Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1905

 

Ё.Өнөборгилын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02279 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ё.Өнөборгил,

Хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг-д холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 36 085 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, өмгөөлөгч М.Бадрал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Саранцэцэгийн хүсэлтийн дагуу түүний бизнесийн түнш БНХАУ-ын иргэн Зу Хан Пингэд өөрийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Зүүн дөрвөн зам, амины орон сууцны хорооллын 6 дугаар байрны 7 тоот 250 м.кв 2 давхар орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр 3 жилийн хугацаатай хөлслүүлэн суулгасан. Энэ хугацаанд БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь С.Саранцэцэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж манай байрны 1 давхарт ажлын оффисоо байршуулан 2 давхарт Зу Хан Пинг болон компанийн хүмүүс амьдарч байсан. Орон сууц хөлслөх гэрээг С.Саранцэцэг асан өөрөө байлцан орчуулж, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын Юүби зууч компаниар зуучлуулан орон сууцны хөлсийг Зу Хан Пинг, С.Саранцэцэг нар хариуцан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулсан.

Уг байрыг анх 2012 онд Зу Хан Пингтэй сарын 2 200 ам.доллараар хөлслөхөөр гэрээ байгуулсан боловч 2014 оноос харилцан тохиролцсоны үндсэн дээр хөлслөгч талын хүсэлтээр үнээ буулган нэг сарын 2 000 ам.доллараар хөлслөн суулгадаг байсан. 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ё.Өнөборгил, “Пропер Сити Констракшн” ХХК-ийн захирал С.Саранцэцэг, Зу Хан Ринг нар хөлсөлж буй байранд уулзаад орон сууц хөлслөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж уг гэрээнд бүгд гарын үсэг зурсан. Уг нэмэлт өөрчлөлтийн дагуу уг байранд “Пропер Сити Констракшн” ХХК байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн тул байрны мөнгийг “Пропер Сити Констракшн” ХХК төлөхөөр болсон. Үүний дагуу С.Саранцэцэг асан 2015 оны өмнөх саруудын үлдэгдэлд 15 000 ам.долларын төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн бөгөөд тэрээр 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацааны байрны мөнгийг төлөхгүй, Зу Хан Пинг өөр хүмүүстэй хамтран ажиллах болсон тул байрны мөнгөө өөрөө төлнө гэдгийг бидэнд амаар мэдэгдсэн.

С.Саранцэцэг орон сууцны хөлсийг цаашид төлөхгүй гэдгийг Зу Хан Пинг мэдсэн бөгөөд түүнээс байрны хөлсөө шаардахад “С.Саранцэцэг намайг урьсан тул тэр байрны хөлс төлөх ёстой, би төлөх учиргүй” гэснээс маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс Зу Хан Пингтэй 2015 оны 7, 8, 10 дугаар сард, хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2:30-д байрандаа очиж уулзахад төлбөр барагдуулах ямар ч мэдэгдэл, хуудаст гарын үсэг зурахгүй гэж татгалзаж,  С.Саранцэцэгээс авлагатай учраас С.Саранцэцэг төлнө гэснээс бидний хооронд төлбөрийн асуудал шийдэгдэхгүй болсон.

Зу Хан Пинг нь Пропер Сити Констракшн ХХК-ийг Натур Фүүд компани 50 хувь, БНХАУ-ын Ху нан мужийн Зун Ге барилгын групп компани тус бүр 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар дээрх хүмүүс төлөөлөн байгуулсан компани гэж ойлгуулж байсан. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь өөрөө амьдран суух зорилгоор байгуулагдсан гэдгийг мэдсэний үндсэн дээр хөлсөө төлж байсан. Мөн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед ч гэсэн хөлслөгч Зу Хан Пинг болох нь тодорхой бичигдсэн. Зу Хан Пингийн гэрээний агуулгыг ойлгоогүй, гэрээний дагуу орон сууцыг хөлслөөгүй, амьдраагүй гэдэг нь үндэслэлгүй юм.

Ё.Өнөборгил болон БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсанаас хойш уг орон сууцыг чөлөөлсөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон сууцыг Зу Хан Пинг ашиглаж, эзэмшиж байсан. Орон сууцны хөлсөө төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн учраас Зу Хан Пингт орон сууц чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгснөөр тэрээр байрыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сулласан. Талуудын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулагдсан орон сууцны гэрээ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болоход Зу Хан Пинг гэрээнээс татгалзаагүй орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж эзэмшиж байсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзэж түүнээс орон сууц хөлсөлсний хөлс нэхэмжилж байна. Дээрх орон сууцанд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө компани үйл ажиллагаа явуулдаг байсан байж болно, харин энэ өдрөөс хойш Зу Хан Пинг дангаараа эзэмшиж байсан бөгөөд байр чөлөөлж өгөхийг амаар олон удаа мэдэгдсэн, нэг удаа бичгээр мэдэгдсэн.

Зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ заавал бичгээр байгуулахыг шаардахгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм. Анх орон сууц хөлслөх гэрээгээр хөлсийг сарын 2 200 ам.доллар гэж тохиролцсон боловч зохигч 2014 онд 2 000 ам.доллар болгож багасгасан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарын 2 000 ам.доллар тооцсон гэж бичсэнээс үзэхэд сарын төлбөрийг 2 000 ам.доллар болгосон нь тогтоогдоно.

Нэхэмжлэгч анх шүүхэд БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг, С.Саранцэцэг, Пропер Сити Констракшн ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны хөлсөлсний төлбөрт 44 501 280 төгрөг шаардсан бөгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагыг БНХАУ-ын иргэн Зу Хан Пингээс 10 сарын хөлс 36 511 840 төгрөг гаргуулах, Пропер Сити Констракшн ХХК-иас 1 сарын төлбөр 3 994 720 төгрөг гаргуулах болгон тодруулсан бөгөөд хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлуулан шийдвэрлүүлсэн. С.Саранцэцэг асанд холбогдох 3 994 720 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. БНХАУ-ын иргэн Зу Хан Пингээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон сууцыг чөлөөлж өгсөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хөлс 36 511 840 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 426 280 төгрөгөөр багасгаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх бүрт ам.долларын ханш өөрчлөгдөж байсан учраас ханшны өөрчлөлтийн лавлагааг Монголбанкнаас лавлагаа авсны үндсэн дээр шаардлагаа тооцсон. Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг /Zhu hanping/-ээс орон сууц хөлсөлсний хөлсийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 5 сарын хугацааны хөлс 10 000 ам.доллар буюу 19 973 600 төгрөг /1 ам.доллар=1997.36 төгрөг/, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 сарын хөлс 4 000 ам.доллар буюу 8 042 920 төгрөг /1 ам.доллар =2010.73 төгрөг/, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 2 сарын хөлс 8 069 040 төгрөг /1 ам.доллар =2017.26 төгрөг/, нийт 36 085 560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун,  П.Баттулга нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.Өнөрборгилын дурдаад буй орон сууц хөлслөх гэрээ, тус гэрээний дагуу төлөх төлбөрийн асуудалд Зу Хан Пинг нь ямар ч хамааралгүй гэж үзэж байна. БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь Пропер Сити Констракшн ХХК-д ажилладаг бөгөөд Ё.Өнөборгилын түрээслүүлсэн гэх байранд Пропер Сити Констракшн ХХК байрлан үйл ажиллагаа явуулдаг учраас уг компани байрны хөлсийг хариуцан төлөх ёстой. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ уг орон сууцанд Пропер сити констракшн ХХК байрлаж үйл ажиллагаа явуулдаг, орон сууц хөлслөх гэрээнд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу Пропер сити констракшн ХХК байрны хөлсийг төлөхөөр болсон гэж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд Ё.Өнөборгил, Пропер сити Констракшн ХХК-ийн байгуулсан гэрээний дагуу төлбөрийг уг хуулийн этгээдийн өмнөөс БНХАУ-ын иргэн Зу Хан Пин хариуцах үүрэг хүлээгээгүй.

Нэхэмжлэгч Ё.Өнөборгилын шүүхэд гаргаж өгсөн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн огноотой Хятад Монгол хэл дээр байгаа орон сууц хөлслөх гэрээ гэх баримтад БНХАУ-ын иргэн Зу Хан Пингийн нэр байхгүй, баталгаат орчуулгын тамгагүй, мөн гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдаг. Мөн хэрэгт авагдсан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн огноотой орон сууц хөлслөх гэрээнд хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пингийн нэр, гадаад паспортын дугаарыг сүүлд нь гараар засаж оруулсан, гэрээ нь дан ганц Монгол хэл дээр хийгдсэн. БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь Монгол хэл мэдэхгүй, ойлгодоггүй, хариуцагчийн гарын үсгийг сүүлийн хуудас дээр тусад нь зуруулсан байгаа зэрэг нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотолж байна.

Түүний хувьд энэ гэрээнд Пропер сити констракшн ХХК-ийн захирал С.Саранцэцэгийн орчуулж, хэлж, ойлгуулсны дагуу тус компанийн дэд захирлын хувьд Пропер сити констракшн ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Ё.Өнөборгилтой гэрээ байгуулж байгаа гэж ойлгон гарын үсэг зурсан байдаг. Учир нь, орон сууц 2 давхар, 250 м.кв хэмжээтэй, ийм том хэмжээний орон сууцыг Зу Хан Пинг хөлслөх ямар ч шаардлагагүй, тогтсон цалин хөлсгүй хүнд эдийн засгийн хувьд хохиролтой нь хэнд ч ойлгомжтой бөгөөд ийм хэмжээний хөлс төлөх боломж түүнд байгаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан “Намайг орон сууцны хөлсөө авах гээд очиход С.Саранцэцэг, Зу Хан Пинг нар өөд өөдөөсөө харсан байдалтай суудаг, компанийн ажилчид бас байдаг байсан” гэсэн тайлбараас тодорхой харагддаг.

Хэдийгээр гэрээнд Зу Хан Пинг гарын үсэг зурсан боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Пропер сити Констракшн ХХК орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг тул цаашид уг компанийг албан ёсоор гэрээний нэг тал болж, хөлсийг төлөхөөр бичгээр баталгаажуулалт хийж, улмаар энэхүү гэрээнд Пропер сити Констракшн ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Саранцэцэг гарын үсэг зурсан байдаг. Тодруулбал уг гэрээнд “Энэ хугацаанд уг байранд Пропер сити констракшн ХХК байрлан үйл ажиллагааг явуулж ирсэн тул байрны хөлсийг компани төлөх ёстой гэж хөлслөгч иргэн Зу Хан Пинг үзэв. Энэ талаар компанийн гишүүн С.Саранцэцэгийг байлцуулан ярилцаад хөлсийг цаашид Пропер сити констракшн ХХК төлж байхаар тохиролцов” гэж заан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Хэрэв хариуцагч Зу Хан Пингийг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч тал гэж үзсэн ч гэсэн гэрээний 6.1-д заасны дагуу талууд тохиролцож цаашид Пропер сити констракшн ХХК хөлсийг төлөхийг зөвшөөрч, гэрээ байгуулсан тул Зу Хан Пингийн хувьд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг нь хууль зүйн хувьд дуусгавар болсон. Нэгэнт нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр оруулсан гэрэээний нэмэлт өөрчлөлтөөс хойш үүссэн үүрэг буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацааны хөлсийг шаардаж байгаа тул анхны байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу ямар нэгэн шаардах эрхийг хариуцагч Зу Хан Пингийн эсрэг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Ё.Өнөборгил болон Зу Хан Пингийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар дуусгавар болсон. Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацаанд Пропер сити констракшн ХХК-ийн зүгээс Зу Хан Пингд хандан Ё.Өнөборгилтой байгуулсан гэрээгээ цуцалсан, дуусгавар болгож тухай, эд хөрөнгийг суллаж өгөх талаар мэдэгдэж байгаагүй, нөгөө талаас нэхэмжлэгч Ё.Өнөборгил мөн адил энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй, зөвхөн “С.Саранцэцэг чамайг байрны хөлс төлөх ёстой гэсэн болохоор чи төлөх ёстой” гэсэн байдлаар хандаж байрны хөлс нэхэмжилж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сард орон сууц чөлөөлөх мэдэгдлийг бичгээр Зу Хан Пингд өгсний дагуу тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байрыг чөлөөлж өгсөн.

Зу Хан Пинг нь тус Пропер сити констракшн ХХК-ийн дэд захиралын албан тушаал хашиж байсан нь түүний оршин суух тодорхойлолтонд тусгагдсан, мөн хөрөнгө оруулагчийн картад бичигдсэн байгаа. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт тодорхой заасан байна. Нэхэмжлэгч Ё.Өнөборгил нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацаанд хариуцагч  Зу Хан Пингд хандан өөрийн орон сууцыг хөлслөх талаар гэрээ байгуулах талаар санал тавьж байгаагүй, талуудын хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдаагүй байхад түүнээс орон сууцны хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ё.Өнөборгилын өмнө Пропер сити констракшн ХХК-ийн хүлээсэн үүргийн хувьд иргэн Зу Хан Пинг хариуцах ёсгүй гэж үзэж байна.

Түүнчлэн хэлцлийг ямар тохиолдолд байгуулагдсан гэж үзэхийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд орон сууц хөлслөх гэрээний гол нөхцөл нь хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх эд хөрөнгө байх, хөлслөгчийн эд хөрөнгө ашигласны төлөө хөлслүүлэгчид төлөх хөлсний хэмжээ байхаар байна. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацаанд нэхэмжлэгч Ё.Өнөборгил, хариуцагч Зу Хан Пинг нарын хооронд хөлслүүлэгч нь ямар эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн болох, үүний хариуд хөлслөгч ямар хэмжээний хөлс төлөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй.

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг хятад хэл дээр орчуулсан байсныг 2015 онд батлуулаад шүүхэд өгсөн байсан боловч уг гэрээ хятад хэл дээр бичигдээгүй талаар гомдол гаргаж байгаагүй. Орон сууц хөлслөх гэрээнд өөрчлөлт оруулахаас өмнө хөлсийг компани болон С.Саранцэцэгийн зүгээс төлж байсныг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл дээрээ бичсэн байсан. Пропер сити констракшн ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон сууцны хөлс төлөхгүй гэснээр Зу Хан Пинг байрны хөлс төлөх эсэхийг зөвшөөрсөн эсэхийг мэдэхгүй, уг компанитай одоо холбоогүй, хэзээ хамааралгүй болсныг мэдэхгүй. Иймд энэхүү иргэний хэргийн хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг биш тул Зу Хан Пингд холбогдох Орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 36 085 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.Өнөборгилын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг /Zhu hanping/ паспортын дугаар G47055734-ээс 36 085 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Өнөборгилд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Өнөборгилын 3 994 720 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Саранцэцэгт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, С.Саранцэцэг асанд холбогдох хэрэг, хариуцагч С.Саранцэцэг асны хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/13797 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2-т заасан хариуцагч Монгол Улсын иргэн С.Саранцэцэг, Пропер сити Констракшн ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсүгэй гэх хэсгийг хүчингүй болгож, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/13797 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25489 тоот хүсэлт шийдвэрлэж, хариуцагчийг улсын хилээр гарахыг түдгэлзүүлэх тухай захирамжаар тус тус авсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн 7.1.1-т зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг /Zhu hanping/ паспортын дугаар G47055734-ээс улсын тэмдэгтийн хураамжид 338 378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Өнөборгилд олгож, С.Саранцэцэг асны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 579 626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд, Зу Хан Пинг нь тухайн орон сууцанд тодорхой хугацаагаар хөлс төлөлгүй оршин сууснаар түүнд ашгийн давуу тал бий болсон мэт харагддаг. Гэтэл бодит байдал дээр уг орон сууцанд зөвхөн Зу Хан Пинг бус Проперсити констракшн ХХК-ийн оффис байрлан үйл ажиллагаа явуулж байсан нь “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-гээр талууд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний талаар ярилцав. Энэ хугацаанд уг байранд Пропер сити констракшн” ХХК байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн” гэж бичсэнээр нотлогддог ба энэхүү үйл баримтыг тус компанийн захирал С.Саранцэцэг асан зөвшөөрч гарын үсэг зурсан.

Мөн өмнө нь хурал болж хойшилсон анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ё.Өнөборгил: “...түрээсийн төлбөрийг С.Саранцэцэг агсан хийдэг байсан. ...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлбөрийг төлсөн байсан, ...Түрээсийн байрын 1-р давхарт 2 оффис ширээ, 2 хүн өөд өөдөөсөө хараад суудаг байсан ба С.Саранцэцэг асан байж л байдаг байсан, ...2-р давхарт 3 өргөн ор надад хэлж оруулсан ба Хятад хүн, Монгол хүн аль аль нь л байдаг байсан. Миний ажигласнаар компанийн удирдлага сууж байсан. Түрээсийн байранд олон машинууд ирдэг байсан. Үүнийг гэрчлэх хүмүүс байгаа” гэсэн тайлбараас тодорхой харагдаж байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Зу Хан Пингийг БНХАУ-ын Хунан Жөнгө барилга угсралтын корпораци болон Монгол Улсын Натур фүүд ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хийгдэх ажлын хүрээнд Монгол улсад урьж ирүүлсэн, түүнийг оршин байрлах байраар хангах хүрээнд БНХАУ-ын Хунан Жөнгө барилга угсралтын корпораци болон Монгол Улсын Натур фүүд ХХК-ийн хамтран байгуулсан Пропер сити констракшн ХХК үйл ажиллагаа явуулж байсан байранд түүнийг амьдруулж байсан байдаг.

Гэтэл Пропер сити констракшн ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөлсийг хариуцан төлөхгүй гэдгээ зөвхөн нэхэмжлэгч Ё.Өнөборгилд мэдэгдсэнээс биш компанийн зүгээс Зу Хан Пингд албан ёсоор мэдэгдээгүй, түүнд орон сууцыг чөлөөлж өгөх талаар мөн адил мэдэгдээгүй атлаа түүнийг цаашид орон сууцны хөлс төлнө гэх ойлголтыг нэхэмжлэгч Ё.Өнөборгилд төрүүлсэн байдаг. Харин хариуцагч Зу Хан Пинг нь Пропер сити констракшн ХХК орон сууцны хөлсийг хариуцан төлнө гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр тухайн байранд байрлаж компанийн ажлыг хийж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс ч байрыг чөлөөлөхийг хариуцагчаас тэр даруй шаардаагүй, сүүлд 2016 оны 03  дугаар сарын 12-ны өдөр орон сууц чөлөөлөх мэдэгдэл өгсний дагуу хариуцагч тэр даруй 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байрыг чөлөөлж өгсөн байхад хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч Зу Хан Пингд өөр орон байр хайж олоход хугацаа
шаардлагатай байх нь зүй ёсны асуудал байхад анхан шатны шүүх хариуцагчийг
үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнө нь болж хойшилсон анхан шатны шүүх хуралдаан дээр даргалагч “2015 оны 06 дугаар  сарын 01-ний өдрөөс хойш төлбөрийг хэн хариуцахаар тохиролцсон бэ” гэхэд нэхэмжлэгч “...Ё.Өнөборгил гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Пропер сити констракшн ХХК нь төлөхөөр тохиролцсон учраас, уг компани төлнө гэж үзэж байна...” гэж, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар “...хуулийн дагуу өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргахад Пропер сити констракшн ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх эрхийг шилжүүлж авч орон сууц хөлслөх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг Пропер сити констракшн ХХК нь төлөхөөр харагдаж байна...” гэж хэлсэн байгаа нь нэхэмжлэгч тал өөрөө хариуцагчийг уг байранд нь ганцаараа амьдраагүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй байгааг харуулж байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар "Т" ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд олгоно”, Засгийн газрын 2001 оны 139 тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ын 13-т “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах бүрэлдэхүүний 3-аас дээшгүй гишүүн гадаадын компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийг Засгийн газрын холбогдох агентлагийн тодорхойлолтыг үндэслэн ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан.

Үүний дагуу Зу Хан Пинг нь гадаадын хөрөнгө оруулалтгай аж ахуйн нэгж болох Пропер сити констракшн ХХК-ийн дэд захирлын хувьд хөрөнгө оруулагчийн карт /тодорхойлолт/-ыг авч улмаар Т ангиллын виз авсан байдаг. Үүнээс хойш хариуцагч Зу Хан Пинг нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Пропер сити констракшн ХХК-тай холбоо, хамааралтай байж тэдний ажил үүргийг гүйцэтгэж байсан нь түүний Монгол Улсад оршин суух үнэмлэхэд орсон өөрчлөлтөөс харагддаг бөгөөд хамгийн сүүлд оршин суух үнэмлэхийн хугацааг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогч болон ажилтны хоорондын харилцаа үргэлжилж байсан. Дээрх байдлаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар, Пропер сити констракшн ХХК-ийн захирал С.Саранцэцэг асан 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчид орон сууцны хөлсийг төлж, гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэнээр Пропер сити констракшн ХХК-ийг орон сууцны хөлс төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах тухай хүсэл зоригийн илэрхийлэл гаргаснаас хойш гэрээ бодитоор дуусгавар болох хүртэл хугацааг гурван сараар тогтоосон байна.

Нэхэмжлэгч Ё.Өнөборгил болон Пропер сити констракшн ХХК нар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэлцэл байгуулан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж орон сууцны хөлс төлөх үүргийг Пропер сити констракшн ХХК төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний хугацаа нь 5 жил байсан тул нэхэмжлэгч Ё.Өнөборгил болон Пропер сити констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь үндсэн гэрээний хугацаа болох 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байсан.

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Пропер сити констракшн ХХК-ийн захирал С.Саранцэцэг асан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчид орон сууцны хөлсийг төлөн цаашид манай компани орон сууцны хөлсийг төлөхгүй гэдгээ буюу орон сууц хөлслөх гэрээг цуцлах хүсэл зоригийн илэрхийллээ мэдэгдсэн байна. Энэ тохиолдолд Пропер сити констракшн ХХК-ийн орон сууцны хөлсийг төлөх үүрэг нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хоорон дахь хугацааны хөлсийг хариуцагч Зун Хан Пингээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ч.Өнөборгил нь БНХАУ-ын иргэн Зу Ханг Пинг-ээс орон сууц хөлсөлсний гэрээний үүрэгт 36 085 840 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны хөлсийг “Пропер сити констракшн” ХХК хариуцах ёстой гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Ё.Өнөборгил Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн дөрвөн зам хороолол 6 дугаар байрны 7 тоот 250 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн Ү-2204012110 дугаар бүртгэлтэй хувийн сууцаа Хятад улсын иргэн Зу Ханг Пинг-д хөлслүүлэхээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулж, сарын түрээсийн төлбөрийг 2 200 ам.доллараар тохиролцсон ба хөлслүүлэгч сууцыг гэрээний дагуу шилжүүлэн өгснөөр уг орон сууцанд амьдарсан үйл баримтын талаар талууд маргаагүй ч хөлслөгч Зу Ханг Пинг нь уг байрыг “Пропер сити констракшн” ХХК-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэсний төлөө хөлсөлсөн, уг байранд компанийн үйл ажиллагааг явуулдаг тул хөлсийг компани хариуцан барагдуулах ёстой гэж хөлсийг төлөөгүй үндэслэлээ тайлбарласан.

             Талууд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг хэн хариуцах талаар ярилцаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон талаарх 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ хэрэгт авагджээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлсөх гэрээ байгуулагдсан.

            Уг гэрээний агуулгаас үзвэл хөлслөгч Зу Ханг Пингийн байрны хөлсийг компани хариуцах ёстой гэж үзсэнийг “Пропер сити констракшн” ХХК-ийн захирал С.Саранцэцэг хүлээн зөвшөөрч, байрны сар тутмын хөлс 2 000 ам.долларыг цаашид компани хариуцан төлөх, өмнөх төлбөрийн үлдэгдлийг 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг компани хүлээсэн байх бөгөөд ийнхүү харилцан тохиролцсон гэрээнд компанийг төлөөлж захирал С.Саранцэцэг, хөлслүүлэгч Ё.Өнөборгил, хөлслөгч Зу Ханг Пинг нар гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх байрны хөлсөнд 15 000 ам.долларыг “Пропер сити констракшн” ХХК-ийн захирал С.Саранцэцэг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба үүнээс хойш тэрээр гэрээгээр хүлээсэн орон сууцны хөлс төлөх үүргийг өөр этгээдэд шилжүүлсэн, гэрээний нөхцөлийг өөрчилсөн үйл баримт хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй байна.

Зу Ханг Пинг нь “Пропер сити констракшн” ХХК-д ажиллахаа больсон тул компани байрны хөлсийг хариуцахгүй гэж тус компанийн захирал С.Саранцэцэг нэхэмжлэгчид мэдэгдсэн, үүнээс хойш Зу Ханг Пинг хөлс төлөх үүрэгтэй болсон гэх тайлбараа нэхэмжлэгч Ё.Өнөборгил нотлох үүрэгтэй. Тэрээр Зу Ханг Пингээс байрны хөлс шаардах үндэслэлээ нотолсон баримтыг гаргаагүй тул нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нотлоогүй гэж үзнэ. 

Түүнчлэн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссанаас хойш хөлслөгч Зу Ханг Пинг нь уг байрыг үргэлжлүүлэн ашигласаар байсныг хөлслүүлэгч Ё.Өнөборгил татгалзаагүй, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс /х2-131/ өмнө гэрээнээс татгалзсан талаар баримтгүй байх бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах тул мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар мөн нөхцөлөөр сунгагдсанд тооцогдсон, компанид хөлс төлөх үүрэг хэвээр үлдэнэ.

Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан хөлс төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Пропер сити констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/07270 дугаар захирамжаар БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас тусгаарласан /хх2-166/, мөн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2017/10129 дүгээр захирамжаар “Пропер сити констракшн” ХХК-д холбогдох орон сууцны 1 сарын түрээсийн төлбөрт 3 994 720 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг-ээс 36 085 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.Өнөборгилын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 338 378 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ