Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ө,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт У.Э-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн А суманд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Д аймгийн З сумын 3 дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт У.Э /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод суух гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор Хаан банкны ... дугаартай дансаар гүйлгээ хийж, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байхдаа фейсбүүкээр яваад байдаг мөрийтэй тоглоомыг үзэж байгаад би нэг удаа явуулж үзье гэж бодоод 18 цагийн орчимд өөрийн “... нэртэй фейсбүүк хаяг ашиглан “Халамж хүүхдийн мөнгө” гэх цахим хуудас руу орон шууд LIVE хийж эхэлсэн. Цахим орчин ашиглан хөзөр тоглуулж байсан. Уг тоглоомыг явуулахдаа нэг тоглогчоос 5,000 төгрөг хураан авч 6 тоглогч оролцуулан 30,000 төгрөг хураан хожсон хүнд 25,000 төгрөгийг шилжүүлэн тоглуулж байсан. 3 тоглолт мөнгөөр явуулаад 1 удаа үнэгүй тоглолт хийж байсан. Уг тоглоомыг явуулахдаа өөрийн Хаан банкны ... дугаарын дансыг ашиглан мөнгө хураан авч байсан. Тухайн өдөр нийт 9 удаа тоглуулсан санагдаж байна. Би тухайн өдөр ашиг олох биш сонирхож тоглуулсан юм. Тоглоом дуусаад хамгийн сүүлд миний дансанд 8,000 төгрөг үлдсэн байсан... Урд нь өөрөө тоглодог байсан юм. Тэгээд өөрөө тоглож байхаар тоглуулж үзье гэж бодоод тоглуулсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 200-201/,

- Гэрч З.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас тоглуулж байсан цахим мөрийтэй тоглоомд оролцохоор 22 цаг 14 минутад Хаан банкны ... дугаартай данс руу өөрийн Хаан банкны ... дугаартай данснаас 5,000 төгрөг “...” 2 дээр гэсэн утга бичиж шилжүүлэг хийсэн. Тухайн тоглоомоос би мөнгө хожоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,

- Гэрч, хохирогч  С.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн фейсбүүк хаяг болох “...” гэх хаягаас фейсбүүк ортол Live хийж байсан аз ёндоогоо үзээрэй 5,000 төгрөг өгч 20,000-25,000 төгрөг болгож аваарай гээд “Техас покер” тоглуулж байсан. Тухайн үед би тоглох гээд ... дугаарын данс руу мөнгө хийж 2-оос 3 удаа тоглосон дээрх дансыг хэний эзэмшлийн ямар данс болохыг мэдэхгүй байна... Би 2020 оны өвөл утас ухаад байж байсан чинь 5,000 төгрөг хийгээд 25,000 төгрөг болгож аваарай гэсэн лайв яваад байсан тэгээд тавьсан байсан данс руу нь 5,000 төгрөг хийтэл, би хожоогүй, тухайн үед нэг нь хожсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46, 88-89/,

- Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк дээр явагдаж байсан мөрийтэй тоглоомд азаа үзэх гэж 2 удаа тус данс руу 5,000 төгрөгөөр цэнэглэж тоглосон юм. Би мөнгө шилжүүлэхдээ Хаан банкны ... дугаарын данс руу 2 удаа 5,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49,120/,

- Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк дээр явагдаж байсан мөрийтэй тоглоомд азаа үзэх гэж 1 удаа тус данс руу 5,000 төгрөгөөр цэнэглэж 1 дугаарын суудалд тоглосон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52, 176/,

- Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк дээр явагдаж байсан мөрийтэй тоглоомд азаа үзэх гэж 1 удаа тус данс руу 10,000 төгрөгөөр цэнэглэж тоглосон юм. Одоогоор хэддүгээр суудалд сууснаа санахгүй байна. Би мөнгө шилжүүлэхдээ Хаан банкны ... дугаарын данс руу 10,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54, 135/,

- Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн үед би Сүхбаатар суманд гэртээ байсан юм. Фейсбүүк орж байтал “...” нэртэй хаягаас шууд бичлэг хийн хөзөр ашиглан мөрийтэй тоглоом явуулж байсан юм. Би өөрийн данснаас нэг удаа 5,000 төгрөг шилжүүлж тоглоомд оролцон мөнгөө алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62, 171/,

- Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 11 дүгээр 30-ны өдөр миний өөрийн ... гэсэн хаягтай фейсбүүкээр лайв явж байсан тухайн үед цахимаар мөрийтэй тоглоом явж байхаар тоглосон сарын өмнө шахуу тоглосон болохоор ямар нэртэй фейсбүүк хаягийг санахгүй байна ямар ч байсан 5,000 төгрөг, 10,000 төгрөгийг дээр нь дурдсан данс руу шилжүүлж тоглосон шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65, 143/,

- Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгө шилжүүлж цахимаар тоглосон. Хэдэн төгрөг шилжүүлснээ сайн санахгүй байна. Би уг тоглоомыг нэг л өдөр тоглосон. Би 20,000 төгрөг шилжүүлж тоглосон гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70, 100/,

- Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн үед фейсбүүкээр “...” гэсэн цахим хаягтай хэрэглэгч лайваар покер тоглоом зохион байгуулж байсан. Тэр хүн рүү сонирхоод өөрийнхөө данснаас 5,000 төгрөг шилжүүлж тоглосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76, 113/,

- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг, ... дансны дугаараар уг тоглоомоо зохион байгуулж байсан. Би нийт хоёр удаа тус бүр 5,000 төгрөгөөр ... дансны дугаарт шилжүүлж тоглосон. Уг тоглоомд 2 удаа бооцоо тавьж тоглосон ч нэг ч удаа хожоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83/,

- Хохирогч О.З мөрдөн шалгах ажиллагаанд: “...Уг өдөр гэртээ фейсбүүкээ ухаад байж байтал 5,000 төгрөг төлөөд 25,000 төгрөг хожоорой гэсэн “техас” тоглоомын лайв явж байсан тэгэхээр нь “би дансны дугаарыг нь сайн санахгүй байна” уг лайв руу ороод 5,000 төгрөг шилжүүлсэн. Улмаар уг тоглоомоос 50,000 төгрөг хожоод нийт 350,000 төгрөг алдсан. Гэхдээ “...” гэх фейсбүүктэй лайванд хэдэн төгрөг алдсанаа сайн мэдэхгүй байна. Би фейсбүүк дээр лайв хийж байсан хэд хэдэн покер тоглоомд оролцож тоглосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95/,

- Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэдэн цагт гэдгийг нь одоо мартчихсан байна. Гэртээ өөрийн гар утсаараа фейсбүүк үзээд байж байтал “...” нэртэй фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом зохион явуулж байсан. 2020 оны 11 дүгээр сард Монгол улс даяар крантинд гэртээ байсан тул уйдаагаа гаргах зорилгоор тухайн мөрийтэй тоглоомын шууд бичлэгийг үзэж байгаад хүмүүс мөнгө хожоод байхаар нь тоглож үзье гэж бодоод нэг суудал нь 5,000 төгрөг гэхээр нь өөрийнхөө Хаан банкны ... дугаарын данснаасаа интернэт банк ашиглан ... дугаарын дансанд 5,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн тоглоомд хожил байгуулж мөнгө хожиж байсан удаа байхгүй. Нэг удаа 5,000 төгрөгөөр тоглож үзээд мөнгөө алдсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107/,

- Хохирогч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10 дугаар байр 7 дугаар хороолол ... тоот хаягт байрлах өөрийн гэртээ байх үедээ фейсбүүк оролдож байхад “...” гэх фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад Хаан банкны ... дугаарын дансанд 15,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэн мөрийтэй тоглоом тоглосон. Тухайн үед би мөрийтэй тоглоом тоглоод мөнгө хожоогүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119/,

- Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол ... тоот болох өөрийн гэртээ байх үедээ фейсбүүк оролдож байхад “...”  гэх фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Хаан банкны ... дугаарын дансанд 5,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэн мөрийтэй тоглосон.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131/,

- Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг 4 дүгээр баг ... тоот болох өөрийн гэртээ байх үедээ фейсбүүк оролдож байхад “...”  гэх фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Хаан банкны ... дугаарын дансанд 15,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэн мөрийтэй тоглосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137/,

- Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 17 дугаар хороо ... тоот болох өөрийн гэртээ байх үедээ фейсбүүк оролдож байхад “...”  фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом тоглуулж байхаар нь нэг удаа орж тоглож үзмээр санагдаад байхаар нь Хаан банкны ... дугаарын дансанд 5,000 төгрөгийг 6 удаа өөрийн данснаас шилжүүлэн мөрийтэй тоглосон...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 148/,

- Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар мөрийтэй тоглуулж байсан “...” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай холбогдон түүний ... дугаартай данс руу өөрийн Хаан банкны ... дугаартай данснаас 10,000 төгрөг “6 дээр ... гэсэн утгатайгаар 18 цаг 59 минутад шилжүүлэн, ширээ дүүрсэн гээд уг данснаас миний данс руу буцаалт гэсэн утгатай 10,000 төгрөг орж ирсэн, би тоглож чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41, 154/,

- Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 11 дүгээр сард би фейсбүүкээр “...” гэх хаягаас зохион явуулсан мөрийтэй тоглоомд оролцон нэг удаа 5,000 төгрөгөөр тоглосон...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 191/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 205/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 208-214/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар У.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө гэртээ мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Хаан банкны ... дугаартай дансаар гүйлгээ хийж, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  үйл баримт болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч У.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч У.Э-т прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Э нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч У.Э-ийн үйлдсэн дээрх гэм хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч У.Э-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.      

Шүүгдэгч У.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг түүний цалин орлого, хүсэлтийн дагуу 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт У.Э-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт У.Э-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь 600,000 төгрөгийн торгох ялыг дээрх тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч У.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н