-ийн эзэмшиж байсан газарт шилжүүлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар  эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу Нийслэлийн газар, зохион байгуулалтын алба нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэсэн.

Ийнхүү газар эзэмших эрх олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэсэн нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч “О.ЭС” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “СТ” ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”О.ЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдох захиргааны хэрэгт СТ ХХК гуравдагч этгээдээр оролцохоор болсон бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад доорхи үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна.

 Манай “СТ” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 41438 м.кв газрыг /Нэгж талбарын дугаар 18643308908825/ орон сууц үйлчилгээний зориулалт нэртэйгээр эзэмшиж байсан бөгөөд уг газар нь Улаанбаатар хотын иргэд аж ахуйн нэгж бүх нийтээр ашиглаж байгаа Нийслэлийн чанартай авто замын трасс доорхи газар тул НЗДд хандан уг 41438 м.кв газраа өөр газраар сольж эзэмших хүсэлтийг гаргасан.

Энэхүү хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 сарын 07-ны өдрийн А/1176 захирамж гарч, газар эзэмших эрхийн 000001796 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр орших нэгж талбарын 1780911702 дугаар бүхий 17010 м.кв газрыг, газар эзэмших эрхийн 000001795 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр нэгж талбарын 1780911701 дугаар бүхий 23899 м.кв газрыг манай компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр уг газар нь бидний өмнө эзэмших байсан газрын байрлалтай харьцуулвал төвөөс алслагдмал, газрын үнэ цэнийн хувьд муу байсан ч бид Нийслэлийн Засаг даргын асан шийдвэрийг хүндэтгэн уг сольж олгосон газрыг нь хүлээн зөвшөөрч эзэмшихээр болсон. Уг газар нь нэхэмжлэгч “О.ЭС” ХХК-д 2011 онд олгогдсон газар байж байгаад цуцлагдсан болохыг олж мэдлээ.

Манай компанийн хувьд НЗД ямар газрыг шийдвэрлэж өгөхийг тааж мэдэх аргагүй бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд зориулагдсан газраа өөр байршилд сольж авч байгаа ийм л компани.

Нэхэмжлэлд дурдсанаар болон бидний олж мэдсэнээр нэхэмжлэгчийн газар эзэмших цуцалсантай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд энэхүү маргааныг шийдвэрлэж дуусахаас өмнө “СТ” ХХК-д газар эзэмших эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль ёсны эсхүл хууль зөрчсөн гэж шийдвэрлэх боломжгүй юм. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж 163,000,000 төгрөгийг авсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны ирцийн тухайд: 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Д.Т, Т. Лн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.А нар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А  “... уг захиргааны хэргийг хэрэгт өгсөн хариу тайлбар болон нотлох баримтын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэж бичгээр тус шүүхэд ирүүлжээ. Харин дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхөө, Б.Анхбаяр нар нь тус өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийн дагуу хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Нэхэмжлэгч “О.ЭС” ХХК анх шүүхэд: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 тоот захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг болон нэгж талбарын 1780911701 дугаар бүхий 23,899 м.кв газар болон нэгж талбарын 1780911702 дугаар бүхий 17010 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилээр “СТ” ХХК-д Нийслэлийн Газрын албанаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны үед: “... нэгж талбарын 1780911701 дугаар бүхий 23,899 м.кв газар болон нэгж талбарын 1780911702 дугаар бүхий 17010 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилээр “СТ” ХХК-д Нийслэлийн Газрын албанаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

Иймд шүүх “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “О.ЭС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

Анх нэхэмжлэгч “О.ЭС” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 23,911 м.кв болон 17,023 м.кв газрыг, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх бүхий 27,616 м.кв болон 6,100 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “О.ЭС” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Дээрх Нийслэлийн Засаг даргын А/792 тоот захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “О.ЭС” ХХК хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэрээр А/792 тоот захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх боловч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргын А/792 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж тус тус заажээ.

 Гуравдагч этгээд “СТ” ХХК-иас “...Манай компанийн хувьд НЗД ямар газрыг шийдвэрлэж өгөхийг тааж мэдэх аргагүй бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд зориулагдсан газраа өөр байршилд сольж авч байгаа компани. Нэхэмжлэлд дурдсанаар болон бидний олж мэдсэнээр нэхэмжлэгчийн газар эзэмших цуцалсантай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд энэхүү маргааныг шийдвэрлэж дуусахаас өмнө “СТ” ХХК-д газар эзэмших эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль ёсны эсхүл хууль зөрчсөн гэж шийдвэрлэх боломжгүй..” гэх хариу тайлбар болон хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар тогтоол зэргээс дүгнэвэл хариуцагч маргаан бүхий газар буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 23,911 м.кв болон 17,023 м.кв газрыг, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх бүхий 27,616 м.кв болон 6,100 м.кв газрыг тус тус эзэмших эрхийн асуудал шүүхэд маргаантай байх хугацаанд буюу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 тоот захирамжаар нэхэмжлэгч “О.ЭС” ХХК-ийн эзэмшлийн газрыг эзэмших эрхийг гуравдагч этгээд “СТ” ХХК-д олгосон нь хууль бус байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      О.О