Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 477

 

 

 

 

 

 

 

 

 

       Н.Мад холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Т.Оргил-Очир, Д.Ширэндэв,

яллагдагч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 242 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Оргил-Очир, Д.Ширэндэв нарын хамтран бичсэн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.Мад холбогдох 201701000089 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн Н. М, 1982 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 17 дугаар байрны 57 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хорооллын С-2 дугаар байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХП...../;

 

Н.М нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг /...ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.../, 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт /ашигтай ажиллах/, 19 дүгээр зүйлийн 19.5.8 дахь хэсэг /төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу Хөгжлийн банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах.../, Засгийн газрын 2011 оны 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “МУХБ-ны дүрэм”-ийн 5.1.3 /байршиж байгаа чөлөөтэй мөнгөн хөрөнгийг бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд зохистой, үр өгөөжтэй байршуулах/, 10.8 /...гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэнэ.../, МУХБ-ны гүйцэтгэх захирлын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А46 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолтын 1.2.1-ийн 16 /төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах.../, МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “МУХБ-ны гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 3.1-ийн 15 /Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах/, ТУЗ-ийн дарга ..., Н.М нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.1 /гүйцэтгэх захирал нь батлагдсан бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангах, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд, банкыг бизнесийн зохистой, зөв, оновчтой удирдлагаар хангаж ... ажиллах үндсэн үүрэгтэй/, 5.2.1 /Банкинд аливаа хохирол учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ.../, МУХБ-ны ТУЗ-ийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Актив, пассивын удирдлагын бодлого”-ын 4.2.2-ын 7 /Эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг ... төлбөрийн чадвар өндөртэй системийн хэмжээний дотоодын арилжааны банкуудад төвлөрлийн эрсдэлийг бууруулах, өрсөлдөөнт зарчим баримтлах замаар 1 жилээс бага хугацаагаар үр ашигтай байршуулах.../ гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 121 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банкинд 4.664.017.501,15 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч Н.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлага нөхцөл хангагдаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзжээ.

Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоож ирүүлээгүй байна. Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд ялангуяа шинжээчийн дүгнэлтүүдэд дурдсан хохирлын тооцооны асуудалд анхааралтай хандах ёстой.

Шинжээч Ө.Гантөр ирүүлсэн материалд үндэслэн мөнгөн хадгаламжийн хугацаа нь дууссан боловч өөр мөнгөн хадгаламжийн хугацааг цуцлан хадгаламжаа буцаан дуудсан тухайн өдрөөр тооцож үзэхэд хугацаатай хадгаламжуудын гэрээг хугацааны өмнө цуцалж мөнгийг буцаан дуудсаны улмаас 1.497.214,83 ам.доллар, 1.223.799.425,94 иен, 501.696,31 евро, 9.437.290.214,75 төгрөгийн хүүгийн орлого авч чадаагүй байна...” гэж дүгнэсэн байна. Нөгөөтэйгүүр шинжээч Ө.Гантөрийн гаргасан дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон    байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно...” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байгааг тэмдэглэвэл зохино.

Гэтэл прокуророос хохирлын хэмжээг яллах дүгнэлтдээ шинжээч Ш.Хандсүрэн, Б.Халиунаа, Б.Буян нарын огноо дугааргүй, хохирлын хэмжээг нэгтгэн дүгнээгүй хэмжээг үндэслэн /зөвхөн шинжээчийг байцаасан тэмдэглэлд нийт 4.664.017.501,15 төгрөг гэж дүгнэсэн/ тодорхойлогдоогүй дүнгээр хохирлын хэмжээг дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг...” ойлгох бөгөөд үр дүнг дүгнэлтэд бүрэн тусгалгүйгээр зөвхөн байцаагдсан тэмдэглэлдээ үр дүнг нэгтгэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн эдгээр шинжээч нар шинжээч Ө.Гантөрийн дүгнэлтийн талаар “...шинжээч Ө.Гантөрийн хийсэн тооцоолол зохих журмын дагуу үнэн зөв хийгдсэн боловч нотлох баримт дутуу байснаас зөрүүтэй гарсан байна...” гэсэн атлаа “...Ө.Гантөрийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт үнэн зөв, үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна...” гэсэн зөрүүтэй, хоёрдмол утга бүхий тайлбарыг хийсэн нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан “Монгол банкны хянан шалгах хэлтсийн харъяалал бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан асуудал нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Хараат бус байх...”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт “...тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал...” гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн байж болзошгүй...” гэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Монгол банкны тодорхой эрх ашиг хөндөгдсөн нөхцөл байдал байсаар атал тухайн банкны хамаарал бүхий шинжээч нараар дүгнэлт гаргуулсан нь гомдол үндэслэлтэй байж болзошгүйг тодорхойлж байна. Иймд хараат бус, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн шинжилгээний багаар дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн санхүү, эдийн засгийн шинжээч нараас наад зах нь 3, үлдсэн нь бусад байгууллагаас томилон зохист байдлаар бүрдүүлэх нь хөндлөнгийн байр сууринаас дүгнэлт гаргах, хэргийг үнэн зөв, тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд чухал үр нөлөөтэй болно.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан журам ноцтой зөрчигдсөн бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болохгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Ч.От, Б.Ш нарт холбогдох хэргийг анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2, 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татжээ. Улмаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр татсан боловч прокуророос 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан “...гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байх тул хуульд заасан журмын дагуу зөвтгөх нь зүйтэй.

3. Яллагдагч Н.Маас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд 145
хуудас бүхий баримтуудыг /зарим баримт нь хэрэгт авагдсан/ гаргаж өгсөн бөгөөд
уг нотлох баримттай холбогдуулан хамтын шийдвэр гаргасан эрх бүхий албан
тушаалтнуудыг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй асуудлыг шалгаж
тодруулах.

4. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол, хүсэлт гаргаагүй боловч хэлэлцүүлгийн шатанд гаргасан хүсэлт, гомдлыг нэг мөр шалгаж тогтоох. Үүнд: Хөгжлийн банкны хөрөнгөөр Худалдаа хөгжлийн банкнаас талбай худалдаж авсан асуудлын хүрээнд яллагдагч О, Ш нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх гомдол /Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гэх/ зэрэг ажиллагааг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Мад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Оргил-Очир, Д.Ширэндэв нар хамтран бичсэн эсэргүүцэлдээ: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Н.М болон түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр тухайн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг “Нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах” тухай 4 заалт бүхий захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Мад холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоосон байна.

Тухайн хэрэгт шинжээчээр оролцсон Ш.Хандсүрэн, Б.Халиунаа, Б.Буян нарын гаргасан дүгнэлтээр арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулсан Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийг Н.Мын шийдвэрээр хугацааны өмнө буцаан татсан 121 ширхэг хадгаламж нь тухайн цаг хугацаандаа буцаан татах шаардлагагүй байсан ба ийнхүү татсанаас Хөгжлийн банкны хадгаламжийн хүүгийн орлогыг алдагдуулж хохирол учруулсан нь бүрэн тогтоогдсон.

Шинжээч Ш.Хандсүрэн, Б.Халиунаа, Б.Буян нарын дүгнэлтээр Хөгжлийн банкны санхүүгийн тайлан баланс /Мөнгөн хадгаламжуудын гэрээг цуцалж, эргүүлэн татсан өдөр болон түүний дараах өдөр/, мөнгөн хадгаламжийг эргүүлэн татсан талаарх мэдээлэл бүхий хүснэгт, хадгаламжийн гэрээ, дансны хуулга зэрэг баримт материалаас үзэхэд хадгаламжуудыг эргүүлэн татах өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны Монгол банк дахь харилцах дансанд хүүгийн орлого олдоггүй мөнгөн хөрөнгө байршиж байсан бөгөөд тухайн өдөр олгосон зээлийн дүнгээс өндөр үлдэгдэлтэй хүүгийн орлого олдоггүй мөнгөн хөрөнгө байршиж байснаас үзэхэд нийт 484.604.832.003,2 төгрөгийн 121 ширхэг хадгаламжийг эргүүлэн татах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэхээргүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр арилжааны банкууд дахь хадгаламжийг хугацааны өмнө буцаан татах шаардлагагүй байсныг үндсэн 3 байдлаар тодорхойлж авч үзсэн.

Үүнд: Нэгдүгээрт. Хугацаанаасаа өмнө хадгаламжийг буцаан дуудснаас хадгаламжийн үлдэгдэлдээ хүүний хувийг бууруулж тооцуулснаас үүссэн хохирол 958.378.191,11 төгрөг байна гэж тогтоосон.

Хоёрдугаарт. Хадгаламж буцаан дуудсан тухайн өдөр өөр хадгаламжийн хугацаа гэрээний дагуу дуусч мөнгөн хөрөнгөө татах боломжтой байхад хугацаа дуусаагүй хадгаламжийг хугацаанаас нь өмнө буцаан дуудснаас шалтгаалж авч чадаагүй хүүгийн орлого 9.845.280.179,9 төгрөг байна.

Гуравдугаарт. Монгол банк дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хангалттай мөнгөн хөрөнгө байршиж байхад арилжааны банкин дахь хадгаламжийг буцаан дуудсанаас шалтгаалж авч чадаагүй хүүгийн орлого 3.705.639.310,04 төгрөг байна гэж дүгнэлт гаргасан.

Дээрх гурван нөхцөл байдлаас 2 дахь хэсэгт тусгагдсан хохирлын асуудал болох 9.845.280.179,9 төгрөгийг Хөгжлийн банкинд шууд учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд учир нь Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг явуулах зорилгоор зайлшгүй шаардлагатай зээл, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зэрэг мөнгөний шаардлага гарсан тохиолдолд Монгол банк дахь харилцах дансанд мөнгөгүй, мөн хугацаа дууссан хадгаламжийн мөнгөн дүн хүрэлцэхгүй зэрэг шалтгаануудаар хугацааны өмнө буцаан дуудсан хадгаламжууд энэхүү үнийн дүнд байгаа учир уг дүнг бүхэлд нь авч чадаагүй хүүгийн хохирол гэж үзэхгүй юм. Харин 1 болон 3 дахь хэсэгт тусгагдсан хохирол болох 958.378.191,11 төгрөг болон 3.705.639.310,04 төгрөг гэсэн хоёр үнийн дүн нь тус тусдаа хохирол мөн болохыг шинжээчийн уг дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд дээрх хоёр үнийн дүнгийн нийлбэр болох 4.664.017.501,15 төгрөг нь Хөгжлийн банкинд учирсан нийт бодит хохирол болох талаар шинжээч нар мэдүүлэгтээ тодорхой тайлбарлажээ. Ийм учраас шүүгчийн захирамжид дурдсан “шинжээчийн дүгнэлтэд хохирлын хэмжээг нэгтгэн дүгнээгүй, зөвхөн шинжээчийг байцаасан тэмдэглэлд нийт 4.664.017.501,15 төгрөг гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтэд тодорхойлогдоогүй дүнгээр хохирлыг хэмжээг дүгнэсэн” гэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч нь гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгч, дүгнэлтээ тайлбарласан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн ажиллагаа юм. Тухайн ажиллагааны үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тодорхойлсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шинжээч Ш.Хандсүрэн, Б.Халиунаа, Б.Буян нарын гаргасан дүгнэлт нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Дээрх шинжээч нар нь шинжээч Ө.Гантөрийн гаргасан дүгнэлтийн талаар тусгахдаа “шинжээч Гантөрийн хийсэн тооцоолол зохих журмын дагуу үнэн зөв хийгдсэн боловч нотлох баримт дутуу байснаас зөрүүтэй гарсан, тийм учраас түүний дүгнэлт үнэн зөв, үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй” гэдэг нь хоёрдмол утга агуулаагүй байна.

Учир нь шинжээч Ө.Гантөрийн дүгнэлт нь тооцооллын хувьд зохих журмын дагуу үндэслэлтэй хийгдсэн боловч материалын хувьд дутуу хийгдсэн учраас хохирлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна. Тийм учраас шинжээч Ө.Гантөрийн дүгнэлтийг бүхэлд нь авч үзвэл үнэн зөв, үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна гэсэн утгыг илэрхийлжээ.    Өөрөөр хэлбэл Ө.Гантөр нь шинжилгээг хийхдээ өөрт байгаа материалынхаа хүрээнд тооцооллыг зөв хийж гаргасан боловч хохирлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж тусгасан байна.

Хөгжлийн банкны тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар “Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж, мөн зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, Хөгжлийн банкинд хувь нийлүүлсэн бусад этгээд байна” гэж заасан бөгөөд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Монгол Улсын Засгийн газраас томилдог байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Монгол банк нь Хөгжлийн банкны удирдах дээд байгууллага биш бөгөөд Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг тусгайлан бие даасан хуулиар тодорхойлж тогтоож өгсөн байна.

Түүнчлэн тухайн хэрэгт Монгол банкны ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй ба хараат бус байх, тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэрэв шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”; мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шүүх дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш юм.

2. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “...энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Ч.О, Б.Ш нарт холбогдох хэргийг анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2, 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татжээ. Улмаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр татсан боловч прокуророос 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан “гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байх тул хуульд заасан журмын дагуу зөвтгөх нь зүйтэй” гэж дурдсан нь үндэслэлгүй байх тул дараах байдлаар эс зөвшөөрч байна.

Хэдийгээр шүүгчийн захирамжийн дээрх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх боловч хуулийн уг зүйл нь “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах” тухай зохицуулалт бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасан байгаа нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх гэж буй яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлтэй холбоотой зохицуулалт байна.

Өөрөөр хэлбэл дээрх хэрэгт яллагдагчаар шалгагдаж прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон зарим яллагдагч нарт холбогдох хэрэгт хуулийн дээрх заалт хамааралгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу Ч.О, Б.Ш нарт холбогдох хэргийн зүйлчлэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байгаа нь шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бүрджээ.

Тодруулбал: 2015 оны Эрүүгийн хуулиар Ч.О, Б.Ш нарт холбогдох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал нэгэнт тогтоогдсон байх тул тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь заасан гэмт хэрэгт тооцохгүй болсон зүйл, хэсгээр яллагдагчаар татах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад “...Яллагдагч Н.Мтай хамтын шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнуудыг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй асуудлыг шалгаж тодруулах” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Хөгжлийн банкны Актив, пассивын удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М овогтой Б “Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А-16 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад хадгаламж байршуулах, татан төвлөрүүлэх журам”-ын 3.1.1, 3.1.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас Хөгжлийн банкинд 1.770.882.556,26 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэмт хэрэгт холбогдуулан шалгасан.

Улмаар “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай тогтоолоор “...мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар сэжигтэн М.Б нь албан тушаалтнаас үүргээ биелүүлэхэд өөрөөс нь үл шалтгаалах гадны хүчин зүйл буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Маас өгсөн хууль бус үүргийн дагуу дээрх журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул түүний уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэж дүгнэн, сэжигтэн М.Бд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул шүүгчийн захирамжийн дээрх заалтад заасан “...Яллагдагч Н.Мтай хамтын шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнуудыг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй асуудлыг шалгаж тодруулах” гэснийг хийж гүйцэтгэх үндэслэлгүй юм.

4. Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “...Хөгжлийн банкны хөрөнгөөр Худалдаа хөгжлийн банкнаас талбай худалдаж авсан асуудлын хүрээнд яллагдагч Ч.О, Б.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх гомдол /Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гэх/ зэрэг ажиллагааг нэмж мөрдөн шалгах” гэж дурдсан нь ойлгомжгүй байх бөгөөд үндэслэлгүй дүгнэлт байх тул эс зөвшөөрч байна.

Дээр дурдсан Ч.О, Б.Ш нарт холбогдох хэргийг болон яллагдагч Н.Мад холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрүүдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эс зөвшөөрч, Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж гомдол гаргасан бөгөөд улмаар уг гомдлыг эрх бүхий прокуророос хүлээн авахаас татгалзаж, хяналтын прокурорын хэрэгсэхгүй болгосон шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.           

 

Яллагдагч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг нь Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийг үр ашигтайгаар банк хоорондын зах зээл дээр байршуулахтай холбоотой асуудал юм. Энэхүү үйл ажиллагаа нь банкуудад байнга хийгдэж байдаг, өдөр тутмын үйл ажиллагаа. Тухайн үед зарцуулах шаардлагагүй чөлөөт мөнгөн үлдэгдэлийг арилжааны банкуудад өндөр хүүтэйгээр байршуулж банкийг ашиг орлоготойгоор ажиллуулах зорилготой байсан. Энэ үйл ажиллагааг намайг ажилд орохоос ч өмнө хийдэг байсан, ажлаас гарсны дараа ч хийсээр байгаа өдөр тутмын үйл ажиллагаа. Энгийн үйл ажиллагааг хохирол үүсгэсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирол үүсгэсэн гэж үзэж байгаа бичиг баримт нь өөрөө эргэлзээтэй байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад алдаатай, илт мэргэжлийн бус дүгнэлт олон байсан. Жишээлбэл, хохирол үүсгэсэн гэж үзэж байгаа 2 тоог нийлүүлэн 1 хохирол гэж үзсэн. Тухайн өдөр Монгол банкны харилцах дансанд хангалттай мөнгө байсан гэж үзсэн байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд харилцах дансны мэдээ, материал байхгүй байсан. Миний мэдэхээр Хөгжлийн банкаас “Монгол банк”-нд валют тус бүрээр нь данс нээсэн байдаг. Бүх валютыг хооронд нь адилхан гэж үзэж болдоггүй. Гэтэл шинжээчид ганцхан харилцах данс, түүнд нь хүүгүй мөнгө байдаг юм шиг дүгнэсэн байсан. Хөгжлийн банкаас “Монгол банк”-нд харилцах данс нээсэн учир нь Хөгжлийн банкны хуулиар тус банкны бүх гүйлгээг Монгол банкны харилцах дансаар дамжуулж хийнэ гэсэн заалт байдаг. Хуулийн шаардлагыг хангасан үйлдэл байсан. Харилцах дансны гол зорилго нь мөнгийг хадгалах биш, банк хоорондын гүйлгээг хийх зорилготой данс. Энэ нь Хөгжлийн банкнаас гадагшаа гарч байгаа гүйлгээнүүд ч ордог, банкинд орж ирж байгаа гүйлгээнүүд ч ордог. Гэтэл гүйлгээ хийдэг тусгай зориулалтын дансыг хадгаламжийн үйл ажиллагаатай харьцуулсан нь алдаа дутагдалтай, мэргэжлийн бус зүйл гэж хувьдаа үзэж байна. Мөн шинжээчид хадгаламжийн дансанд байгаа хөрөнгийг хугацаанаас өмнө татахдаа зөвхөн зээл олгох зорилгоор татах байсан, бусад зорилгоор мөнгөн хөрөнгийг татах ямар ч шаардлага байгаагүй гэх зэрэг дүгнэлт гаргасан байсан. Хөгжлийн банк нь цалин олгох, улсад татвар төлөх, гаднаас авсан зээл, бондын хүүг төлөх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэхүү гүйлгээнүүдийг хийх шаардлагагүй мэт бичсэн байсан. Миний гомдолтой байгаа зүйл нь шинжээчийн дүгнэлтийн аргачлалын алдаатай байдлыг бүрэн нотолсон нотлох баримтыг өөрийн зүгээс гаргаж өгсөн. Шалгагдаагүй үлдсэн олон тооны бичиг баримтууд байхад тэр бүгдийг шалгаагүй. Эдгээр нотлох баримтуудаас харахад зээл олгох шаардлагаар биш төгрөгтэй харьцах иений ханш огцом өссөн болохоор энэ эрсдэлээс хамгаалах зорилгоор төгрөгийн хадгаламжуудийг хугацаанаас өмнө яаралтай татаад иенд хөрвүүлээд, иений хадгаламж болгон цаашид байршуулсан байдаг. Гэтэл шинжээчид тухайн өдөр Монгол банкны харилцах дансанд хангалттай хэмжээний мөнгө байсан гэж бичсэн. Тэр нь бидэнд хэрэгтэй төгрөг нь байсан уу, доллар байсан уу гэдэг нь мэдэгдэхгүй. Оруулж ирсэн мөнгөө үргэлжлүүлэн хүүтэй иений хадгаламж болгоод орлого аваад явж байсан гэдгийг огт шалгаагүй, шалгах шаардлагагүй гэж дүгнэсэн гэж би ойлгосон. Хамгийн гол нь намайг бие дааж энэ асуудлыг шийдвэрлэсэн гэдэг. Гэтэл гэрчийн мэдүүлгээс харахад намайг Монгол Улсын Хөгжлийн банкны Актив, пассивын удирдлагын газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй байсан. Угаасаа тийм эрх байхгүй. Захирал нь өөрөө улсаас томилогддог гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн. ТУЗ-д үйл ажиллагаагаа тайлагнан, түүнээсээ цалинжиж, хараа хяналт удирдлага дор ажилладаг. Гэтэл энэ газрын үйл ажиллагаанд намайг хөндлөнгөөс оролцож байгаагүй гэдгийг тухайн газрын хэлтсийн ажилтнууд гэрчилсэн. Зөвхөн тухайн үед захирлаар ажиллаж байсан буюу миний удирдлага дор ажилдаггүй үүсгэгч компаний гишүүн худал мэдүүлэг өгсөн. Энэ асуудлаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст би гомдол гаргасан байгаа. Энэ утгаар өмнөх нэг шинжээчийн дүгнэлтийг Монгол банкны ажилтнаар гаргуулсан ч эргэлзээтэй гээд хүчин төгөлдөр бус болгосон. 2 дахь удаагаа дүгнэлт гаргахад алдаатай, тодорхой бус дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад ийм алдаатай шинжээчийн дүгнэлт гарсан бэ гэдгийг харахаар тухайн үед намайг ажиллаж байхад хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын 6 гишүүний 3 гишүүнийг хараат бус гишүүн байхаар заагаад тэр 3 гишүүний нэгийг нь Монгол банкнаас шууд санал болгож томилуулдаг байсан. Өөрөөр хэлбэл Монгол банк дотроосоо нэг албан тушаалтныг санал болгоод тэр хүнийг нь Засгийн газар шууд хүлээж аваад тогтоолоор томилдог байсан. Монгол банкны төлөөллийг Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагад оролцуулах, хараат бус гишүүнээр ажиллуулах үүргийг тухайн үед дангаараа Монгол банкны хяналт, шалгалтын газрын захирал нь өөрөө хийдэг байсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчдийн өдөр тутмын шууд удирдлага нь гүйцэтгэх захирал бөгөөд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн байсан буюу миний өдөр тутмын шууд удирдлага байсан. Монгол банкны хяналт шалгалтын газрын захирал нь давхар Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын дотоод аудитын дэд хорооны даргаар ажилладаг байсан. Өөрөөр хэлбэл өдөр тутам бид нарын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан. Б нь Монгол Улсын Хөгжлийн банкны үндсэн ажилтан буюу ТУЗ-с томилогдсон. Нийт гүйцэтгэх удирдлагын 6 хүний бүрэлдэхүүнтэй баг байсан. Хадгаламжийг байршуулах, буцаан татах асуудлыг Хөгжлийн банкны тухай хууль, дотоод дүрэм журмын дагуу Актив, пассивын удирдлагын хороо гэдэг байгууллага шийдвэр гаргах эрхтэй. Тодорхой хязгаараас доошоо хэмжээг нь Актив, пассивын удирдлагын газрын захирал нь дангаараа гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал энэ үйл ажиллагааг бие дааж явуулах ямар ч боломж байхгүй.” гэв.

 

Яллагдагч Н.Мын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтоох, хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчсөн. Анхнаасаа Н.Мыг яллах талыг барьж явсан нь Монгол банкны шинжээчийн дүгнэлт зэргээс харагддаг. Бид нарын татгалзсан шалтгаан нь Төрийн мөнгөний бодлогын Үндсэний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь Монгол банкны үндсэн зорилт гэдэг талаар Төв банкны тухай хуульд тодорхой заасан. Үүнийг валютын ханшийн эрсдэлээс хамгаалах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах гэж ойлгодог. Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын хараат бус гишүүнийг Монгол банкнаас нэр дэвшүүлснийг Засгийн газар томилж байгаа юм бол Монгол банк уг гишүүнээрээ дамжуулан Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд явагдаж байгаа хяналт, хөндлөнгийн хяналтын нэг. Тиймээс хараат бус гэдэг үгийг хэрэглэсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ 2 асуудлын хүрээнд Монгол банкнаас шинжээч томилсон нь хууль зөрчсөн гэдгээр тайлбар гаргасан. Н.Мыг буруутгаж байгаа гол асуудал хугацаа нь дуусаагүй байхад хадгаламжийг буцаан татсанаас хүүгийн алдагдалд их хэмжээний хохирол учруулсан гэж шинжээч нар дүгнэсэн нь түүнийг буруутгах гол үндэслэл болсон. Хэрвээ хугацааны өмнө хадгаламж татсан үйлдэл нь хууль бус байсан юм бол Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Актив, пассив удирдлагын хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих үүрэгтэй Монгол банкнаас томилсон ТУЗ-ын хараат бус гишүүн Хөгжлийн банкны дотоод аудитын хорооны дарга Хөгжлийн банкны тухай хууль, түүнд холбогдох дүрэм, журмаар хүлээсэн хяналтын үүргээ яагаад гүйцэтгээгүй юм бэ. Үүргээ гүйцэтгээгүй нь албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар, мөрдөгч, прокурорууд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хариуцлага хүлээлгэх эсэх тодорхой шийдвэр гаргах ёстой. Үүнийг гаргаагүй атлаа Эрүүгийн хуулийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчиж, уг асуудлыг шалгахгүй орхигдуулсан. Эдгээр албан тушаалтнуудыг шалгуулах тухай хүсэлтийг хэргийг шалгаж эхэлсэн цагаас эхлээд удаа дараа гаргаж байсан. Хүлээн авахаас тухай бүрт нь татгалзаж, үндэслэлээ зааж өгөөгүй. Уг нь дээрх албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа Монгол банкны шинжээч нарыг томилж болох эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцэх ёстой байсан гэж үздэг. Гэтэл дээрх асуудлыг шалгаж шийдвэрлээгүй атлаа Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн бөгөөд Монгол банкны хяналт, шалгалтын газрын даргын удирдлагад ажилладаг мэргэжилтнүүдийг томилосноор, түүний удирдлага дор ажилладаг мэргэжилтэн, шинжээч нарын хооронд ашиг сонирхлын зөрчил үүссэн. Тэд хараат бусаар ажиллаж дүгнэлт гаргах боломжгүй болсон. 121 ширхэг мөнгөн хадгаламжийн 12 ширхэг нь валютын ханшийн эрсдэлээс хамгаалж хийсэн үйл ажиллагаа байсан гэдэг. Шүүгчийн захирамжид шинжээчийн гаргасан дүгнэлтэд байгууллагын тэмдэгээр баталгаажуулаагүй, шинжээч Халиун, Буян нарын дүгнэлтүүд огноогүй. Эдгээр нь хууль зөрчөөд байгаа учраас дээрх дүгнэлтүүдийг хүчингүй болгох үндэслэл болж байна.” гэв.

 

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Мад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, прокурорт хэргийг буцаасан. Буцаасан үндэслэлийн заалт нэг бүрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир эсэргүүцэл бичсэн. Шүүгчийн захирамжийн 1 дүгээр заалтад “Монгол банкнаас томилогдсон шинжээч нар учирсан хохирлыг бүрэн, бодитой тогтоож чадаагүй, эргэлзээтэй байна” гэсэн асуудлаар буцаасан. Шүүгдэгч Н.Мын үйлдлийн улмаас арилжааны банкуудад Хөгжлийн банкийн мөнгөн хөрөнгийг хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулдаг байсан. Хөгжлийн банкны тухай хуульд тус банк ашгийн төлөө хуулийн этгээд байна гэж заасан. Хөгжлийн банк нь бусад улс орнуудад хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээс гадна ашиг олно гэдэг асуудлыг хуульд заасан. Арилжааны банкуудад бондын эх үүсвэрээс бүрдэж байгаа мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад тодорхой хэмжээний хүүтэй байршуулж ашиг олъё гэсэн зориулалттай байршуулж байсан. Хугацаа болоогүй байхад хадгаламжуудыг татсанаас болж олох ёстой байсан хүүгийн орлогийг алдагдуулж, Хөгжлийн банкинд хохирол учруулсан гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээр 121 ширхэг хадгаламжийг татах шаардлагагүй байхад татсанаас болж хувь алдагдуулсан гэж үзсэн. Үүнийг дотор нь 3 хэсэгт авч үзсэн.

1 дүгээрт, Хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгийг хугацаанаас нь өмнө татсанаас болж хүүгийн зөрүүний асуудал үүссэн.

2 дугаарт, Тухайн хугацаатай хадгаламжийг цуцлаад буцаан татсан өдөр, өөр банкинд хугацаа нь дууссан хадгаламжийг татаагүй байж хугацаа нь дуусах болоогүй байсан хадгаламжийг татсан нь хүүгийн орлогийг мөн алдагдуулж байгаа асуудал.

3 дугаарт, Хөгжлийн банк нь Монгол банкинд харилцах данстай. Тухайн харилцах дансанд орж ирж байгаа мөнгө хүүгийн орлого олдоггүй, зөвхөн харилцах данс хэлбэрээр мөнгө орсон, гарсан гүйлгээ хийх зориулалттай данс. Харилцах дансанд хугацаатай хадгаламжийг цуцлаад татах өдрөө мөнгөө татаад, зээл төсөл хөтөлбөрт санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнийн дүнг гаргаад тухайн өдөр болон маргаашаар нь тооцож үзэхэд Монгол банкын харилцах дансанд хангалттай хэмжээний мөнгө байхад хадгаламжийг татсан гэж 3 дахь хохирлын асуудлыг тооцсон.

Хэдийгээр өөр хугацаатай хадгаламжийн хугацаа дуусч байгаа боловч, дуусаагүй байгаа хадгаламжийг татаж байгаа асуудал нь өрөөсгөл юм. Яагаад гэвэл тухайн өдөр дуусч байгаа хадгаламжийг татсан ч зээл, төсөл хөтөлбөр, санхүүжилтэд гаргаж байгаа мөнгө нь хүрэхгүй байж болно. Мөн Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс өөр бусад үйл ажиллагаанд зарцуулахаар буцаан татсан байж болно. Ийм учраас 2 дахь хохирлын асуудлыг шууд хохирол гэж үзэх нь өрөөсгөл юм.

Харин 1 дэх болон 3 дахь асуудлыг бодит асуудал гэж үзэж болох юм гэдэг талаар тайлбарлаж мэдүүлсэн. 1 дэх болон 3 дахь асуудлаар хохирлын нийт дүнг тооцож яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүн дээр ямар нэгэн эргэлзээтэй зүйл байхгүй байна гэж прокурорын зүгээс үзэж эсэргүүцэл бичсэн. Өмнө нь Ө.Гантөр шинжээчийн дүгнэлтийг хоёрдмол утгатай шинжээчийн дүгнэлт гаргажээ гэж шүүгчийн захирамжид дурдсан. Шинжээч Ө.Гантөрийн гаргасан дүгнэлт хоёрдмол утгатай дүгнэлт биш гэж үзэж байна. Ө.Гантөрийн гаргасан дүгнэлт бол хохирол болон хүүгийн асуудлыг тооцож байгаа тооцооллын хувьд үндэслэлтэй зөв тооцооллоор тооцсон. Гагцхүү дутуу материал, хохирлын асуудлыг бүрэн дүүрэн гаргаж ирээгүй учраас үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй байна гэж шинжээчид үзсэн. 1 дүгээр заалтад байгаа асуудал нь, Монгол банкнаас шинжээч томилогдон ажилласан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн асуудал дурдагдсан. Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйл дээр “Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж заасан. Тус хуулийн 18.2 дугаар зүйлд “Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Монгол улсын Засгийн газар, Хөгжлийн банкинд хувь нийлүүлсэн бусад этгээд байна” гэж заасан. Эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байна гэдэг нь энэ дээрээс харагдаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийг Монгол улсын Засгийн газраас томилдог. Тэгэхээр энэ нь Монгол банктай, Хөгжлийн банкны удирдлага удирдах дээд байгууллага ямар нэгэн харилцаа хамаарал, ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдэг нь илт байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор томилсон байдаг. Монгол банкнаас шинжээчээр оролцож байгаа нь хөндлөнгийн хараат бус байх шинжийг хангаж байна. Ямар нэгэн байдлаар Хөгжлийн банкны дээд байгууллага нь Монгол банк юм гэсэн ойлголт байхгүй гэдэг нь харагдаж байна. Хэрвээ эргэлзээтэй гэж шүүх дүгнэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилж, өөр хамтарсан байгууллагаар шинжилгээ хийлгэх боломжтой. Заавал мөрдөн шалгах ажиллагаанд буцааж энэ асуудлыг хэлэлцэж шийдэх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн 2 дугаар заалтад “Ч.О болон Б.Ш нарын 2 хүн тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан. Эдгээр хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын процесс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил болсон байна” гэж үзсэн. Хуучин Эрүүгийн хуулиар Ч.О болон Б.Ш нарыг гурван зүйлээр яллагдагчаар татаж, ял сонсгож байгаад, шинэ Эрүүгийн хуулиар прокуророос 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон. Энэ нь шинэ Эрүүгийн хуульд нийцүүлж байгаа асуудал юм. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, хуучин Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх шинжтэй гэж шүүхийн тогтоолд дүгнэлт хийсэн. Хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй боловч хэтрүүлэх гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа процессийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Шүүгчийн захирамж болон урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яригдаж байгаа асуудал нь хэргийг заавал буцаагаад 266 дугаар зүйл болгож, ял сонсгож байж хэрэгсэхгүй болгох байсан гэдэг асуудлыг ярьсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар буцаагаад ял сонсгож байгаад хэрэгсэхгүй болгоё гэхээр гэмт хэрэгт тооцохгүй болсон зүйлээр хүнд ял сонсгох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн учраас шүүгчийн захирамжийн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцэл бичсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж шүүгчийн захирамжид тусгасан. 32.9 дүгээр зүйл нь яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах гэсэн заалт байгаа. Агуулгыг нь уншихаар яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлж байгаа яллагдагчаар татсан тогтоолын зүйлийг өөрчлөх тохиолдолд юм уу гэж байгаа. Шүүх рүү шилжүүлэхгүй, тэндээ шийдэгдэж байгаа хүн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд шүүгчийн захирамжид зааж байгаа асуудал хамааралгүй байна гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалт нь “шүүгдэгч Н.Мтай хамтын шийдвэр гаргаж байгаа Хөгжлийн банкны албан тушаалтнууд хамтран оролцсон байж болзошгүй асуудлуудыг шалга” гэсэн. “Актив, Пассив”-ийн хорооны даргаар ажиллаж байсан Бг хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед сэжигтнээр тооцож шалгаж байсан. Шалгаад хэрэгт холбогдолгүй юм байна, хамтран оролцсон зүйл байхгүй байна гэж үзээд прокурорын дүгнэлтээр хэрэгсэхгүй болгож байсан. Мөн өөр бусад газрын захирал, албан тушаалтнуудыг гэрчээр байцаасан. Хэрэгт хамааралтай гэж үзсэн хүмүүсийг бүгдийг татан оролцуулж байгаа. Хяналтын прокуророос хэрэгсэхгүй болгосон гомдол гаргаад тэрэн дээр нь Нийслэлийн ерөнхий прокуророос хариу өгсөн. Тийм учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулна гэдэг нь үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 242 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар хамтран бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Н.Мын Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж, 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татаж хүүгийн орлогыг алдагдуулсны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд хохирол учруулсан гэх үйлдэлд хараат бус, хөндлөнгийн шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар шүүгчийн захирамжид заасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн Б.Ш /13-р хх-91, 106/, Ч.О /14-р хх-26, 30/, Н.М /12-р хх-25, 27, 40-42/ нарыг сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолуудаас үзэхэд тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 150 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/-т зааснаар татсан, улмаар тэдний үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар /15-р хх-58-64, 68-72, 77-80/ татаж ял сонсгосныг прокуророос Б.Ш, Ч.О нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй /16-р хх-75-79/ болгожээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай /2011 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: ..., 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”..., 4.1.5-д “улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.

Гэтэл прокуророос Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д тодорхойлон заасан “Нийтийн албан тушаалтан...” гэх шинжид хамруулсан атлаа Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ч.О /ажлаасаа чөлөөлөгдсөн байсан/ нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан гэж зүйлчилсэн нь ойлгомжгүйгээс гадна Б.Ш, Ч.Отгочулуу нарын албан тушаалын байдал нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөх шаардлагатай.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж заажээ. Үүнээс үзэхэд албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, эсхүл эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийсэн зэрэг нь албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдэлд хамаарч байна.

Б.Ш, Ч.О нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлд заасан албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийн шинжтэй гэж шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбарлаж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлд заасан албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж прокурор тайлбарласан нь үндэслэлгүй болно.

Мөн Н.Мын шүүхэд гаргасан баримтуудад Монгол Улсын Хөгжлийн банкны Актив, Пассивын хороогоор Хөгжлийн банк дахь мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах, татахтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байх ба уг хорооны эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргахдаа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай /2011 оны/  хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 20 дугаар зүйлийн 20.2, 20.3 дахь хэсэг болон бусад хууль тогтоомжид заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг тодруулах нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн дээрх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хйилгэхээр прокурорт буцаасан нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Оргил-Очир, Д.Ширэндэв нарын хамтран бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 242 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Оргил-Очир, Д.Ширэндэв нарын хамтран бичсэн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ