| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0140/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-10-29 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
2021 10 29 2021/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох эрүүгийн 2119001610171 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ......... суух, урьд,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Э.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Х.М-ы жолоодож явсан “Тон Хуй” ХХК-ийн эзэмшлийн 65-17 УБР улсын дугаартай Тоёота ландкрузер-200 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд Мийн хамт Улаанбаатар орох гээд Гантөмөр ХХК-ны кемпээс хөдөлсөн юм. Замд машины дугуй хагарсан. Тэгээд худаг дээр очтол Ланд 200-той компаний хятадууд байсан.Орчуулагч байгаагүй учир хэл ойлголцоогүй. Тэгээд би ойрхон газар дугуй авчхаад ирнэ гээд машиныг нь унаад явсан. Буруугаа ойлгож байна, тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эийн “...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр миний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож буй Тон Хуй ХХК-ийн эзэмшлийн Сино хайдро констракшн монголиа ХХК нь түрээсэлж байсан 65-17 УБР улсын дугаартай ландкрузер 200 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед Сино хайдро констракшн монголиа ХХК-ийн төслийн менежер ажилтай БНХАУ-ын ШМЖ ажилтан 2 хятад иргэний хамт замын ажлаар явж байхад нь Гантөмөр гүүр ХХК-нд ажиллаж байсан гэх Б гэдэг залуу согтуугаар ирж дээрх тээврийн хэрэгслийг асаалттай зогсож байх үед нь зөвшөөрөлгүй унаж явсан юм билээ. Тэгээд тухайн өдрөө буюу удалгүй Б гэх залуу буцаж ирээд 65-17 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн байсан. Манай Тон Хуй ХХК-ийн 65-17 УБР улсын дугаартай ландкрузер 200 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бүрэн бүтэн хүлээн авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р тал/
Гэрч Р.Арын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг замын кемп дээр байж байхад өдөр 16:00 цаг өнгөрч байсан байх кемп дээр замын үйл ажиллагаа явуулдаг гэх 4 Хятад улсын ирээд машиныг нь хүн унаад явчихлаа гэхээр нь ямар учиртай юм бэ гэж асуухад нэг согтуу хятадуудын унаж явсан улсын дугаар нь тодорхойгүй ланд 200 маркийн тэврийн хэрэгслийг үл таних хүн унаж явсан талаар ярьсан. Тэгээд би ямар учиртай юм болоод байгаа юм бол гэж хөдөө хээр дугуй нь хагарсан байсан улсын дугаарыг нь санахгүй байна Тоёота харрер маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу зогсож байсан. Тэгээд би тэр хоёр залуугаас юу болсон юм бэ гэж асуусан чинь бид нарын машины дугуй хагарчхаад хятадуудын унаж явсан ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг Б гэх залуу унаад запас дугуй ач ирнэ гээд кемп рүү авч явсан гэх тайлбар өгсөн. Тэгээд би нэрийг үл мэдэх 2 залууг машиндаа суулгаад өөрийн байсан кемп дээр авч ирээд утсаар яриулахад нөгөө ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан гэх залуу нэрийг нь мэдэхгүй кемпээс дугуй аваад буцаад явсан гэж ярьсан. Тэгээд би үнэн ярьсан эсэхийг шалгах гээд машинтай гараад давхиж байтал хар өнгийн 65-17 УБР улсын дугаартай ланд 200 маркийн машин гараад ирэхээр нь зогсоож уулзахад нэг танихгүй залуу ганцаараа жолоодоод явж байсан. Тэгээд би тэр залууд хандаж чи яагаад хүний машин аваад явж байгаа юм бэ гэхэд ахаа би баруун тийш байдаг замын кемп дээрээс машины запас дугуй аваад ирсэн юм гэж хэлсэн тэгээд зогсож байтал цагдаагийн албан хаагч ирж уулзсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,
Гэрч БНХАУ-ын иргэн Х.М /ШМЖ/-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Таван толгой нүүрсний уурхайгаас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомт руу Засгийн газрын концессын гэрээний дагуу тавигдаж байгаа замын ажил гүйцэтгэх замын түр зам тавих ажлаар 65-17 УБР улсын дугаартай Тоёота ланд 200 маркийн автомашинтай хамт ажилладаг Chen Li Gang, ажилтан Li bing нарын хамт замын хажууд явагдаж байгаа ажлыг хянаад байж байтал тээврийн хэрэгсэлтэй 3 монгол залуу ирсэн. Тэгээд намайг машинд сууж байх үед өндөр биетэй монгол залуу нь машины хажууд ирээд намайг зодох гээд байгаа юм шиг үйлдэл харуулаад монголоор юм яриад байсан. Тэр үед би машинаасаа буугаагүй. Тэгтэл дахиад нэг тээврийн хэрэгсэлтэй 2 хүн ирж буухаар нь харахад манай замын 4 дүгээр хэсэгт орчуулагч хийдэг ажилтан бууж харагдсан. Би тэр машинаасаа бууж очиход орчуулагч ажилтан надад ямар нэг зүйл орчуулаагүй. Харин манай орчуулагч тэр согтуу байсан залуу хоёр хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг харилцаад байсан. Гэтэл нөгөө том биетэй монгол залуу миний зорчиж явсан 65-17 УБР улсын дугаартай автомашиныг шууд очоод унаад хөдлөөд явсан. Хаашаа явж байгаа нь мэдээгүй. Тэр үед машин асаалттай түлхүүр нь надад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,
Гэрч БНХАУ-ын иргэн C l /Ч Л/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед манай даргын сууж байсан хаалганы талаар нэг монгол залуу ойртож ирэхээр нь манай төслийн менежер хаалгаа нээсэн. Тэгээд тэр монгол залуу машины цонхны цаанаас юу яриад байгааг ойлгоогүй. Миний харснаар тэр том биетэй монгол залуу архи уусан юм шиг байсан. Мөн дуугаа өндөрсгөөд юу гэснийг орчуулагч байгаагүй болохоор ойлгоогүй. Тэгээд байж байтал машинтай 2 хүн ирсэн. Түүнийг харж байхад манай 4 дүгээр хэсэгт байдаг орчуулагч бууж ирэхээр нь бид нар машинаасаа бууж очоод уулзсан. Тэр үед том биетэй согтуу байсан монгол залуу орчуулагч өвөр монгол хүнтэй нэг зүйлийн талаар яриад чанга чанга дуугараад байсан. Дараа нь орчуулагчийн хэлснээр ...архи уусан байсан монгол залуу цалин мөнгө өгөхгүй байна. “Гантөмөр гүү” ХХК-ийн дарга Эрдэнэдалай гэх Өвөр монголыг олж өг, хутга аваад ир гэж хамт явсан 2 залуудаа хэлсэн тайлбарласан. Тэгээд тэр том биетэй Монгол залуу манай ланд 200 маркийн автомашин асаалттай зогсож байсныг шууд очоод ганцаараа суугаад унаад хөдөлсөн. Хаашаа ямар зорилгоор машин авч явсныг мэдэхгүй. Ямар ч байсан зөвшөөрөлгүй авч явсан. Тэгээд бид нар ...цагдаа болон бусад хүмүүст мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р тал/,
Гэрч БНХАУ-ын иргэн ТВ /Тао Баок/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг машинтай 3 монгол залуу ирсэн байсан. Тэгээд тэр өндөр монгол биетэй залуу Б нь ШМЖ гэх хятад иргэн рүү цалин мөнгө өгөхгүй байна гээд орилж, хашхираад байсан. Би тэр үед ШМЖ болон тэр монгол залуу 2 дээр очиход надтай цалин мөнгө өгөхгүй байна, яагаад мөнгө өгөхгүй байна гэх зүйлийг яриад байсан. Энэ үед машинд сууж байсан хятад иргэн машинаас бууж ирээд би тэр хятад иргэдтэй ажлын талаар яриад зогсож байтал 65-17 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад хөдлөх гэхээр нь би явж очиход цаашаа бай гэж хэлчхээд шууд хаазлаад ухарсан. Тэгээд хөдлөөд явсан. Тэгээд Б нь хятад иргэдээс тээврийн хэрэгслийг нь гуйгаад өгчих, орчуулаад өгчих гэж гуйсан зүйл байхгүй. Б гэх залуу ямар ч зүйл хэлэлгүй шууд очоод тээврийн хэрэгслийг унаад хөдлөх гэхээр нь яваад очиход цаашаа бай гэж намайг хэлчихээд шууд хаазлаад ухарсан тэгээд хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх 13, 56-р тал/,
Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гантөмөр гүүр ХХК-д ажилладаг гэх Б, Цоож гэх 2 залуу ирээд надад хэлэхдээ танай кемп дээр хот явах машин байгаа гэнэ, хамт явъя гэж хэлсэн. Тэгээд бид нар миний өөрийн эзэмшлийн 79-66 УБЗ улсын дугаартай автомашинаар явж байтал машины нэг дугуй хагараад зогссон. Бид нарын цаахан талд замын хажуу талд хар өнгийн ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байх харагдсан. Тэгээд Б ах танай кемп дээр запас дугуй байгаа юу гэхээр нь би байгаа гэж хэлсэн. Тэгтэл Б ах энэ ланд 200 дээр очоод гуйгаад тэгээд цаашаа танай кемп рүү запас дугуйгаа аваад ирье гэж хэлсэн. Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл дээр очиход дотор нь 3 хятад иргэн сууж байсан. Б ах тухайн машин дээр очоод юу ярьсныг сонсоогүй. Тэгтэл саарал өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгсэл ирж дотроос нь 2 хүн гарч ирсэн. Энэ үед ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл ирж дотроос нь 2 хүн гарч ирсэн. Энэ үед ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хятадууд бууж ирсэн. Тэр үед Б ах тэр хүмүүстэй өөрийн ажилладаг компанийн захирал Эрдэнэдалай гэх Өвөр монголын талаар асуугаад цалин мөнгөө өгөхгүй байна гэсэн зүйл яриад байсан. Тэгээд Б ах чанга чанга дуугараад хутга аваад ир гэж нэг хэлэх шиг болсон. Тэгээд Б ах гэнэт нөгөө хар өнгийн ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг унаад хөдлөөд явсан. Тэр үед Цоож бид хоёрыг суу хамт явъя дугуйндаа явчхаад ирье гэж хэлснээ ганцаараа хөдлөөд явчихсан. Би өөрийн ажилладаг “Билэгт хаан рөүд” ХХК-ийн кемп рүүгээ яриад Б ахыг очсон уу гэж асуухад ирээд машины запас дугуй аваад явсан гэхээр нь буцаад очтол Б ах миний машины запас дугуйг аваад буцаад ирсэн байсан. Б ахын хүүхэд нь нас барсан байсан юм билээ. Тэгээд их яарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэнэт О бид хоёрыг машинд суу дугуйндаа явчихаад ирье гэхээр нь гуйгаад болчихсон юм болов уу гэж бодсон юм. Тэгээд Б тэр хятадуудын унаж явсан хар өнгийн ланд 200 маркийн машиныг унаад хөдөлсөн. Тэгээд тэнд үлдсэн хятад иргэдийг нөгөө орчуулагч Өвөр монгол өөрийнхөө машинд суулгаж аваад кемп рүүгээ яваад О бид хоёр хоёулахнаа тухайн газар үлдсэн. Удалгүй нэг машинтай ах ирээд О бид хоёрыг хятад иргэдийг хүргэсэн кемп рүү авч очсон. Тэгээд намайг авч явсан тэр машинтай ах та нар яагаад хүний машин авч явсан гэж асуухаар нь би хариулахдаа бид нарын машины дугуй хагарсан түүнтэй явчхаад эргээд ирье л гэж ярьсан. Харин Б юу болсон юм бэ гэнэт л машиныг нь унаад хөдөлсөн. Би гуйж аваад явчихлаа л гэж тэр үедээ бодож байсан. Тэгээд Билэгт хаан рөүд ХХК-ийн кемп рүү очоод бид нарын унаж явсан машины запас дугуйг аваад эргэж ирэх замдаа цагдаа болон нөгөө хятад иргэдтэй таараад машиныг нь буцааж өгсөн байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэх томтой биетэй ах хар өнгийн ланд 200 маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй/ ирээд надтай уулзсан. Тэгээд надад хэлэхдээ танай ах Оын харрер маркийн тээврийн хэрэгслийн дугуй хагарчихлаа запас дугуй нь хаана байгаа юм авч явах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд кемпид байх амьдардаг гэрийнхээ гаднаас шар өнгийн обудтай 1 ширхэг дугуйг аваачиж өгсөн. Б ах миний аваачиж өгсөн дугуйг авч унаж ирсэн. Ланд 200 тээврийн хэрэгслийн ард багажиндаа хийж аваад ирсэн газар руугаа явах шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-25-р тал/, Э.Бын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 30-31/, 65-17 УБР улсын дугаартай ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /72 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Х.М-ы жолоодож явсан “Тон Хуй” ХХК-ийн эзэмшлийн 65-17 УБР улсын дугаартай Тоёота ландкрузер-200 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э, гэрч Р.Ар, Ж.О, Д.М, М.Г БНХАУ-ын иргэн ШМЖ, Ч Л, Тао Баок, нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Э.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Э.Бт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН