Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

   2022          01             10                                            2022/ШЦТ/17

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба,

Шүүгдэгч П.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н-д холбогдох эрүүгийн 2138000000622 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, П.Н.

Шүүгдэгч П.Н- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёолж төвийн гадна 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ө.Б-тай хамт түүний машин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний “Самсунг Эс-9” загварын гар утас, годон гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч П.Н- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” төвийн гадна 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ө.Б-тай хамт түүний автомашин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Ө.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж унтсаны дараа шунахайн сэдэлтээр түүний автомашинд байсан “Самсунг Эс-9” загварын гар утас, годон гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.230.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

- Цааны хос гутал, Самсунг-9 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 11 дүгээр хуудас/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 12 дугаар хуудас/,

- Хохирогч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумаас Хөвсгөл аймагт фондны өвс авчирсан. Тэр өдрөө өөрийн унаж ирсэн машиныг “Соёолж” төвийн хажууд байрлуулаад хамт тээвэрт явж ирсэн Х.Б-той хамт Эрдэнэс баар руу орчихоод буцаад ганцаараа “Соёолж” төв дээр орхисон машин руугаа таксидаад явж байхдаа “Хишиг хур” дэлгүүрт ороод 2 том пиво аваад гарахад үл таних залуу нэг пивоноосоо өгчихөөч гэсэн. Тэгэхээр нь гудамжинд архиа ууна гэж юу байх вэ миний машинд очиж ууя гээд дагуулаад явсан. Тэгээд тэр үл таних залуутай хамт хоёр пиво ууж байхдаа тасраад унтсан хойгуур хамт ирж пиво уусан үл таних залуу миний гар утас, цааны годон гутал зэргийг аваад явчихсан байсныг өглөө нь мэдсэн. Тэгээд араас нь хайж байгаад П.Н- гэдэг нэртэй хүн гэдгийг нь мэдэж аваад хайж байгаад олж аваад ... тоотод байдгийг нь мэдэж аваад очиж уулзаад чамайг авсныг чинь мэдлээ миний гутал, гар утас хоёрыг өгчих цагдаа сэргийлэх гээд яахав гэсэн чинь 5 дугаар хорооны ... тоотод Б- гэдэг айл зааж өгөөд Б-тай нь уулзаад гэртээ байхгүй ... тоотод байхад уулзахад Б- 5 дугаар хорооны ... тоотод гэртээ очоод хөх торонд хийсэн миний гутал, гар утас хоёрыг надад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

- Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хамт том тэрэг барьдаг жолооч Ө.Б-ийн хамт архи уусан юм. Тэр үед нэг Ө.Б-ь бид хоёр Тэнхлэг буудалд байрлаж байсан юм. Ө.Б-ь хэсэг ууж байгаад түрүүлээд буудалдаа очоод унтахаар явсан. Би хэсэг бааранд сууж байгаад буудалдаа очтол Ө.Б-ь буудалдаа ирээгүй утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь Ө.Б-ь хүний утсаар над руу залгаад би годон гутлаа, гар утастайгаа хулгайд алдчихлаа чи хүрээд ирээч гэхээр нь яваад очтол Ө.Б-ь машиныхаа дэргэд байсан. Тэгээд надад ярихдаа дэлгүүрт согтуу хүнтэй тааралдаад нөгөө хүн нь архинаас чинь хуваагаад ууя гэхээр нь өрөвдөөд машин дээрээ авч ирээд архи уусан. Тэгтэл тасраад унасан хойгуур утас, годон гутлыг аваад явсан байсан гэж ярьсан. Тэгээд бид хоёр нөгөө хамт уусан гэх хүнийг хайхад П.Н- гэдэг хүн гар утас, гутлыг нь авч яваад Б- гэдэг хүнд өгсөн байсан. Тэгээд бид хоёр тухайн Б- гэх хүнээс гутал, гар утсаа буцааж аваад цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 сарын эхээр хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ажлын өдөр байсан. Өглөөгүүр 10 юм уу 11 цагийн үед манай багийн найз П.Н- над руу залгаад манайд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Н-н гэрийнх нь гадаа очоод П.Н-д ирчихлээ гэж хэлэхэд П.Н- нь нэг тортой годон гутал барьсан гарч ирсэн. Тухайн үед П.Н- согтуу байсан. Би П.Н-гээс яах гэж байгаа юм юун гутал вэ гэхэд миний гутал байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үедээ би ч нээх анзаараагүй юм. Тэгээд үүний дараа П.Н- миний машинд суугаад гудамныхаа үзүүрт буусан. Буухдаа П.Н- би энэ гутлыг хаячихаж магадгүй чиний машинд байж байг бас утас үлдээе тэгж байгаад чамаас авъя гээд байхаар нь би гутлын түрүү рүү нь хийчих гэж хэлээд годон гутал, утас хоёрыг нь үлдээлгэсэн юм. Тэгээд л П.Н- бид хоёр салсан. Энэ үйл явдлаас 2 хоногийн дараа амралтын өдөр байсан юм. П.Н- нь хоёр танихгүй залуу дагуулж ирээд хулгай хийсэн болоод явсан. Тэгэхээр нь би нөгөө гутал, утас хоёрыг нь амбаараасаа авч өгсөн. ...бас карманаасаа утас гаргаж ирээд энэ утсыг урд тал руу хийчих гэж хэлэхээр нь би гутлын түрүү рүү нь хийчих гэж хэлээд хийлгэж байсан, ...худалдаж аваагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

- “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №2145617200570 дугаартай: “...цааны годон гутлыг 950.000 төгрөгөөр, “Самсунг-S9” маркын гар утсыг 280.000 төгрөгөөр, нийт 1.230.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 сарын 10-нд орой 23 цагийн үед гэрийнхээ хажуу талд байдаг “Хишиг-3” дэлгүүрт ороод юм авах гэж байтал миний хажуу талд нэг танихгүй залуу хоёр том пиво авсан зогсож байсан. Тухайн үедээ би юм уусан халамцуу байсан болохоор тэр танихгүй залуугийн авсан пивоноос нь цуг уух гээд тэр залууд танилцъя барья пивоноосоо татуулчихаач гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу зөвшөөрөөд бид хоёр тэр залуугийн машин руу явсан. Тухайн үед тэр залуугийн машин нь “Соёолж” төвийн наана байсан. Тэгээд тэр залуу машин руугаа орох үед нь кармаанаас нь утас нь унаад, машинаас нь гутал нь унаад байсан. Тэгээд тэр залуугийн машинд пиво ууж байхад нөгөө залуу маань тасраад унтаад өгсөн. Тухайн үедээ би ч бас согтуу байсан. Болж байсан үйл явдал орж гараад л байсан. Тухайн үедээ би тэр залуугийн эд зүйлс алга болчих вий гэж бодоод утас, годон гутал хоёрыг нь аваад гэртээ ирээд үүднийхээ амбаарт далд хийсэн. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан байх. Нэлээн орой болсон байсан. Тэгээд маргааш өглөө нь босоод болсон үйл явдлаа бодоод нөгөө гутал, утас хоёрыг нь аваад нөгөө залуугийн машин дээр нь очих гээд явсан. Тухайн үедээ би нөгөө залуу дээр яваад очиход надаас янз бүрийн мөнгө төгрөг нэхэх байх гэж бодоод айгаад очиж чадаагүй. Тэгээд би буцаад гэртээ хариад дахиж архи уугаад зориг ороод дахиад аваачаад өгье гэж бодоод чадаагүй. Үүний дараа би өдрийн 14 цагийн үед Б- найзыгаа дуудаад үлдсэн архиа уусан. Тухайн үед Б- найз маань архи уугаагүй. Харин би архи ууж байхдаа Б- найздаа нөгөө залуугийн гутал, утас хоёрыг нь машиндаа далд хийчих гээд өгсөн байсан. Тухайн үедээ Б- надаас чинийх юм байгаа биз дээ гэхээр нь би минийх минийх гэж хэлээд хадгалуулсан. Тэгээд л Б- яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/,

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч П.Н- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч П.Н- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” төвийн гадна 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ө.Б-тай хамт түүний автомашин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Ө.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж унтсаны дараа шунахайн сэдэлтээр түүний автомашинд байсан “Самсунг-S9” загварын гар утас, годон гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.230.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, цааны хос гутал, Самсунг-9 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 11 дүгээр хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 12 дугаар хуудас/, хохирогч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №2145617200570 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/, шүүгдэгч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч П.Н-: “...Би нэлээд согтуу байсан. ..Тэр залууг алдчих байх гэж бодоод авсан” /хх-ийн 32/ гэж мэдүүлж байх боловч гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 21/-ээр бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй санаа зорилго агуулж, тухайн эд зүйлсийг бусдад дамжуулан шилжүүлж байгаагаас үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө олох санаа зорилготой, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч П.Н- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” төвийн гадна 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ө.Б-тай хамт түүний автомашин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Ө.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж унтсаны дараа шунахайн сэдэлтээр түүний автомашинд байсан “Самсунг-S9” загварын гар утас, годон гутал зэргийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч П.Н-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.230.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт цааны хос гутал, Самсунг-S9 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8/ авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ө.Б-ийн: “...гар утасны ар, урд талын хагарсан шилийг төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ хэрэгт авагдсан байх тул хохирогч Ө.Б- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Н-гээс дээрх хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. 

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийиг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...П.Н-н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч П.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Б- нь гар утасны ар болон дэлгэцийн талаарх хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Н-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР