Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 107

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй   болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Золжаргалд холбогдох “60.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2017 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ууганхүү овогтой Золжаргал нь 2014 оны 05 сарын 05-ны өдөр манай компанитай 1037642 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч У.Золжаргал нь 1037642 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд  заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 40.000 /дөчин мянга/ төгрөгийг төлөлгүй гэрээний  үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд У.Золжаргалтай байгуулсан 1037642 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20.000 төгрөг, нийт 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 60.000 төгрөгийг хариуцагч У.Золжаргал төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

            

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч У.Золжаргалд холбогдуулан  60.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

Хариуцагч У.Золжаргал нь “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 60.000 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинцэцэгийн тайлбараар  нотлогдож байна.  

Хариуцагч У.Золжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 60.000 төгрөгийг төлж биелүүлсэн нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 60.000 төгрөгийг хариуцагч У.Золжаргал төлж биелүүлснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас 2275 төгрөгийг, хариуцагч У.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.   

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА