Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, чулуутыэ 7 дугаар гудамж, 171 тоотод  оршин суух, Боржигон овогт Баярдалайн Чинчулуун / РБ74010800 / регистрийн дугаартай.

            Охин Сансаржаргалын нас барсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Золжаргал  оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Б.Чинчулуун шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Би 1993.12.31-нд охин Сансаржаргалыг төрүүлсэн бөгөөд Сансаржаргалыг 4 сартай байхад нөхрийн төрсөн ах гэндэн овогитой Батаа нь өөрийн хүү Итгэлтийг манайд амьдралын боломжгүй, өөр хүнтэй гэр бүл болох гэж байгаа гээд гуйсаар байгаад манайд орхиж явсан. Сүүлдээ манайхаас авахаа байсан тул бид үрчилж авсан. Манайх үрчлэн авах боломжгүй байсан боловч аав Баярдалай нь хамт өсгөж өгнө гэж хэлсээр байгаад үрчлүүлсэн авахуулсан.

     Дараа нь 1994 оны 12 дугаар сарын 07-нд хүү Нямаа-Од төрсөн. Бид 3-н нялх хүүхэдтэй, амьдрал хүнд, мал маллаж байсан бөгөөд хүүхдүүд маань байнга өвчилж, нэгийг нь орхиж эмнэлэгт  эмчлүүлж чадахгүй гэртээ асардаг байсан.

      Охин Сансаржаргал нь асаргаа муу, бие султай хүүхэд байсан бөгөөд гэрээрээ эм их уудаг хүүхэд байсан, Сансаржаргал хатгаа авч, бие султай байсаар байгаад 2000-04-16-нд гэртээ нас барсан, тухайн үед эмч ирж үзэж байсан. Сансаржаргалыг нас барсны дараа нас барсны гэрчилгээг авахаар Арбулаг сумын захиргаанд эмчийн бичиг, хүүхдийн төрсний гэрчилгээг өгч байсан. Сүүлд хүүхдүүдийнхээ нас барсан гэрчилгээг авах гэтэл охин Сансаржаргалын нас баралтыг бүртгээгүй, өнөөдрийг хүртэл амьд сэрүүнээр харагдаж байна. Улсын бүртгэлийн газар удаа дараа хандсан боловч шүүхээр асуудлыг шийдүүл гээд гэрчилгээг нь олгож өгсөнгүй.

       Иймд миний охин Батбаатарын Сансаржаргалыг 2000-04-16-нд нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

               Нэхэмжлэгч Б.Чинчулуун нь өөрийн төрсөн охин Сансаржаргалын нас барсан байдлыг тогтоолгосноор Улсын бүртгэлийн газарт охин Сансаржаргалын нас барсныг бүртгүүлэх, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох зэрэг эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Батбаатар овогтой Сансаржаргал нь 2000 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болох нь

              Тухайлбал: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдөр олгосон... Боржигон овогт Гэндэнгийн Батбаатар, Боржигон овогтой Баярдалайн Чинчулуун нарын гэр бүлд  1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  Батбаатар овогтой Сансаржаргал төрсөн болохыг 1994 оны 1 дүгээр сарын 27-нд  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын бүртгэлийн 12-рт бүртгэсэн тухай лавлагаа,

           Хөвсгөл аймгийн Арбулаг сумын эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Баасанноровын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр  олгосон  “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6-р багийн иргэн Батбаатар овогтой Сансаржаргал нь 2000 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр DS: ОСЛОЖЕНИЙ ПНЕВМОНИЯ өвчний учир гэртээ нас барсан нь үнэн болон гэх 01 дугаартай тодорхойлолт

        Нэхэмжлэгч Б.Чинчулууны шүүхэд гаргасан:... Дараа нь 1994 оны 12 дугаар сарын 07-нд хүү Нямаа-Од төрсөн. Бид 3-н нялх хүүхэдтэй, амьдрал хүнд, мал маллаж байсан бөгөөд хүүхдүүд маань байнга өвчилж, нэгийг нь орхиж эмнэлэгт  эмчлүүлж чадахгүй гэртээ асардаг байсан.

      Охин Сансаржаргал нь асаргаа муу, бие султай хүүхэд байсан бөгөөд гэрээрээ эм их уудаг хүүхэд байсан, Сансаржаргал хатгаа авч, бие султай байсаар байгаад 2000-04-16-нд гэртээ нас барсан, тухайн үед эмч ирж үзэж байсан. Сансаржаргалыг нас барсны дараа нас барсны гэрчилгээг авахаар Арбулаг сумын захиргаанд эмчийн бичиг, хүүхдийн төрсний гэрчилгээг өгч байсан. Сүүлд хүүхдүүдийнхээ нас барсан гэрчилгээг авах гэтэл охин Сансаржаргалын нас баралтыг бүртгээгүй, өнөөдрийг хүртэл амьд сэрүүнээр харагдаж байна. Улсын бүртгэлийн газар удаа дараа хандсан боловч шүүхээр асуудлыг шийдүүл гээд гэрчилгээг нь олгож өгсөнгүй....гэх тайлбар,

    Гэрч Б.Чинзаяагийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн... Чинчулуун нь миний том эгч юм. Том эгч маань намайг 9 настай байхад буюу 1992 оны намар Батбаатар гэдэг хүнтэй гэр бүл болсон юм. Манай хүргэн ахынх Сансаржаргал, Итгэл, Ням-Од, Нарангарав гэсэн 4 хүүхэдтэй байсан бөгөөд том охин Сансаржаргал нь 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Тэгээд миний санаж байгаагаар хүргэн ах Батбаатар нь өөрийн төрсөн ах Батаагийнхаас нэг хүүхэд өргөж авсан нь тэдний хоёр дахь хүү Итгэл юм. Сансаржаргал Итгэл хоёр хоорондоо нэг их насны зөрүүгүй. Итгэл нь 1993 оны 8 сард төрсөн бараг чацуу шахуу хүүхдүүд байсан. Тэгээд бас удаагүй буюу 1994 оны 12 сард Ням-Од төрөөд манай эгч гурван нялх хүүхэдтэй туслах хүн байхгүй байсан учраас би очиж хүүхдийг нь харж өгсөн байсан. Харин ахын маань  том охин Сансаржаргал нь цусны өвчний улмаас 7 настайдаа нас барсан бөгөөд би түүнийг хүүхэд байхад нь болон сүүлд бие муу эмнэлэгт хэвтэж байхад нь харж асарч байсан... гэх мэдүүлэг,

    Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Очирхуягын “Иргэн Б.Сансаржаргал /РБ93123101/-ын нас барсны бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгч Б.Чинчулууны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Батбаатарын Сансаржаргал /РБ9312210/-г  2000 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч Б.Чинчулуунаас нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА