Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 112

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч  Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Батбаатарт   холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 671247 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017  оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Батбаатар нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 10 дугаар сард 40000 төгрөг төлөөд, 2015 оны 11 дүгээр сард 12000 төгрөг тус тус төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 671247 төгрөгийг А.Батбаатараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 52-15 тоотод оршин суух /РД: СЩ83061339/, Орлой овогт Адилбишийн Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 671247 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна” гэжээ.

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “А.Батбаатарын тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч А.Батбаатарт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 671247 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хариуцагч А.Батбаатар нь Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 671247 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.   

Иймд хариуцагч А.Батбаатар нь нэхэмжлэлийн шаардлага халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 671247 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И Р А М Ж Л А Х нь:

           1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 671247 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг хариуцагч А.Батбаатар төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20660 төгрөгний тавин хувь 10330 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 10330 төгрөгийг  хариуцагч А.Батбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.Батбаатар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                               Р.БАТБАЯР