Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00131

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1968 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 15 дугаар байранд оршин суух  Бая овогт Төвжанхарын Лхагвадорж /РД:ГЮ68081419/-д холбогдох,

 Өвс, тэжээлийн үнэ 19684000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00063/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Нөөцийн газарт нягтлан бодогч ажилтай, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 16-1 тоотод оршин суух, Алтантан овогт Ганбаатарын Мягмаржав /РД:ГЮ77012564/,

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1974 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн Нөөцийн газарт бичиг хэргийн ажилтан, нярав ажилтай, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Булгийн 3-3 тоотод оршин суух, Боржгон овогт Дагвадоржийн Ягаанцэцэг /РД:ГЭ74022809/,

хариуцагч Т.Лхагвадорж, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган сумын иргэн Т.Лхагвадорж нь Аймгийн Нөөцийн газрын өвсний фондоос 2014 онд авсан өвс, тэжээлийн үнэ 9994500төгрөг, 2015 онд авсан өвс, тэжээлийн үнэ 9147000 төгрөг, 2016 онд авсан өвсний үнэ 542500 төгрөг, нийт 19684000 төгрөгийн өр төлбөрийг үүсгээд одоо болтол барагдуулахгүй байгаа тул хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Лхагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн нөөцийн газрын даргын ажлыг 2013-2015 оны хооронд хийж байсан. Намайг даргаар ажиллаж байсан үед зарим иргэдийн авсан өвс, тэжээлийн төлбөр өдий хүртэл хийгдээгүй байгааг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин холбогдох хүмүүстэй нь уулзаж баримт нотолгоо, тайлбарыг гаргуулж өгөхөө илэрхийлж байна гэжээ.

Шүүх хуралдааны явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган аймгийн Нөөцийн газраас Т.Лхагвадоржид холбогдуулан өвс, тэжээлийн үнэ болох 19684000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Т.Лхагвадорж нь БНХАУ-д үйлдвэрлэсэн DAYUN маркийн L7GPCKLY1E4067793 арлын дугаартай, улбар шар өнгийн мотоциклийг 1475000 төгрөгийн төлбөрт тооцож нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, үлдэх 18209000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов гээд талууд гарын үсгээ зуржээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Нөөцийн газар нь Т.Лхагвадоржид холбогдуулж өвс, тэжээлийн үнэ 19684000 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллагын 19684000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч БНХАУ-д үйлдвэрлэсэн DAYUN маркийн L7GPCKLY1E4067793 арлын дугаартай, улбар шар өнгийн мотоциклийг 1475000 төгрөгийн төлбөрт тооцож нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, үлдэх 18209000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй Т.Лхагвадоржид холбогдох 19684000 /арван есөн сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Т.Лхагвадорж нь БНХАУ-д үйлдвэрлэсэн DAYUN маркийн L7GPCKLY1E4067793 арлын дугаартай, улбар шар өнгийн мотоциклийг 1475000 төгрөгийн төлбөрт тооцож нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, үлдэх 18209000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж128185 /нэг зуун хорин найман мянга нэг зуун наян тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ОДОНЧИМЭГ