Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 108

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Хулд суманд байрлах “Мандах говь” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4 дүгээр баг Бор-Өндөрийн задгайд оршин суух БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн

Дорноговь аймгийн Даланжаргалан сум 5 дугаар баг Олон овоо, Майхан овоо

2-5 тоотод оршин суух Үст овгийн Чимэдрэгзэнгийн Ганцацрал нарт холбогдох

 Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт шатахууны үнэ 38.353.000 төгрөг, алданги 24.000.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарсан зардал 649.500 төгрөг нийт 63.002.500 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын захирал Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч Ч.Ганцацрал, түүний өмгөөлөгч Ц.Азбаяр, хариуцагч Рэн Дэвэн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч “Мандах говь” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2000 оноос хойш өнөөг хүртэл 20 жил Дундговь аймгийн Хулд сумын төвд шатахуун түгээх станцын үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Тус суманд бичил уурхай хамтран ажиллуулж байсан БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн болон Ч.Ганцацрал нар нь өөрийн уурхайн хэрэглээний шатах тослох материалыг 2014 оны 02 сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд манай шатахуун түгээх станцаас худалдан авч, зарим үед аман хэлцэл байгуулан зээлээр авдаг байсан. Нийт 94.856.000 төгрөгний шатахуун аман хэлцэл байгуулж зээлээр худалдаж авсан. Энэ тооцооноос 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс өмнөх тооцоог хийж дуусгасан. 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл үндсэн төлбөр 49.853.000 төгрөг болсон. Рэн Дэвэн, Ч.Ганцацралд зээлээр нийлүүлсэн дээрх түлш, бензиныг манай компани Гүн зэгэстэй ХХК-аас 2015 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан 15-1 тоот зээлийн гэрээний дагуу өөрөө зээлээр авсан байсан. Рен Дэвэн, Ч.Ганцацрал нар нь биднээс авсан дизель түлш, бензины төлбөрийг төлөхгүй байсны улмаас манай компани Гүн зэгэстэй ХХК-д дээрх гэрээний 2.3-д заасны дагуу алданги төлөх ёстой болсон. Гүн зэгэстэй ХХК-аас удаа дараа үндсэн төлбөр болон түүний алдангийг нэхэмжилсэн тул бид нийт 24.000.000 төгрөгийн алдангийг тус компанид төлж барагдуулсан ...Ч.Ганцацрал нь 2016 оны 05 сард 11.500.000 төгрөг төлсөн. Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нарын аман хэлцлээр хамтран авсан шатахууны үнэ 38.353.000 төгрөг, хариуцагч хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох шатахуун нийлүүлэгч Гүн зэгэстэй ХХК-ийн өмнө хүлээсэн алданги 24.000.000 төгрөг, Дундговь аймгийн Хулд сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан зардал 649.500 төгрөг нийт 63.002.500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал Б.Баярсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Рэн Дэвэн нь Дундговь аймгийн Хулд сумын Төмөр цагааны бичилт уурхайд олборлолт хийж бригад ажиллуулсан юм. Тэр бригадыг Ганцацрал гэдэг хүн бусад хүмүүсийн хамт ажиллуулж байсан. Манай Мандах говь ХХК 40.000.000 гаруй төгрөгөөр ямар ч өр зээлгүй эргэлддэг. Эдний компани түлшний нэмэлт шаардлага гарсан учраас манайх үндсэн хөрөнгө хүрэлцэхгүй байсны улмаас Гүн зэгэстэй ХХК-тай зээлийн гэрээ байгуулж Рэн Дэвэнгийн уурхайд түлш нийлүүлдэг байсан. Түлшийг Рэн Дэвэнгийн бие төлөөлөгч Ганцацрал болон түүний хамтран ажилчид очиж авдаг байсан. Эхний удаа төлбөр тооцоогоо хийдэг байсан боловч сүүлдээ 20.000.000 гаруй төгрөгийн түлшний төлбөр хийгээгүй байсан учраас Ганцацралт түлш авах гэж ирэхэд нь би өмнөх өр зээлээ дуусгаад дараагийн түлшээ ав гэсэн шаардлага тавиад өгөөгүй” гэв.

Хариуцагч Ч.Ганцацрал шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч.Ганцацрал миний бие Мандах говь ХХК-аас шатахуун авч байгаагүй. БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн гэх хүн нь шатахуун авч байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Ч.Ганцацрал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн Монгол Улсын иргэн Рэнцэнпүрэвтэй Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны хайлуур жоншны олборлох үйл ажиллагааг хоорондоо тохиролцож эхлүүлсэн байдаг. Рэн Дэвэн өөрөө эхний удаа ажилуулдаг байсан. Сүүлдээ нутгийн хүмүүсийн хэл амнаас болж ажиллах боломжгүй болоод надад экскаватор ажлуулах жонш олборлох ачилт хийх ажлын саналыг тавьж байсан. Тэгээд өөрийн экскаватор, машин тоног төхөөрөмж хүн хүчийг Хулд суманд авч очоод 2014 оны 4 сараас 2015 оны 6 сарын 30-ны хооронд ажиллаж байсан. Рэн Дэвэн, Рэнцэнпүрэв нар нь олон жилийн өмнөөс бие, биенээ мэддэг, хамтран ажиллдаг, хоорондоо жонш наймаалцдаг түншүүд байсан. Энэ шугамаараа төрсөн эгч Оюунцэцэг, түүний нөхөр Баярсайхантай тохиролцож Мандах говь ХХК-ийн шатахуун түгээх станцаас нь түлш авч уурхай ажиллуулж байсан. Нэхэмжлэгч тал ч гэсэн хэлж байна. Үнэхээр Рэн Дэвэн бол түлшний үнийг алдангитай нь өгнө гэж байнга удаа дараа хэлж энэ хүмүүсийг байнга хохироосоор явж байгаа. Рэн Дэвэн Баярсайхан, Оюунцэцэг  нар хоорондоо тохиролцож  шатахууныг зээлээр авч төлбөрийг дараа нь төлөх нөхцөлтэйгөөр явдаг байсан. Заримдаа манай ажилчид шатахуун, түлш, тосол зэргийг авдаг байсан. Миний хувьд Мандах говь ХХК-тай ойр дотнын харилцаа байхгүй. Ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. Мөн өөрийн биеэр нэг ч удаа түлш очиж авч байгаагүй. Мандах говь ХХК надад итгэж хэдэн арван сая төгрөгийн түлш өгөх үндэслэл байхгүй. Хэрвээ надаас авах байсан бол экскаваторыг явуулахгүй. байсан. Гарсан жоншийг Рэн Дэвэн рүү ачуулахгүй барих байсан. Би уурхайгаас гарсан 2258 тонн жонш буюу 37 вагоныг бүгдийг нь Рэн Дэвэн рүү явуулсан.Энэ асар их хэмжээний жонш юм. Рэн Дэвэн 37 вагон жоншийг тэр чигт нь авсан. Хэрвээ би ямар нэг байдлаар шатахууны түлш төлөх нөхцөл байсан бол нэхэмжлэгч тал намайг хөдөлгөхгүй хамгийн сүлд 2015 оны 6 сарын 26-ны өдөр 266 тонн жонш байсан. Тэр жоншийг Рэнцэнпүрэв төрсөн дүүгээрээ дамжуулаад барьцаанд авсан бол эд нар хохиролгүй үлдэх боломж байсан. Тэгэхээр Рэн Дэвэн шатахууны түлш алдангитай нь төлнө гэж хэлээд жоншоо авсан. Эргээд намайг гүтгээд байгаа. Баярсайхан Рэн Дэвэнд итгэж байсны үндсэн дээр шатахуун өгч байсан тухай мэдүүлэг өгдөг. Тэрнээс биш Ганцацрал надад итгэж түлш өгч байгаагүй” гэв. 

Хариуцагч Рэн Дэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Рэн Дэвэн Ганцацрал нар нь Хулд сумын Түймэрт гэх газар жонш олборлохоор 50:50 хувиар хөрөнгө оруулж жонш олборлоё гэж Рэнцэнпүрэвийн бичил уурхайн газар дээр олборлолт хийхээр харилцан тохиролцсон. Ганцацрал надтай харилцан тохиролцоогүй гэж ярьдаг хэдий ч гэсэн өмнө нь Мандах говь ХХК-ийн захирал Баярсайхан гомдол дээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан мөрдөн байцаалтад өгсөн тайлбар дээр хамтран ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. Мөн бусад баримтад дээр энэ хоёр амаар тохиролцож 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийгээд жонш олборлосон. Ганцацрал гүйцэтгэлийн ажлыг нь хийхээр тохиролцсон байгаа. Тэгсэн хэр нь 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулна гэж тохиролцсон байдаг. Ингээд 2014 оны 4 сараас Рэн Дэвэн нийт 19 удаагийн 219.000.128 төгрөг, 2015 онд 27 удаагийн шилжүүлгээр 342.000.000 төгрөг нийт 561.128.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөн дүн дээр экскаваторын 26.000.000 төгрөг ороогүй байгаа. Дундын өмч болох 2 экскаватор байгаа. Ганцацрал Рэн Дэвэн миний экскаваторыг түрээсэлж байсан гэж өмнөх шүүх хуралдаанд дээр тайлбарладаг. Тэгтэл аудитын дүгнэлтээр нөгөө экскаватор нь энэ хоёрын дундын хөрөнгө байжээ гэдэг нь нотлогддог. Мандах говь ХХК-ийн нэхэмжлээд байгаа 2015 оны 5 сарын 6-ны өдрөөс 2015 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны шатахууны зардлын төлбөрт Рэн Дэвэн 2015 оны 5 сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 сарын 24-ний өдрийг хүртэлх нийт 7 удаагийн шилжүүлгээр 100.000.000 төгрөгийг Ганцацралын данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь шүүхэд өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно. Мөн 2015 оны 5 сард Оюунцэцэг гэдэг хүн Рэн Дэвэн руу таны шатахууны зардал 30.000.000 төгрөг болсон байна. Одоо яах юм бэ гэж утсаар ярьсан байдаг. Ингээд Рэн Дэвэн 2015 оны 5 сарын 16-аас 2015 оны 6 сарын 24-ний хооронд нийт 60.000.000 төгрөг шилжүүлсэн. Рэн Дэвэн хэдхэн хоногийн хооронд 60.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч Баярсайхан Рэн Дэвэнд шатахууны төлбөрөө миний данс руу шилжүүлж болдоггүй юм уу гэж хэлэхэд Рэн Дэвэн Ганцацралтай хамтран ажиллаж байгаа учраас Ганцацралын дансаар шилжүүлэх нь зүйтэй гэж байсан. Рэн Дэвэн мөнгө шилжүүлэх болгондоо Ганцацралын данс руу мөнгөн шилжүүлэг хийж байсан. Аудитын дүгнэлтэд Ганцацрал гэдэг хүн нийт 152.128.000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэсэн баримтыг Дундговь аймгийн цагдаагийн газарт гаргаж өгсөн байдаг. Үүнийг аудит задлаад үзэхээр Гүн зэгэстэй ХХК-ийн шатахуун түгээх станц, Мандах говь ХХК-ийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдаж авч байсан. Харин Зээгийн бүтээл ХХК-ийн шатахуун түгээх станцын шатахуун төлбөрийг иргэн Дашцэрэнгийн данс руу 23.619.000 төгрөгийг Ганцацрал шилжүүлсэн. Мөн Мандах говь ХХК-ийн шатахуун түгээх станцын төлбөрийг Баярсайхан гэдэг хүний данс руу 35.332.000 төгрөг шилжүүлсэн байна гэдэг нь 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Энэ  152.128.000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэсэн мөртлөө яагаад Баярсайхан гэдэг хүний мөнгийг дундаас нь өгөхгүй өөр зориулалтын бусаар зарцуулсан юм. Түүнээс биш Рэн Дэвэн гэдэг хүн шатахууны зардлыг бүрэн гүйцэд төлсөн. Зээгийн бүтээл шатахуун түгээх станц Дорноговь аймгийн шүүхээс Ганцацрал гэдэг хүнээс 5.000.000 төгрөгийн шатахууны төлбөрийг нэхэмжилсэн байдаг. Түүнийг нь шүүх хангаж шийдсэн байдаг. Үлдсэн төлбөр нь Баярсайхан буюу Мандах говь ХХК-ийн мөнгө гэж ойлгож байгаа. Тийм учраас Рэн Дэвэн нэхэмжлээд байгаа шатахууны төлбөрийг цаг хугацаанд нь Ганцацрал гэдэг хүний данс руу хийж төлсөн.  Харин энэ хүн цаашаа Мандах говь ХХК-д төлөөгүй асуудал байна. Иймд Рэн Дэвэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

            Нэхэмжлэгч “Мандах говь” ХХК нь хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох шатахууны үнэ 38.353.000 төгрөг, алданги 24.000.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал 649.500 төгрөг нийт 63.002.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар өөрт хамааралгүй, бие биенээ төлөх ёстой гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 63.002.500 төгрөгийг хариуцагч Ч.Ганцацралаас гаргуулж, хариуцагч Рэн Дэвэн-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээс дүгнэн үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

            Хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь хамтран 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарыг дуустал Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Түймэрт цагаан” гэх газраас жонш олборлох үйл ажиллагаа явуулж байжээ. Ч.Ганцацрал нь жонш олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулж, Рэн Дэвэн нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг тухай бүр Ч.Ганцацралын данс руу шилжүүлдэг байсан байна. /2-р хх-н 63-82 хуу/ Өөрөөр хэлбэл Рэн Дэвэн жонш олборлоход шаардагдах зардлыг /ажилчдын цалин хөлс, тээвэр, шатахуун, хоол, хүнс гэх мэт/ Ч.Ганцацралд шилжүүлж Ч.Ганцацрал нь дээрх мөнгийг захиран зарцуулдаг байжээ.

Хариуцагч Рэн Дэвэн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн Рэн Дэвэн-ээс Ч.Ганцацралд шилжүүлсэн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаарх Аудитын дүгнэлтэд “...БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн нь нийт 587.128.000 төгрөгийн санхүүжилт хийснээс хоорондын хөрөнгө болох экскаваторыг 52.000.000 төгргөний ханшинд авч 26.000.000 төгрөг нь Монгол Улсын иргэн Ч.Ганцацралд өгсөн нь харилцахын хуулгаар нотлогдож түүний зарцуулалтыг Монгол Улсын иргэн Ч.Ганцацрал нь өөрийн эзэмшлийн дансуудаар дамжуулан зарлагын гүйлгээ хийж байсан байна. Ч.Ганцацрал нь 4 дансаар 536.627.639 төгрөгийн гүйлгээ гаргасан. Уг гаргасан зардлыг харилцах болон үндсэн баримттай тулган үзэхэд олон данс ашиглаж өөрийн данснаас өөрийн данс хооронд гүйлгээ хийж, албан ажил, хувийн орлого зарлагыг хооронд нь хольж гаргасан, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу тайлан анхан шатны баримт хөтөлдөггүй зэрэг зөрчил илэрсэн. Дээрх мөнгөн гүйлгээг авч үзвэл бусад дансруу 311.379.031 төгрөг, өөрийн гар дээрээ бэлэн мөнгөөр 162.987.500 төгрөг, өөрийн дансруу 62.261.108 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Өөрийн дансруу гүйлгээ хийсэн болон гар дээрээ бэлэн мөнгө авч зарцуулсан 225.248.600 төгрөг нь анхан шатны баримт байхгүй. Бэлэн мөнгөөр ажил гүйлгээ гаргасан гүйлгээ болгон баримтгүй. Иргэн Ч.Ганцацралын гаргасан зарцуулалтын тайлан холбогдох баримт материал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 13 дугаар зүйл, 14.3 дахь заалт, 19 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн.

Иргэн Ч.Ганцацрал нь жоншны олборлолтонд зарцуулсан гэж гаргаж өгсөн 642.907.861 төгрөг нь дансаар шилжүүлсэн мөнгө нь дансаар шилжүүлсэн нь нотлогдож байгаа ч шилжүүлсэн мөнгөнд нь үндэслэх нэхэмжлэх падан байхгүй. Ямар баримт үндэслэн шилжүүлж байгаа тодорхой байхгүй. Бэлэн мөнгө гар дээрээ аваад зарцуулсан баримт байхгүй.

...Гар дээрээ бэлэн мөнгө буюу өөрийн дансруу шилжүүлсэн мөнгөнөөс яаж зарцуулсан нь тодорхой бус бэлэн мөнгөний баримт байхгүй 61.802.699 төгрөг хаашаа орсон нь тодорхой бус.

...Ч.Ганцацрал нь өөрийн хувийн 8 данстай үүнээс 4 дансаар дамжуулан гүйлгээ хийсэн байдаг. Нэг данснаас нэг дансруугаа мөнгө шилжүүлдэг тэр данснаасаа бэлнээр аваад зарцуулалт тооцоо байхгүй. 61.802.699 төгрөг хувьдаа авсан байж болзошгүй...” гэсэн дүгнэлтийг гаргажээ. /2-р хх-н 89-90 хуу/ Дээрх анхан шатны баримтгүйгээр зарцуулсан мөнгийг хэрхэн юунд зарцуулснаа хариуцагч Ч.Ганцацрал нь нотолж чадаагүй нь Рэн Дэвэн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгээс гаргасан “Рэн Дэвэн-ээс нэхэмжлээд байгаа шатахууны төлбөрийг цаг хугацаанд нь Ганцацрал гэдэг хүний данс руу хийж төлсөн. Харин энэ хүн цаашаа Мандах говь ХХК-д төлөөгүй асуудал байна” гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч Ч.Ганцацралын өмгөөлөгч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /прокурорын тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг/ нэхэмжлэлийн шаардлага болох 63.002.500 төгрөгийг хариуцагч Рэн Дэвэн төлөх ёстой гэж мэтгэлцэж байх боловч дээрх шатахууны төлбөрийг Рэн Дэвэн нь Ч.Ганцацралд шилжүүлж байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 63.002.500 төгрөгийг хариуцагч Ч.Ганцацралаас гаргуулж, хариуцагч Рэн Дэвэн-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    Т О Г Т О О Х нь:                                                                               

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасанаар хариуцагч Ч.Ганцацралаас 63.002.500 /жаран гурван сая хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мандах говь” ХХК-нд олгож, хариуцагч Рэн Дэвэн-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын   тэмдэгтийн хураамжид төлсөн 487.215 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Ч.Ганцацралаас 63.002.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 472.963 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандах говь” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэг зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР