Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00128

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар;

Б.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй, Ш.Наранцэцэгт холбогдох гэм хорын хохирол 2660000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00067И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Шанд баг, 55-06 тоотод оршин суух, Шарынхан овогт Батбаярын Мөнхзаяа /РД:ФЯ92032200/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

хариуцагч: 1952 онд төрсөн, боловсролгүй, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух Гөрөөчин овогт Шаравын Наранцэцэг /РД:ГЮ52071111/, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, иргэдийн төлөөлөгч Ц.Түдэв, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах Баатар ван амралт сувиллын газарт бариа засалчаар ажилладаг байсан. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хадам аав болох Наранцэцэгт зодуулсаны улмаас зүүн гарын шуу, сарвууны ар бугалга хэсэгт 2 удаа хугарч, дунд хуруунаас хойшхи 3 хурууны үеийн зөөлөн эд салж, 3 хуруу мэдээ алдаж хөдөлмөрийн чадвараа алдсан. Ажлаасаа 2 сарын хугацаатай цалингүй чөлөө авч гараа эдгэрэхийг хүлээсэн боловч бүрэн эдгээгүй. 2016 оны 9 дүгээр сард ажилдаа орохоор очсон боловч гар чинь бариа засал хийх боломжгүй байна, ажлын шаардлага хангахгүй гээд ажлаас чөлөөлсөн. 2016 оны 12 дугаар сард эмнэлэгт үзүүлэхэд гарын хүч шаардсан ажил хийх боломжгүй гэсэн. Би сарын 380000 төгрөгийн цалин авдаг байсан. 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хойш ажлаа хийх боломжгүй болсон. Иймд 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 сар хүртэлх хугацааны цалин 2660000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Ш.Наранцэцэгээс нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэг шийдэгдэх үед эмчилгээний зардал, унааны зардал гэж нэхэмжлээгүй, зөвхөн цалингаа л нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Ш.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү л байна. 1000000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Сарын 230000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Биеийн эрүүл мэндийн хувьд зүрхний өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг. Мөнхзаяаг гараа үзүүл гээд 1 үхэр, 1 адуу өгч байсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь хариуцагч Ш.Наранцэцэгт холбогдуулан гэм хорын хохирол буюу хөдөлмөрийн чадвараа алдсанаас авч чадаагүй цалин 2660000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 1000000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, 1660000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Хариуцагч Ш.Наранцэцэг нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэгч Б.Мөнхзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний гарлуу модоор цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ. Үүнд хариуцагч Ш.Наранцэцэг гэм буруутай болох нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.[1]

Хариуцагч Ш.Наранцэцэгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Мөнхзаяагийн зүүн гарын шуу, сарвууны ар бугалга хэсэгт 2 удаа хугарч, дунд хуруунаас хойшхи 3 хурууны үеийн зөөлөн эд салж, 3 хуруу мэдээ алдаж бариа засал хийх боломжгүй болж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Баатар-ван амралт, сувилалын газрын ерөнхий эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.[2]

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого,....-ийг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь Ш.Наранцэцэгт зодуулж гараа гэмтээсний улмаас 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажлаасаа чөлөө авч, цалин хөлсөөрөө хохирсон байна. Иймд нэхэмжлэгч Б.Мөнхзаяагийн 2016 оны 6, 7 дугаар сарын цалин /нэг сарын цалин 380000 төгрөг[3]/ 760000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй боловч хариуцагч 1000000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч Ш.Наранцэцэгээс 1000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзаяад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1660000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан Ш.Наранцэцэгээс 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1660000 /нэг сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.Наранцэцэгээс 28550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторБулган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ