Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00127

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би,Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 25-4 тоотод оршин суух Г.Даваатогтохын нэхэмжлэлтэй Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн Хар чулуутад оршин суух Б.Буянцэцэгт холбогдох 1645000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Даваатогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Лачин Хайрхан” хийдийн тэргүүн гэх Б.Буянцэцэг нь шашны холбогдолтой буяны клип хийхэд санхүүжилт хэрэгтэй байгаа тухай хэлж гуйгаад, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 35 хоногийн хугацаатай 1000000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлсэн юм. Ингээд гэрээний хугацаа дуусгавар болж мөнгөө авах гэтэл хийсэн клипээ сумынхаа ард иргэд, төрийн байгууллагуудад зарж байгаа мөнгөө аваад удахгүй өгнө гэж 2-3 удаа хэлээд өгөөгүй. Одоо ямар нэгэн холбогдох утас байхгүй. 99841644 дугаартай утас нь холбогдсон ч авахгүй байгаа учир үндсэн зээл 1000000 төгрөг, гэрээнд заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 119 хоногийн алданги болох 595000 төгрөг мөн Б.Буянцэцэгээс мөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон замын зардалд 50000 төгрөг, болон улсад төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүхийн шийдвэрээр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Буянцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баадайн Буянцэцэг 2016 оны 06 дугаар сард орчлонг хайрлаарай дууны клип хийлгэх гэж Өвөрхангай аймгийн иргэн Г.Даваатогтохоос 1000000 төгрөг авсан юм. Г.Даваатогтохын нэхэмжилж байгаа 1645000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Г.Даваатогтох нь Б.Буянцэцэгт холбогдуулан 1645000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1645000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарГ.Даваатогтохын нэхэмжлэлтэй Б.Буянцэцэгт холбогдох 1645000 /нэг сая зургаан зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41270 /дөчин нэгэн мянга хоёр зуун дал/ төгрөгөөс 20635 /хорин мянга зургаан зуун гучин таван/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 20635 /хорин мянга зургаан зуун гучин таван/ төгрөг, хариуцагчаас 20635 /хорин мянга зургаан зуун гучин таван/  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                      О.ОДОНЧИМЭГ