Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

                                        

 

 

        

 

 

 2021          12           02                                     2021/ШЦТ/154

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

Хохирогч Н.Ш /цахимаар/,

Шүүгдэгч Б.Э, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2119000000218 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, UDN ХХК-д цутгалтын ахлах ажилтнаар ажиллаж байсан, одоо Хүрээ дээд сургуулийн 4 дүгээр курст оюутан, ам бүл 1, ...... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Э

Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, UDN ХХК-д цутгалтын  ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 2, ээжийн хамт, ........... оршин суух, ял шийтгэлгүй, Б.Т

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э, Б.Т нар нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг UDN ХХК-ийн ажилчдын амрах байрны гадна Н.Штай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж Б.Э, Н.Ш нарыг газарт уначихсан ноцолдож байх үед нь Б.Т нь Н.Шын толгой, нуруу тус газар нь өшиглөсөн, Б.Э нь Н.Шын толгой тус газар нь заазуураар цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг хоол хийж байхад хүмүүс гадаа маргалдаж эхлэхээр нь гүйж гарсан. Тэгээд ноцолдох явцдаа гарт барьсан зүйлээрээ Н.Шыг хохироосон. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 00-н гадаа зогсож байтал Н.Ш дуудахаар нь очсон, гэтэл хувцаснаас татаад мангастсан. Тэгээд Б.Э гарч ирэх үед Н.Ш цааш зугтаах гэж байгаад унасан. Би түүнийг өшиглөсөн. Намайг Н.Шаас салгасан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...00-д бие засаад сууж байтал хажуу талын 00-д хүн орж ирээд хэн бэ чи, нэрээ хэл гэх мэтээр дуудаад байхаар нь чи зайлаа гэж хэлтэл цаашаа явчихсан. Тэгээд жорлонгоос гартал Т гэгч нь амралтын гэрийнхээ гадна талд өмднийхөө халаасанд гараа хийчхээд над руу муухай хараад зогсоод байхаар нь би яасан гэж асуутал яадаг юм пизда минь гэж хэлээд над руу хүрээд ирсэн, тэгэхээр нь цаашаа яв гэж хэлээд гал тогооны гэр рүү орох гэж байтал Т араас хувцаснаас зулгаахаар нь цаашаа яв гэж хэлээд мангастаад түлхтэл Э гэгч нь өөрийнхөө амралтын гэрээс заазуур барьж ирээд над руу дайрсан. Би арагшаа ухарч байгаад юманд бүдэрсэн үү яаснаа мэдэхгүй арагшаа унасан. Тэгээд шууд Эгийн хөлийг нь барьж байгаад заазуур барьсан байсан гарыг нь барьж аваад заазуурыг нь булааж авах гэтэл намайг Т татаад миний толгой руу 1 удаа өшиглөсөн, тэр үед Э заазуураар миний толгой руу 2-3 удаа цохих шиг болсон. Э, Т нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Т нь миний нүүр рүү 2-3 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. Хэрэг болсны дараа толгой өвдөх, чих хатгуулж өвдөх, сонсгол үе үе тааруухан болчихсон. Эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу өөрийн машинтай явсан шатахуун, эм тарианы зардалд нийт 686.130 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний мөнгө болох 7.000.000 төгрөг гарсан. 700000 төгрөг төлсөн,одоо цаашид эмчлүүлэх  7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би 2 эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр ярьсан байгаа,энэ 2 эмнэлэгт хэвтэхэд дээрх зардал гарч байгаа юм гэсэн мэдүүлэг

 

Гэрч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ойролцоогоор 13 цагийн орчимд хоолны газарт хоол идээд сууж байтал гэрийн гадаа хүмүүс орилж, хашгирах чимээ гараад байхаар нь хоолны гэрээс гүйгээд гартал Шүрэнбат газар уначихсан. Эрдэнэхүү Шүрэнбатын толгойг  доош харуулсан байдалтай Т цээж болон мөр орчимд нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд гүйж очоод салгах гээд больцгоо гэж хэлтэл Эрдэнэхүү баруун гартаа төмөр заазуур барьчихсан миний өөдөөс ална шүү гэж хэлээд далайж сүрдүүлсэн. Шүрэнбатын толгойноос цус гарсан байхаар нь ариутгалын бинт тамедины уусмалаар арчаад Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Б.Э, Б.Т нар нь архи уучихсан согтуу байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р тал/

 

Шинжээчийн 002/315 дугаартай “...Н.Шын биед зүүн чамархай, чихний ар хэсгийн шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-28-р тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-4 дүгээр тал/, Б.Эгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл /хх-ийн 56-р тал/, Б.Тгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл /хх-ийн 58-р тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28-р тал/, Б.Э,  Б.Т нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 65-67, 73-75-р тал/, хохирогч Н.Шаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 87-90-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 98-99-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э, Б.Т нар нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг UDN ХХК-ийн /газрын тосны ажилчдын/ ажилчдын амрах байрны гадна Н.Штай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж Б.Э, Н.Ш нарыг газарт уначихсан ноцолдож байх үед нь Б.Т нь Н.Шын толгой, нуруу тус газар нь өшиглөсөн,шүүгдэгч Б.Э нь Н.Шын толгой тус газар нь заазуураар цохисны улмаас түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Н.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Т гэгч нь амралтын гэрийнхээ гадна талд өмднийхөө халаасанд гараа хийчихээд над руу муухай хараад зогсоод байхаар нь би яасан гэж асуутал яадаг юм пизда минь гэж хэлээд над руу хүрээд ирсэн, тэгэхээр нь цаашаа яв гэж хэлээд гал тогооны гэр рүү орох гэж байтал Т араас хувцаснаас зулгаахаар нь цаашаа яв гэж хэлээд мангастаад түлхтэл Э гэгч нь өөрийнхөө амралтын гэрээс заазуур барьж ирээд над руу дайрсан. Би арагшаа ухарч байгаад юманд бүдэрсэн үү яаснаа мэдэхгүй арагшаа унасан. Тэгээд шууд Эгийн хөлийг нь барьж байгаад заазуур барьсан байсан гарыг нь барьж аваад заазуурыг нь булааж авах гэтэл намайг Т татаад миний толгой руу 1 удаа өшиглөсөн, тэр үед Э заазуураар миний толгой руу 2-3 удаа цохих шиг болсон. Э, Т нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.”гэсэн мэдүүлэг, гэрч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ойролцоогоор 13 цагийн орчимд хоолны газарт хоол идээд сууж байтал гэрийн гадаа хүмүүс орилж, хашгирах чимээ гараад байхаар нь хоолны гэрээс гүйгээд гартал Шүрэнбат газар уначихсан байсан. Эрдэнэхүү Шүрэнбатын толгойг доош харуулсан байдалтай Т цээж болон мөр орчимд нь өшиглөж байгаа харагдсан.... Шүрэнбатын толгойноос цус гарсан байхаар нь ариутгалын бинт тамедины уусмалаар арчаад Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Б.Э, Б.Т нар нь архи уучихсан согтуу байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02/0315 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Б.Э, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч Б.Э, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт ¿íäýñëýëòýé ãýæ ¿çëýý.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Э, Б.Т нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Б.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Эг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Э, Б.Т нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Эг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

 

Хохирогч Н.Ш нь эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу өөрийн машинтай явсан шатахуун, эм тарианы зардалд нийт 686.130 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний мөнгө  7.000.000 төгрөг, нийт 7.686.130 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нар нь 700000 төгрөгийг төлсөн ба хохирогч  нь цаашид  эмчлүүлэх 7000000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.Э, Б.Т нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б.Э, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Эг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Т, Б.Э нарт оногдуулсан  торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

 4.Шүүгдэгч нар нь хохирогчид 700000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Шын нэхэмжлэлээс 7000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,  цаашид эмчлүүлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН