Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

 

 

 

 

2021           12          03                                         2021/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

хохирогч Р.Буянтогтох,

шүүгдэгч А.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-т холбогдох эрүүгийн 2119001960184 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

        Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 сарын 15-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Бүрдэнэ булаг” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Ноён хутагтын 164-32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт А-ийн О, РД:ЕП85101500/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.О- нь Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын  Залуучуудын 2-213 тоот хашаанд 2021 оны 08 сарын 24-ний өдрөөс 25-ны шилжих шөнө 03 цагийн орчим Р.Буянтогтохын эзэмшлийн Тоёото спринтер маркийн 51-34 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд, хойд хаалганы шил, салхины урд хойд шилийг тус тус хагалж хууль бусаар устган, гэмтээсний улмаас 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч А.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн. Уур бухимдлаа барьж дийлэхгүйгээс болсон гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Р.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 08 сарын 24-ны өдөр шөнийн 03 цагийн үед унтаж байхад 1 хүн ороод ирсэн. Энэ хүний Наранзул архи уусан согтуу байдалтай гаднаас орж ирээд “ Буянаа ахаа баларсан манай эхнэр таны машины цонхыг хагалчихлаа, маргааш өглөө эхнэрээсээ шилний мөнгө авч ирж өгнөө” гэж хэлээд миний хажуугаар ороод унтаад өгсөн. Маргааш нь Одонтунгалагтай уулзах гэж очиход хэл амаа ололцож чадаагүй. Тэгээд цагдаад гомдлоо гаргасан. Хохирол төлөгдсөн. Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2021 оны 08 сарын 24-ны өдөр шөнийн 03 цагийн орчимд өөрийн гэртээ нөхөр Буянтогтох, хүү Баттогтох, бага насны ач охины хамт дөрвүүл амарж байтал гадаа эмэгтэй хүн хашхираад байсан бөгөөд гаднаас Наранзул архи уусан согтуу байдалтай гаднаас орж ирээд Буянаа ахаа баларсан манай эхнэр таны машины цонхыг хагалчихлаа, маргааш өглөө эхнэрээсээ шилний мөнгө авч ирж өгнөө гэж хэлээд нөхрийн хажуугаар ороод унтаад өгсөн. ...би Баатархуягаас юу хийж байгаа болон яагаад цонх хагарсан байгаа талаар асуухад “Наранзулын авгай нэг хүүхэнтэй хамт ирээд цонх хагалчихлаа гэсэн ба би танай машинд орж ирээд унтаж байсан юм гэж хэлсэн.  ...Урд талын цонх болон жолооч талын ард, урд хаалганы цонхыг хагалсан байсан.  Намайг босохоос өмнө Наранзул нь өглөө эрт гараад явчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/,

 

-Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 08 сарын 23-наас 24-ний хооронд би цуг ажилладаг байсан Төртогтохын аав Буянтогтохын гэрийн ...хажууд байсан саарал өнгийн жижиг тэргэнд унтаж байсан. Тэгтэл шөнө 1-2 цагийн орчимд уг машинд Наранзул 0.5 хараа архи авч орж ирээд надтай хамт уг архиа хувааж уусан. Архи ууж байхад Наранзул нь авгайтайгаа мессеж бичиж байсан. Тэгээд байж байтал Наранзул манай авгай ирлээ гээд машинаас буугаад амбаарын араар ороод нуугдчихсан. Авгай нь ирээд машины хаалга тогшоод байхаар нь Наранзул байхгүй байна гэж хэлэхэд “Чи Наранзулыг нуулаа” гэж хэлээд машины арын багаажыг ухаж байгаад ард байсан зүйлсийг нь гаргаж шидэлж байгаад арын шил рүү ямар нэгэн зүйл шидэж хагалсан. Үүний дараа тойруулаад цонхнуудыг нь дахиж хагалж байгаад арын шил рүү нь дахин нэг зүйл шидсэн. Би машин дотроос “яаж байгаан бэ, настай хүний машины цонх яагаад хагалж байгаа юм бэ” гэхэд “хохь чинь та нар Наранзулыг уруу татаж архи уулаа” гээд орилж байгаад яваад өгсөн бөгөөд явсны дараа Наранзул амбаарын араас гарж ирээд “нүүр ам чин гайгүй юу, би орж Буянтогтох ахын гэрт орж унтлаа” гэж хэлээд орсон гэсэн мэдүүлэг /хх 54-55 ху/,

 

охирлын үнэлгээ /хх 13-14 ху/,

-А.О-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 65-72 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 80 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.О нь Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын  Залуучуудын 2-213 тоот хашаанд 2021 оны 08 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Р.Буянтогтохын эзэмшлийн Тоёото спринтер маркийн 51-34 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд, хойд хаалганы шил, салхины урд хойд шилийг тус тус хагалж хууль бусаар устган, гэмтээсний улмаас 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн. Уур бухимдлаа барьж дийлэхгүйгээс болсон” гэсэн, хохирогч Р.Буянтогтохын “...Энэ хүний Наранзул архи уусан согтуу байдалтай гаднаас орж ирээд “ Буянаа ахаа баларсан манай эхнэр таны машины цонхыг хагалчихлаа, маргааш өглөө эхнэрээсээ шилний мөнгө авч ирж өгнөө” гэж хэлээд миний хажуугаар ороод унтаад өгсөн. Маргааш нь Одонтунгалагтай уулзах гэж очиход хэл амаа ололцож чадаагүй. Тэгээд цагдаад гомдлоо гаргасан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч  Ц.Цэцгээгийн “...2021 оны 08 сарын 24-ны өдөр шөнийн 03 цагийн орчимд өөрийн гэртээ нөхөр Буянтогтох, хүү Баттогтох, бага насны ач охины хамт дөрвүүл амарж байтал гадаа эмэгтэй хүн хашхираад байсан бөгөөд гаднаас Наранзул архи уусан согтуу байдалтай гаднаас орж ирээд Буянаа ахаа баларсан манай эхнэр таны машины цонхыг хагалчихлаа, маргааш өглөө эхнэрээсээ шилний мөнгө авч ирж өгнөө гэж хэлээд нөхрийн хажуугаар ороод унтаад өгсөн. ...би Баатархуягаас юу хийж байгаа болон яагаад цонх хагарсан байгаа талаар асуухад “Наранзулын авгай нэг хүүхэнтэй хамт ирээд цонх хагалчихлаа гэсэн ба би танай машинд орж ирээд унтаж байсан юм гэж хэлсэн.  ...Урд талын цонх болон жолооч талын ард, урд хаалганы цонхыг хагалсан байсан” гэсэн /хх 33-34 ху/, гэрч О.Баатархуягийн ... би цуг ажилладаг байсан Төртогтохын аав Буянтогтохын гэрийн ...хажууд байсан саарал өнгийн жижиг тэргэнд унтаж байсан. Тэгтэл шөнө 1-2 цагийн орчимд уг машинд Наранзул 0.5 хараа архи авч орж ирээд надтай хамт уг архиа хувааж уусан. Архи ууж байхад Наранзул нь авгайтайгаа мессеж бичиж байсан. Тэгээд байж байтал Наранзул манай авгай ирлээ гээд машинаас буугаад амбаарын араар ороод нуугдчихсан. Авгай нь ирээд машины хаалга тогшоод байхаар нь Наранзул байхгүй байна гэж хэлэхэд “Чи Наранзулыг нуулаа” гэж хэлээд машины арын багаажыг ухаж байгаад ард байсан зүйлсийг нь гаргаж шидэлж байгаад арын шил рүү ямар нэгэн зүйл шидэж хагалсан. Үүний дараа тойруулаад цонхнуудыг нь дахиж хагалж байгаад арын шил рүү нь дахин нэг зүйл шидсэн. Би машин дотроос “яаж байгаан бэ, настай хүний машины цонх яагаад хагалж байгаа юм бэ” гэхэд “хохь чинь та нар Наранзулыг уруу татаж архи уулаа” гээд орилж байгаад яваад өгсөн” гэсэн /хх- 54-55 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.О-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч А.О анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шарнууд овогт Агваандоржийн Одонтунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд сард 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА