Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 109

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч  Хас банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нарт  холбогдох гэрээний үндсэн төлбөр 6.864.342 төгрөг, хүү 1.021.445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.727 төгрөг, нийт 7.908.514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017  оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нар нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хас банктай зээлийн 1430009454 дугаар гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн болон үндсэн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн хүүг жилийн 24 хувь болгон бууруулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар: 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Барьцааны гэрээ 1430009454-01 дугаар гэрээгээр

  1. Улсын бүртгэлийн Г-1804000733 дугаартай Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 4-р баг, Уурхайчин Өлзийт 5-04 тоот хаягт байрлалтай 646 м2 өмчлөх эрхтэй газар.
  2. 4584 ХЭҮ улсын дугаар, ГД-07089047 гэрчилгээний дугаартай, USB69GW7207586 арлын дугаартай Isuzu Bighorn маркын япон суудлын авто машин.
  3. 2812 ХЭҮ улсын дугаар, ГД-00984699 гэрчилгээний дугаартай, LGGGFLVE54L012433 арлын дугаартай Dongfeng маркын ачааны авто машин зэрэг хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн 1430009454 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн.

 Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүрийн зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр  мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгчийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 1430009454 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нарын зээлийн үлдэгдэл 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 6.864.342 төгрөг, хүү 1.021.445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.727 төгрөг, нийт 7.908.514  төгрөг болоод байна. Иймд зээлийн нийт төлбөр 7.908.514 төгрөгийг Л.Золжаргал, С.Ууганцэцэг нараас гаргуулж өгнө үү.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү,  нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг 49-19 тоотод оршин суух /РД: ТА96041914/ Боржигон овогт Лхагвадоржийн Золжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Л.Золжаргал миний бие Хасбанкны нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа Хасбанкны 7.908.514 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул ажил хөдөлмөр хийж графикийн дагуу төлөлт хийхийг хүсч байна. Өмнө хийж байсан хувийн бизнес маань бүтэлгүйтэж төлж чадсангүй.” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг 49-19 тоотод оршин суух /РД: ТБ77040306/ Боржигон овогт Сүхбаатарын Ууганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Ууганцэцэг миний бие Хасбанкны нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Хасбанкны 7.908.514 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ажил төрөлгүй байсан учир төлж чадсангүй. Одоо Жин Тай Хэ компанидд ажиллаж байгаа учир графикийн дагуу сар бүр төлнө. 2017 оны 08 сарын 15-наас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 450.000 төгрөгөөр төлөлт хийнэ.” гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцоооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайван шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Лхагвадоржийн Золжаргал /ТА96041914/, Сүхбаатарын Ууганцэцэг /ТБ77040306/ нарын тайлбар бичигтэй танилцлаа. Хасбанкны зүгээс хариуцагчдын зээлийн төлөлт хийх хугацаа, төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нарт холбогдох гэрээний үндсэн төлбөр 6.864.342 төгрөг, хүү 1.021.445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.727 төгрөг, нийт 7.908.514 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хариуцагч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нар нь Хас банкны Бор-Өндөр тооцооны төвтэй  2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1430009454 дугаар гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн болон үндсэн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн хүүг жилийн 24 хувь болгон бууруулсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага 7.908.514 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.   

Иймд хариуцагч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага 7.908.514  төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

           1. Нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн 7.908.514   /долоон сая есөн зуун найман мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг хариуцагч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141.486 төгрөгний тавин хувь 70.743 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 70.743 төгрөгийг  хариуцагч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Золжаргал, С.Ууганцэцэг нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.БАТБАЯР