Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 918

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “СЗ” ХХК

Хариуцагч: АМГТГ КХ

Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГ КХ-сийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 898 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “СЗ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Сүхбаатар аймгийн Мөнххаан Түвшинширээ сумын нутагт орших Майхан бор-Өндөр нэртэй газрын МВ-017671 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. АМГТГ КХ-сээс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/8801 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдье” гэсэн албан бичиг ирүүлсэн байна. Тусгай зөвшөөрөл цуцалсныг эс зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19/18 дугаар албан бичгээр өргөдөл гаргасан бөгөөд АМГТГ КХ-сийн даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 7/1728 дугаар албан бичгээр цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй хэмээн хариуг ирүүлсэн байдаг,Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд төлж чадаагүй шалтгаан нь гүйцэтгэх захирал н.Алтантүлхүүр би татаж унах өвчний улмаас хагалгаа хийлгэж 2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны хооронд эзгүй байснаас болсон юм. Мөн хагалгааны дараах эмчилгээ хийлгэх, гам бариж хяналтад байх шаардлагатай болсон болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заагаад мөн хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг хэрхэн хийх талаар тусгасан байна. Гэтэл АМГТГ КХ-сийн даргын МВ-017671 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэрийг тус тус гаргахдаа сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хийгээгүй байна.

            Энэ талаар ямар ч баримт мэдээлэл байхгүй Энэ нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны хууль зөрчсөн гэх үндэслэл болох тул хууль бус захиргааны акт болно. Иймд дээрх үндэслэл тайлбарыг дүгнэн үзэж АМГТГ КХ-сийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Хариуцагч АМГТГ КХ-сийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумдын нутаг орших “СЗ” нэртэй 2876.46 га талбайд ашигт малтмалын ашиглалтын МҮ-017671 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр “СЗ” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “СЗ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МҮ-017671 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан.

            Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх...” гэж тус тус заасан хугацаанд төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7/7965 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг шууд хүргүүлэхээр заасан байдаг. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр “СЗ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-017671 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/8801 тоот албан бичгээр цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7/7965 тоот, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/8801 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байгаа бөгөөд ийнхүү хүргүүлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /СМСS/-д тус компанийн бүртгүүлсэн хуулийн этгээдийн албан ёсны хаягаар хүргүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан тул танай компанийн хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

            Түүнчлэн  нэхэмжлэлд “...СЗ” ХХК-ийн захирал буюу удирдах төлөөлөх эрх бүхий цор ганц албан тушаалтан нь өвчний улмаас төлбөр, алдангийг төлөх боломжгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэдэг нь үндэслэлгүй тайлбар юм. Учир нь нэхэмжлэгч хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар 3 сарын дотор хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх зохицуулалттай бөгөөд энэ талаар тухайн компаниас гомдол гаргаж, шийдвэрлүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “СЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумдын нутагт орших “СЗ” нэртэй 2876.46 га талбайд ашигт малтмалын ашиглалтын МҮ-017671 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр “СЗ” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “СЗ” ХХК нь ашигт малтмалын ашиглах эрхийн МҮ-017671 дугаар тусгай зөвшөөрлийн 5 дах жилийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө төлөх ёстой боловч төлөөгүй, харин хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7/7965 дугаар мэдэгдлийг Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол Нарны зам-87, 302 тоот хаягаар хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдэл хүргэгдээгүй, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 88093377 дугаарт залгахад танай компанийн утас биш, 90115454 дугаар холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хуацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзвэл хэтэрсэн хоногийн алданги төлөх, 30-аас илүү хоног хэтрүүлээгүй бол тусгай зөвшөөрөл нь цуцлагдахгүй байх, хэрэв хэтрүүлсэн хоногийн алдангийг төлөөгүй, төлбөр, алдангийг бүрэн төлөөгүй, эсвэл хэтэрсэн хоног 30-аас дээш бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.

Өөрөөр хэлбэл “мэдэгдэх үйл ажиллагаа”-ны зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс захиргааны байгууллагын шийдвэрийн эсрэг тайлбар, нотлох баримтаа гаргах, захиргаа түүнийг хянаж үзсэнээр тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл хүчингүй болгох эсэхээ шийдвэрлэхэд чиглэгддэг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид ямар шалтгаанаар хугацаанд нь төлбөрөө төлөөгүй болох, хуульд заасан хугацаа хожимдуулан төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгох учиртай.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч хариуцагчаас дээрх хуульд заасны дагуу “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс цуцлагдах үндэслэл бүрдэж байгаа” талаарх мэдэгдлийг буруу хаягаар хүргүүлж, нэхэмжлэгчид уг мэдэгдэл хүргэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг түүнд олгоогүй гэдгийг мэдсээр атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан нь захиргааны акт хууль бус, хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч нь хайгуулын ХҮ-017671 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий 2876.46 гектар талбайд шаардагдах хөрөнгө оруулалт, хийж, зардал гарган нөөц илрүүлснээр 2876.46 гектар талбайд Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний  өдрийн 497 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-017671 дугаар тусгай зөвшөөрлийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 2044 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмших эрхтэй болсноор ашиглалтын тусгай зөвшөөрлийн 4 жил тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөс үзвэл нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө цаашид эзэмших, үйл ажиллагаа явуулах хүсэл зориг хангалттай илэрхий байгаа зэргийг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч “СЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий захиргааны акт болох АМГТГ КХ-сийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 898 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 898 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.О