| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
2021 10 28 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Б,
шүүгдэгч Ж.Г,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн
гэрч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Год холбогдох эрүүгийн 1919001660126 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ....... суух хаягтай,
урьд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 280.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж, 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ж.Г,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дээр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр норд бенз маркийн 00-53 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Ц.Ог зам хөндлөн гарч байхад нь мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Замын хөдөлгөөнд оролцоод явж байхад урдуур гэнэт хүн гараад ирэхээр нь замын эсрэг тал руу дарсан чинь замын хөвөөн дээр байсан машиныг мөргөөд чиргүүл салж ирээд хохирогчийг мөргөсөн. Ажилд ороод шүүхийн тогтоосон мөнгийг төлнө, цаашдаа бололцоогоороо тусалж дэмжинэ” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хүүхдийг чанартай, тэжээллэг юм ид гэсэн учир жимс жимсгэнэ, тахианы мах, загасны мах зэргийг авч өгдөг учир тэдгээр баримтуудыг оруулсан, маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид хэд бие засаад машиндаа суугаад урагшаа явж байгаад эргээд Улаанбаатар хот руу явах болоод Сайншандаас Улаанбаатар явдаг талдаа замаа чөлөөлөөд машинаа тавьсан байсан. О машинаас гараад машиныхаа хажууд зогсож байхад том машин урсгал сөрж орж ирж дайрсан” гэсэн мэдүүлэг,
2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 5-12 дугаар хуудас/
Тоёота приус 40 маркийн 99-75 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Норд бенз маркийн 00-53 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би манай лангуун дээр зогсдог худалдагч Ц, нөхөр А, охин нарын хамт урагшаа хятадаас бараа татахаар өөрийн 99-75 УНЛ улсын дугаартай тоёото прүис 40 маркийн машинтай явсан юм. Бид замдаа Сайншанд орохоос наана зогсож, бие засаад машиндаа суугаад хөдлөөд явж байтал би бие засахдаа утсаа унагасан байсан тул машинтайгаа буцаж эргээд замынхаа зүүн талд машинаа байрлуулаад замын нөгөө тал руу гарч хайсан. Тухайн үед Ц, А, бид дөрвүүлээ машинаасаа бууж утас хайсан бөгөөд би утсаа олчхоод даараад байсан тул нөгөө хэдээсээ түрүүлээд зам гарсан. Би зам гараад нөгөө талд нь бараг хүрээд машин дээрээ очиж байснаа санаж байна. Цааш нь юу болсныг мэдээгүй. Би хохирлоо нэхэмжилж байна. Гомдолтой байна. Би ослын улмаас тархи цууралттай, эгэм хугарсан, тархи 2 талдаа цус хуралттай, түнх цөмөрсөн, аарцаг яс цуурсан хамар хугарсан гэмтэл авсан, мөн хөл бяцарч, хөлөө тайруулсан, одоо миний биеийн байдал сайнгүй, байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Одоо зүүн түнхэнд үе суулгах хагалгаа, хамрын хагалгаа, тархины шингэн авах хагалгаануудад орно. Би өөрийн биед эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан 10.000.000 гаран төгрөг зарцуулаад байна. Цаашид эмчилгээний зардал хэдэн төгрөг зарцуулах талаар мэдэхгүй байна. Миний хувьд маш их гомдол саналтай байна. Бид тухайн үед машинаа замын ертөнцийн зүгээр зүүн талын хөвөөнд машинаа тавиад зам хөндлөн гарсан замын цаана гарч, гээсэн гар утсаа хайж байгаад би түрүүлээд зам хөндлөн гараад машин дээрээ ирж байтал ачааны машин ирж намайг мөргөсөн ба би өөрийн осолд орсон газраа зааж чадна. Тухайн замд хөдөлгөөний нягтаршил байгаагүй. Намайг зам хөндлөн гарах үед машин ирж байгаа гэрэл харагдсан нилээд хол байх шиг санагдсан хэд орчим метр зайд байсныг хэлж мэдэхгүй байна. Би зам хөндлөн гарахдаа яарч гүйгээгүй явган алхаж гарсан тэгэхээр тухайн машин нэлээд хол байсан байх тухайн машины гэнэт тормоз эвдрээд миний машиныг мөргөж зогссон байх гэж бодож байна. ...Тухайн үед манай нөхөр машин жолоодон явсан машинаа замын хөвөөн дээр тавиад ойрын гэрлийг асааж орхисон байсан. Би автомашинд дайруулахдаа замын хөвөөн дээр байсан машин дээрээ очсон байхдаа дайруулсан засмал замын зорчигч хэсэг дээр автомашин намайг дайрч мөргөөгүй. Анхны ослын үзлэгт намайг засмал дээр машинд дайруулсан мэтээр бичсэнд гомдолтой хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би осолд орсон газраа өөрөө зааж чадах учраас дахин үзлэг хийлгэж өөрөө оролцмоор байна. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-27-28, 2-р хх-42-43 дугаар хуудас/,
Гэрч Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “..Манай эхнэр маань найзтайгаа нийлээд тус тусдаа 4, 4 пиво уусан байх. Замдаа манай эхнэр болон Ц хоёр пиво уусан болохоор ойр ойрхон бие засаж явсан. Сүүлд Сайншанд орох дөхөж байхад дахин зогсоод, О, Ц хоёр бууж бие засчхаад машиндаа суугаад цааш хөдлөөд холдоогүй байхад О “байж байгаарай, би сая бие засахдаа утсаа унагаасан байна.” гэхээр нь би машинаа буцаж эргүүлээд бие зассан газрынх нь ойролцоо зогсоод замынхаа зүүн талд нь хойшоо Улаанбаатар чиглэлтэй урсгалын хажуугийн шороон хөвөө дээр машинаа байрлуулсан. Тэгээд бид 4 хайхаар машинаасаа буугаад замын баруун талд гарч утсаа хайгаад олж авсан бөгөөд О, Ц хоёр сууж бие зассан бөгөөд О түрүүлж бие засаж босож ирээд мөрөө хавчаад “даараад байна, машиндаа суулаа” гээд биднээс түрүүлээд машин руугаа алхсан. Тухайн газрын зам нь газраасаа жоохон өндөрлөг газар байсан бөгөөд О түрүүлээд замынхаа хажуугийн шороон хөвөө дээр гарах үед нь Ц бид хоёр түүн рүү “машин ирж байна шүү” гээд орилсон боловч О чигээрээ зам гарах үед нь хотоос Сайншанд руу чиглэлтэй явж байсан том оврын автомашин тормозлоод л дугуйны чихрах чимээ гараад л явчихсан. Ингээд тэр том оврын машин зогссон бөгөөд би Ог амжаад цаашаа гарсан байх гэж бодсоноо санаж байна. Би тухайн үед айж сандраад нэг хэсэг юу болсныг санахгүй байна. Тэгээд би том тэргийг тойроод хайж байгаад том тэрэгний баруун гар талд толгой, чиргүүл хоёрын дунд завсар ухаангүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-34-36 дугаар хуудас/,
Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...А машин бариад О бид 2 замдаа юм яриад тус тусдаа 4 лааз пиво уусан бөгөөд Сайншанд орох дөхөж байхаар нь бие засах гээд зогссон юм. Бид машинаа замынхаа баруун талдаа байрлуулаад замынхаа ертөнцийн зүгээр зүүн тал руугаа гарч бие зассан. Тухайн үед бид дөрвүүлээ машинаас буусан бөгөөд О түрүүлж бие засчхаад машин руу бид нараас түрүүлээд явсан юм. Тэгэхэд Ог зам гарах гэж байхад А бид хоёр “цаанаас чинь машин ирж байна шүү” гээд л хэлсэн боловч О амжина гэж бодсон уу, эсвэл сонсоогүй юм уу зам гарах гэж байгаад машинд дайруулсан. Миний бодлоор Ог дайрсан машин нь их хурдтай явж байсан болоод л зогсож чадаагүй байх. Тэр машин тоормослоход толгой нь урагшаа бөхийж байсан. Бид нар машины замын хөвөөн дээр үлдээгээд зам хөндлөн гарч Огийн гар утсыг хайсан, тэгж байгаад О түрүүлээд зам хөндлөн гараад машин руугаа явсан. Би Ог замын аль хэсэгт машинд шүргүүлснийг нь анзаарч хараагүй, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолттой байсан. Хөдөө замд байсан болохоор явган хүний гарц байгаагүй. Ог зам хөндлөн гарах гэж байхад машины гэрэл харагдаж байсан тухайн машин хэд орчим км-ийн цаанаас ирж явсныг мэдэхгүй байна. Бид Улаанбаатар хотоос гараад Төв аймгаар дайраад 8 ширхэг лаазтай пиво авсан. Тухайн пивоноос О жижиг аягаар 1, 2 л уусан байсан. Огийн нөхөр машин барьж яваа гээд пиво уугаагүй О согтолтгүй эрүүл байсан би пиво уусан согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-40-41 дүгээр хуудас/,
Гэрч Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Уг хэрэгт өмнө нь буюу дуудлага хүлээн авах үед би хэргийн газрын үзлэг хийгээгүй, эхний анхны үзлэгийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Даасүрэндүү хийсэн байсан бөгөөд анх хийсэн үзлэгтээ тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөсөн цэгээ тодорхойлоогүй, харин тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөн цэгээ тодорхойлж “А” гэж тэмдэглэсэн байсан. Үзлэгийн тэмдэглэлээс харахад явган зорчигч мөргүүлээд унасан цэг, тоормосны мөр, үл хөдлөх мөр зэргээр бичсэн байсан. Эхний үзлэгээр явган зорчигчийг тээврийн хэрэгсэл мөргөсөн байж болох цэгийг тодорхойлоогүй байсан тул сүүлд буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр явган зорчигчийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн цэгийг тодорхойлохоор нөхөн үзлэгийг явуулсан. Явган зорчигчийн мөргүүлээд унасан цэг буюу Б цэг, суудлын автомашин байсан цэг, том оврын автомашин тоормосны мөр, гэрч нарын мэдүүлэг зэргээс явган зорчигч анх тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн цэгийг тодорхойлж “Аг” гэж тэмдэглэсэн гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл хөтөлсөн байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, автомашины дугуйн мөр зэргээс “А2” буюу явган зорчигч дайруулсан байж болох цэг зэргээс тодорхойлсон. ... Би 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр жижүүрийн мөрдөгчөөр хуваарийн дагуу гарч байсан. Дуудлага тухайн өдрийн орой ирж байсан. Би дуудлагаар хэргийн газарт очиход хохирогчийг эмнэлэг рүү авч явсан байсан. Би үзлэг явуулахаар гэрэл тусгаж хэргийн газрын байдлыг харсан. Тухайн үед явган зорчигчийг дайрсан гэх том оврын автомашины чиргүүлийн баруун хойд дугуйны хажууд хар өнгийн урагдсан гутал байсан. Бид үзлэгийг явуулах гэсэн боловч харанхуйд автомашины дугуйн мөр сайн харагдахгүй, үзлэг хийхэд хүндрэлтэй байсан тул хэргийг газрын хамгаалалтад авч гэгээ орох хүртэл хүлээхээр болсон. Ингээд маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр жижүүрийн мөрдөгчөөр хуваарьтай байсан дэслэгч Н.Даасүрэндүү хэргийн газрын үзлэгийг явуулсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-21-22 дугаар хуудас/,
Гэрч Н.Даасүрэндүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Осол хэргийн газар очиход 00-53 ДГО улсын дугаартай Норд Бенз маркийн автомашин замын ертөнцийн зүгээр зүүн талд 99-75 УНП маркийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, мөн явган зорчигч мөргөсөн байдалтай толгойн хэсэг нь замын хөвөөн дээр хайчилж зогссон байсан. Зам тээврийн осол болсон газарт Норд бенз маркийн автомашин толгой хэсэг байрласны урд хэсэг газарт суудлын автомашин замын шороон хөвөөн дээрээс зүүн тийш чирэгдсэн шарвалт үүссэн мөр байсан учраас би суудлын авто машин замын хөвөөн дээр зогсож байсан газрыг тодорхойлж суудлын автомашиныг Норд бенз маркийн автомашины чиргүүл зам дээр хөндлөн байрласан хэсэгт замын шороон хөвөөн дээр газарт хүн унасан байж болох ул мөр мөн асфальтан зам дээр цус мэт зүйл бохирлогдсон ул мөр үүсгэгдсэн байсан тул би Норд бенз маркийн автомашин явган зорчигчийг чиргүүлийн хэсгээр мөргөсөн юм байна гэж үзэж явган зорчигч унасан цэгийг Б цэгээр тодорхойлсон, үүний дараа замын гол хэсэгт явган зорчигч мөргүүлсэн шидэгдэж унасан юм байна гэж явган зорчигч мөргүүлсэн цэгийг схем зураг дээр А2 цэгээр тэмдэглэсэн байгаа энэ нь хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийг үзүүлэлт схем зураг дээр тодорхой харагдаж байгаа. Хэргийн газарт очиход явган зорчигчийн гутал норд бенз маркийн автомашины чиргүүл арын дугуйны урд хэсэгт замын зүүн талын цагаан зураасан дээр байсан гутлыг үзлэг хийхэд байсан байрнаас нь хөдөлгөөгүй үзлэг хийж гутал байх газрыг гэрэл зургийг аргаар бэхжүүлэн авсан.” гэсэн мэдүүлэг/2-р хх-23 дугаар хуудас/,
Гэрч Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би нөхөр Ш, эгч О нарын хамтаар Замын-Үүдээс нөхрийнхөө 66-67 ДГС улсын дугаартай, цагаан өнгийн тоёота кроун маркийн автомашинтай ажлаа тарчхаад, 18 цаг өнгөрөөд гарсан юмаа. Замаараа Сайншандад хүүхэд буулгачхаад хоол унд идчихээд 22 цагийн үед шиг санаж байна. Сайншандын хойд цагаан хаалга өнгөрөөд явж байтал замд хүн гар өргөхөөр нь өнгөрч явж байгаад буцаж эргээд юу болсныг асууя гээд иртэл зам тээврийн осол гарсныг анзаарсан. Тэгээд ирээд би цонхоо онгойлготол нэг танихгүй хүүхэн шууд цонхоор толгойгоо оруулж ирээд, осол гарчихлаа туслаарай гэсэн бөгөөд тэр хүүхнээс их хэмжээний спиртлэг зүйл үнэртэж байсан ба согтуу байгаа бололтой байсан. Бид нар бүгд машинаасаа буугаад очиход том машин эсрэг урсгалын замын хөвөө рүү гарсан байдалтай, кабин нь эргээд харчихсан чиргүүлийн толгой хэсгийн зүүн талд нэг эмэгтэй хүнийг юмаар хучсан байдалтай байсан. Тэнд 2 эрэгтэй хүн, нэг хүүхэд, 2 эмэгтэй хүн байсан. Тэгээд хэвтэж байсан эмэгтэй дээр очоод бүгдээрээ өргөөд нөхрийнхөө машины ард талын суудал дээр хэвтүүлсэн. Би тэр эмэгтэйн хөлнөөс нь тулж өргөсөн болохоор архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд том машины жолоочоос бусад нь манай нөхрийн машинд суугаад, Сайншанд руу явахад О эгч бид 2 үлдсэн. Тэндээ 2 цаг орчим болоход цагдаагийнхан ирээд үзлэг юм хийгээд байсан. Мөргүүлсэн жижиг машин нь замын далангийн доошоо буучихсан нилээн ямбийчихсан байдалтай байсан бөгөөд машин дотор нь хурц гэрэл гараад байсан юмаа. Би тэр машины дотор талыг анзаарч хараагүй юм байна. Тэгээд удаагүй байж байтал цагдаагийнхан ирсэн бөгөөд бид 2 цагдаагийн машин дотор суугаад нөхрөө иртэл байсан юм. Тухайн үедээ том машины жолооч О эгч бид 2-той үлдээд ярьж байхдаа урдуур гэнэт хүн гарч ирэхээр нь дарсан чинь л ийм боллоо гэж байсан. Жижиг машины хүмүүс л эсрэг тал руугаа гарч бие зассан юм шиг яриа өгүүллийг манай нөхөр ярьж байсан. Манай нөхөр эмнэлэг хүргэж өгсөн болохоор жижиг машины хүмүүс юу ярьж байсныг сайн мэдэх байхаа. Тухайн гэмтсэн эмэгтэй бол чиргүүлийн толгой хэсгийн зүүн талын хэсэгт байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-44-45 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 249 дугаартай: Тоёота приус 40 маркийн 99-75 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8.253.000 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5309 дугаартай “...Ц.Огийн биед баруун шилбэний шаант тахилзуурт ясны ил хугарал, баруун шилбэний эдийн дутагдал бүхий том шарх, баруун шилбэний дунд хэсгээр тайрах мэс заслын дараах байдал, гавлын орой суурь ясны хугарал, суурийн хөндийд цус хуралт, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын сүүжний дэлбээнээс доош зүүн түнхний үе дайрч дотогш цөмөрч бяцарсан зөрөө ихтэй, хэлтэрхийт хугарал, зүүн талын умдаг суудалд ясны хугарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.15, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгтхамаарна. Баруун хөлийг шилбэний дунд доод хэсгээр тайрагдсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 108.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 50 хувь алдагдуулах ба Ц.Огийн биед учирсан гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарч өөрчлөгдөж болно.” гэсэн дүгнэлт /1-р хх-61-62 дугаар хуудас/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Ц.Огийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1 дүгээр хх-ийн 88-100 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 101-241 дүгээр хуудас/,
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр осол хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 56-58 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны 187 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 71-74 дүгээр хуудас/,
Шинжээч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...анхны үзлэгийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийхдээ А цэгийг тогтоосон. Түүний дараа осол хэргийн газарт дахин 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийхдээ хохирогчийг оролцуулж, хохирогч өөрөө А цэгийг заасан ба үзлэгийн багийнхан ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс дээрх дүгнэлтийг А цэг хөдлөөгүй гэж гаргасан. Харин ослын газарт эхний үзлэг болон дараагийн нөхөн үзлэгийг А цэгийг үндэслэлтэй эсэх талаар шинжээч хариулах боломжгүй. Учир нь тухайн газарт очиж үзээгүй байж тэрийг тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 109-110 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Г нь Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дээр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сайншанд сумаас хойш 24 км-т “Норд бенз” маркийн 00-53ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Ог зам хөндлөн гарч байхад нь мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хохирогч Ч.О болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын мэдүүлэг, гэрч Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” ...машинаасаа буугаад замын баруун талд гарч утсаа хайгаад олж авсан бөгөөд О, Ц хоёр сууж бие зассан бөгөөд О түрүүлж бие засаж босож ирээд мөрөө хавчаад “даараад байна, машиндаа суулаа” гээд биднээс түрүүлээд машин руугаа алхсан. Тухайн газрын зам нь газраасаа жоохон өндөрлөг газар байсан бөгөөд О түрүүлээд замынхаа хажуугийн шороон хөвөө дээр гарах үед нь Ц бид хоёр түүн рүү “машин ирж байна шүү” гээд орилсон боловч О чигээрээ зам гарах үед нь хотоос Сайншанд руу чиглэлтэй явж байсан том оврын автомашин тормозлоод л дугуйны чихрах чимээ гараад л явчихсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...22 цагийн үед шиг санаж байна. Сайншандын хойд цагаан хаалга өнгөрөөд явж байтал замд хүн гар өргөхөөр нь өнгөрч явж байгаад буцаж эргээд юу болсныг асууя гээд иртэл зам тээврийн осол гарсныг анзаарсан. Тэгээд ирээд би цонхоо онгойлготол нэг танихгүй хүүхэн шууд цонхоор толгойгоо оруулж ирээд, осол гарчихлаа туслаарай гэсэн бөгөөд тэр хүүхнээс их хэмжээний спиртлэг зүйл үнэртэж байсан ба согтуу байгаа бололтой байсан. Бид нар бүгд машинаасаа буугаад очиход том машин эсрэг урсгалын замын хөвөө рүү гарсан байдалтай, кабин нь эргээд харчихсан чиргүүлийн толгой хэсгийн зүүн талд нэг эмэгтэй хүнийг юмаар хучсан байдалтай байсан... ... Тухайн гэмтсэн эмэгтэй бол чиргүүлийн толгой хэсгийн зүүн талын хэсэгт байсан”гэсэн мэдүүлэг,гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О түрүүлж бие засчихаад машин руу бид нараас түрүүлээд явсан юм. Тэгэхэд Ог зам гарах гэж байхад А бид хоёр “цаанаас чинь машин ирж байна шүү” гээд л хэлсэн боловч О амжина гэж бодсон уу, эсвэл сонсоогүй юм уу зам гарах гэж байгаад машинд дайруулсан. Миний бодлоор Ог дайрсан машин нь их хурдтай явж байсан болоод л зогсож чадаагүй байх...”гэсэн мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны 187 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр осол хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ц мэдүүлэхдээ “...бид Улаанбаатар луу эргэж явах болоод Сайншандаас Улаанбаатар явдаг талдаа замаа чөлөөлөөд машинаа тавьсан байсан. О машинаас гараад машиныхаа хажууд зогсож байхад том машин урсгал сөрж орж ирж дайрсан. ...мөрдөн байцаалтанд анх мэдүүлэг өгсөнөө сайн санахгүй байна,анх өгсөн мэдүүлэг сая сонслоо,энэ мэдүүлэг худал байна” гэжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...Бид тухайн үед замын ертөнцийн зүгээр зүүн талын хөвөөнд машинаа тавиад зам хөндлөн гарсан, замын цаана гарч, гээсэн гар утсаа хайж байгаад би түрүүлээд зам хөндлөн гараад машин дээрээ ирж байтал ачааны машин ирж намайг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Аийн мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн “... Тухайн газрын зам нь газраасаа жоохон өндөрлөг газар байсан бөгөөд О түрүүлээд замынхаа хажуугийн шороон хөвөө дээр гарах үед нь Ц бид хоёр түүн рүү “машин ирж байна шүү” гээд орилсон боловч О чигээрээ зам гарах үед нь хотоос Сайншанд руу чиглэлтэй явж байсан том оврын автомашин тормозлоод л дугуйны чихрах чимээ гараад л явчихсан...” гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд гэрч нарын мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба гэрч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2 удаагийн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрч Б.Цийн 1 дүгээр хавтаст хэргийн 38-41, 2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр талд өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байх тул түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Гыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Ж.Гын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах ач холбогдолтой юм.
Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”бусдын эрх, амь нас, эрүүл мэнд... санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь... ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан... зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц “хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн 6.500.000 төгрөг,машины засварын үнэлгээгээр тогтоогдсон 8.253.000 төгрөг, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт 150 хуудас нотлох баримтаар 31.272500 төгрөг нийт 46.025.500 төгрөг нэхэмжилнэ үүнээс Ганболдоос өгсөн 13000000 төгрөгийг хасч тооцно” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтыг шинжлэн судлаад дараах хохирлыг гаргуулан олгохоор шийдвэрлэв.
2 дугаар хавтаст хэрэгт авагдсан нийт 89 баримтаар /шатахуун,эм тариа,хүнс,бусад зардал/ 5.306.306 төгрөг, машины засварын үнэ /Ашид билгүүн ХХК-ны үнэлгээгээр/ 8.253.000 төгрөг нийт 13.559.306 төгрөг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 150 хуудас баримтаас 15..006.137 төгрөг нийт 28.565.443 төгрөгийг гаргуулан олгохоос шүүгдэгчээс хохирогчид өгсөн 13.000.000 төгрөгийг хасч 15565443 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ирүүлсэн баримтаас: 1-3 дугаар хуудас 2019.12.11-ний өдрийн мэс засалд хэрэглэгдэх эд зүйлс 780.000 төгрөг, гэмтлийн эмнэлэг нөхөн сэргээх тасагт хэвтсэн 130.000 төгрөг,
4-р хуудас ГССҮ төв 150.000 төгрөг,
6-15-р хуудас /суга таяг,Тавин ус, Бериш фарм ХХК, Амин ус, Монос эмийн сангаас авсан эм, тариа/ 1.612.460 төгрөг,
17-29-р хуудас /эм тариа, хүнс/ 1.318.771 төгрөг
35-39-р хуудас /хүнс, шатахууны үнэ/ 268707 төгрөг 42-45-р хуудас/ зарлагын баримтаар 2 удаа жимс, 5 удаагийн галт тэрэгний тасалбарын үнэ, Ашид билгүүн үнэлгээний төлбөр, үзлэгийн хөлс/ 524.570 төгрөг
47-52, 54, 55-р хуудас /шатахуун, хүнс / 725.513 төгрөг
59, 62-р хуудас /шатахуун/ 205.011 төгрөг
63, 64, 68-р хуудас /шатахуун, утасны нэгж, хүнсний бараа / 496460 төгрөг
72-р хуудас /хүнс/ 16.720 төгрөг
76,77-р хуудас /шатахуун/ 146.500 төгрөг
81-91–р хуудас /Гэмтэл согог үндэсний төв, армон фарм, бэришзул, Тэф трейд ХХК, Булган шувуут ХХК, Мөнхийн тун, Барагшун фарм, Урлан фарм, Ази фарма ХХК, Тавин ус, Монос, Хушфарм, Түмэнтун фарм, Эм Эн Жи Би ХХК, Сод фарм эмийн сангаас авсан эмийн үнэ / 994565 төгрөг
94-98 –р хуудас 775.095 төгрөг
99-110-р хуудас /шатахуун/ 2.408.775 төгрөг
112-115-р хуудас /хүнс,шатахуун/ 595.185 төгрөг
118-130-р хуудас 1.955.174 төгрөг /шатахуун,хүнс/
132-148-р хуудас 1.904.586 төгрөг /хүнс/ нийт 15.006.137 төгрөг
Дээрх нотлох баримтанд авагдсан хүнсний барааг хохирогчид заавал хэрэглэх хүнсний зүйлээр тодорхойлоогүй хэдий боловч хохирогчийн биеийн эрүүл мэнд, зам тээврийн осолд орсны улмаас өөрт учирсан гэмтлээ эдгээх зорилгоор хэрэглэсэн хүнсний зүйлийг /жимс ногоо, бүх төрлийн мах, сүү гэх мэт/тухайн осолтой холбоогүй гэж үгүйсгэх үндэслэл байхгүй байна гэж үзлээ.
Харин 30-34, 39, 40, 48-49, 51, 57, 58, 65-67, 69, 71, 73-75, 78-80, 92, 93,131-р хуудсанд байгаа зарим баримт гаргацгүй болсон, юу авсан тодорхой биш, зарим хүнсний зүйлийг гаргуулах шаардлагагүй /шампанск советский, бэлэг кофе, гаа, гурилтай шөл, пиво tiger, пиво сэнгүүр, кофе Jacob, оргилуун дарс, шүдний оо 2 ширхэг, үүний лент, Болор зоогийн газар 2 удаа хооллосон хоолны баримт 2020-2-10 гэх мэт/ 3.860.157 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгохоор,
5-р хуудас Сайншандаас Улаанбаатар луу машин тээвэрлүүлсэн зардал 1.800.000 төгрөг, 149,150-р хуудас машины засварын 2.410.000+9.390.000 нийт 13.600.000 төгрөгийн талаарх баримт дутуу, он сар гарын үсэггүй, ямар тээврийн хэрэгсэлд ямар засвар хийсэн болох нь тодорхой бус байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг,
Харин хохирогч Ц.О нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ж.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 13 000 000 төгрөгийг төлж барагдуулсан,цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгоно” гэж, 5.1-д “энэ хуулийн 6.1,6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд барагдуулсан, хохирол төлөхөө илэрхийлсэн бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Ж.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөөс төлсөн,цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн учир түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 8 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, харин утсаар ярьсан ярианы бичлэг бүхий сиди болон хэргийн газрын үзлэгийн үйл явцыг бэхжүүлсэн сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Год холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Ж.Г нь 8 хоног цагдан хоригдсон болохыг, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гоос 15.565.443 төгрөг гаргуулан хохирогч Ц.Од /хууль ёсны төлөөлөгч Д.Цт/ олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар 13.600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 3.860.157 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Хохирогч Ц.О /хууль ёсны төлөөлөгч Д.Ц/ нь шүүхээр хэлэлцэхгүй орхисон 13600000 төгрөг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Ж.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН