Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/164

 

 

 

 

 

2021           12          07                                         2021/ШЦТ/164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч О.Дашравдан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дашравданд холбогдох эрүүгийн 2119000000194 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

        Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүн хараа суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер программист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Найрамдал гудамжны 105-5 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 1154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Одончимэгийн Дашравдан /РД:МЗ86102510/

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Дашравдан нь 2021 оны 10 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны 105 тоотод байрлах хохирогч Б.Банзрагчийн гар утасны лангуун дээрээс Айфон экс эс маркийн гар утсыг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.Дашравдангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Би тэр утасны кодыг нээж чадахгүй байсан болохоор тэр утастай сольсон. Энэ кодтой утсыг хүнээс худалдаж авсан. Манай хойд эцэг хүн зарна гэж байна гэхээр нь 20.000 төгрөгөөр авсан гэж байсан. Хохирогчид утсыг буцааж өгсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 10 сарын 07-ны өдөр Намын хорооны байрны 105 тоот хаягт байх лангуундаа гар утас худалдан борлуулж байх үед 11:30 минутын орчимд үл таних 30 гаран насны дунд хэрийн нуруутай махлагдуу хар куртик, хар малгай, улаан пүүз өмссөн залуу орж ирээд манай лангуунаас Айфон экс эс загварын цагаан өнгийн утас үзэж байгаад гарсан. Тэд удалгүй 11:45 минутын орчимд уг хүн дахин орж ирээд дахиад нөгөө үзэж байсан гар утсаа сайн үзье гэж хэлээд дахин үзсэн. Уг утсыг 3-4 минут үзэж байгаад лангуун дээр утас үлдээгээд гарсан. Маргааш өглөө буюу 2021 оны 10 сарын 08-ны өглөө хүнд гар утас үзүүлэхдээ нөгөө лангуун дээр тавьчихаад гарсан утсыг хүнд үзүүлэхэд кодтой байсан. Би тэгээд өөрийн лангууны хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 10 сарын 07-ны өдрийн орж ирж гар утас үзсэн хүн халаасандаа гар утсыг хийгээд гаргаж тавихдаа сольж байгаа нь харагдсан гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,

 

-Гэрч М.Сүрэнжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 09 сарын 29-өөс 30-ны хооронд өөрийн эзэмшлийн Айфон экс загварын цагаан өнгийн гар утсаа гээгдүүлсэн юм. 2021 оны 10 сарын 09-ний өдөр Дорноговь зарын группт “Утсаа гээгдүүлсэн хүн байвал холбогдоорой” гэх зарын дагуу 99046220 дугаарын утас руу холбогдож асуухад цагаан өнгийн Айфон экс загварын гар утас байна. ID код нь S  үсгээр эхэлсэн байна. Нэр чинь хэн бэ гэхээр Сүрэнжав гэхэд тэгвэл ирээд уулзчих гэхээр нь очиж үзэхэд миний гээгдүүлсэн утас байсан гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

 

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-08 ху/,

-Хохирлын үнэлгээ /хх 18-21 ху/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 34-35 ху/,

-О.Дашравданг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 45-52 ху/,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 1154 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 72-74 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Дашравдан нь 2021 оны 10 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МАН-ын байрны 105 тоотод байрлах иргэн Б.Банзрагчийн гар утасны лангуун дээрээс Айфон экс эс маркийн гар утсыг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “...Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Би тэр утсыг кодтой нээж чадахгүй байсан болохоор тэр утастай сольсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Банзрагчийн “...үл таних 30 гаран насны дунд хэрийн нуруутай махлагдуу хар куртик, хар малгай, улаан пүүз өмссөн залуу орж ирээд манай лангуунаас Айфон экс эс загварын цагаан өнгийн утас үзэж байгаад гарсан. Тэд удалгүй 11:45 минутын орчимд уг хүн дахин орж ирээд дахиад нөгөө үзэж байсан гар утсаа сайн үзье гэж хэлээд дахин үзсэн. Уг утсыг 3-4 минут үзэж байгаад лангуун дээр утас үлдээгээд гарсан. Маргааш өглөө буюу 2021 оны 10 сарын 08-ны өглөө хүнд гар утас үзүүлэхдээ нөгөө лангуун дээр тавьчхаад гарсан утсыг хүнд үзүүлэхэд кодтой байсан. Би тэгээд өөрийн лангууны хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 10 сарын 07-ны өдрийн орж ирж гар утас үзсэн хүн халаасандаа гар утсыг хийгээд гаргаж тавихдаа сольж байгаа нь харагдсан” /хх 12-13 ху/ гэсэн, гэрч М.Сүрэнжавын “...Би 2021 оны 09 сарын 29-30 хооронд өөрийн эзэмшлийн Айфон экс загварын цагаан өнгийн гар утсаа гээгдүүлсэн юм. 2021 оны 10 сарын 09-ний өдөр Дорноговь зарын группт “Утсаа гээгдүүлсэн хүн байвал холбогдоорой” гэх зарын дагуу 99046220 дугаарын утас руу холбогдож асуухад цагаан өнгийн Айфон экс загварын гар утас байна. ID код нь S  үсгээр эхэлсэн байна. Нэр чинь хэн бэ гэхээр Сүрэнжав гэхэд тэгвэл ирээд уулзчих гэхээр нь очиж үзэхэд миний гээгдүүлсэн утас байсан” гэсэн /хх 16-17 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Дашравдангийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Одончимэгийн Дашравданг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дашравданг 7 /долоон/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дашравданг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох үүргийг хүлээлгэж, энэ ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч О.Дашравданд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дашравданд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА