Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

                                        

 

 

      

 

 

 

 2021          10           25                                     2021/ШЦТ/130

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2119001750170 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 01 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ..........  оршин суух хаягтай, одоо .......... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 127-1 тоотод 2021 оны 07 дугаар сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан “М.Ж” гэх фэйсбүүк цахим хаягаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 1.634.271 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Самсунг Жи-7” загварын гар утсаар өөрийн “Ж” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар цахим сүлжээнд лайв хийж хонжворт сугалаа явуулсан. 1 удаагийн тоглолтонд 6 хүн тус бүр 30000 төгрөгөөр оролцуулж байсан. Өөрийн гэм бурууг ойлгож байна” гэсэн мэдүүлэг,

Хаан банкны М.Бгийн эзэмшлийн 5041403904 тоот дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-87-р тал/

Гэрч С.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-нд шилжих шөнө 03 цаг 00 минутад ...М.Ж нэртэй фэйсбүүк хаягтай хүн бэлэн мөнгөний сугалаа лайв хийж байсан. Тэгээд би хэсэг лайв үзэж байгаад Хаан банкны 5041403904 дугаарын данс руу 30.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлж нийт 60.000 төгрөгөөр тоглосон... үүнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 4 удаа буюу 120.000 төгрөг шилжүүлж тоглосон ... мөн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэг удаа 30.000 төгрөгөөр тоглосон. 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цаг 51 минутад нөхөр Цэнгүүн рүүгээ 150.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад М.Бгийн ХААН банкны 5041403904 дугаарын данс руу “7667 тооцоо дуусав” гэсэн утгатайгаар гүйлгээг андуурч хийсэн... тухайн бэлэн мөнгөний сугалаа нь 30.000 төгрөгөөр 6 хүн орж эхний 3 байр нь 50.000  төгрөг авдаг, 4 дүгээр байрт орсон хүн нь 10.000 төгрөг авдаг, тэгээд 1 тоглолт явсны дараа тухайн тоглоом  зохион байгуулж байгаа хүн нь 20.000 авдаг. Цаасан дээр 1-6 хүртэл дугаарлаж байгаад хуйлж жижиг пивор саванд хийж сэгсэрч гаргаж ирдэг. ...шилжүүлгийн утган дээр 7667 гэж бичсэн нь өөрийн код нэрээ товчилж байгаа утга юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р тал/

үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /36-38 дугаар тал/, гар утас хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /42-43 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт /47-50 дугаар тал/,М.Бгийн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /54-57 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /106 дугаар тал/,хувийн байдалтай холбогдсон бусад баримт /113-122 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 127-1 тоот гэртээ 2021 оны 07 дугаар сарын 04-нөөс 9 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд  “М.Ж” гэх фэйсбүүк цахим хаягаар гар утас ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 1.634.271 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох гэрч С.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-нд шилжих шөнө 03 цаг 00 минутад ...М.Ж нэртэй фэйсбүүк хаягтай хүн бэлэн мөнгөний сугалаа лайв хийж байсан. Тэгээд би хэсэг лайв үзэж байгаад Хаан банкны 5041403904 дугаарын данс руу ...шилжүүлж ... тоглосон. ...Цаасан дээр 1-6 хүртэл дугаарлаж байгаад хуйлж жижиг пивор саванд хийж сэгсэрч гаргаж ирдэг...” гэсэн мэдүүлэг, М.Бгийн эзэмшлийн 5041403904 тоот дансны 2021 оны 7 сарын 1-нээс 9 сарын 8-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл,дансны хуулга, хохирогч  С.Згийн дансанд  үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч М.Бд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 35510072532731 сериал кодтой, самсунг Жи-7 маркийн гар утсыг худалдан борлуулж, мөн гэмт хэргийн улмаас олсон ашиг 1 634 271 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч М.Бд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 35510072532731 сериал кодтой, самсунг Жи-7 маркийн гар утсыг худалдан борлуулж, мөн гэмт хэргийн улмаас олсон ашиг болох 1 634 271 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН