| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2018/0328/Э |
| Дугаар | 594 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 594
С.Эад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
хохирогч О.О, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Оын гаргасан давж заалдах гомдлоор С.Эад холбогдох эрүүгийн 1710000000060 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хорхон овгийн Сайн-Эрийн Э, 1980 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, /,
С.Э нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний үеэр сум харваж болгоомжгүй үйлдлийн улмаас О.Оын зүүн нүдийг онож түүний бие махбодид хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хорхон овогт Сайн-Эрийн Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг нэг жилийн хугацаагаар эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Эад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, С.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Эын нэг жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, С.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Хохирогч О.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Миний бие шүүгдэгч С.Эын болгоомжгүй үйлдлийн улмаас зүүн нүдээ сохлуулж эд эрхтэн, сэтгэл санааны маш их хохирол амссан төдийгүй өнөөдрийг хүртэл байнгын эмчилгээ хийлгэж мэдрэлийн эмчийн хяналтад байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шүүгдэгч С.Эыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэнд гомдолтой байна.
Мөн шүүх хуралдааны үед анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлаж байсан боловч шийтгэх тогтоолдоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийн талаар дурдаагүй. Энэ нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Учир нь миний хувьд хэдий хэр хугацаанд ямар эмчилгээг хэр хэмжээний зардлаар хийлгэх нь тодорхойгүй байхад цаашид гарах эмчилгээний зардлыг шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн “чиний өмнө сөгдөх юм уу, гуйх юм уу? тэрний оронд чи үхсэн бол чамд оршуулгын зардал өгөөд л болоо шүү дээ” гэж хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд бичилгүй орхигдуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэл бүрэн бичигдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Эад оногдуулсан хорих ялыг өөрчилж, хүндрүүлэн хорих ял оногдуулж, хохирогч миний цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд нэмж дурдаж өгнө үү...” гэв.
Хохирогч О.Оын өмгөөлөгч О.Чулуунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхэд хохирлын баримтыг 4.600.000 төгрөг байсан. Гэвч шүүгдэгч 6.000.000 төгрөг төлж барагдуулсан гэсэн дүгнэлт хийсэн нь бодит баримттай нийцэхгүй байгаа. Хохирогчийн зүгээс 3 удаа нотлох баримтыг анхан шатны шүүхэд хүлээлгэж өгсөн. Энэ нь нийлбэр дүнгээр 9.626.000 төгрөг болсон. Үүнийг анхан шатны шүүх ямар баримтад үндэслэж, яаж 4.800.000 төгрөг болсон гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Харин ч илүү төлсөн гэх нөхцөл байдал харагдаж байгаа. Дараа нь хохирогч иргэний журмаар хохирлоо цаашид нэхэмжлэх гэхээр баримтгүй өгсөн мөнгөний зөрүү гэж гарна. Тэгэхээр энэ асуудалд хохирогчийн зүгээс маш их хохиролтой. Угтаа 9.626.000 төгрөгийн баримтыг мөрдөгчид хүлээлгэж өгөөд мөрдөгч хавтаст хэрэгт бэхжүүлсэн мөртлөө яагаад 4.000.000 төгрөг гэж үнэлэгдэж байгаа нь ойлгомжгүй. Шүүгдэгч өөрөө энэ байдлыг ойлгоод хурлын өмнө хохирогчид 9.085.000 төгрөгийг төлсөн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж заасан. Хохирогч нь 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр осолд орсон. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр групп тогтоолгосон. Ер нь гэмт хэрэг гарснаас хойш хугацааны туршид зээлийн гэрээ өгөөд зээлийн гэрээний хүүг төлүүлэх талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Хавтаст хэрэгт зээлийн гэрээ байгаа. Энэ зээлийн гэрээнд батлан даагчийн хувиар биш хамтран зээлдэгчийн хувиар О.О орсон. Тэгэхээр 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны төлбөл зохих зээлийн хэмжээний 50 хувь буюу 2.607.000 төгрөгийн хор уршгийг гаргуулах нь зүйтэй. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн сур харвах эрхийг хасаад байгаа юм уу, зорчих эрхийг хязгаарлаж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа тул үүнийг тодорхой болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хүсэлтээр хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчтой уулзахад 3.000.000 төгрөгийг өгөөч гэсэн байдлаар хандсан. Нэгэнт гэм буруугийн талаар маргаагүй боловч 3.000.000 төгрөгийг хүлээлцсэн. 2.000.000 төгрөгийг өчигдөр, 1.000.000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө хүлээлгэн өгсөн. Шүүгдэгч С.Эын зүгээс хохирогчоос уучлалт гуйсан, тухайн үед гэмтэл учрахад нь эмнэлэгт хүргэсэн. Гэхдээ миний энэ байдлыг хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн зүгээс гомдол гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчөөс зөвлөгөө авмаар байна гэсний үндсэн дээр би өмгөөлөгчөөр оролцож байна. Түүнээс биш давж заалдах гомдол гаргасан асуудал байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Тухайн асуудалд холбогдолтой баримтуудыг үнэлээд тогтоолд дурдаж өгсөн. Мөн цаашид гарах зардалтай холбоотойгоор тухайлан санал гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухайн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан байдаг. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг жич нэхэмжлэх эрхтэй болно гэсэн байдлаар дурдаж өгсөн байсан. Хэдий шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаж өгөөгүй боловч энэ эрхийг нь хязгаарласан ойлголт биш гэж үзэж байна. Мөн зорчих эрхийг хасаад байгаа эсэх нь тодорхой гэдэг талаар дурдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл заасан гэмт хэрэг нь өөрөө эрх хасах нэмэгдэл ялтай. Энэ гэмт хэргийн хувьд нум сум харвах гэсэн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой хөндөгдөж гарч ирэх байх. Шүүх эрх хассан гэж дурдсан байна. Зорчих эрхийг хасах гэдэг нь өөрөө ялын нэг хэлбэр юм. 2019 оноос энэ нь хэрэгжиж эхлэх тул зорчих эрхийг хасах гэсэн ойлголт яригдахгүй. Тэгэхээр мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор нум сум харвах эрхийг хассан гэх зохицуулалтыг давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Шүүх хохирогчийн хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Мөн иргэний хариуцагчаар татах тухай асуудал хөндөгдсөн. Гэтэл нь энэ нь сурын холбооны дүрэмд тусгасан байдаг. Үүнд тэмцээнд оролцогч нь аюулгүй байдлаа өөрсдөө хангах үүргийг нь дүрэмдээ зааж өгсөн байсан. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар сурын холбоог татах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн С.Э нь баримтаар тогтоосон хохирлыг төлсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд 3.000.000 төгрөгийг өгч нийтдээ 9.085.000 төгрөгийг төлсөн байдал, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж шүүхээс 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
С.Э нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний үеэр үндэсний сурын харваагаар харвах үед түүний харвасан болгоомжгүй үйлдлийн улмаас зурхайн орчим зогсож байсан О.Оын зүүн нүдийг онож түүний бие махбодид хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Э /1-р хх-ийн 33-35, 154-156, 2-р хх-ийн 37-38/, хохирогч О.О /1-р хх-ийн 6-7, 8-9, 2-р хх-ийн 35/, гэрч Б.Хүрэлбаатар /1-р хх-ийн 12-13/, Б.Анхзул /1-р хх-ийн 16-17/, А.Хатанбаатар /1-р хх-ийн 18/, Г.Ганбаатар /1-р хх-ийн 20-21/, Ч.Мөнхжаргал /1-р хх-ийн 22-23/, С.Энхболд /1-р хх-ийн 24-25/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...О.Оын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл /зүүн нүдний хөндийд шарик суулгах мэс засал/, зүүн ухархайн дээд хана, дотор ханын хугарал, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон шинжээчийн 10311 дүгээр дүгнэлт /1-р хх-ийн 28/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь уг хуульд нийцсэн, шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Эад анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар зөв дүгнэлт хийсэн байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ял шийтгэлийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг нэг жилийн хугацаагаар эрхийг хасаж” гэж чухам ямар эрхийг хассан болох нь тодорхойгүй, ойлгомжгүй заалтыг оруулсан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай нийцэхгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж хуульчилсан, мөн шүүгдэгч нь үндэсний сурын харвааны тэмцээний үед бусдад гэм хор учруулсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Эыг “Үндэсний сурын харваагаар хичээллэх, тэмцээн, наадамд оролцох” эрхийг нэг жилийн хугацаагаар хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хохирогч О.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хохирогч О.Оын гаргасан “...цаашид гарах эмчилгээний зардлыг шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна...” гэсэн гомдлыг хүлээн авч, бусад үндэслэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үүнээс гадна давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Н.Нарантуяа хохирогч О.Оад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.000.000 төгрөг нэмж төлсөн болохыг дурдах нь зүйтэй.