Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Г-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн Д суманд төрсөн, нас ..., эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б.Г /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7, 12.5-д заасан заалтыг зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ... тоотод байрлах хашаа байшинг мөргөж, улмаар зорчигч Р.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7, 12.5 дахь заалтыг зөрчсөн. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг ... тоотод байрлах Д.А-ийн хашаа байшинг мөргөж Р.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Д.А-ийн хохирол төлбөрийг барагдуулсан. Р.Г-д тухайн үед гарсан эмчилгээний зардлуудыг нь төлж байсан. Өчигдөр ярьж 1,500,000 төгрөгийг өгсөн, 2,500,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний дотор өгөхөөр тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118/,

- Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр 21-ний орой 18 цагийн орчимд ажил дээр очиж юм хийх гээд гэрээ цоожлоод өөрийн ажилладаг “...” оёдлын газар дээр ирээд байж байсан.Тэгсэн чинь 21:30 минутын үед манай найз У над руу залгаад “байшинг чинь машин мөргөсөн гэнээ” гэхлээр нь ажил дээрээсээ гэртээ ирсэн чинь манай хашаа, байшингийн хойд талаас нь ... улсын дугаартай саарал өнгийн Истана маркийн авто машин мөргөсөн байдалтай байсан. Эмнэлэг, Цагдаа, Онцгой байдлын албаны хүмүүс ирсэн байсан...Б.Г-д гомдолгүй, хохирсон эд хөрөнгийг бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 24, 121/,

- Хохирогч Р.Г мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад “Элгэн баян” худалдааны төвийн ойр орчимд байдаг махны дэлгүүрүүдэд очоод тэр өдөр шулах мах байгаагүй ажил гайгүй байсан, тэгээд ажил багатай болохоор нь “Элгэн баян” дэлгүүр лүү ороод  Б.Г-тай уулзаад Б.Г-ын ... улсын дугаартай “Истана” маркийн авто машинд сууж байгаад нэг нэг пиво уусан юм, Б.Г ажлаа хийнгээ орж гараад ганц нэг пиво уугаад байсан, тэгээд орой ажлаа тараад Б.Г гэр лүүгээ орчихоод гараад ирсэн 1 шил архи аваад гарч ирээд Б.Г-ын найз нь гэсэн нэг танихгүй айлын гадаа очиж зогсоод нэрийг нь мэдэхгүй архи задлаад 3-уулаа хувааж уусан тухайн үед нэлээд харанхуй болсон байсан айлын гадаа машинд архи уугаад сууж байснаа санаж байна. Тэгээд цааш нь юу болсон эсэхийг сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь өглөө болчихсон эмнэлэгт ирчихсэн сэрсэн. Миний баруун хөлний шагай, өвдөгний доод хэсгээр 2 хугарсан, өвдөгний доогуур 2 оёдол, шагайгаараа 1 оёдол тавиулсан, одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа, мөн баруун талын хавирга хөндүүр, баруун талын сүүж хэсгээр өвдөөд байгаа, баруун гарын хуруунууд мөн гэмтсэн байдалтай байгаа... Шүүгдэгч Б.Г нь миний ... тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг хийсэн ба 2022 оны 05 дугаар сарын 31-ний дотор 2,500,000 төгрөгийг мөн дансанд хийж хохирол төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд хохирогч Р.Г би шүүгдэгч Б.Г-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Б.Г-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2022 оны 05 дугаар 31-ний дотор 2,500,000 төгрөгийг надад өгөхөөр үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, хүсэлт  /хх-ийн 27, 176/,

- Иргэний хариуцагч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Тухайн автомашин нь миний нэр дээр байдаг юм. Би ажилтныхаа ахуй амьдралд нь тус нэмэр болох үүднээс Б.Г-д авч өгч байсан юм. БНХАУ-ын Эрээн хотоос ачаа зөөгөөд мөнгө олоод надад төлбөрийг нь бага багаар цувуулж өгч болно гээд авч өгч байсан эхний сарынхаа төлбөрийг надад төлж өгч байсан, гэвч хил хаагаад явах боломжгүй болсон байсан. Бид нар хоорондоо ямар нэгэн маргаан нэхэмжлэх зүйл байхгүй. Хоорондоо ярилцаж тохиролцсон зүйл байгаа. Иймд надад тухайн машины төлбөр тооцооны тал дээр Б.Г-аас нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт ямар нэгэн маргаан гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 /,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 /,           

- Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 3/,

- Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 4 /,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14/,

- Хүний биеэс шинжилгээнд биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16 /,

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19,21/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04/200 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Г-ын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Г-ын биед тархи доргилт, хоёр мөрний ар хэсгээр зулгаралт, цээжний баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. “Гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04/199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Р.Г-ын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Р.Г-ын биед тахилзуурын гандан хэсгийн дээд 1/3 зөрсөн хугарал, доод хавчаарт зөрүүгүй хугарал, баруун өвдөг шагайд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. “Гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.

5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55/,

- ШУТИС-ийн Механик, Тээврийн хэргийн их сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/04 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

Б.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.5 “д”-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг... хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км-ээс ... хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн... Жолооч Б.Г нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон 12.5 “д”-р заалтыг зөрчсөн нь ослын шалтгаан болсон байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 59-61/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4379 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “...Б.Г нас 30...” гэж хаягласан цусанд 3,0 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3,0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 68-69/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4392 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “...Р.Г нас 40...” гэж хаягласан цусанд 2,5 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,5 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 68-69/,

- “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 82-86, 93-94/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-103/,

- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 104-109/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-д гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г, хохирогч Р.Г нар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд  согтууруулах ундаа хэрэглэж, улмаар Б.Г нь тээврийн хэрэгслийг жолоодон Р.Г-ыг гэрт нь хүргэж өгөх гэж яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ... тоотод байрлах Д.А-ийн эзэмшлийн хашаа байшинг мөргөж,  Р.Г-ын биед тахилзуурын гандан хэсгийн дээд 1/3 зөрсөн хугарал, доод хавчаарт зөрүүгүй хугарал, баруун өвдөг шагайд шарх буюу хүндэвтэр гэмтэл учирсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт болсон байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.А-ийн “...манай найз У над руу залгаад “байшинг чинь машин  мөргөсөн гэнээ” гэхлээр ажил дээрээсээ гэртээ ирсэн чинь манай хашаа, байшингийн хойд талаас нь ... улсын дугаартай саарал өнгийн Истана маркийн авто машин мөргөсөн байдалтай байсан...” гэсэн, хохирогч Р.Г-ын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад “Элгэн баян” худалдааны төвийн ойр орчимд байдаг махны дэлгүүрүүдэд очоод тэр өдөр шулах мах байгаагүй ажил гайгүй байсан, тэгээд ажил багатай болохоор нь “Элгэн баян” дэлгүүр лүү ороод  Б.Г-тай уулзаад Б.Г-ын ... улсын дугаартай “Истана” маркийн авто машинд сууж байгаад нэг нэг пиво уусан юм, Б.Г ажлаа хийнгээ орж гараад ганц нэг пиво уугаад байсан, тэгээд орой ажлаа тараад Б.Г гэр лүүгээ орчхоод гараад ирсэн 1 шил архи аваад гарч ирээд Б.Г-ын найз нь гэсэн нэг танихгүй айлын гадаа очиж зогсоод нэрийг нь мэдэхгүй архи задлаад 3-уулаа хувааж уусан тухайн үед нилээд харанхуй болсон байсан айлын гадаа машинд архи уугаад сууж байснаа санаж байна. Тэгээд цааш нь юу болсон эсэхийг сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь өглөө болчихсон эмнэлэгт ирчихсэн сэрсэн. Миний баруун хөлний шагай, өвдөгний доод хэсгээр 2 хугарсан, өвдөгний доогуур 2 оёдол, шагайгаараа 1 оёдол тавиулсан, одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04/200, 04/199, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4379, 4392 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ШУТИС-ийн Механик, Тээврийн хэргийн их сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/04 дугаар шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б.Г-ыг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Р.Г-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдэл нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирол хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт хохирогч Р.Г нь 534,598 төгрөгний нотлох баримтууд өгсөн, хохирол төлбөрийн талаар тодорхой нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Б.Г нь хохирогчид эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг хохирогчийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн, 2,500,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна. Иймд 2,500,000 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хэрэгт авагддсан нотлох баримтын хүрээнд хохирлыг  төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар  В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх тул уг эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тухайн гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг уг тэнссэн хугацаагаар, мөн хохирогчид хохиролд 2,500,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 31-ний дотор төлж барагдуулана гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т заасан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээг тус тус  хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.Г нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж, түүний иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаартай үнэмлэхийг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Г /РД: .../-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Б.Г-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах, мөн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,500,000 төгрөгийг төлж хор уршиг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаартай үнэмлэхийг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.У-д даалгасугай. 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-аас 2,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух, Д овогт Р.Г /... , утас .../-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н