Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 46 дугаар байрны 46 тоотод оршин суух Боржигин овгийн Тогоочийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг, Цагаан эрэг гэх газар оршин суух Боржигин овгийн Батын Наранчимэгт холбогдох 904.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Өлзийбат, Б.Наранчимэг нар нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүнсний хэрэгцээнд зориулж 187.2 кг 842.400 төгрөгийн үнэ бүхий үхрийн цул мах, 32.500 төгрөгийн адуу, үхрийн хавирга, мөн бэлнээр 30.000 төгрөг нийт 904.900 төгрөгийн мах аман гэрээгээр авсан болно. Тохирсон ёсоор 7 хоногийн дараа буюу 2016 оны 11 сарын 30-нд мөнгийг дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл махны үнийг төлөөч гэж шаардахаар хэл амаар доромжлон өгөхгүй намайг хохироосоор байна. Иймд Д.Өлзийбат, Б.Наранчимэг нараас махны үнэ 904.900 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Адуу, үхрийн хавирганы үнэ 32.500 төгрөг, бэлэн өгсөн гэх 30.000 төгрөг нийт 62.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Үлдэх мөнгийг Б.Наранчимэгээс нэхэмжилнэ, Д.Өлзийбатаас нэхэмжлэхгүй” гэв.

Хариуцагч Б.Наранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Эрдэнэчимэгтэй анх айхтар өөхтэй биш дундын үхрийн цул мах ямар үнэтэй ямар үнэтэй олдох бол гэж асууж байсан. Тэгтэл хэд хоногийн дараа мах бэлэн болсон тухай хэлсэн. Ингээд би 4 хоногийн дараа очиж үзэхэд бага нь 10 кг, том нь 18 кг орчим болгоод хүнсний скочоор битүү боогоод хөлдөөсөн мах байсан. Эрдэнэчимэгээс энэ мах чинь зүгээр гайгүй мах уу гэж асуухад бид өөрсдөө шулсан гэж хэлсэн. Ингээд цаад авахаар захьсан хүнтэйгээ яриад хэлтэл танай сайн таньдаг хүн бол тэгээд ч мөнгөө бэлэн өгөөгүй юм чинь зүгээр байх гэхээр нь 3 хоногийн дараа очиж Эрдэнэчимэгийн дүү Баасанхүүгээс жинлэж авсан. Гэхдээ Эрдэнэчимэгийн бичсэн 187.2 кг биш, 183 кг байсан. Би уг махыг Сайншандад хүнд хүргэж өгөөд орхиод Эрээн явсан юм. Гэтэл өнөө хүн маань өнөөх мах маш их цус хурсан байна. Цусыг нь голд нь хийгээд хөлдөөсөн байна гэж ярьсан. Эрдэнэчимэгт махыг буцаах тухай хэлэхэд мөнгөө авна гэсэн. Үхрийн мах 187.2 кг байлаа гэж бодоход 3500 төгрөгөөр тооцогдоно. Одоо үхрийн мах 10.000 төгрөг хүрнэ үү, 7000 төгрөг хүрнэ үү хамаагүй. Тухайн сар жилийн үнэлгээгээр явдаг болохоос биш. Өмнөх жилд нь махны үнэ тартагтаа тулж байсан. Бүдүүн үхрийг 800.000 төгрөгөөр авч байсан. Би 3500 төгрөгөөр бодож махны үнийг төлнө“ гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь хариуцагч Б.Наранчимэгээс үхрийн мах худалдсан үнэ болох 904.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 62.500 төгрөгөөр багасгаж 842.400 төгрөг болгосныг хариуцагч худалдсан мах нь чанарын шаардлага хангаагүй мөн махны үнэ болон жин анх тохирсоноос зөрүүтэй тул нэхэмжилж буй мөнгийг өгөх боломжгүй гэж маргажээ.

Зохигч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан байх бөгөөд гэрээг байгуулахад худалдагч, худалдан авагч нар гэрээний зүйл, үнэ, төлбөр төлөх хэмжээ, хугацааны талаар буюу гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон болох нь гэрч В.Баасанхүүгийн “...2016 оны 11 сарын 23-ны өдөр үдээс хойш Наранчимэг эгч хүүхдийнхээ хамт манай мах ногооны дэлгүүрт ирж, үхрийн шинэ цул мах зээлээр худалдаж авсан. Тэр үхрийн мах 187 кг 200 грамм болсон. Их олон хэсэгт хувааж боосон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 26 хуу/, гэрч Г.Батболдын “...2016 оны 11 сарын 22-нд Улаанбаатар хотоос Бор-өндөр суманд ирсэн. Тэр орой үхэр авахаар ярьсан байсан. 2016 оны 11 сарын 23-нд манай орон сууц шатаад цэвэрлэгээ хийж байсан. Тэр үед Наранчимэг өөрийнхөө хүүтэй манай гэрт ирсэн. Хүнсний зах дээр очоод Баасанхүүгээс жинлээд 187 кг 200 грамм үхрийн шулсан махыг Нарагчимэг хүүтэйгээ очиж аваад явсан ...Өлзийбат Эрдэнэчимэг хоёр үхрийн мах авч өгөхөөр тохирсон. 1 кг үхрийн цул махыг тухайн өдрөө 4500 төгрөгөөр зарахаар тохирсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27 хуу/, нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэрийн хуудсан дээр “Дээвай ах Нараа эгч 11800+12500+187.2х4500=842400+8200+Бүжка 30.000=944900 11/23-нд цул мах” гэж бичсэн бичиглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч нь худалдан авсан мах чанарын шаардлага хангаагүй, 187.2 кг биш 183 кг байсан, нэг килограммыг нь 4500 төгрөгөөр бус 3500 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэж мэтгэлцэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэнгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 842.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд дээрх гэрээ нь мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээнээс эд хөрөнгө шууд худалдан авагчийн өмчлөлд шилждэг шинжээрээ ялгаатай болно.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Наранчимэгээс 842.400 /найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.110 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч Б.Наранчимэгээс 24.767 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР