| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 101/2015/11982/И/Т |
| Дугаар | 1905 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 1905
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02279 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч БНХАУ-ын иргэн *******-д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 36 085 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн хүсэлтийн дагуу түүний бизнесийн түнш БНХАУ-ын иргэн *******эд өөрийн ******* дүүргийн ******* дүгээр хорооны ******* зам, амины орон сууцны хорооллын ******* дугаар байрны ******* тоот 250 м.кв 2 давхар орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр 3 жилийн хугацаатай хөлслүүлэн суулгасан. Энэ хугацаанд БНХАУ-ын иргэн ******* нь *******тэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж манай байрны 1 давхарт ажлын оффисоо байршуулан 2 давхарт ******* болон компанийн хүмүүс амьдарч байсан. Орон сууц хөлслөх гэрээг ******* асан өөрөө байлцан орчуулж, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын ******* зууч компаниар зуучлуулан орон сууцны хөлсийг *******, ******* нар хариуцан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулсан.
Уг байрыг анх 2012 онд *******тэй сарын 2 200 ам.доллараар хөлслөхөөр гэрээ байгуулсан боловч 2014 оноос харилцан тохиролцсоны үндсэн дээр хөлслөгч талын хүсэлтээр үнээ буулган нэг сарын 2 000 ам.доллараар хөлслөн суулгадаг байсан. 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *******, “*******” ХХК-ийн захирал *******, ******* нар хөлсөлж буй байранд уулзаад орон сууц хөлслөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж уг гэрээнд бүгд гарын үсэг зурсан. Уг нэмэлт өөрчлөлтийн дагуу уг байранд “*******” ХХК байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн тул байрны мөнгийг “*******” ХХК төлөхөөр болсон. Үүний дагуу ******* асан 2015 оны өмнөх саруудын үлдэгдэлд 15 000 ам.долларын төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн бөгөөд тэрээр 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацааны байрны мөнгийг төлөхгүй, ******* өөр хүмүүстэй хамтран ажиллах болсон тул байрны мөнгөө өөрөө төлнө гэдгийг бидэнд амаар мэдэгдсэн.
******* орон сууцны хөлсийг цаашид төлөхгүй гэдгийг ******* мэдсэн бөгөөд түүнээс байрны хөлсөө шаардахад “******* намайг урьсан тул тэр байрны хөлс төлөх ёстой, би төлөх учиргүй” гэснээс маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс *******тэй 2015 оны 7, 8, 10 дугаар сард, хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2:30-д байрандаа очиж уулзахад төлбөр барагдуулах ямар ч мэдэгдэл, хуудаст гарын үсэг зурахгүй гэж татгалзаж, *******ээс авлагатай учраас ******* төлнө гэснээс бидний хооронд төлбөрийн асуудал шийдэгдэхгүй болсон.
******* нь ******* ХХК-ийг ******* компани 50 хувь, БНХАУ-ын ******* мужийн******* барилгын групп компани тус бүр 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар дээрх хүмүүс төлөөлөн байгуулсан компани гэж ойлгуулж байсан. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг БНХАУ-ын иргэн ******* нь өөрөө амьдран суух зорилгоор байгуулагдсан гэдгийг мэдсэний үндсэн дээр хөлсөө төлж байсан. Мөн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед ч гэсэн хөлслөгч ******* болох нь тодорхой бичигдсэн. *******ийн гэрээний агуулгыг ойлгоогүй, гэрээний дагуу орон сууцыг хөлслөөгүй, амьдраагүй гэдэг нь үндэслэлгүй юм.
******* болон БНХАУ-ын иргэн ******* нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсанаас хойш уг орон сууцыг чөлөөлсөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон сууцыг ******* ашиглаж, эзэмшиж байсан. Орон сууцны хөлсөө төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн учраас *******т орон сууц чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгснөөр тэрээр байрыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сулласан. Талуудын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулагдсан орон сууцны гэрээ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болоход ******* гэрээнээс татгалзаагүй орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж эзэмшиж байсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзэж түүнээс орон сууц хөлсөлсний хөлс нэхэмжилж байна. Дээрх орон сууцанд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө компани үйл ажиллагаа явуулдаг байсан байж болно, харин энэ өдрөөс хойш ******* дангаараа эзэмшиж байсан бөгөөд байр чөлөөлж өгөхийг амаар олон удаа мэдэгдсэн, нэг удаа бичгээр мэдэгдсэн.
Зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ заавал бичгээр байгуулахыг шаардахгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм. Анх орон сууц хөлслөх гэрээгээр хөлсийг сарын 2 200 ам.доллар гэж тохиролцсон боловч зохигч 2014 онд 2 000 ам.доллар болгож багасгасан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарын 2 000 ам.доллар тооцсон гэж бичсэнээс үзэхэд сарын төлбөрийг 2 000 ам.доллар болгосон нь тогтоогдоно.
Нэхэмжлэгч анх шүүхэд БНХАУ-ын иргэн *******, *******, ******* ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны хөлсөлсний төлбөрт 44 501 280 төгрөг шаардсан бөгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагыг БНХАУ-ын иргэн *******ээс 10 сарын хөлс 36 511 840 төгрөг гаргуулах, ******* ХХК-иас 1 сарын төлбөр 3 994 720 төгрөг гаргуулах болгон тодруулсан бөгөөд хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлуулан шийдвэрлүүлсэн. ******* асанд холбогдох 3 994 720 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. БНХАУ-ын иргэн *******ээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон сууцыг чөлөөлж өгсөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хөлс 36 511 840 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 426 280 төгрөгөөр багасгаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх бүрт ам.долларын ханш өөрчлөгдөж байсан учраас ханшны өөрчлөлтийн лавлагааг Монголбанкнаас лавлагаа авсны үндсэн дээр шаардлагаа тооцсон. Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ээс орон сууц хөлсөлсний хөлсийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 5 сарын хугацааны хөлс 10 000 ам.доллар буюу 19 973 600 төгрөг /1 ам.доллар=1997.36 төгрөг/, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 сарын хөлс 4 000 ам.доллар буюу 8 042 920 төгрөг /1 ам.доллар =2010.73 төгрөг/, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 2 сарын хөлс 8 069 040 төгрөг /1 ам.доллар =2017.26 төгрөг/, нийт 36 085 560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын дурдаад буй орон сууц хөлслөх гэрээ, тус гэрээний дагуу төлөх төлбөрийн асуудалд ******* нь ямар ч хамааралгүй гэж үзэж байна. БНХАУ-ын иргэн ******* нь ******* ХХК-д ажилладаг бөгөөд *******ын түрээслүүлсэн гэх байранд ******* ХХК байрлан үйл ажиллагаа явуулдаг учраас уг компани байрны хөлсийг хариуцан төлөх ёстой. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ уг орон сууцанд ******* ХХК байрлаж үйл ажиллагаа явуулдаг, орон сууц хөлслөх гэрээнд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу ******* ХХК байрны хөлсийг төлөхөөр болсон гэж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд *******, ******* ХХК-ийн байгуулсан гэрээний дагуу төлбөрийг уг хуулийн этгээдийн өмнөөс БНХАУ-ын иргэн ******* хариуцах үүрэг хүлээгээгүй.
Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргаж өгсөн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн огноотой Хятад Монгол хэл дээр байгаа орон сууц хөлслөх гэрээ гэх баримтад БНХАУ-ын иргэн *******ийн нэр байхгүй, баталгаат орчуулгын тамгагүй, мөн гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдаг. Мөн хэрэгт авагдсан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн огноотой орон сууц хөлслөх гэрээнд хариуцагч БНХАУ-ын иргэн *******ийн нэр, гадаад паспортын дугаарыг сүүлд нь гараар засаж оруулсан, гэрээ нь дан ганц Монгол хэл дээр хийгдсэн. БНХАУ-ын иргэн ******* нь Монгол хэл мэдэхгүй, ойлгодоггүй, хариуцагчийн гарын үсгийг сүүлийн хуудас дээр тусад нь зуруулсан байгаа зэрэг нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотолж байна.
Түүний хувьд энэ гэрээнд ******* ХХК-ийн захирал *******ийн орчуулж, хэлж, ойлгуулсны дагуу тус компанийн дэд захирлын хувьд ******* ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч *******той гэрээ байгуулж байгаа гэж ойлгон гарын үсэг зурсан байдаг. Учир нь, орон сууц 2 давхар, 250 м.кв хэмжээтэй, ийм том хэмжээний орон сууцыг ******* хөлслөх ямар ч шаардлагагүй, тогтсон цалин хөлсгүй хүнд эдийн засгийн хувьд хохиролтой нь хэнд ч ойлгомжтой бөгөөд ийм хэмжээний хөлс төлөх боломж түүнд байгаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан “Намайг орон сууцны хөлсөө авах гээд очиход *******, ******* нар өөд өөдөөсөө харсан байдалтай суудаг, компанийн ажилчид бас байдаг байсан” гэсэн тайлбараас тодорхой харагддаг.
Хэдийгээр гэрээнд ******* гарын үсэг зурсан боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ******* ХХК орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг тул цаашид уг компанийг албан ёсоор гэрээний нэг тал болж, хөлсийг төлөхөөр бичгээр баталгаажуулалт хийж, улмаар энэхүү гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурсан байдаг. Тодруулбал уг гэрээнд “Энэ хугацаанд уг байранд ******* ХХК байрлан үйл ажиллагааг явуулж ирсэн тул байрны хөлсийг компани төлөх ёстой гэж хөлслөгч иргэн ******* үзэв. Энэ талаар компанийн гишүүн *******ийг байлцуулан ярилцаад хөлсийг цаашид ******* ХХК төлж байхаар тохиролцов” гэж заан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Хэрэв хариуцагч *******ийг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч тал гэж үзсэн ч гэсэн гэрээний 6.1-д заасны дагуу талууд тохиролцож цаашид ******* ХХК хөлсийг төлөхийг зөвшөөрч, гэрээ байгуулсан тул *******ийн хувьд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг нь хууль зүйн хувьд дуусгавар болсон. Нэгэнт нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр оруулсан гэрэээний нэмэлт өөрчлөлтөөс хойш үүссэн үүрэг буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацааны хөлсийг шаардаж байгаа тул анхны байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу ямар нэгэн шаардах эрхийг хариуцагч *******ийн эсрэг хэрэгжүүлэх боломжгүй юм.
******* болон *******ийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар дуусгавар болсон. Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацаанд ******* ХХК-ийн зүгээс *******д хандан *******той байгуулсан гэрээгээ цуцалсан, дуусгавар болгож тухай, эд хөрөнгийг суллаж өгөх талаар мэдэгдэж байгаагүй, нөгөө талаас нэхэмжлэгч ******* мөн адил энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй, зөвхөн “******* чамайг байрны хөлс төлөх ёстой гэсэн болохоор чи төлөх ёстой” гэсэн байдлаар хандаж байрны хөлс нэхэмжилж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сард орон сууц чөлөөлөх мэдэгдлийг бичгээр *******д өгсний дагуу тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байрыг чөлөөлж өгсөн.
******* нь тус ******* ХХК-ийн дэд захиралын албан тушаал хашиж байсан нь түүний оршин суух тодорхойлолтонд тусгагдсан, мөн хөрөнгө оруулагчийн картад бичигдсэн байгаа. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт тодорхой заасан байна. Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацаанд хариуцагч *******д хандан өөрийн орон сууцыг хөлслөх талаар гэрээ байгуулах талаар санал тавьж байгаагүй, талуудын хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдаагүй байхад түүнээс орон сууцны хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд *******ын өмнө ******* ХХК-ийн хүлээсэн үүргийн хувьд иргэн ******* хариуцах ёсгүй гэж үзэж байна.
Түүнчлэн хэлцлийг ямар тохиолдолд байгуулагдсан гэж үзэхийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд орон сууц хөлслөх гэрээний гол нөхцөл нь хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх эд хөрөнгө байх, хөлслөгчийн эд хөрөнгө ашигласны төлөө хөлслүүлэгчид төлөх хөлсний хэмжээ байхаар байна. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хугацаанд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд хөлслүүлэгч нь ямар эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн болох, үүний хариуд хөлслөгч ямар хэмжээний хөлс төлөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй.
Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг хятад хэл дээр орчуулсан байсныг 2015 онд батлуулаад шүүхэд өгсөн байсан боловч уг гэрээ хятад хэл дээр бичигдээгүй талаар гомдол гаргаж байгаагүй. Орон сууц хөлслөх гэрээнд өөрчлөлт оруулахаас өмнө хөлсийг компани болон *******ийн зүгээс төлж байсныг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл дээрээ бичсэн байсан. ******* ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон сууцны хөлс төлөхгүй гэснээр ******* байрны хөлс төлөх эсэхийг зөвшөөрсөн эсэхийг мэдэхгүй, уг компанитай одоо холбоогүй, хэзээ хамааралгүй болсныг мэдэхгүй. Иймд энэхүү иргэний хэргийн хариуцагч БНХАУ-ын иргэн ******* биш тул *******д холбогдох Орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 36 085 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн ******* паспортын дугаар *******-ээс 36 085 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын 3 994 720 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, ******* асанд холбогдох хэрэг, хариуцагч ******* асны хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/13797 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2-т заасан хариуцагч Монгол Улсын иргэн *******, ******* ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсүгэй гэх хэсгийг хүчингүй болгож, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/13797 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25489 тоот хүсэлт шийдвэрлэж, хариуцагчийг улсын хилээр гарахыг түдгэлзүүлэх тухай захирамжаар тус тус авсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн 7.1.1-т зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн ******* паспортын дугаар *******-ээс улсын тэмдэгтийн хураамжид 338 378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ******* асны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ******* тоот данснаас буцаан олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 579 626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд, ******* нь тухайн орон сууцанд тодорхой хугацаагаар хөлс төлөлгүй оршин сууснаар түүнд ашгийн давуу тал бий болсон мэт харагддаг. Гэтэл бодит байдал дээр уг орон сууцанд зөвхөн ******* бус *******ХХК-ийн оффис байрлан үйл ажиллагаа явуулж байсан нь “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-гээр талууд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний талаар ярилцав. Энэ хугацаанд уг байранд *******” ХХК байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн” гэж бичсэнээр нотлогддог ба энэхүү үйл баримтыг тус компанийн захирал ******* асан зөвшөөрч гарын үсэг зурсан.
Мөн өмнө нь хурал болж хойшилсон анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч *******: “...түрээсийн төлбөрийг ******* агсан хийдэг байсан. ...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлбөрийг төлсөн байсан, ...Түрээсийн байрын ******* давхарт ******* оффис ширээ, 2 хүн өөд өөдөөсөө хараад суудаг байсан ба ******* асан байж л байдаг байсан, ...2-р давхарт 3 өргөн ор надад хэлж оруулсан ба Хятад хүн, Монгол хүн аль аль нь л байдаг байсан. Миний ажигласнаар компанийн удирдлага сууж байсан. Түрээсийн байранд олон машинууд ирдэг байсан. Үүнийг гэрчлэх хүмүүс байгаа” гэсэн тайлбараас тодорхой харагдаж байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хариуцагч *******ийг БНХАУ-ын ******* барилга угсралтын корпораци болон Монгол Улсын ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хийгдэх ажлын хүрээнд Монгол улсад урьж ирүүлсэн, түүнийг оршин байрлах байраар хангах хүрээнд БНХАУ-ын ******* барилга угсралтын корпораци болон Монгол Улсын ******* ХХК-ийн хамтран байгуулсан ******* ХХК үйл ажиллагаа явуулж байсан байранд түүнийг амьдруулж байсан байдаг.
Гэтэл ******* ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөлсийг хариуцан төлөхгүй гэдгээ зөвхөн нэхэмжлэгч *******д мэдэгдсэнээс биш компанийн зүгээс *******д албан ёсоор мэдэгдээгүй, түүнд орон сууцыг чөлөөлж өгөх талаар мөн адил мэдэгдээгүй атлаа түүнийг цаашид орон сууцны хөлс төлнө гэх ойлголтыг нэхэмжлэгч *******д төрүүлсэн байдаг. Харин хариуцагч ******* нь ******* ХХК орон сууцны хөлсийг хариуцан төлнө гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр тухайн байранд байрлаж компанийн ажлыг хийж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс ч байрыг чөлөөлөхийг хариуцагчаас тэр даруй шаардаагүй, сүүлд 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орон сууц чөлөөлөх мэдэгдэл өгсний дагуу хариуцагч тэр даруй 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байрыг чөлөөлж өгсөн байхад хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч *******д өөр орон байр хайж олоход хугацаа
шаардлагатай байх нь зүй ёсны асуудал байхад анхан шатны шүүх хариуцагчийг
үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнө нь болж хойшилсон анхан шатны шүүх хуралдаан дээр даргалагч “2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлбөрийг хэн хариуцахаар тохиролцсон бэ” гэхэд нэхэмжлэгч “...******* гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу ******* ХХК нь төлөхөөр тохиролцсон учраас, уг компани төлнө гэж үзэж байна...” гэж, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* “...хуулийн дагуу өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргахад ******* ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх эрхийг шилжүүлж авч орон сууц хөлслөх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг ******* ХХК нь төлөхөөр харагдаж байна...” гэж хэлсэн байгаа нь нэхэмжлэгч тал өөрөө хариуцагчийг уг байранд нь ганцаараа амьдраагүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй байгааг харуулж байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар "Т" ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд олгоно”, Засгийн газрын 2001 оны 139 тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ын 13-т “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах бүрэлдэхүүний 3-аас дээшгүй гишүүн гадаадын компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийг Засгийн газрын холбогдох агентлагийн тодорхойлолтыг үндэслэн ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан.
Үүний дагуу ******* нь гадаадын хөрөнгө оруулалтгай аж ахуйн нэгж болох ******* ХХК-ийн дэд захирлын хувьд хөрөнгө оруулагчийн карт /тодорхойлолт/-ыг авч улмаар Т ангиллын виз авсан байдаг. Үүнээс хойш хариуцагч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* ХХК-тай холбоо, хамааралтай байж тэдний ажил үүргийг гүйцэтгэж байсан нь түүний Монгол Улсад оршин суух үнэмлэхэд орсон өөрчлөлтөөс харагддаг бөгөөд хамгийн сүүлд оршин суух үнэмлэхийн хугацааг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогч болон ажилтны хоорондын харилцаа үргэлжилж байсан. Дээрх байдлаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна
Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар, ******* ХХК-ийн захирал ******* асан 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчид орон сууцны хөлсийг төлж, гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэнээр ******* ХХК-ийг орон сууцны хөлс төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах тухай хүсэл зоригийн илэрхийлэл гаргаснаас хойш гэрээ бодитоор дуусгавар болох хүртэл хугацааг гурван сараар тогтоосон байна.
Нэхэмжлэгч ******* болон ******* ХХК нар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэлцэл байгуулан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж орон сууцны хөлс төлөх үүргийг ******* ХХК төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний хугацаа нь 5 жил байсан тул нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь үндсэн гэрээний хугацаа болох 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байсан.
Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд ******* ХХК-ийн захирал ******* асан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчид орон сууцны хөлсийг төлөн цаашид манай компани орон сууцны хөлсийг төлөхгүй гэдгээ буюу орон сууц хөлслөх гэрээг цуцлах хүсэл зоригийн илэрхийллээ мэдэгдсэн байна. Энэ тохиолдолд ******* ХХК-ийн орон сууцны хөлсийг төлөх үүрэг нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байна.
Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хоорон дахь хугацааны хөлсийг хариуцагч *******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь БНХАУ-ын иргэн *******-ээс орон сууц хөлсөлсний гэрээний үүрэгт 36 085 840 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны хөлсийг “*******” ХХК хариуцах ёстой гэж маргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* зам хороолол ******* дугаар байрны ******* тоот 250 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн ******* дугаар бүртгэлтэй хувийн сууцаа Хятад улсын иргэн *******-д хөлслүүлэхээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулж, сарын түрээсийн төлбөрийг 2 200 ам.доллараар тохиролцсон ба хөлслүүлэгч сууцыг гэрээний дагуу шилжүүлэн өгснөөр уг орон сууцанд амьдарсан үйл баримтын талаар талууд маргаагүй ч хөлслөгч ******* нь уг байрыг “*******” ХХК-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэсний төлөө хөлсөлсөн, уг байранд компанийн үйл ажиллагааг явуулдаг тул хөлсийг компани хариуцан барагдуулах ёстой гэж хөлсийг төлөөгүй үндэслэлээ тайлбарласан.
Талууд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг хэн хариуцах талаар ярилцаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон талаарх 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ хэрэгт авагджээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлсөх гэрээ байгуулагдсан.
Уг гэрээний агуулгаас үзвэл хөлслөгч *******ийн байрны хөлсийг компани хариуцах ёстой гэж үзсэнийг “*******” ХХК-ийн захирал ******* хүлээн зөвшөөрч, байрны сар тутмын хөлс 2 000 ам.долларыг цаашид компани хариуцан төлөх, өмнөх төлбөрийн үлдэгдлийг 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг компани хүлээсэн байх бөгөөд ийнхүү харилцан тохиролцсон гэрээнд компанийг төлөөлж захирал *******, хөлслүүлэгч *******, хөлслөгч ******* нар гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх байрны хөлсөнд 15 000 ам.долларыг “*******” ХХК-ийн захирал ******* төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба үүнээс хойш тэрээр гэрээгээр хүлээсэн орон сууцны хөлс төлөх үүргийг өөр этгээдэд шилжүүлсэн, гэрээний нөхцөлийг өөрчилсөн үйл баримт хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй байна.
******* нь “*******” ХХК-д ажиллахаа больсон тул компани байрны хөлсийг хариуцахгүй гэж тус компанийн захирал ******* нэхэмжлэгчид мэдэгдсэн, үүнээс хойш ******* хөлс төлөх үүрэгтэй болсон гэх тайлбараа нэхэмжлэгч ******* нотлох үүрэгтэй. Тэрээр *******ээс байрны хөлс шаардах үндэслэлээ нотолсон баримтыг гаргаагүй тул нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нотлоогүй гэж үзнэ.
Түүнчлэн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссанаас хойш хөлслөгч ******* нь уг байрыг үргэлжлүүлэн ашигласаар байсныг хөлслүүлэгч ******* татгалзаагүй, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс /х2-131/ өмнө гэрээнээс татгалзсан талаар баримтгүй байх бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах тул мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар мөн нөхцөлөөр сунгагдсанд тооцогдсон, компанид хөлс төлөх үүрэг хэвээр үлдэнэ.
Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан хөлс төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/07270 дугаар захирамжаар БНХАУ-ын иргэн *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас тусгаарласан /хх2-166/, мөн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2017/10129 дүгээр захирамжаар “*******” ХХК-д холбогдох орон сууцны 1 сарын түрээсийн төлбөрт 3 994 720 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул БНХАУ-ын иргэн *******-ээс 36 085 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 338 378 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.ОТГОНЦЭЦЭГ