Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0020

 

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 20

Улаанбаатар хот

 

“Э”-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, гуравдагч этгээд Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “О”-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э”-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай захирамжийн “Э”-т холбогдох хэсэг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн 0359996 дугаарын /Э/ гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаартай захирамжийн иргэн “Э”-т холбогдох хэсэг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000166544 дугаартай гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2003007685 дугаарын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, анх дуудлага худалдаагаар олгогдсон газрын хэмжээнд хашааг нь татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайгчөлөөлж өгнө үү.

Дархан сумын 8 дугаар багийн Манхан толгойд нэр бүхий айлуудад газрын дуудлага худалдаа зохион байгуулагдаж “Э”-т 730 мкв талбай бүхий газар, мөн иргэн “Т”-д 620 мкв талбайбүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон байсан. Гэтэл тус хэсэгт газар эзэмшиж буй Э нь олгогдсон газрын хэмжээгээ хэтрүүлэн, 2017 мкв талбай бүхий газар болгож нийтийн эзэмшлийн зам болох үерийн даланг хааж хашаагаа барьсан нь хуулийг зөрчиж, бусад айлуудын эрх ашгийг зөрчсөн үйлдэл болж тухайн үед нь оршин суугчид бид аймгийн захирагчийн албанд удаа дараа гомдол гарган нийтийн эзэмшлийн замыгчөлөөлүүлж байсан. Үүнээс хойш Э нь дахин уг замыг хааж хашаагаа барин бусад иргэдийн эрх ашгийг зөрчин, улсын онцгой объект болох Д ХК-ийн хашаатай тулган, үерийн далан дамнуулж хашаагаа барин тус гудамжинд оршин суудаг 6 айлын эрх ашгийг зөрчиж цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байгаагаас гадна түргэн тусламж, гал командын тусламж үйлчилгээ авахад мөн хүндрэлтэй байна. 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжийн дагуу “Э”-т олгосон 730 мкв талбай бүхий газрыг Э нь эзэмшиж өмчлөх эрхтэй боловч “Т”-д эзэмшүүлсэн 620 мкв талбай бүхий газрыг Э нь яаж авсан нь тодорхой бус, холбогдох нотлох баримтууд нь хавтаст хэрэгт байдаггүй. 2016 мкв талбай бүхий газраас Э, Т нарын дуудлага худалдаагаар авсан 1350 мкв талбай бүхий газрыг хасаж илүү авсан 660 мкв талбай бүхий газрыг хууль бусаар олж авсан учир анх дуудлага худалдаагаар авсан газрын хэмжээнд нь хашааг татуулж, нийтийн эдэлбэрийн зам талбай, үерийн усны хамгаалалтын суваг, шуудууг чөлөөлүүлэх үндэслэлтэй. 56, 93 дугаар захирамжуудад тусгагдсан газруудын эх үүсвэрүүд нь заагдаагүй, дуудлага худалдаанд оруулахгүйгээр хууль бусаар Аймгийн Засаг даргын захирамж гаргуулж нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн усны сувгийг хувийн өмчлөлийн газар болгож авсан нь хуулийг хэтэрхий ихээр зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “А”-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С”-ийн Э нь 2009 оны 06 сарын 2-ны өдөр ялагч болж дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулснаар аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар 730 мкв газарт газар эзэмших гэрээ байгуулан газар олгосон. Э нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдлөөр өөрийн эзэмшил газар дээр нэмж 200 мкв газрыг авах мөн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтээр иргэн “Т”-ийн газрыг шилжүүлэх талаарх хүсэлтийг гаргаснаар аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаар захирамжаар иргэн “Э”-т Дархан сумын 8 дугаар баг, Манхан толгойн 1-39 тоотод 2016 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар 080128480 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмшүүлсэн. 2013 оны 01 сарын 29-ний өдрийн газар өмчлөх тухай хүсэлтийг хүлээн авч хянан үзээд аймгийн Засаг даргын 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 93 дугаар захирамжаар иргэн “Э”-т 2017 мкв газрыг өмчлүүлсэн. Иймд аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэн “Э”-т холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох шийдвэрүүдийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б”-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн газрыг олгосонцагаас хойш 2012 онд Э нь 200 мкв газрыг нэмж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсний дагуу тухайн газар дээр 200 мкв-г нэмж өгөхөөр шийдсэн боловч 2012 оны 56 дугаар захирамжаар 2016 мкв болж өөрчлөгдсөн байгаа. Тухайн үед Засаг дарга болон эрх бүхий удирдах хууль ёсны байгууллагын албан тушаалтнууд хуулийг зөрчсөн байгаа юм. Энэ газрыг олгохдоо Газрын тухай хуульд зааснаар төсөл сонгон шалгаруулах эсвэл дуудлага худалдааны аргаар олгоно гэсэн зүйл заалтыг баримтлах байсан байгаа. 2016 мкв газрыг 2012 онд Э гэж хүнд 20 жилийн хугацаатай эзэмшүүлснээр 2013 онд 2017 мкв газрыг өмчлүүлэх захирамж гарсан байна. Тухайн газрын метр квадратыг нэмж тооцоход манай байгууллагын ажилтан, дарга буюу газар зохион байгуулагч нар алдаатай зүйл хийсэн, редакцийн алдаа хийсэн байх магадлалтай байна. Иймд тухайн газрыг анх олгогдсон хэмжээнд нь зохицуулж, хамгаалалтын зурваснаас нь гаргуулж, улсын онцгой газрын ус сувгийн хашаанаас хуульд зааснаар тодорхой хэсэг буюу 5-10 метр газрыг татуулж, нийтийн эзэмшлийн газрын чөлөөлүүлэх нь зүйтэй байна. гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “С”-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлд ямар эрх, ашиг, хууль ёсны ашиг сонирхол нь яаж хэрхэн зөрчигдөөд байгааг тодорхойлж гаргаагүй байна. мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг хариуцагч байгууллагууд зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед иргэн “Э”-ын газар өмчлөх эрхээ улсын бүртгэлдбүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Э нь 211 онд Д ХК-ны хойно байрлах үерийн даланд чулуу дүүргэн бетондож Дархан-Уул аймгийн газрын харилцааны газраас тогтоож өгсөн маршрут зураг бүхий мартшрутыг зөрчин иргэн Э миний өмчлөлийн газар, Д ХК-ны үерийн далан дээр зам тавьсан болно. Иймд Д ХК, иргэн миний бие Э бид хамтран тохиролцож хашаа үерийн даланг хадгалж хамгаалах гэрээ байгуулсан. Иргэн “Э”-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: У ХК, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын араар тавигдсан хамгаалалтын үерийн далан дээгүүр даланг хааж автомашины зам гаргах хууль бус үйлдэл байна. Хуульд заасан өмчлөх эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн, албан тушаалтны гаргасан эрхийн актын улмаас хууль ёсны эрх, ашиг нь ноцтой зөрчигдсөн байхаар заасан юм. Энд ямар эрх ашиг зөрчигдсөн бэ гэхээр нийтийн эзэмшлийн газар буюу суваг, шуудуу дээрхашаа барьсан байна гэж үзэж байгаа бол тэр талаар У компани өөрөө хүсэлт гаргах ёстой. Иймээс энэ хүнийг нэхэмжлэгч биш юмаа гэж үзэж байна. Мөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хэдийд үүсэх вэ гэхээр нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж байна гээд дээд шатны албан байгууллага, тушаалтанд хандаад ийм хариу өглөө гээд эдгээр процесс ажиллагаа явсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүсэх ёстой байсан. Тэгэхээр энэ процесс ажиллагаа зөрчигдсөн байгаа юм. Шууд захиргааны хэргийн шүүхэд хандсан байдал нь захиргааны хэрэг үүсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний 41 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 , 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн “Э”-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаар захирамжийн “Э”-т холбогдох хэсэг, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн 0359996 дугаарын гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ, мөн Аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаар захирамжийн “Э”-т холбогдох хэсэг, “Э”-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000166544 дугаартай гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2003007685 дугаарын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Иргэн “Э”-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж буй үндэслэл нь иргэн Э нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 21-2-80 тоотод оршин суудаг Өргөө багт бүртгэлтэй болох нь түүний иргэний үнэмлэх багийн даргын тодорхойлолт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан газар объектууд нь Дархан сумын 8-р баг буюу Манхан толгойн хэсэгт харъяалагдах дуудлага худалдаагаар зарагдсан газрууд болно.

Хуульд захиргааны хууль бус актын улмаас хууль ёсны эрх ашиг нь ноцтой зөрчигдсөн иргэн хуулийн этгээд өөрийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчигдсөнийг тодорхойлон, уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга замыгнэхэмжлэлийн шаардлага болгон тодорхойлохыг хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлдээ өөрийн эрх ашгаа хэрхэн яаж зөрчигдөөд байгаа тодорхойлж гаргаагүйн дээр нэхэмжлэгч гэх иргэний хууль ёсны эрх ашгийг хариуцагч байгууллагууд зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Иймд иргэн Э нь нэхэмжлэгч биш бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.1.5-д зааснаар Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авахаас татгалзах тухай хуулийн заалтыг зөрчиж “Э”-ыг нэхэмжлэгчээр тогтоон улмаар шүүх хуралдаан хийж иргэн “Э”-ын эрх ашгийг ноцтой хохироосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү хэмээн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд давж заалдах гомдол гаргаж байна.

Мөн нөгөө талаар иргэн хуулийн этгээдэд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэдийд үүсэх вэ? гэвэл дээрхи хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д зааснаар дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдлыг заасан. Эндээс үзвэл эхлээд захиргааны акт буюу холбогдох захирамж тушаал хууль бус болохыг өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга болоод газрын харилцаа барилга хот байгуулалтын алба Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гомдлоо гаргаж тэднээр асуудал шийдвэрлүүлсэн эсвэл албан ёсны хариу тайлбарыг авсны үндсэн дээр эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах тухай хуульчилсан байна. Анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх энэхүү процес ажиллагааг зөрчиж шууд захиргааны хэрэг үүсгэсэн нь шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болж буйг анхаарах нь зүйтэй. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгыг буруу ойлгож, хэргийн үйл баримтад хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлж хэргийг шийдвэрлэснээс гуравдагч этгээдийн эрх хөндөгдөж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э нь нэхэмжлэлдээ ... Э нь замыг хааж, ... үерийн далан дамнуулж хашаагаа барин уг газрыг бүхэлд нь Аймгийн Засаг даргын 2013 оны 93 дугаар захирамжаар өмчилж авчээ. Энэ байдал нь тус гудамжны 6 айлын эрх ашгийг зөрчиж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байгаагаас гадна түргэн тусламж, гал командын тусламж үйлчилгээ авахад хүндрэл учруулж байна. Иймд анх дуудлага худалдаагаар олгогдсон газрын хэмжээнд хашааг татуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлж, гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “Э”-ын зөвхөн зам хааж, үерийн даланг оруулан хашаа барьсан хэсгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 93 дугаар захирамжаас өмнө гарсан аймгийн Засаг даргын 2012 оны 56 дугаар захирамжаар “Э”-т 2016 мкв газрыг эзэмшүүлснийг, уг захирамжуудыг үндэслэн гарсан гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч нэхэмжлэлийн агуулгаа өөрчлөөгүй, өөрөөр хэлбэл уг захирамж, гэрээ гэрчилгээгээр газрыг томруулан эзэмшүүлэхдээ маргаж буй газар буюу үерийн далан, замыг оруулан эзэмшүүлсэн талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 534 дүгээр албан бичгээр хариу өгсөн учраас захирамж, гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулж, уг газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн ... газар чөлөөлүүлэх хэсгийг шийдвэрлэлгүй нэхэмжлэгчийн маргаагүй “Э”-ын “Т”-ээс шилжүүлж авсан газар болон дээрх захирамжуудаар эзэмшүүлсэн бусад газарт нэхэмжлэгчийн маргаж буй газар хамаарч байгаа эсэхийг тогтоолгүйгээр дээрх захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгосон нь гуравдагч этгээд “Э”-ын эрхийг хөндсөн байна. Гуравдагч этгээд Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ... Засаг дарга надад үерийн далангийн газрыг эзэмшүүлээгүй, нэхэмжлэгч Э нь зөвшөөрөлгүй зам барьсан учраас би хамгаалах үүднээс хашаа барьсан, нэхэмжлэгч зөвхөн тэр газрыг чөлөөлүүлж хашааг татуулъя гэвэл би зөвшөөрнө ... гэж тайлбарласан, хэрэгт Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн зураглалд /хэргийн 144, 145/ одоо байгаа хашааны хэмжээ 2298 мкв, өмчлүүлсэн газрын хэмжээг 2008 мкв гэж тодорхойлж хил, хязгаарыг тэмдэглэн ирүүлснээс үзвэл дээрх захирамж, гэрчилгээнүүдээр эзэмшүүлсэн газрын хэмжээ, хил заагаар Э нь хашаагаа бариагүй байна. Тухайн зураглалыг хэний шаардсанаар юуг нотлохоор ирүүлсэн нь тодорхойгүй, тайлбар байхгүйгээс маргаж байгаа зам, үерийн далан нь хаана байрлаж байгаа нь тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүссэн маргаж буй зам, үерийн даланг маргаан бүхий захиргааны актуудаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн эсэх, эсхүл гуравдагч этгээд нь эзэмшүүлж, өмчлүүлсэн газрын хэмжээнээс хэтрүүлж уг үерийн далан, замыг хашаа барьж хаасан эсэхийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн ... нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актуудаар эзэмшүүлэхдээ зам, үерийн даланг хамааруулж олгосон бол холбогдох хэсгийг, хэрэв Э нь өмчлөх эрх бүхий газраас хэтрүүлэн хашаа барьсан бол нэхэмжлэгч Э нь уг газрыг чөлөөлүүлэх хүсэлтэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 534 дүгээр албан бичгээр ... газрыг өмчилж авсан тул чөлөөлөх боломжгүй ... гэж өгсөн хариу нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Мөн дээрх нөхцөл байдлыг тодруулбал гуравдагч этгээд нь өөрийн өмчлөх эрх бүхий газрын хил заагаар хашаагаа барихыг зөвшөөрч байх бөгөөд ингэснээр уг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй ... гэх боловч нэхэмжлэгч нь үерийн далангийн дэргэд амьдардаг, уг замыг ашигладаг этгээдийн хувьд аюулгүй амьдрах, нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрхтэй тул гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр эрх бүхий этгээд болон шүүхэд хандах эрхтэй.

Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Э нь тэр замыг дураараа барьсан. Д ХК нь онцгой обьект учраас танд зам байх ёсгүй ... гэж тайлбарлах боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүйгээс гадна энэ нь гуравдагч этгээдийн үерийн даланг оруулан хашаа барьсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсны дараа хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ