Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00452

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2257 дугаар магадлалтай

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Тд холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 89 181 805 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Г.Тгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, Ц.Ган-Од, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т нь Ктай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3000-2014/188 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2201023734 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам 20, Б-2 тоотод байрлах 346.8 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийг барьцаалсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дуусгасан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 67 109 005 төгрөг, зээлийн хүү 18 394 119 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 678 682 төгрөг, нийт 89 181 805 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ктай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3000-2014/188 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам 20, Б-2 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201023734 дугаартай, 346.8 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийг барьцаалсан. Энэ талаар маргахгүй бөгөөд уг зээлийг бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэхээр авсан боловч үйл ажиллагаа доголдсон. Би 3 жилийн хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт нийт 57 422 738 төгрөг, үндсэн зээлд 12 890 995 төгрөг төлсөн. Зээлсэн мөнгөтэйгээ дүйцэхүйц хэмжээний мөнгө төлсөн учир хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжилсэн хүүг хасч өгөхийг хүсч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Тгээс зээлийн гэрээний үүрэгт 67 109 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 22 072 801 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Ү-2201023734 тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдлын зам 20, Б-2 тоотод байрлах 346.8 м.кв талбайтай Г.Тгийн өмчлөлийн хувийн сууц, гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736 714 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 493 495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2257 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Тгээс зээлийн гэрээний үүрэгт 89 181 805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтын “493 495” гэснийг “674 059” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268 315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 07 дүгээр сарын 04-ны өдөр Кнаас “Тэмүүлэн болон тус банкны хооронд байгуулагдсан 2014.08.19-ний өдрийн 3000-2014/188 тоот зээлийн гэрээний үүрэг болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 84 845 056 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаартай шийдвэрээр Кны нэхэмжилсэн 89 181 805 төгрөгөөс 22 072 801 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг 2018.11.07-ны өдрийн 2257 магадлалаар анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 22 072 801 төгрөгийг гаргуулан, Кны гаргасан нэхэмжлэгчийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэж шийдвэрт өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу мөнгийг бодитойгоор нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн гэдэгтэй бид маргаан хийхгүй харин мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэл нотолно” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 7.1.7-д заасан “зээлдэгчийн зээлийн гэрээнд зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл бүхий л арга хэмжээг авах”-аар байх ба нэхэмжлэгч “К” ХХК нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сарын хугацаа өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлж хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдэж авсан 80 000 000 төгрөгийн зээлийн хүү гэж 57 850 000 төгрөгийг, үндсэн зээлд 12 890 000 төгрөгийг төлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдаг.

Гэтэл хариуцагч намайг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасан үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөөгүй гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх хэсгийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Тгээс зээлийн гэрээний үүрэгт 89 181 805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай, 3 дахь заалтын 493 495 гэснийг 736 714 гэж тус тус өөрчилснийг хүчингүй болгож, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.

“К” ХХК нь Г.Тд холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 89 181 805 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 67 109 005 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Зохигч 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр №3000-2014/188 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч “К” ХХК нь зээлдэгч Г.Тд хөрөнгө оруулалтын зориулалтаар 80 000 000 төгрөгийг жилийн 25.2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын ам, Найрамдлын замд байрлах 346.8 м.кв талбайтай хувийн сууцыг гаражийн хамт барьцаалж, “Барьцааны гэрээ” байгуулсан байна.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний талаар зохигч маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр, 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хэтэрсэн хугацааны хүү, гэрээгээр тохирсон нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 57 422 738 төгрөгийг, үндсэн зээлд 12 890 995 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй, үлдэгдэл төлбөрөөс хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү өндөр, зээлсэн мөнгөтэй дүйцэхүйц хэмжээний төлбөр төлсөн гэх үндэслэлээр хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хангаж, бусдыг хэрэгсэхгүй болгохдоо “...гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад зээлдүүлэгч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэл хүргүүж, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байхад банк талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1.4., 7.1.6., 7.1.7.-д зааснаар зээлийг төлүүлэх бүхий л арга хэмжээг авах эрхтэй атлаа шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сарын дараа нэхэмжлэл гаргасан тул энэ хугацаанд хамаарах шаардлагыг хангах үндэслэлгүй...” гэжээ.

Нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлээгүйд буруутгаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Зээлдэгч зээлийг хугацаанд нь бүрэн төлөөгүй тул хууль болон гэрээнд зааснаар зээлийн хүү, хугацаа хэтэрсэн хүү, гэрээгээр тохирсон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 41.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлдэгчийн үүрэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний нэг тал болох зээлдэгчид хамаарахгүй тул “...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2257 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.Тгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736 714 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД