Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1877

 

Б.Батдоржийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батдорж,

Хариуцагч С.Самъяад холбогдох,

 

700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б.Батдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Самъяагаас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу түүний хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр төлөгч Ц.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үүсгэсэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор шийдвэр гүйцэтгэгч С.Самъяатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаанд С.Самъяагаас 500 000 төгрөг хүлээн авсан. Гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг баримт бичиг, шүүхийн үүсгэсэн хэргийн баримттай танилцсан. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дэд дарга н.Энхтайван, ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Бямбасүрэн нартай уулзаж, хэргийн талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар санал солилцож дүгнэлт хийсэн.

2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд оролцож, төлбөр авагч н.Баясгаланг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангуулахгүй байх хүсэлт, тайлбар гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Гэтэл С.Самъяа нь 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлах бичгээ өгсөн. Хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах санал гаргаж, гэрээнд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний дүнгээс 20 хувиар тооцож, гэрээ цуцалсны төлбөр төлөх үндэстэй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.  Иймд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дангаараа гэрээнд заагаагүй үндэслэлээр цуцалсан хариуцагч С.Самъяагаас гэрээ цуцалсны төлбөрт 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуульч Б.Батдоржтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.2-д заасан ажиллагааг үйлчлүүлэгч миний өмнөөс хийж гүйцэтгэхээр энэхүү гэрээг байгуулсан.

Уг гэрээгээр Б.Батдорж нь дээрх гэрээний 2.2-д заасан ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлс нь 3 500 000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд үйлчлүүлэгчийн зүгээс хуульч Б.Батдоржид дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд нь урьдчилгаа болгож, ажлын хөлсөнд 500 000 төгрөг өгсөн. Хуульч Б.Батдорж нь үйлчлүүлэгч талд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан 25 хоногийн хугацаанд ганц л удаа хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон. Үүнээс өөр ажиллагаа хийгдээгүй тул үйлчилгээг зогсоосон болно. Ингээд үйлчлүүлэгч талын зүгээс гэрээний 4.3, 4.4 дэх заалт, мөн үйлчлүүлэгч өөрийн эд хөрөнгийн болон төлбөрийн чадварыг харгалзан энэхүү хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлах санал гаргасан.

Түүнчлэн хуульч Б.Батдоржийн хийсэн ажлын хөлсөнд тохирох 500 000 төгрөгийн хөлсийг үйлчлүүлэгчийн зүгээс олгосон төдий талуудын хооронд ажлын хөлстэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй тул үйлчлүүлэгчийн зүгээс Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс татгалзах эрхээ эдэлж, энэхүү гэрээг цуцалснаар хуульч Б.Батдоржид ямар нэгэн хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Самъяад холбогдуулан гаргасан 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Батдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 21 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт хуульчилсан даалгаврын гэрээний институцид хамаарах гэрээ талуудын хооронд байгуулагдсан, ...399.4 дэх хэсэгт зааснаар даалгавар өгөгч ямар ч үед даалгавраа цуцлах эрхтэй” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний институцид хамаарна. Гэрээний зүйл, үүргийн шинж чанар, талуудын хүлээх хариуцлагаас хамааран хөлсөөр ажиллах гэрээ, даалгаврын гэрээний зохицуулах зүйл, онцлог шинж чанарыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитоор тогтоож чадаагүйгээс хамааран нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.Батдорж нь хариуцагч С.Самъяад холбогдуулан 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэлгүйгээр  цуцалсан тул гэрээнд зааснаар ажлын нийт хөлсний 20 хувиар тооцон 700 000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, миний бие өмгөөлөгч авах, түүнээс татгалзах эрхээ эдэлсэн, гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгчид хохирол учраагүй, хийсэн ажлын хэмжээнд тохирох хөлсийг төлсөн гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, талуудын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний /хх 4/ үндсэн нөхцөл, талууд гэрээгээр эрх, үүргээ тодорхойлсон байдал болон хариуцагч С.Самъяагаас нэхэмжлэгч Б.Батдоржид өгсөн хүсэлт /хх 5/ зэргээс үзвэл үйлчлүүлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх арга, ажилбаруудыг өмгөөлөгч өөрөө тодорхойлон, үйлчлүүлэгч нь түүнд тохирсон хөлсийг төлөхөөр тохиролцсон тул хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд талуудын гэрээгээр хүлээх эрх, үүрэг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг болон гэрээний заалтад тодорхойлогдох учиртай байхад анхан шатны шүүх уг маргааныг үйлчлүүлэгчийн даалгавраар, түүний зардлаар тодорхой үйлдэл хийсэн гэж үзэн Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсгийн даалгаврын гэрээний зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу байх тул хууль хэрэглээний алдааг залруулах нь зүйтэй.

Дээрх “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Б.Батдорж нь Ч.Даваацэрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийн хариуцагч шийдвэр гүйцэтгэгч С.Самъяад хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч уг ажлын хөлсөнд 3 500 000 төлөх үүргийг харилцан хүлээж, ажлын хөлсний урьдчилгаанд 500 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Үйлчлүүлэгч С.Самъяа 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “төлбөрийн чадамжгүй болсон” гэх үндэслэл заан, гэрээг цуцлах саналаа бичгээр гаргасныг нэхэмжлэгч Б.Батдорж хүлээн авч, гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй эсэх талаар маргаан үүсгэжээ.

Талууд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй боловч гэрээг цуцалсан тохиолдол байхаар заасан хүндэтгэн үзэх шалтгаан буюу төлбөрийн чадваргүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан ердийн журмаар гэрээнээс татгалзах санал гаргасныг нөгөө тал буюу ажиллагч Б.Батдорж хүлээн авахаар гэрээ цуцлагдана. Иймд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлс, боломжгүй бол гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг баримт бичиг, шүүхэд үүсгэсэн хэргийн материалтай танилцсан, шийдвэр гүйцэтгэлийн албаны холбогдох ажилтнуудтай уулзаж, хэргийн талаар мэдээлэл авч, санал дүгнэлт боловсруулсан, шүүх хуралдаанд оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн зэрэг гэрээний дагуу тодорхой ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдож байна.

Талууд гэрээний 4.2-т “...үйлчлүүлэгч гэрээг цуцалсан тохиолдолд ...ажлын хөлсний нийт дүнгийн 20 хувиар хувиар тооцож...” хохирол гаргуулахаар заасан байгаагаас үзэхэд гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тохиолдолд өмгөөлөгч Б.Батдоржид үүсэх зардлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзэв.

Хариуцагч С.Самъяагийн гэрээний дагуу өмгөөлөгч Б.Батдоржийн хийсэн ажил нь урьдчилгаа 500 000 төгрөгт дүйцэх тул нэмж төлбөр өгөхгүй гэх татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгэсэн ба хариуцагч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийг баримтаар няцаагаагүй болно.

Нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл өмгөөлөгч Б.Батдоржид гарсан зайлшгүй зардалд 700 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй, шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, гэрээнд заагдаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзах тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь алдаатай байх бөгөөд маргааныг зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэж, шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг, 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас  нөхөн гаргуулсан өөрчлөлтийг тус тус  оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Самъяагаас 700 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батдоржид олгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 21 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 21 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ